Түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдрал хүнийг их яаруу болгодог байж мэднэ. Ажил, гэр, үр хүүхэд гэж ааг амьс­гаагүй гүйсээр нэг л мэдэхэд хорвоо­гийн олон өдөр хоног ард хоцорчихсон байх нь бий. Хүний амьд­ралыг тэгвэл юу хөглөдөг юм бэ? Хорвоод шинэ хүн мэндлэх, сургуулиа амжилттай төгсөх, гал голомтоо бадрааж аавын гэрээс туурга тусгаарлах, ажил төрөлдөө амжилт гаргах, төрийн дээд шагнал хүртэх гээд амьдралд ховор тохиох онцгой сайхан мөчүүд байдаг.
Үүнээс гадна өдөр тутмын амьдралд хөг нэмэх, сэтгэл сэргээж, эрч хүч өгөх олон хүчин зүйл бий. Урлаг, спорт, уран зураг, ном зохиол, кино гээд л… Хүн ер нь өөрийнхөө дуртай, сонирхолтой тэр зүйлээсээ л хамгийн их баяр хөөр, онцгой мэдрэмжийг олж авдаг шүү дээ.
 
  Миний л хувьд хааяахан ажлын их стрессээс “сугарч”, нам гүмхэн орчинд, зөвхөн өөртөө л бүрдүүлсэн хамгийн эрхэмсэг гэж болох тэр ертөнцөд өөрийгөө аваачих дуртай. Би урлагийн хүн биш, жирийн л нэгэн сэтгүүлч. Сонгодог урлагийн тухай гарын арван хуруу шигээ мэддэг, тэр болгоныг ялгаж таньдаг, цэц булаалдах хэмжээний хүн ч бас биш ээ. Гэхдээ л би урлагийн гайхамшгийг биширч, түүнээс хачин их таашаал авах дуртай. Морин хуурын чуулгын сайхан тоглолт үзээд хэдэн долоо хоногийнхоо энергийг авсан юм шиг санагдах үе бий. Бяцхан хүүгийнхээ инээж байгааг хараад өдрийн бүх стресс, ядаргаагаа мартдаг шигээр тийм их тайвшралыг, баяр хөөрийг тэн­дээс олж хардаг. Урлаг миний хувьд хачин их кайф, энерги, эрч хүч. Гэхдээ хүн болгоны энэ үнэлэмж өөр. Бид энэ удаагийн хавтасны сэдвээрээ хүнийг хөглөдөг тэрхүү олон хүчин зүйлийн нэг дуу хөгжмийн тухай, цаашлаад урлаг хэмээх “их айл”-ын хувь заяа хаашаа яваад байгаа талаар онцгойлж авч үзэхийг зорилоо.
 

 
Дууны үг юу илэрхийлдэг вэ?
 
  Ээжийн тухай сайхан дуунд хүн болгон дуртай байдаг. Тэр тусмаа ая нь аргадаж, үг нь зэмлэсэн ухаарал хайрласан тийм нэг дуу байдаг даа. Сонсоод баймаар, дагаад аялмаар. Гэхдээ сэтгэлд хүрсэн нь ганц хоёрхоон бий. Монголчууд ер нь эх орон, элгэн саднаа, нутаг ус, аав ээжээ, морь малаа магтан дуулах дуртай. Хөдөө хээр морин дэл дээр хийсч, эрдүүхэн хоолойгоор дуулж яваа залуу гоё харагддаг даа.
 
  Харин орчин үеийн хотын иргэд нутаг ус, гол мөрөн, мал сүрэг дуулаад байгаа нь хоорондоо жаахан зохицож өгөхгүй байдгийг нуугаад яах вэ. Хөдөөнөөс хот руу шилжин суурьшсан хүмүүс нийс­лэлийн маань өнцөг булан болгонд бий. Хэдэн малаа зараад хот бараадаж ирсэн хүмүүст тал нутгаа, мал сүргээ, гол мөрнөө дуулж, аав ээжээ санагалзан уярч суух таалагддаг л байх. Монголчууд бидэнд уг нь үүнээс илүү өргөн утга агуулгатай, сэтгэл татах сэдвүүд бий дээ. Хот газрын өнөөгийн хүмүүст тохиолддог харилцааны сэд­вийг бид яагаад дуулж болохгүй гэж. Бидэнд ярихгүй, дуулахгүй, тоохгүй өнгөрч боломгүй асуудал олон. Дээхнэ “Таксин цоохор” нэртэй дуу гарч Цэнд-Аюуш агсан дуулж байсан нь хүмүүст ихээхэн хүрсэн дээ. Хэт их мундаг дуу биш ч улиг болсон сэдвээс татгалзаж чадсанаараа хүмүүсийн анхаарлыг татсан. Бусдаасаа онцгой байсан учаас тэр бүтээл өнөөдрийг хүртэл амьдарсаар явна.
 
  Орос дууг л аваад үзье. Тэд аав ээж, нутаг усныхаа тухай тэр болгон дуулаад байдаггүй. Харин ч хүмүүсийн эргэн тойронд өдөр тутам тохиолдож байдаг, амьдралд их ойр сэдвийг хөнддөг. Жишээ нь Алла Пугачёвагийн “Сая сая улаан сарнай” дуунд нэгэн ядуу зураачийн тухай өгүүлдэг шүү дээ. Тэр зураач залуу нэг жүжигчин хүүхэнд жиг­тэйхэн их дурлажээ. Гэвч түүний хайр дурлал бүтсэнгүй. Тэгээд өөр­төө байгаа бүх зүйлээ зараад, орон гэрээ хүртэл худалдаад бүх мөнгөөрөө сая сая улаан сарнай авч хайртай бүсгүйдээ бэлэглэсэн тухай тэр дуунд өгүүлдэг. Хэн чин сэтгэлээсээ дурлаж чадна. Түүнд бүх амьдралаа зориулж “Сарнай шиг амьдрах юмсан” гэсэн гоё мөр тэр дуунд бий.
 
