Израйл улс ердөө 7,2 сая хүн амтай. Тэгсэн мөртлөө АНУ-ын технологийн Nasdaq биржэд бүртгэлтэй компаниудын тоогоороо дэлхийд хоёрт ордог. Энд өндөр технологийн ялангуяа IT-жижиг компаниуд их хөгжсөн. CNN-ийн хөтлөгч Вольф Блитцер АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр сурвалжлагч Жессика Иеллинийг Чикаго дахь ялалтын баярын үйл ажиллагаанаас Голограммын тусламжтайгаар Нью-Йорк дахь студидаа авчирахад 10000 км-ийн алсад хэсэг инженер баярлан алга ташицгааж суув. Учир нь дэлхийд анхны энэ CNN нэвтрүүлгийн техникийг Израйлийн шинэхэн SportVu компани хийсэн юм. Израйл нь АНУ-ын мэдээллийн технологийн төв Silicon Valley–н дараа орох томоохон технологийн төв болон хөгжөөд байна. Хүн амынх нь тоотой харьцуулж үзэх юм бол энэ жижиг орон Калифорнийн Silicon Valley-г ардаа орхиод байна. “Silicon Wadi”-д (Хэбрэй хэлээр хуурай хөндий гэсэн үг) 3000 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа ба жил бүр 300-600 нэмэгддэг байна. Хэдэн арван жил онцгой нөхцөл байдалд, хөрш орнуудтайгаа байнгын тэмцэлд байгаа орон яаж энэ бүхнийг хийж чадав аа? Энэ талаар ердийн таван компанийн жишээгээр үүнийг тайлбарлах гэж оролдъё.
 
Хурдасгагч
 
Рами Кохэн бол тун гайхалтай хүн. Харин Израйлын хувьд бол энгийн л үзэгдэл. 34 настай энэ эр уг нь эмч бөгөөд ажил нь нэг л уйтгартай санагддаг болжээ. Түүний нэрийн хуудсан дээр “Digital Business Booster” буюу дижитал бизнесийг хурдасгагч гэж байх ажээ. Кохэн тогтмол мессэж явуул­даг ICQ–д программист бай­жээ. Хэрэглэг­чид энэ­хүү программын ачаар дэл­хий даяар компьютерээс компьютерт мессэж илгээж чаддаг байсан юм. Америкийн Интернетийн аваргуудын нэг болох AOL арван жилийн өмнө энэ компанийг 400 сая доллараар худалдан авахад Израйл анх удаа интернетийн ертөнцөд алдаршиж, хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Кохэн тэр үеийнхээ нэгэн явдлыг дурсан ярьсан нь: ICQ-ийн нэгэн өрөөний хаалганд өлгөөстэй тор луу шидсэн бөмбөг ойгоод нэгэн серверийг цохиж унагажээ. Ингээд нилээд хэдэн улсын хэдэн зуун мянган хүн хоорондоо харилцаж чадахгүй болж байжээ.
 
Оптимист
 
Fring- компанийн захирал Ави Шехтэрийн ярьсанаар тэдний программын тусламжтайгаар хэрэглэгч нь гар утсаа ашиглан интернет хэрэглэж AOL, Google Talk, ICQ, MSN, Skype, Twitter болон Yahoo-гоор утсаар ярьж, цахилгаан мэдээлэл солилцож чадна гэнэ. Энэхүү программд Facebook болон интернет радио Last.fm мөн холбогдсон байдаг байна. 220 гаруй улсын хэдэн сая хүн Fring –ийг үнэгүйгээр гар утсандаа хэрэглэдэг ба сар бүр 400.000 нэмэгддэг байна. Одоогоор Израйл, америкийн хөрөнгө оруулагчид эрсдлийг үүрэн эдний 40 ажилтанг санхүүжүүлж байгаа бөгөөд яваандаа зар сурталчилгаагаар мөнгөө олох гэнэ. “Хямрал зарим нэгний бодож байгаагаас хурдан, удахгүй дуусна даа“ хэмээн Шехтэр хэлж байв. Ер нь Израйлчууд их өөдрөг ард түмэн ажээ. 
 
