Шатах ашигт малтмал

  Дэлхий дахин нүүрс, нефть болон хий зэрэг малтаж гаргадаг түлшийг шатаах замаар эрчим хүчнийхээ дийлэнхийг хангадаг. Цөмийн эрчим хүчинд атомын цахил­гаан станцын үйлдвэрлэлийн реакторын дулаан ялгаруулах элементүүд нь ураны түлш байдаг.

  Нүүрс нь юуны түрүүн өөрийн эрчим хүчний үнэлэмжээрээ нэн чухал, үндэстний байгалийн нөөц болдог байна. Дэлхийн томоохон гүрнүүдийн дотор ганцхан Япон бараг өөрийн гэх нүүрсний нөөцгүй орон юм. Нүүрс нь хэдийгээр хамгийн өргөн тархсан энергийн нөөц боловч манай дэлхийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр нүүрсний орд байхгүй байх тохиолдол олонтаа. Нүүрсийг дулаан ялгаруулах чадвараар нь ангилдаг бөгөөд хамгийн сул дулаан ялгаруулагч нь лигнит (хүрэн нүүрс), хамгийн сайныг нь антрицит (гялалзсан хатуу хар нүүрс) гэж нэрлэнэ. Сүүлийн жилүүдэд олонх орнуудад нүүрсийг олборлох нь багасч нефть, хийн түүхий эдийг ашиглах болж байна. Одоо дэлхийн олон оронд нүүрсийг олборлох ашиггүй гэж үзэж олон уурхайнуудыг хааж байгаа. Нүүрс олборлох талаар дэлхийд тэргүүн байрт Хятад дараа нь АНУ, Австрали, Орос ордог. Мөн Герман, Польш, ӨАБНУ, Энэтхэг, Украин, Казахстан улсууд ихээхэн хэмжээний нүүрс олборлодог.

Хойт Америк. Нүүрс олборлолт нь АНУ-д хамгийн өргөн түгээмэл эрчим хүчний эх үүсгүүр байдаг. АНУ нь бүх төрлийн нүүрсний үйлдвэрлэлийн нөөцөөрөө дэлхийд хамгийн томд ордог /444,8 тэрбум тонн/ бөгөөд улсынх нь нийт нөөц 1,13 триллион гаруй тонн, таамаг нөөц нь 3.6 триллион гаруй тонн байх магадлалтай гэж үздэг. Нүүрсийн хамгийн том нийлүүлэгч нь Кентукки муж улс. Өндөр зэрэглэлийн нүүрсний нөөцийн тал хувь нь зүүн хэсэгтээ төвлөрдөг байна. Энэхүү чулуун нүүрсний үеийн өндөр чанарын нүүрсийг цахилгаан энерги үйлд­вэрлэх болон төмөр болон ган хайлуулах зорилгоор металлургийн кокс гаргаж авахад ашигладаг. Пенсильван мужид 1300 кв.км нүүрсний орд газар улсын бараг бүх антрацит агуулагддаг. Нүүрсний хамгийн том нөөц нь Төв хэсгийн хойт тал болон асгат уулуудад оршдог байна.

  АНУ-ын чулуу нүүрсний нөөц нь өнөөгийн байдлаар бол хэдэн зуун жил хэрэглэх боломжтой гэж үздэг. Эрчим хүчний томоохон эх үүсгүүрийн нэг нь нүүрсний давхаргад байдаг метан юм. Түүний нөөцийг АНУ-д 11 триллион куб.м гэж тооцоолдог.

  Канадын нүүрсний ордууд ихэнхдээ зүүн болон баруун хэсэгтээ оршдог. Жилдээ 64 сая тонн чулуун болон 11 сая тонн хүрэн нүүрс олборлодог.

Өмнөд Америк. Дэлхийн бөм­бөрц­гийн баруун талын үлдсэн хэсэгт нүүрсний орд газар тийм ч их биш. Өмнөд Америкийн нүүрсний гол үйлдвэрлэгч нь Колумби бөгөөд түүний дараагаар Бразиль, Чили, Аргентин, Венесуэл ордог.

Ази. Олборлож байгаа нүүрс­нийхээ хэмжээгээр хамгийн их нь Хятад бөгөөд нүүрс нь хэрэглэж байгаа түлшнийх нь 76%-ийг эзэлдэг. Хятад улсын нутаг дэвсгэр дээр байгаа нүүрсний нийт нөөц 986 тэрбум гаруй тонн бөгөөд тал хэсэг нь Шэньси муж болон Өвөр Монголд оршино.