  Гэтэл өвөрмонголчуудад манайх­ны дуу их таалагддаг гэнэ. Ялан­гуяа үг нь их гоё гэж магтах юм билээ. Тэдний дууг сонсоод байхад навч, цэцэг уул талаа яг харагдаж байгаагаар нь дүрсэлсэн байдаг. Үзэгчид нь нижигнэтэл алга ташаад л, фосфортдог саваа барь­чихсан дээш нь өргөөд, тэгж ингээд байгаа нь бидний өмнөх үеийг санагдуулдаг. Харин манайх тэднийг бодвол навч цэцэг, нар сар гэж дуулахаа болиод арай нэг иргэншсэн юм шиг байгаа юм. Мэргэжлийн хүмүүс энэ талаар ямар бодолтой байдаг юм бол?
 
Яагаад монгол поп бий болгож болохгүй гэж
 
  Д.Нацагдоржийн нэрэмжит шаг­налт З.Түмэнжаргалыг бид редак­цидаа урьж Энэ талаар ярилцсан юм.
 
  - Монгол дууны яруу найраг иргэншлийн асуудалтай ер нь холбоотой юу. Та юу гэж бодож байна?
 
  - Холбоотой л доо. Өвөр­монголчууд монгол дууг сайхан үгтэй гэж ярьдаг нь үнэн. Ер нь манайх илүү боловсронгуй шинжтэй. Техник сайтай. Ар монголын яруу найрагчдын авьяас билэг, эсвэл үзсэн дуулсан утга зохиолын онолын талын мэдлэг давуудаа ч байж болох юм. Токиогийн гадаад хэлний сургуульд нэг лекц уншиж байхад өвөрмонгол оюутнууд асууж байсан. “Манайх яагаад ийм сул байна гэж та боддог вэ” гэж. Би үүнийг том гүрний хараат байна. Бүх юм нь цензуртай. Коммунист намын үзэл суртлын хэлтэс хянадаг болохоор чөлөөтэй юм хийж чаддаг­гүйтэй холбоотой байх гэж тайлбарласан. Уг нь эд биднээс илүү давуу баймаар юм шиг санагдаж байгаа биз. Уйгаржин монгол бич­гээр бичдэг. Сайхан сонгодог бич­гийн хэлний найруулга энэ тэр юмыг аваад үлдчиж болмоор. Гэтэл тийм байж чаддаггүй.
 
  - Орос дууны үгийг та анхаарч судалж байсан уу?
 
  - Би оюутан байхдаа орос дууны үгийг орчуулж үзэж байлаа. Ер нь дууны яруу найраг нэгдүгээрт ритм, хэмнэлийнхээ хувьд ноотонд оруулахад амархан байх ёстой. Хэл­бэрийн хувьд хайрцагласан, хэм­нэл тааруулсан голдуу байдаг. Ийм биш, задгай үгтэй байвал ямар ч хөгжмийн зохиолч түүнд ая хийж чадахгүй. Романс маягийн ая болчихно. Тэгэхээр хүмүүс тогтоохгүй. Сонсоно уу гэхээс сурч чадахгүй. Хэрэглэж чадахгүй гэсэн үг юм уу даа. Нөгөө талаасаа ялгаа байхгүй л тэр олон урсгал чиглэлийг дуунд оруулж хийж болдог. Би бодож байгаад зөндөө юм хийж байсан л даа. Жишээ нь Тайванбат аяыг нь зохиож дуулаад байгаа “Цэнхэр сарны туяа“ гэдэг шүлэг байдаг юм. Тэр дотор жишээ нь
 
 Алгаа тоссон хүн бүхэнд
 Аз жаргал заяадаггүйгээс хойш
 Алаг хорвоогийн манан дунд
 Нүдээрээ л уруул дээр чинь үнсэнэ гэсэн мөр байдаг. Тэрийг хэн хийсвэрлэл биш, энэ бол орчин цагийн модерн шүлэг биш гэж хэлэх юм.
 
  - Монгол дууны яруу найрагт өөрийн гэсэн онцлог бий биз?
 
  - Монгол дууны шүлэгт гүн ухаан­лаг зүйл их бий. Нүүдэлчин ард түмэн учраас юмаа тэр болгон бичиж тэмдэглэж хадгалдаггүй, гол­дуу аман байдлаар явж ирсэн. Ийм учраас хэдэн зуу, мянган дуу зохиогдсон юм бүү мэд. Түүнээс шалгарч он жилүүдийг нэвтлээд үлд­чих­сэн, өнөөдрийн бидний мэддэг, хэдэн ардын дуу л байна. Тэр бүтээлүүд урт настай байна. Монгол ардын ухаан шингэсэн, тэр чигээрээ философи. Жишээ нь “Арван тав­ны сар” байна. Европынхон бол гайхна аа даа. 15-ны сар, 25-ны сар, 35-ны сар гээд яваад байх шинжтэй юм. Ямар ч утгагүй юм гэж бодно. Тийм биш. Маш том утга бий.
 
 Арван тавны сар
 Агаар тэнгэртээ дэнлүү
 Арван тавтай Шоожуу
 Аав ээждээ дэнлүү.
 Хорин тавны сар нь
 Хорвоо дэлхийдээ дэнлүү
 Хорин тавтай Шоожуу нь
 Хоёр биедээ дэнлүү гэж. 25 хүрчихээрээ хүн хоёр биедээ дэнлүү болохоос яахав дээ. Утгын өсөлт цаагуур нь яваад байгаа юм. Энэ бол их том уран чадвар байхгүй юу.
 