Том загас
 
70-аад оны эхээр Тель-Авив хотын удирдлага Их сургуультайгаа хамтран Киряат Атидим шинжлэх ухааны төвийг байгуулжээ. Энд өндөр технологийн компаниуд олноор байрладаг ба шинээр байгуулагдаж буй компанид бол түрээс нь хэт өндөр гэнэ. Comverse бол 20 гаруй жил ажиллаж буй, өөрийн гэсэн шил толь болсон байшинтай өндөр технологийн шилдэг компаниудын нэг нь юм. Comverse нь гар утасны автомат хариулагчийг гаргасан бөгөөд үүгээрээ хөдөлгөөнт утасны компаниудтай бизнес хийдэг байна. Apple-ийн iPhone гар утасны видео автомат хариулагчийг ч эднийх хийжээ. Өдөр бүр л 2 миллиард хүн эдний нэрийг нь мэдэхгүй ч технологийг нь ашигладаг байна. Тус компанийн 40 улсын салбаруудад нь 5000 хүн ажилладаг ажээ. Дараагийн шинэ технологи ч бэлэн байгаа юм байна. “Content Call” ашиглах гар утасны хэрэглэгчийг дуудахад энэ хэрэглэгчийн вэбсайт нь нөгөө гар утсан дээр нээгддэг байх гэнэ. Хэрэглэгч цагийн өөр бүсэд яваа хүн рүү утасдвал та түүнийг үнэхээр сэрээх гэж үү хэмээн асуудаг болох гэнэ.
 
Боломж олгогч
 
“Бид бол боломжийг бий болгогчид“ хэмээн Amobee компанийн менежер Баранэс өгүүлнэ. Тэд гар утсан дээр зар сурталчилгаа хийх ба ингэхдээ хэрэглэгчдэд төвөг удахгүй байхаар зохион байгуулж байгаа ажээ. Гар утасны компани эдний программыг ашигласнаар SMS-текст хэлбэрийн зарууд гар утас, интернэтэд, гар утасны тоглоомонд гардаг болох гэнэ. Telefуnica болон Vodafone эдний хэрэглэгч бөгөөд Google-ийг санхүүжүүлэгч Sequoia ч энд оржээ. Баранэс гартаа Apples iPhone барьж байсан ба энэхүү төхөөрөмжийг Израйлд албан ёсоор худалдаагүй боловч iPhone хэрэглэх нягтралаараа дэлхийн өөр хаана ч байхгүй их нягтралтай юм байна.
 
Хүний биеийн маус
 
Extreme Reality (XTR) компани нь мужааны болон угаалгын газар хоёрын дундуур гарч тэдний ар талд байрлах нураах гэж байгаа болов уу гэж харахаар нэгэн хуучин байшингийн хоёр давхарт байх ажээ. Ямар ч хаяг байхгүй, 30 кв.м өрөөнд таван ширээ, хөргөгч, усны гоожуур байх ажээ. Найман ажилтны дарга нь Микал Лодцки хэмээх эмэгтэй, Израйлийн өндөр технологийн ертөнцөд эмэгтэйчүүд толгойлох нь ховор үзэгдэл гэнэ. “Бид хүний биеийг маус болгон хувиргадаг юм“ хэмээн тэр тайлбарлав. Энгийн хямд Webcam туслалцаатайгаар XTR-программ нь хүний биеийг бүхэлд нь гурван хэмжээсээр уншиж, хөдөлгөөнийг компьютерийн тушаал болгон хувиргадаг байна. Ийм замаар ямар ч компьютерийн гар болон пульт хэрэглэлгүй программ, тоглоомуудыг удирдаж болдог байна. Лодзки ноүтбүүкээ дэлгээд зургийн аппаратны дуранг чиглүүлээд гурван алхам ухарч зогсоод гараа алдлан зогсов. Ингээд далавчтай мэтээр гараа өргөн нислэг удирдлагын машиныг залж байв. Нэг гараа доошлуулахад дэлгэц дээр байсан онгоц хажуу тийшээ эргэх ажээ. Гар урагшаа эсвэл хойшоо зааж буйг тэр ч бүү хэл бүр хуруунуудын хөдөлгөөнийг дурангаар хянаж чаддаг ажээ. “Хөдөлгөөн унших” бол урьд нь үнэтэй төхөөрөмжтэй тусгайлсан студид л боломжтой эд байлаа. Өрөөнд нь янз бүрийн л пульт байсан боловч цаад компанитайгаа хэлэлцэн тохирсон тул ямар компанитай тэд хамтарч ажиллаж буйгаа хэлсэнгүй. Хэдхэн сарын дараа та бүхэн үүнийг зах зээл дээр харах болно хэмээн тэр хэлсэн. Одоо гар утас болон машин үйлдвэрлэгчдийг энэ технологидоо татан оролцуулахаар ажиллаж буй гэнэ.
 
