Тэртээ 1949 оны 5 дугаар сарын 23-ны тэр өдөр ХБНГУ үүсэн байгуулагдсанаас хойш эдүгээ 61 жил өнгөрч. Эдийн засгийн хүчин чадал, улс төрийнхөө жин нөлөөгөөр Европ тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр байр эзэлдэг энэ улсын 60 жилийн түүхэн эерэг болоод сөрөг жишээн дээр хүн төрөлхтөний хөгжилд зах зээлийн эдийн засгийг хөтлөн явуулахад төр, засгийн оролцоо, зохицуулалт ямар түвшинд хэрхэн явагддаг, ямар хууль, дэг жаяг хэрхэн үйлчилдэг болохыг харуулахыг зорив.
1930-аад оны Герман орны нийгэм, улс төр, эдийн засгийг хатуу чанд нэг гарт төвлөрүүлэн төлөвлөн удирдаж асан нацист дэглэмийн өдөөсөн дэлхийн хоёрдугаар дайн тэдний ялагдлаар төгсөөд тун удаагүй байсан цаг. ХБНГУ төр улсын хувьд хараахан эмхлэгдэн байгуулагдаагүй, үндэсний шинэ мөнгөн тэмдэгт болох Дойч марк гүйлгээнд дөнгөж гараад байлаа. Тэр үедээ Англи, Америкийн (Bizone) эзэмшлийн бүсийн эдийн засгийн салбарын захирагч, эдийн засагч Людвих Эрхард Германы өрнөд хэсэгт оршин суугчид өөрсдийн хэтийн ирээдүйгээ хэрхэн төсөөлж буйг нягтлан тогтоохоор өргөн олон нийтийн санал асуулга явуулсан гэдэг. Уг санал асуулгаар түүний хувьд сэтгэл ихэд цочирдуулсан дүн гарчээ.
1923 оны аймшигт инфляц сэтгэл санаанд нь бат бөх хэвээр оршсоор байсан германчууд шинэ мөнгөн тэмдэгт Дойч марканд тэр бүр бүрэн итгэж чадахгүй байлаа. Зөвхөн энэ ч бус хожим нь германы “Эдийн засгийн гайхамшигийн эцэг” хэмээгдсэн профессор Л.Эрхардын мөрөөдөж байсан аливаа хөндлөнгийн зохицуулалтаас ангид чөлөөт эдийн засгийн тогтолцоонд германчуудын дийлэнхи нь илт эргэлзэж байв. Түүнээс гадна тэрээр олон нийтэд төдийлөн танил болж амжаагүй нэгэн байжээ. Жирийн иргэд хүртэл “хүмүүнлэг, иргэний” хэмээн тодотгосон зах зээлийн тогтолцоог хүлээн авахаас татгалзаж байсан төдийгүй хүн амын чинээлэг хэсэг улс орныг илүү хангалуун, энх амгалан ирээдүйд хүргэх капитализм, түүний чадавхид зарчмын хувьд эргэлзэж байлаа. Ийм нөхцөлд Герман орны эдийн засгийн шинэ тогтолцоо ямар дүр төрхтэй байх тухай асуудал зүй ёсоор тавигдаж байв.
Эдийн засагт төрийн зохицуулалт, залан чиглүүлэх хүчтэй оролцоо зайлшгүй шаардлагатай хэмээн германчуудын дийлэнхи нь үзэж буйг 1946 оны эцсээр явагдсан сонгуулийн дүн илэрхий харууллаа. Тухайлбал, Хессен муж улсын иргэдийн 71.9 хувь нь Үндсэн хуульдаа 41 дүгээр зүйл буюу уул уурхай, ган үйлдвэрлэл зэрэг аж ахуйн голлох салбаруудыг нийтийн өмчлөлд авах асуудлыг тусгахын төлөө саналаа өгсөн байна. Бүр 1949 оны хавар германчуудын нэлээдгүй хэсгээс төр хүнсний бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн хуваарилах, үнийг тогтоох журамд шилжихийг шаардах болжээ.
Улс төрийн намууд ч уг байдлыг тус тусын ашиг сонирхолдоо овжноор ашиглаж байв. Социал-демократ намын тэргүүн Курт Шумахер “нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” гээч нь “хуудал хуурмаг лоозон”, “ялзарч буй либерализмын хоосон дэмийрэл” хэмээгээд Герман орныг хэзээ ч капиталист замаар бус харин “социалист” замаар хөтөлж, цоо шинээр цогцлон байгуулах хэрэгтэй, эс тэгвээс герман үндэстэн оршин тогтнохоо зогсоно хэмээн уриалж байв. Христосын Ардчилсан Холбооныхон ч 1947 оны 2 дугаар сард Умард Райн – Вестфаленд баталсан намын хөтөлбөртөө (Ahlener Programm) “эдийн засгийн капиталист тогтолцоо германы ард түмний улс төр, нийгмийн амин чухал эрх ашигт хэзээ ч нийцэж байгаагүй” хэмээн тусгаж байжээ.
