Зун боллоо гэхтэй зэрэгцээд амралт гэсэн үг шууд буудаг. Бид ер нь зун намар л амардаг улс. Өдийд хүмүүсийн амралт ихэнхи нь шувтарч байгаа. Өвөл хавар амраад байх боломж ч хомс байснаас ингээд сурцгаачихсан биз. Гудамжны хөдөлгөөн ихсээд, гуанз кафе хүн ихтэй болсныг зөвхөн оюутнууд ирснээр тайлбарлаж арай л болохгүй байх. Амралт гэхээр хөдөө явах, тараг, айраг, хорхог, тарваганы боодогны тухай л бодоцгооно. Урьд нь үүнээс өөр нэг их боломж ч хомс байсан хэрэг. Одоо харин гадагш дотогш аялж галуу шувууны мах идсэн шигээ амардаг болцгоож эхэлж байгаа. Амралтаа ер нь яаж өнгөрөөх вэ гэдгээ одооноос бодож төлөвлөж эхлэхэд юу нь буруу байх вэ.
 
Амралтнаасаа ихээхэн таашаал авахын тулд жилдээ богино хугацаагаар дөрвөн удаа амарвал дээр гэж Америкийн судлаачид үзжээ. Хэдий чинээ богино бөгөөд олон давтагдана төдий чинээ санаанд тод үлдэнэ гэж тэд үзсэн байна. Богино хугацааны амралтын үеэр аз жаргалтай мөчүүдээ хүн илүү сайн тогтоодог бол урт хугацааны амралтын үед энэ нь аажимдаа замхран алга болдог ажээ.
 
"Долоо дахь өдрөөс л жаргалтай мөч маань алга болж эхэлдэг тул урт амралт муу байдаг. Ер нь амралтын эхний өдрүүд л сэтгэл хөдөлгөсөн сайхан байдаг. Ийм учраас жилдээ дөрвөн удаа богино хэмжээгээр амрах нь хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд тун хэрэгтэй юм” хэмээн АНУ-ын Хойд Каролин дахь Дьюка Их сургуулийн профессор Дэн Арели үзэж байна. Үүнийг эсрэгээр үзэгчид ч бас байна. Тухайлбал аяллын тоо ихсэхийн хэрээр олон удаагийн нислэг, шинэ орчинд дасах гэх мэтийн сэтгэл санаанд ихээхэн нөлөөлдөг асуудлуудаас болоод стресс нэмэгдэнэ гэж зарим сэтгэл судлаачид үздэг байна.
 
"Dear Undercover Economist" номыг зохиогч Тим Харфорд "Хэдий их олон удаа амарна, төдийчинээ таагүй явдал учирч болох юм. Ингэх шаардлагагүй гэж бодож байна” гэж бичжээ. Иймээс жилдээ нэгээс хоёр удаа амарахад л хангалттай юм. Хагас бүтэн сайн, баяр ёслол гээд завсарлага авах шалтаг мундахгүй. Гэрлээд удсан хосууд тус тусдаа амрах нь зүйтэй, хамтдаа амралтанд явах нь салахын цондон болно гэсэн зөвлөмж ч байдаг. Зэрвэс харахад гайхмаар ч бас тийм муу зөвлөмж ч биш ажээ.
 

 
Тус улсын гэр бүл салалтын гуравны нэг нь хосуудын хамтын амралтаас болдог гэж Германы сэтгэл судлаачид үзэж байхад Италид бүр хагас нь гэж гарсан байна. Сэтгэл судлаачид үүнийг тун энгийнээр тайлбарладаг. Ажил төрөл гэж гүйлдсээр тухтайхан ч ярьж суух завгүй хосууд маань гэнэт хамаг цагаа хамтдаа өнгөрөөх болдог. Байнга хамтдаа байх нь тийм ч таатай зүйл биш гэдэг нь мэдэгддэг байна. Урьдын таагүй явдлууд сэдэрч, маргаан зөрчилдөөн гарч ирдэг. Ингээд амралт нь буруу замаар будаа тээсэн үйлдэл болж хувирдаг. Амралтаас ирсэн хойно ч бүх зүйл хэвийн байна гэж тайвширч болохгүй гэнэ шүү.
 
 
Амралтын дараа салах өргөдлийг голдуу эмэгтэйчүүд гаргадаг гэж Германы сэтгэл судлаачид нотолж байгаа. Гэр бүлийн хосууд хамтдаа амралтанд явахын өмнө аль болох урт хугацааг хамтдаа өнгөрүүлж өөрөөр хэлбэл дасгал сургуулилт хийхийг дээрх сэтгэл судлаачид зөвлөсөн байв. Дандаа хоёр тийшээ яваад амраад байна гэж юу байхав. Монголд бол бүр ч хэцүү. Ганцаараа яваад очвол аав ээж, ах дүү нар тань таагүй хүлээж авнаа даа. Сүүлийн үед манайхан ах дүүс, найз нөхдөөрөө нийлэн бөөнөөрөө аялж байгалийн сайханд амардаг болсон. Зөв ч гарц байж магадгүй.