“Тутанхамуны бунхан ба эрдэнэс” үзэсгэлэн Цюрихт өнгөрсөн оны хавраас зургаан сарын турш гарчээ. 3300 жилийн тэртээ байгуулсан домогт Фараон хүүгийн бунханыг яг эх хэмжээгээр нь хуулбарласан. Энэхүү шарилыг 1922 онд олсноор Английн Ховард Картер дэлхийд алдаршсан билээ. Бунханы дөрвөн өрөөнд байсан 5000 гаруй үзмэрийн 1000 гаруйг нь энд дэлгэн тавьжээ. Үүнийг хийхийн тулд Египетийн уран бүтээлчид бүтэн таван жил тасралтгүй ажиллажээ. Алтан эдлэлүүдээс гадна бусад зүйлсийн өнгө хэмжээг нарийн гаргахын тулд нэг зүйлээ хэд дахин хийх ч явдал гарч байв. Үзэсгэлэнгийн танхимын шаланд хар хөх хивс дэвсэж ханыг цусан улаанаар будаж тусгай гэрэлтүүлэг тавьсан нь сүрлэг уур амьсгалтай болгожээ. Үзэсгэлэнд ороход эхлээд тухайн үеийн үйл явдлыг харуулсан баримтат кино үзүүлнэ. Үзмэр дээр гэрэл тусмагц түүнийг тайлбарласан дуу хоолой сонсогдоно. Төгсгөлд нь залуу хааны алдарт алтан баг, цул алтаар хийгдсэн дотоод авс болон бусад түүний гадуурхи авснууд, бунхануудыг зэрэгцүүлэн тавьжээ.