Төрийн зохицуулалт бүхий төлөвлөгөөт эдийн засгийн нэр хүнд дайны дараах жилүүдэд урьд өмнө байгаагүйгээр өндөр байсан хэдий ч хүн амын амьжиргаа (анхны угаалгын машин, гал тогооны иж бүрэн тоноглол) улам бүр дээшилж, хэтийн төлөв нь сайжрахын хэрээр зах зээл германы зүүн хэсэгт хэрэгжиж байсан социалист сонголтоос илүү хүчтэй, давамгай болохоо өдөр ирэх тутам нотлон харуулах боллоо. Чухам үүнийг л Л.Эрхард хүсэж, түүний хүсэл мөрөөдөл аажим ааж-маар биелэлээ олж байсан хэдий ч германчууд зүрхний угтаа түүний либерал итгэл үнэмшлийг хэзээ ч бүрэн хүлээн аваагүй юм.
Эдийн засгийн өсөлт саарах тухай бүр зах зээлд итгэх итгэл алдарч, төрийн хүчтэй оролцоо, зохицуулалтыг хүсэмжлэх болов. Тухайлбал, Бүгд Найрамдах улсын 1967 оны эдийн засгийн анхны уналт, 1973, 1979 оны газрын тосны хямралаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, хоёр Герман улс нэгдсэнээс улбаатай үсрэнгүй хөгжил харьцангуй намжсан 1993 он, хөрөнгийн биржийн 2000 оны гэнэтийн хямрал. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиож буй хамгийн гүн гүнзгий дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралын өнөө үед ч гэсэн төрийн оролцоо, зохицуулалтыг иргэд улам ихээр шаардаж байна. Энэ нь эдийн засгийг төвлөрүүлэн дээрээс удирдан залах тогтолцоонд иргэд угтаа хэр гүн гүнзгий, бат бөх итгэж, найдвар тавьж байдгийг зарим талаар илтгэж байгаа хэрэг юм.
Өнгөрсөн жаран жил германы эдийн засаг зах зээлийн хатуу чанд тогтолцоо болоод төрийн оролцоо, чөлөөт орон зай хийгээд төрийн халамж зохицуулалтын хооронд хэрхэн хэлбэлзэж ирснийг тод томруунаар харуулдаг. Энэ жилүүдэд эрх барьж ирсэн төр, засгийн газрууд Л.Эрхардын зарчмуудаас аажмаар алслан холдож, эдийн засгийн амьдралд улам бүр идэвхийлэн оролцох боллоо. Ингэхдээ эдийн засгийн өсөлтийн үед харьцангуй даруу байж, харин бууралт, хямралын үед эсрэгээр, элдэв төрлийн хууль дүрэм, журам, баталгаа гаргах, татаас олгох, хамгийн сүүлийн жишгээр үйлдвэрлэлийн бүхэл бүтэн салбарыг аврах багц арга хэмжээг хэрэгжүүлэх г.м.-ээр илүү хүчтэй оролцох болов. Энэхүү хандлагыг Берлиний эдийн засагч Адольф Вагнер тэртээ 1863 онд ажиглаад “төрийн өсөн нэмэгдэж буй үүрэг, үйл ажиллагааны хууль” хэмээн томъёолсон байдаг. Уг хуулиар бол дан ганц хууль, хэв журам сахиулах, зохицуулагчаас нийгмийн хангалуун амьдрал бүтээгч болон шилжихдээ төр өөртөө улам бүр шинэ үүрэг хариуцлага хайж, хүлээж байдаг байна. Тэрээр төр өөрөө хөрөнгө мөнгийг хамгийн оновчтой зарж, аливаа хямралыг гэтлэн давах чадвартай хэмээн үзвээс энэ нь “биеэ ихэд тоосон хэрэг” болно хэмээсэн байдаг. Харин хэн эдийн засгийг тогтворжуулж, хямралыг давах үйл явцыг зохицуулах асуултад тэрээр хариулт өгсөнгүй. Харин 60 жилийн тэртээ ийм асуулт огтхон ч тавигдаж байсангүй. Тэр үед гагцхүү төр засгийг эмхлэн байгуулах, эдийн засаг, нийгмийн тогтолцоог хөл дээр нь босгох явдал л эн тэргүүнд тавигдаж байлаа. Дайны дараах эхний жилүүдийн ид шид нь “Зөвхөн урагшаа” хэмээх уриа байсан юм. Уг уриан дор эдүгээ Германд төдийгүй Европ, тэр бүр хэл дэлхийд нэр нь түгсэн “Олимп” (хувцас үйлдвэрлэл), “Хауни машинен” (машин, тоног төхөөрөмж), ”Дайхманн” (гутал) хэмээх үйлдвэрлэгчид өсөн өндийсөн юм. Тэд газар ашиглах гэрээ байгуулах, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ, дүн бүртгэл, тайлан мэдээ гаргах үүрэг г.м. элдэв хариуцлагаас ангид, түүний дээр төрийн ивээл дор үйл ажиллагаагаа эхлүүлэх түүхэн шилжилтийн үед л ховор тохиох алтан боломжийг чадамгай ашиглаж чадсан байна.