  Азийн нүүрс олборлогч гол орнууд нь Энэтхэг (жилд 278 сая т), Хойд Солонгос (50 сая т), Турк (53,2 сая т), Тайланд (19.3 сая т) байна. Монгол. Монгол орны нүүрсний нөөц бүх нутаг дэвсгэрээр ерөн­хийдөө жигд тархсан байрлалтай. 12 сав газар, 3 талбайд 300 гаруй орд, илрэл тогтоогдсон бөгөөд үүнээс 80 орчим ордод геологийн судалгаа хийгдсэн байна. 150 тэрбум тонн таамаг нөөцтэй, урьдчилан болон хайгуулаар тогтоогдсон нөөц нь 22,3 тэрбум тонн. Монгол улсад нүүрсийг эрчим хүчний үйлдвэр­лэлийн үндсэн түүхий эдээр ашиг­ладаг ба улсын хэмжээний цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 90%-г зөвхөн нүүрсээр үйлдвэрлэж байна. 2006 онд 8 сая 158 мянган тн нүүрс олборлосноос экспортод 2,4 сая тн нүүрс гаргасан байна. Нүүрс олборлолт 2010 онд 12 сая орчим тн болж өсөх хандлагатай. Бүсүүдэд аж үйлдвэрийн парк байгуулах төсөл боловсруулагдсан: 1. Таван толгой - Оюутолгой -Цагаан суваргын, 2. Чойр-Нялгын эрчим хүч нүүрс - химийн, 3. Адуунчулуун, Чандганы эрчим хүч, нүүрсхимийн, 4. Хархираа, Монгол Алтайн эрчим хүч, нүүрсхимийн аж үйлдвэрийн парк зэрэг юм.

ОХУ. ОХУ-д нүүрсийг шатаан гаргаж байгаа эрчим хүч нь газрын тос, хий шатааснаас 2 дахин бага байдаг. Гэхдээ нүүрс нь эрчим хүчний салбарт чухал үүргийг гүйцэт­гэсээр л байна. Олборлосон нүүрсний 2/3 орчим нь чулуун, 1/3-нь хүрэн нүүрс байдаг. ОХУ-ын хамгийн том чулуун нүүрсний сав газар нь Кузнецкий, Тунгусский, Таймырский, Ленский, Иркутский, Южно-Якутский, Минусинский, Буреинс­кий, Печорский, Кара­гандинский зэрэг болно.

Европ. Төв болон Баруун Европ нь нүүрс олборолтоороо дэлхийн 1/9-г эзэлнэ. Британийн арлуудад олборлож байгаа өндөр чанарын нүүрс нь үндсэндээ чулуун нүүрсний үеийнх юм. Нүүрсний томоохон орд газрууд өмнөд Уэлс, Английн баруун ба хойд хэсэг, Шотландийн өмнөд хэсэгт байрладаг ба нийт Европын хэмжээгээр 20 оронд нүүрсийг олборлодгоос Украйн, Орос улсад зонхилдог байна. Германд олборлож байгаа нүүрсний 1/3 орчим нь Рурскийн сав газар (Вестфален) болон Тюринг, Саксоны өндөр чанарын коксжсон нүүрс байдаг ба Баварид бага хэмжээгээр хүрэн нүүрсийг олборлож байна. Польшийн өмнөд хэсэг Верхне­силезскийн сав газар дахь чулуун нүүрсний үйлдвэрлэлийн нөөц нь Рурскийн сав газрын дараа 2-рт орно. Чех улсад мөн чулуун болон хүрэн нүүрсний үйлдвэрлэлийн нөөц байдаг.

Африк. Олборлож байгаа нүүрс­ний орд газар маш цөөн. Зөвхөн ӨАБНУ-д чулуун нүүрсийг нилээд хэмжээгээр (жилд 202 орчим сая т), Зимбабвед бага хэмжээгээр (жилд 4,9 сая т) олборлодог байна.

Австрали. Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Номхон далайн бүс газрын орнуудад экспортлох хэмжээ нь жилээс жилд өссөөр байна. Нүүрсний олборлолт жилд 277 сая гаруй тонн (80%-нь чулуун, 20%-нь хүрэн нүүрс) байдаг.