“Сүнжидмаа”-д жишээ нь:
 
 Хамбаны чинь хээ элэгдэнэ ээ, Сүнжидмаа минь
 Хар сайхан үсийг чинь цайгаад ирэхийн цагт
 Хаалга үүдээ нээгээд өгсөн ч
 Харж үзэх хүнгүй болно, Сүнжидмаа минь гэдэг. Сайхан хүүхэн гээд л тогтсон хань ижилгүй салбаганаж явж байгаад сүүлд нь ийм болно шүү гэж хэлээд байна. Нөгөө бадаг дээрээ бүр чангаруулаад
 
 Үйтэн хуарны чинь хээ элэгдэнэ ээ, Сүнжидмаа минь
 Үүдэн хоёр шүдийг чинь унаад ирэхийн цагт
 Үүд хаалгаа нээгээд өгсөн ч
 Үзэх харах хүнгүй болно оо, Сүнжидмаа минь гэж. Ингэж үр хүүхдэдээ, хойч үедээ бат бөх гэр бүл, хань ижлийн тухай сургасан ард түмнийг би мэдэхгүй. Ер нь үүнийг би сонгодог гэж боддог. Эхнэр маань дуучин хүн. Бид Парист нэлээд хэдэн жил болсон юм. Манай хүн тэнд очоод поп дуугаа дуулах гэвэл хүлээж авахгүй ш дээ. Тоохгүй. Яагаад гэвэл өөрийнх нь юмыг хийх гээд байна. Жишээ нь “Уяхан замбутивийн нар”-ыг Майкл Жексон манайд ирээд дуулвал тоогдоно гэж байхгүй биз дээ. Тэгээд ардын дуугаа зориуд ганцхан хөгжимтэй дуулж, тэнд тоглолт хийж байсан. Парист ч, Швейцарт ч. Тэгэхэд зарим хүн чин сэтгэлээсээ сонсож байгаа юм. Үгийг нь мэдэхгүй мөртлөө аялгууг нь сонсоод зарим нь уйлж байсан. Аялгуу нь нэгдүгээрт классик хөгж­мийн төрөлд багтахаар тийм үнэлгээнд хүрчихсэн байдаг юм байна л даа. Тэгэхээр үгийг салгаж болохгүй.
 
  - Гэхдээ манай дууны яруу найраг нэгэн хэвийн загвараасаа гарч чаддаггүй?  
 
 - Тэгж харагдаж байгаа нь бүтээж байгаа бүтэлгүй биднээс болоод байгаа юм. Ардын жүжигчин А.Очирбат гуай саяхан нэг мундаг үг хэлсэн. “Одоо чинь дуу биш юмыг дуучин биш хүмүүс дуулах гээд байдаг болчихож” гэж. Ямар ч авах юмгүй үг, аянууд. Тэрийг тэртэй тэргүй ард түмэн хог руу шидээд явчихна. Насалж чадахгүй. Монгол дуу үүнээс гарч чадахгүй байна гэдэг чинь гарахыг хүсэхгүй байгаатай нэг талаар холбоотой. Яагаад гэвэл манай нүүдлийн соёл иргэншил гэж яриад байгаа бүхэнтэй хамгийн гол юм юу холбогддог вэ гэхээр хүний сайхан сэтгэл. Нэг нэгнийгээ гэдэг зан чанар, эцэг эхийгээ ачилдаг элбэрэл. Хүн төрөлхтөн уг нь бүгдээрээ ийм байсан шиг байгаа юм. Сүүлдээ нөгөө суурин соёл иргэншил рүү ороод ирэнгүүт зөвхөн өөрийгөө боддог болоод энэ нь явсаар байгаад өнөөгийн хүн төрөлхтөний нийгэм нэг л их хачин зэвэрсэн золбин маягийн болоод ирсэн. Тэгэнгүүт хүн анхныхаа байсан заншил, юмыг санагалзаж эхэлсэн. Тэр нь хадгалагдаж үлдсэн газар нь бүтэлгүйдээ ч юм уу, арчаагүйдээ ч юм уу Монголд үлдчихсэн байгаа юм. Монголыг зорьж байгаа жуулчдыг өвсгүй улсууд өвс үзэх гэж ирж байна. Байшингүй улсууд байшин үзэх гэж ирж байна гэж бодож болохгүй ш дээ. Ганцхан тэр санаа сэтгэл, хэнийд ч хамаагүй давхиж үдлээд буухад цайгаа бариад угтдаг хүнлэг элгэмсүү сэтгэлд нь болж байгаа юм.
 
  - Нүүдэлчин амьдралаасаа бид арай гэж салж ядаж байтал хүн төрөлхтөн эргээд хуучнаа сонирхоод байна. Тэгэхээр бид яах ёстой вэ?
 
  - Бидэнд давуу чанар байна ш дээ. Тэд байхгүй болгочихсон зүйлээ, дахиад бий болгож чадахгүй болсон юмаа сонирхоод байна. Гэтэл бид одоохондоо тэрийгээ алдчихаагүй байгаа учраас байгаа­гаа илүү боловсронгуй болгоод тэр соёл иргэншилд тааруулаад хүн төрөлхтөн атаархтал, дээд түвшний оюунлаг болгоод явах боломж байна.
 
  - Юуг нь авах вэ, юуг нь хөгжүүлэх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй байх л даа?
 