Л.Эрхардын үзэж байснаар, харьцангуй хүчтэй төрийн хүлээх үүрэг зөвхөн зах зээл бүрэн биеэ даан чөлөөтэй хөгжих орон зай, орчин нөхцлийг бүрдүүлэх явдлаар хязгаарлагдах учиртай байв. “Зах зээл бол орчин цагийн эдийн засгийн хүрээнд үйлчлэх цорын ганц шудрага шүүгч мөн” хэмээн тэрээр сургаж байлаа. Түүний үзэж байснаар нийгмийн салбарын зорилтуудыг либерал арга зам, арга хэмжээнүүдээр дамжуулан хэрэгжүүлж болох байв.
1948 оны зургаадугаар сарын 20-нд Эзэнт гүрний марк мөнгөн тэмдэгтийг (Reichsmark) Дойч маркаар сольж, санхүүгийн шинэчлэлийг эхлүүлсэн, үнийг чөлөөлсөнөөр бүх зүйл эхлэлээ авлаа. Герман орны эдийн засагт урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй эрч хүчтэй, урт удаан хугацаагаар үргэлжлэх өсөлтийн үйл явц ийнхүү эхлэв. Дэлгүүрийн лангуу бараагаар дүүрч, хар зах аяндаа устаж үгүй болов. Ажиллагсадын ажлын эрч хүч, санаачлага гайхалтай хурдацтайгаар өсч байлаа. Эдийн засгийн энэхүү эрчимтэй өсөлт германы баруун хэсгийн иргэд өөрсдийгөө шинэ залуу ХБНГУ-тай холбон үзэх, өнгөрсөн “фашист” дэглэмийн гашуун түүхээ умартах, эдүгээг хүртэл үргэлжилж буй эдийн засгийн өсөлт, хангалуун чинээлэг амьдрал, илүү хэрэглээнд тэмүүлэх тэр ирмүүн тэмүүллийг бий болгож байлаа.
1950-иас 1973 оныг хүртэл хүн ардын нэг хүнд ногдох сарын дундаж орлого 850 маркаас 2 300 марк болж, эдийн засаг жил бүр 6 хувиар өсч байлаа. ХБНГУ –ын дэлхийн нийт экспортод эзлэх хувийн жин бараг 12 хувьд хүрч, бараг гурав дахин нэмэгдэв. 1950 онд германы жирийн дундаж гэр бүлийн орлогын тал хувийг дан ганц хүнсний хэрэглээнд зарцуулдаг байсан бол энэ хувь хэмжээ 1973 онд бараг гуравны нэгд нь хүрэхтэй үгүйтэй болж буурсан байлаа. Энэ үеийг зөвхөн Баруун Германд төдийгүй, Англи, Францад нэгэн адил “эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшлийн алтан үе” хэмээн нэрийдсэн билээ.
Эдийн засгийн энэ үсрэнгүй огцом өсөлт аяндаа бий болоогүй нь мэдээжийн хэрэг. Энд нөлөөлсөн олон хүчин зүйл байдгаас голлох цөөн хэдэн нөхцөл байдлыг дурьдвал: нэгдүгээрт, Герман улсад Европ тивийн том зах зээлд дахин хөл тавьж, эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээсэн Маршалын төлөвлөгөө байна. Энд мөнгө, санхүү гэхээсээ илүүтэйгээр дайнд ялан дийлсэн эзлэгсэдийг эдийн засгийн хамтрагч түнш, үлгэрлэгч хэмээн үзэх болсон сэтгэл зүйн өөрчлөлт голлох үүрэгтэй байв. Хоёрдугаарт, германы дорнод бүсүүдээс үй олноороо шилжин ирсэн цагаач иргэд, дүрвэгсэд (10 сая хүн, үүнээс гадна 1961 оныг хүртэл БНАГУ-ын нутаг дэвсгэрээс дахин 3.5 сая хүн) ажлын хямд төсөр хүчин болж байснаас гадна тэд хөдөлмөрлөж бүтээх, амжилтад хүрэхийг үнэн сэтгэлээсээ хичээж чармайж байсан нь бас нэгэн таатай нөхцөл байдлыг бий болгож байв. Гуравдугаарт, тухайн үеийн дэлхийн цэрэг, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал. 1950 оноос хойш төрөл бүрийн машин тоног төхөөрөмж, автомашины эрэлт хэрэгцээ дэлхий даяар эрс нэмэгдсэн нь илүүдэл хүчин чадалтай байсан германы эдийн засагт бэлэн олз боллоо. Экспортын хэмжээ огцом өсөхөд гүйлгээнд орсон цагаасаа эхлэн ханш нь мөнхөд доогуур үнэлэгдэж байсан Дойч марк багагүй хэмжээгээр нөлөөлөв. (1950 оноос хойшхи аравхан жилийн дотор экспортын хувь хэмжээ буюу нийгмийн нийт бүтээгдэхүүнд түүний эзлэх жин 0.9-өөс 19 хувь хүртлээ өссөн байна).