Туршигч
 
Boxee компани зураг, хөгжим, киног зурагттай холбогдмогц эмх цэгцтэйгээр харуулдаг ком­пьютерийн үнэгүй ашиглагддаг программ зохио­жээ. Мөн танилцуулга, дууны үг гээд хэрэгтэй зүйл­сийг интернетээс татаж баяжуулдаг гэнэ. Мөн Boxee нь YouTube, интернет радио, CNN болон бусад прог­раммуудтай хоршин ажилладаг байна. Найз нөхдөөр бүрт­гэгд­сэн хэрэглэгчдэдээ зөвлөмж явуулж болдог ба цаадах нь зөвшөөрвөл тухайн үед юу үзэж, сонсож буйг нь сонир­хож болдог ажээ. Компанийг үүсгэн байгуулагчийн нэг Селла “Бид ямар ч форматыг ашигладаг“ гээд “Бид ер нь Apple хэдэн жилийн өмнө iPod-оор яасныг л давтаж байна“ гэжээ. Boxee харин Apple-TV-Settop-Box-той ажилладаггүй гэнэ. Компанийг байгуулсан хоёр хэзээ нэгэн цагт зар сурталчилгаагаар эсвэл компаниа худалдан ихээхэн мөнгө олно хэмээн найдаж буй гэнэ.
 
Мастер
 
Ёосси Вардиг АНУ-ын “Business Week” сэтгүүл “Start-up Guru” буюу үндэслэн байгуулахын мастер гэж нэрлэжээ. Варди 1998 онд өөрийн Чатын программ ICQ зохиосон Mirabilis компаниа AOL-д худалджээ. Нарийн сайн тоолоогүй ч түүнийг 50 гаруй компани байгуулахад оролцсон гэдэг ба нилээдтэй нь одоо ч хамтран ажилласаар байгаа. Тэрээр улс төрчид мөн менежерүүдэд зөвлөгөө өгдөг ба тэдгээрийн дунд Amazon, AOL, Siemens зэрэг алдартай компаниудын захирлууд ордог. Тэр мөн Йордан, Сири, Палестинтай эдийн засгаар хамтран ажиллах хэлэлцээнүүдийг удирдаж байв. Израйлын өндөр технологийн амжилтын нууцыг Варди мэддэг ажээ. Бүтээлч сэтгэлгээ бол тэдний соёлын нэг хэсэг ажээ. Зах зээл нь бага учраас Израйлд бүтээгдсэн зүйлс дорхноо л гадагшаа гарах болдог байна. Тийм ч учраас энд бизнес эхлэгчид юуны өмнө АНУ-ын түнш, хөрөнгө оруулагчидтай холбогдохыг боддог ба яваандаа Silicon Valley рүү нүүдэг байна.