  - Авахдаа яаж өөрийндөө идээ­шүүлж авах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Жишээ нь би дуучдад нэг юмыг ярьдаг. Эд нар мэддэггүй юм. Та нар худлаа нэг их рок, поп гээд тэднийг дуурайгаад дуулаад байх юм. Тэгэхэд Энэтхэг яадаг вэ. Тэд өөрийн гэсэн “Энэтхэгийн поп” гэдгийг бий болгож чаддаг. Пугачёва Орост энэ хэм хэмжүүрийг тогтоосон хүн ш дээ. Оросын поп гэдгийг бий болгосон. Тэгэхээр бид бас “Монгол поп” гэдэг юм бий болгож яагаад болохгүй гэж.
 
  - Хувцаслалт, идэж уух зүйл дээр, соёлын асуудал гээд бүх зүйлээс таны наад санаа харагддаг?
 
  - Хааяа бид энэ тухай шаналж байгаад ярьдаг юм. Адаглаад л энэ талаар тусгаж, сургуулийн өмнөх боловс­ролын тогтолцоо стандартыг бий болгох ёстой. Тийм юм байхгүй болохоор зүгээр л урсгалаар, хөөр­хий дөө яахав, Монголын заяа их ээ гэсэн маягтай яваад байдаг. Үүнийг их л бодлоготой, ухамсартайгаар хийхгүй бол болохгүй.
 
Хонины бэлчээрээс балетын тайз руу, харин одоо…
 
  Монголчууд IQ өндөртэй, оюуны асар их нөөц бололцоотой гэж өөрсдийгөө үнэлэх дуртай. Гадаадын оюутнуудын хэдэн долоо хоногийн турш толгойгоо өвтгөн шаналж байж өгдөг шалгалтад манай залуус ганцхан өдөр бэлдээд орчихдог гэж онгирох нь бий. Энэ бол бардамнаад байх сайхан зүйл уг нь биш шүү дээ. Аливаа ажлыг системтэй биш яаж ийгээд “халтуур”-даад өнгөрүүлэх юмсан гэж боддог, хийдэг манайхны л зан. Япон хүн гурван сарын дараа тэдний өдрийн тэдэн цагт уулзъя гэж цаг товловол огт гайхаад байх зүйл биш. Цагийг тэд тэгж нарийн тооцдог, хэдэн сар, жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Манайд харин байдаггүй.
 
  Ердөө 40-хөн жилийн дотор л бид нэхий дээл, бөөс хуурснаасаа салаад балетийн тайзан дээр гарч чадсан гэж бодохоор гайхамшиг гэж хэлэхээр. Гадны орнуудын магадгүй 500-600 жил бий болгох гэж тэмцэж, хөгжүүлж өнөөдрийн түвшинд аваачсан тэр урлагийг бид ердөө хагас зуун жилд өөрийн болгоод зогсоогүй тэдэнтэй өрсөл­дөх хэмжээнд очсон гэж үзээд байгаа.
 
  Социалист нийгмийн үед бас ч гэж соёл урлагийн боловсон хүч­нийг гадаадад үнэ төлбөргүй сур­гаж бэлтгэдэг байлаа. Төр зас­гаас ч ихээхэн хөрөнгө хаяж бодлого­тойгоор энэ салбарыг хөгжүүлж ирсэн. Бусад өндөр хөгжилтэй социалист орнуудын жишгээс дутахаар­гүй болгох гэж хүнд суртлын аппаратаар “бөмбөгдөж” байв. Үүний үр дүнд гадаадад толгойгоо цэнэглэсэн боловсон хүчнүүдтэй, дориун үйл ажиллагаа явуулдаг театртай, соёл урлаг Монголд боломжийн түвшинд хөгжиж чадсан гэж хэлж болно. Гэтэл үнэн хэрэгтээ “Чи дуурь, балет үзэх ёстой, ингэх ёстой” гэж тулган шаарддаг зохиомол нийгэм байхгүй болонгуут ард түмэн юу хүссэнээ үзэх болов. “Дургүй ламыг дарж байж сахил хүртээнэ” гэгчээр хүчээр бий болгосон зүйл ард түмэнд “наалдаж” хоцорсонгүй.
 
  Өөрөөр хэлбэл урлаг жинхэнэ жам ёсны хөгжлийнхөө голдрилоор биш хатуу чанд үзэл суртлын дор явж ирсэн учраас үзэгчид, ард түмэн өөр зүйл рүү тэмүүлэх болсон. Өнөөдөр үзэгчдийн олонх нь хошин урлаг руу, нийтийн дуу руу хошуурч байна. Хэзээ нэг өдөр “Энэ чинь жинхэнэ урлаг биш юм байна” гэж ойлгож мэдрээд ирэхээрээ магадгүй сонгодог урлаг руу явах ч юм билүү. Гэхдээ сонгодог урлагийн үе үеийн шүтэн бишрэгчид, түүнд хүчин зүтгэж буй олон зуун уран бүтээлчдийг үгүйсгэж байгаа хэрэг биш. Нэгэнт л өнөөдрийг хүртэл амжилттай аваад явж ирсэн сонгодог урлагаа бид улам л боловсронгуй болгон хөгжүүлэх учиртай. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар бодолтой явдгийг танд сонирхуулъя.
 