1950-иад оны эцэс гэхэд бүхэлдээ нурангид дарагдаад байсан Герман орон түүхийн ийм асар богино хугацаанд хөдөө аж ахуйд голлон дулдуйдсан орноос аж үйлдвэр, ахуй үйлчилгээ давамгайлсан орон болох шилжилтийн үеийг онцын бэрхшээл саадтай тулгаралгүйгээр төгс даван туулсан байлаа. 1949-өөс 1973 оныг хүртэлх хугацаанд 3.5 сая хүн хөдөөд газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүрмөсөн орхиж, олон зуун жилийн гэр бүлийн уламжлалаасаа татгалзсан юм.
Улс орны нүүр царай эрс өөрчлөгдөж, иргэд хангалуун чинээлэг амьдрах боллоо. Нийтэд тэгшитгэн хуваарилах эд баялаг хүрэлцээтэй хэмжээгээр бий болж эхлэв. Яг энэ цаг мөчөөс эхлэн төр “өөрийгөө мэдэрч” эхлэв. 1957 оны тэтгэврийн тогтолцооны шинэчлэл энэ чиглэлд авсан анхны арга хэмжээ байсан агаад энэ реформын хүрээнд урсгал тэтгэврийн хэмжээг 60 хувиар нэмэгдүүлж, түүний хэмжээг Холбооны канцлер Конрад Аденаурын шийдвэрээр иргэдийн орлогын өсөлттэй холбосон нь Эдийн засгийн сайд болоод байсан Л.Эрхардын таашаалыг хүлээсэнгүй. ”Бүх нийтээрээ чинээлэг амьдаръя” номынхоо 12 дугаар бүлгийг тэрээр “Халамжийн төр буюу орчин үеийн солиорол” хэмээн нэрлээд“ (хүн амын) орлогыг хэт нийгэмшүүлэн зарцуулах явдал газар авч байна... хүн нийгэм, хамт олон, төрөөс хэт өндөр хамааралтай байх нь чөлөөт орон зайд тэмүүлсэн эдийн засгийн өсөлтийг сааруулахад хүргэж байна ...” хэмээн шүүмжилсэн байдаг. Харин 1957 оны тэтгэврийн тогтолцооны шинэчлэл нь цаашид өрнөх үйл явцын дөнгөж эхлэл төдий байсан агаад энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүнд нийгмийн халамж үйлчилгээ, тэтгэврийн эзлэх хувь хэмжээ тавны нэг хүрэхтэй үгүйтэй байсан бол 1973 он гэхэд түүний гуравны нэг хүртэл өсч, хүрээгээ тэлсэн байна.
Эдийн засаг улам хурдацтай өсч, экспорт тасралтгүй нэмэгдсээр байлаа. Ажиллах хүчний зах зээл тогтвортой байж, зарим жилүүдэд ажлын байрны тоо бэлэн ажиллах хүчнийхээсээ давж байлаа. Иймээс гаднаас ажиллах хүчин татан авчирах явдал ч нэмэгдлээ. Энэ бүхэн нийгмийн салбарын дээрх арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломжийг олгож байсан юм.
Харин 1967 оны эдийн засгийн анхны уналтаар германы ардын аж ахуй дайнаас хойшхи хугацаанд анх удаа хэдийгээр богино хугацаанд багаахан хэмжээгээр түр зуурын уналтад орсон боловч энэ нь улс орон дахь эдийн засгийн уур амьсгалыг бүхэлд нь өөрчилж орхисон юм. Түүх болон улирсан хэмээн тооцож байсан эдийн засгийн өсөлт, бууралтын цуврал мөчлөг эргэн ирсэн нь энэ байлаа.