Зөв иргэншлийг бий болгох хамгийн хүчтэй зэвсэг нь урлаг
 
  Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн:
 
  - Соёлтой боловсролтой иргэд иргэншлийг бий болгодог гэдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
  - Ямар улс өнөөдөр хүчирхэг байна вэ. Алт, мөнгөтэй, газар шороо­той юм уу, аль эсвэл боловс­ролтой, соёлтой улс орон уу, эсвэл эрүүл иргэнтэй улс юм уу. Энэ бол харьцангуй асуудал. Газар нутаг, баялгийг яаж зөв зохицуулах, баял­гаар яаж хөгжих вэ гэдэг асуудал сүүлийн үеийн бүх хэвлэл мэдээл­лийн анхаарлын төвд байна. Мэдээж хөгжилгүй яахав. Энэ бол байгалиас заяасан бидний өмч л дөө. Гэхдээ дэлхийн эдийн засгийг гартаа атгаад, бүх техник технологийн ололтыг бариад өнөөгийн компьютержсэн, техникт дарлагдсан нийгмийг удирдаад явж байгаа баялаггүй ч ард түмэн байна. Ерөөсөө энэ иргэншил гэдэг улс орны хүчирхэг байдал юм. Эдийн засаг нь хүчирхэг байна гэдэг бол ард түмний статистик тоо, хүмүүсээс шалтгаална. Гэхдээ хам­гийн түрүүнд эрүүл, соёлтой, боловсролтой л иргэнтэй улс орон хүчирхэг байдаг гэж би ойлгодог.
 
  - Соёл урлагийн үр нөлөө нь яг юу юм бэ?
 
  - Соёл урлаг яагаад үүссэн, яагаад урлагийн салбар нэн ялангуяа театрын жанр үүссэн юм бэ. Ерөөсөө энэ чинь ард түмнийг чи өчигдөр хэн байсан бэ гэдгийг сануулах, өнөөдөр чи хэн юм бэ, маргааш биднийг юу хүлээж байгаа юм бэ гэдэг рүү л чиглүүлж нийгэм улс орныг зөв зам руу оруулахаар туслах гээд байгаа аргын нэг илэрхийлэл юм. Тийм учраас энэ урлаг үүссэн юм болов уу гэж боддог. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л урлаг байсан, соёл ч байсан. Зөв иргэншлийг, зөв нийгмийг бий болгоход соёл урлаг хамгийн хүчтэй зэвсэг болж чаддаг. Тийм ч учраас соёлын бодлогыг төрийн бодлогоос салгаж болдог­гүй. Хүмүүс соёлын бодлого гэж яриад байдаг. Соёлын бодлого чинь ерөөсөө л төрийн бодлого. Төрөөс барьж байгаа бодлогын нэг томоохон хэсэг л байдаг. Өнөөдөр дэлхийн хүмүүс амрахаараа очих гэж тэмүүлээд байгаа улс орон тоотой хэдхэн. Тэнд очиж үзчихээд л үхэх юмсан гэж өнөөдрийг хүртэл мөнгөө цуглуулж байдаг хөгшчүүд ч байдаг. Франц, Итали, Англи, Грек, Испани зэрэг хэдхэн л орон байна. Яагаад гэвэл тэнд соёлын өвөө, барилга байгууламж, зурсан зураг, тэр хүмүүсийнхээ хөгжүүлж байсан хөрөнгийг устгаагүй, хадгалж үлдэж чадсан. Энэ бол маш олон жилийн, 500-600 магадгүй мянган жилийн хөдөлмөр. Хадгалж хайрлаж, хөрөн­гө зарцуулсны үр дүн. Соёлын аялал жуулчлалыг утаагүй үйлдвэрлэл, хамгийн ашигтай эдийн засгийн хөшүүрэг гэж үзээд байгаа. Тэгэхээр эдгээр орны соёлын бодлого, төрийн бодлого нь соёл урлаг дээрээ тулгуурлаад ухаалаг байсан. Тухайн орны хүчирхэг байдлыг соёл урлагаар нь үнэлдэг. Эдийн засгаар нь үнэлэлгүй яахав. Гэхдээ соёл урлаг, соёлтой иргэн дээрээ илүү их анхаарал тавьсан улс орон өнөөдөр хүний өмнө нүүр бардам, хүчирхэг харагддаг. Тийм орон дандаа топуудын тоонд бичигддэг. Тийм учраас хүчирхэг байхын тулд соёлтой, тогтвортой нийгэм байх ёстой. Тэр нийгэм хүмүүсийн ухамсар дээр л тогтож байх учиртай.
 
  - Сонгодог урлагийг зарим хүн биднээс дэндүү хол гэдэг шүү дээ?
 
  - Үнэн. Бид ч гэсэн 500 жил хөгжүүлээд түүний боол болоод яваад байгаа хэрнээ өнөөдөр Верди шиг ч юм уу, Пуччини шиг хүн төрөхгүй л байгаа биз дээ. Сонгодог урлаг хол гэдэг. Хол зүйлээс ч гэсэн хамгийн гоё таашаалыг авч болно ш дээ. Дээдсийн тансаг урлаг нь үнэн. Гэхдээ гадны орнуудын 400-500-гаад жил хөгжүүлээд ирсэн сонгодог урлаг Монголд 50-хан жилийн дотор хөгжлөө шүү дээ. Хүний юмыг хуулаад авснаас гадна өөрийн гэсэн үндэсний зүйлээ гаргаж ирснээрээ бахархалтай. Дэлхий дээр 200-гаад улс орон байдаг. Тэрний 40-өөдхөн нь дуурь бүжгийн эрдмийн театртай. Тэр дотор багтсан байна гэдэг бол монголчууд ерөөсөө байгалиасаа авьяаслаг. Сурах чадвар, IQ үнэхээр дээгүүр ард түмэн. Тийм учраас бидэнд маш их боломж байна.
 
  - Урлагийн нөлөө өмнөх нийг­мийн үед ямар байсан, өнөөдөр ямар болчихоод байна вэ?
 
  - Бид бол социализмын үед бэлтгэгдсэн боловсон хүчнүүд. Би гэхэд амьдралынхаа 30 жилийг сонгодог урлагт зориулж. Манай театр бол сонгодог урлагийн бүтээг­дэхүүнийг нийгэмд нийлүүлдэг үйл­чилгээ үзүүлдэг. Тэгэхээр ямар нэгэн үе гэж яриад яах вэ. 1990-ээд оноос өмнө “ёстой” гэдэг үг ноёрхож байсан. “Чи үзэх ёстой, чи явах ёстой”. Өнөөдөр энэ үг алдагдсан ш дээ. Аль ч салбарт. “Танд хэрэгтэй, таны сонголт, үйлчлүүлэгч та хаан”. Ийм шинэлэг үг хэллэг гарч ирсэн. Гэхдээ бид энэ үг хэллэгээс хэрэгтэй гэдгийг нь сонгон авч, маркетинг менежментийнхээ үйл ажиллагаанд хэрэглэдэг. Манайх үйлчилгээний объект. Бид тусалъя, хамтаръя гэдэг.
 
  - Тэгвэл хүмүүс өнөөдөр хошин урлаг, нийтийн дуунд сонгодог урлагаас илүү хошуурах болсон. Үүнийг та юу гэж үзэж байна?
 
  - Яагаад хүмүүс хошин шог ч юм уу, фонограммаар дуулдаг, гурван бадаг дууг хоёр хүн хувааж дуулдаг, энэ жанр руу гүйгээд байна. Хүн байгалиасаа хурдан ойл­гог­дох хялбар зүйлд илүү татагддаг. Амархан авчих, амархан ойлгочих, амархан эзэмдчих зүйл рүү хүн илүү гүйнэ шүү дээ. Яагаад болохгүй гэж. Амархан юм чинь. Яг манай сонгодог ч юм уу мэргэжлийн урлагийн хувьд түрүүн хэлсэн, хүний ухамсар, сэтгэл хоёрыг чинь тэнцүүлэх гэж оролддог гүүр л дээ. Амьдрал өөрөө баланс. Тэгэхээр яагаад хүн толгойгоо илүү ажиллуулж, өөрийгөө жаахан зовоож, хөдөлмөр гаргаж амьдарч болохгүй гэж. Тийм учраас сонгодог урлагийг амттай гэдэг. Мөнхийн, дандаа залуу байдаг. Хүн болгон түүнээс айдаг. Тэгээд их хол гэж төөрөгддөг. Хэзээ ч хүн “Кармен”-аас, “Хунт нуур”-аас уйдсан гэж ярьдаггүй. “Учиртай гурван толгой”-г үзэх дургүй гэж ярьдаг монгол хүн байхгүй.
 
  - Үзэгчдийг бэлтгэх ёстой юу? Яавал урлаг илүү хүнд ойр байж болох вэ?
 
  - Бид маш олон талаас нь бодсон. Яах ёстой юм, яавал бид нийгэмтэй ойр байж болох вэ гэж. Тэгээд XXI зууны үзэгчдийг бэлт­гэхийн тулд бага насны хүүхдүүдээс эхлэн ажиллах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Үзэгчдийг маш удаан, дор хаяж 5-10 жил бэлтгэж байж үзэгч болох шинж рүүгээ ордог жанр л даа, манайх. Тэгээд 5-15 настай хүүхдүүдэд 10 жилийн өмнөөс тур­шилт хийсэн. Сургуулиудад очиж тоглолтуудынхаа тухай хичээл орж байсан. Ялангуяа тоглолтоо үзүүлчихээд зургийн хичээл, дууны хичээл, уран зохиолын хичээлд нь яаж өөрчлөлт гарч байна вэ гэдгээр сургалтууд явуулж туршиж үзсэн. Ямар нэгэн байдлаар тэр хүүхдийн сонирхол, ухамсар хоёрыг нь ойр­туулах гэж, сонгодог урлаг хол биш, хичээл чинь хүртэл ойрхон гэж харуулахыг зорьсон. Ингэснээр манай үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. 5-тай байсан хүүхэд өнөөдөр 15-тай, 15-тай байсан охид хөвгүүд 25-тай болсон. Энэ бол маш олон жилийн чармайлт, хөдөлмөр. Хэн ч гэсэн үр хүүхдээ өөртөө итгэлтэй, нуруу нь тэгшхэн байгаасай, өөдрөг, гэрэл гэгээтэй юм ярьдаг байгаасай гэж хүснэ шүү дээ. Өнөөдрийн ирэх гэж байгаа үзэгч өөрийгөө бэлт­гэхийн тулд энэ урлагаас таашаал авах хэрэгтэй. Та хэсэгхэн хуга­цаанд ч гэсэн тэр тоглолтон дотор өөрийгөө оруулаад амьдарч сур. Ингэсэн хүн амарч чаддаг. Өөдрөг, гэрэл гэгээтэй байж чаддаг. Өөртөө итгэлтэй болдог. Энэ чинь ард түмний өөртөө итгэлтэй, өөдрөг байх сэтгэлгээг урлагийн боловсролоор дамжуулж олгож байгаа хэрэг.
 
 

 
18 жил гэдэг урлагийн түүхэнд юу ч биш
 
Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа:
 
  - Өнөөгийн нийгэмд соёл урлагийн хэрэглээ ямар түвшинд байна гэж та боддог вэ?
 
  - Манайхаас энэ талаар саяхан нэг судалгаа явуулсан. Судалгаанаас үзэхэд урлагаас таашаал авах, урлагаар өөрийнхөө оюуныг цэнэг­лэх, эсвэл урлагаар амрах гэсэн хүмүүсийн хэрэгцээ харагдаж байгаа юм. Манай Урлагийн зөвлөлөөс сар бүр урлагийн үзвэр үйлчилгээний хуанли гаргадаг. Улаанбаатар сая гаруй хүн амтай. Нэг хүнд ноогдох соёл урлагийн арга хэмжээний тоо их өндөр ш дээ. Гадны хүмүүс ч хэлдэг. Гадаадын томоохон дуурийн театрууд сард нэг удаа л тоглодог бол манайд долоо хоног болгон дуурь балет тоглож байна. Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим гэхэд л үзэсгэлэн гаргах жилийн төлөвлөгөөгөө гаргачихсан байх жишээтэй. Түүний хажуугаар хувийн өчнөөн галерей бий. Хошин шог, рок попын хэчнээн тоглолт болж байна. Баар цэнгээний газруудад ч урлагийнхан очиж тог­лодог. Гэх зэргээр урлагийг хүмүүс хэрэглэхгүй биш, хэрэглээ байгаад байна. Ганцхан чанар хүртээмж гэдэг асуудал гарч ирж байна. Мөнгө төлж чадахгүй ядуу айлын хүүхдүүд үзэж чадаж байна уу, үгүй юу. Эсвэл орон нутгийн хүмүүст өнөөдөр Улаанбаатарт болж байгаа соёл урлагийн арга хэмжээ хүрч очиж чадаж байгаа эсэх.
 
  - Боловсрол нимгэн болохоор хүмүүс хошин шог руу, нийтийн дуу руу хошуурч байна гэдэг. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
 
  - Би үүнийг байх ёстой үйл явц гэж үзэж байна. Үзэл бодлын маш өндөр цензуртэй нийгмээс гэнэт бүх юмыг нь задгайруулаад тавьчихсан. Уран бүтээлчдийн хувьд асар их агаар орж ирсэн. Тэр агаартаа өөрсдөө жингүйдлийн бай­далд орсон юм шиг санагддаг. Байгалийн жамаараа аль нь сайн, аль нь муу вэ гэдэг нь ялгарч гарч ирэх тэр хугацаа хараахан болоогүй байна. 18 жил бол хүн төрөлхтөний урлагийн түүхэнд юу ч биш шүү дээ. Одоо бол Монголын аль ч соёл урлагийн салбарт шинэ бүтээл гарч ирэх цаг нь болсон. Тэр байтугай олон улсын түвшинд ч болсон. Чанарын талаар байнга ярьж төрөөс дэмжлэг өгч байхгүй бол тэртэй тэргүй мөнгө, зах зээл хоёр бидний тэр үнэлэмжээс илүү хүчтэй болоод байна. Яагаад өнөөдөр Холливудын киног яг мэргэжлийн хүмүүс “Энэ бол зүгээр л арилжааны зориулалттай” гээд байна вэ. Америкт ч юм уу барууны орнуудад мэргэжлийн уран бүтээлийн бай­гуул­лагууд, мэргэжлийн яамд, сангууд нь өөрсдөө бизнес, арил­жааны зориулалттай юмандаа оролцохгүйгээр дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа салбараа авч явж, тэрийгээ амьд авч үлддэг. Түүнтэй адилхан БСШУЯ хошин шог юм уу, нийтийн дуунд орохгүй байгаа. Ороод байх ч шаардлага байхгүй. Тэртэй тэргүй зах зээл нь байна. Өөрийн гэсэн үзэгчтэй, тодорхой хүмүүсийн соёлын хэрэгцээг хан­гаад, улсад татвараа төлөөд, эдийн засгийн үр ашгийг нийгэмд авчраад явж байна. Тэгэхээр үүнийг хоёр тийш нь авч ингэх ёстой тэгэх ёстой гэдэг асуудал өөрөө их ээдрээтэй.
 
  - Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ урлагийн боловсролд хэрхэн анхаарах ёстой юм бол?
 
  - Соёл урлагийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд хүүхэд нь тодорхой хэмжээгээр урлагт ойрхон байгаа учраас урлагийн боловс­рол олгох гэж толгой өвддөг­гүй. Урлагтай ойр биш мөртлөө боловсролтой хүмүүс энэ асуудалд асар их анхаарал тавьж байгаа нь мэдэгддэг. Гэрээрээ багш авдаг. Хүүхдээ балетийн сургуульд явуулна. Хүүхдэдээ хөгжмийн багш авч өгмөөр байна. Зургийн дугуйланд явуулъя гэдэг юм уу. Тэр хүмүүс урлаг хэрэгтэй гэдгийг ойлгоод байдаг. Гэхдээ урлагийг ямар утгаар нь хэрэгтэй вэ гэдэг асуудалд зарим эцэг эх буруу ойлголттой явдаг.
 
  - Ямар ойлголттой байдаг гэж?
 
  - Хүүхэд нь маш сайн зурж, дуулж, бүжиглэх ёстой гэж бодоод байдаг. Би түүний эсрэг байдаг. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх чад­вар­тай бие хүн болоход нь урлаг өөрөө зэвсэг болох ёстой. Тэр чиглэлээр манай байгууллага олон төсөл хөтөлбөр гаргасан. Гадаадад ч гэсэн энэ чиглэлээр судал­гаа явуулсан байдаг юм билээ. Бизнесийн салбарт топ амжилт олсон хүмүүсийн багадаа хийж байсан зүйл, хүмүүжлийг нь судлаад үзэхэд тэр хүүхэд жүжигчин, дуучин болно гэж бодоогүйгээр урлагийн хичээл заалгаж байж. Тэдэнд өөртөө итгэх итгэлийг нь, хүнтэй харьцах болон өөрийгөө илэрхийлэх чад­варыг нь урлаг олгосон байдаг. Манайд дуу хөгжмийн хичээлээр хүүхдэд дуу заагаад байдаг. Жишээ нь Моцарт гэж хэн юм бэ гэдэг нь чухал биш. Моцартын хөгжмийг сонсоод тэр хүүхэд тухайн үеийн Европын түүхийг холбоод хэлчих­дэг. Өөр бусад зүйлийг ч холбоод гаргаж ирэх чадвартай байх ёстой. Моцартын хөгжмийг сон­сохоор өөртөө ямар мэдрэмж төрж байгааг мөн илэрхийлэх чадвартай болно. Яагаад гэвэл урлаг хүний сэтгэлд амархан хүрдэг. Илэрхийлэхэд амархан. Дүрслэх урлагаар дамжуулаад бас хүүхэд өөрийгөө илэрхийлж болно. Манай зарим дугуйлангууд авьяастай хүүхэд­тэй ажиллаад байдаг. Авьяасыг дулдуйдах нь мэргэжлийн урлагийн байгууллагын хойч үеэ үлдээх зорилго мөн л дөө. Хөгжим бүж­гийн дунд сургууль авьяастай хүүхдүүдийг шалгаж аваад сургалт явуулж болно. Харин дугуйлангууд бол өөр байх ёстой. Хүүхэд болгон авьяастай байх албагүй. Гэхдээ хүүхэд болгонд урлагт хүрэх боломж нь нээлттэй байх ёстой гэж үзэж байна.
 
  - Сургалтын агуулгаар нь дамжуулж нөлөөлөх хэрэгтэй гэж үү?
 
  - Яг тийм. Агуулга нь зураг зурахыг заах биш, түүгээр дамжуулж тэр хүүхдэд хүн болж амьдрах арга ухаан эзэмшүүлсэн байх ёстой. Тэр сургалтын агуулгыг бид гаргах гээд байгаа юм. Та нар одоо манай сурах бичгийг хараарай. Зураачийн тухай түүх яриад, өнгө будаг яриад тэгээд л гүйцээ. Хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдэд бид урлагаар дамжуулаад сургалт явуулсан. Тэд их бүрэг л дээ. Жирийн сургуулийн хүүхдүүд дээр очиход ч гэсэн дуулуулна гэж бодоод айчихдаг. Миний бодлоор эцэг эхчүүд мөнгийг нь төлөөд сургуульд явуулж байгаа юм чинь “Миний хүү хөгжим дардаг болоосой гэж хүсэх үү, эсвэл миний хүү хөгжмөөр дамжуулж, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлж чадах хүн болж байна уу” гэдгийг өөрсдөө сонголтоо хийж очих эсвэл багшаас шаардаж болно ш дээ. Хүүхдийг уран бүтээлч болгох гэхээр хаширчихдаг. Эцэг эхчүүд дандаа өөрийнхөө хийж чадаагүй юмыг хүүхдээсээ нэхдэг тал бий. Зарим хүүхэд үүнд дургүй байдаг.
 
  - Зарим хүн урлаг надаас хэтэрхий хол зүйл гэдэг?
 
  - Урлаг өөрөө нийгмийг хөдөл­гөгч хүч гэдэг шүү дээ. Үүнд сайн муу хоёр тал бий. Нэгдүгээрт хөдөлгүүлж байгаа хүмүүс нь урлагийг хэтэрхий өндөр хол байна гээд айчихаж байгаа юм. Миний юм биш. Би энд хүрэхгүй. Би их намхан, муухай, сайхан ч гэдэг юм уу. Нөгөө талаасаа нөгөө хүмүүс нь “Өө эд нар юу ч хийсэн миний юмыг ойлгодоггүй, үздэггүй. Билетийг маань авдаггүй” гэдэг. Өөрөө өөртөө уран бүтээл хийгээд явъя гэсэн уран бүтээлч их байдаг. Тэр хүмүүсийн оюуны багтаамжийг хүмүүст хүргэхийн тулд нэгдүгээрт бие бие рүүгээ алхах хэрэгтэй болж байна. Энэ дунд нь менежмент хийхгүй бол улам л холдоно. Мөнгө хаях хэрэгтэй. Тэрийг зөвхөн төрөөс биш хүн болгон, бизнесийн болон төрийн бус байгууллага хамтран хийх хэрэгтэй.
 
Согтохгүйгээр дуулж болох уу?
 
  Та энэ зургийг хараад “Эд ч ёстой найрлаж байна даа” гэж бодож болох юм. Огтхон ч тийм биш. Европт очвол та олноороо ийн дуулж байгаа хүмүүсийг хаа сайгүй харах боломжтой. Энэ бол Германы нэгэн найрал дууны клубт авсан гэрэл зураг л даа. Тэнд хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх гэж ихэвчлэн очдог. Германд ойрол­цоогоор 30 мянган ийм клуб байдаг гэхээр лут байгаа биз. Сүмийн, тосгоны, сургуулийн найрал дуунаас гадна эмээ өвөө нарын, залуусын хүүхдийн гээд бүх насны хүмүүсийн хоорын клуб бий. Тэд сайн дуучин болох гэж ч юм уу, эсвэл тоглолт хийгээд мөнгө олох гэж хүсээгүй.
 
  Манай хотын эмээ өвөө нар ихэвчлэн чийгтэй байшин сахиад гэртээ сууж байдаг. Тэгвэл Германд өвөө, эмээ нарын бүхэл бүтэн хоор байх жишээтэй. Тэнд очсон хүмүүс цагийг хөгжилтэй өнгөрүүлээд зогсох­гүй шинэ найз нөхөдтэй болдог, хамт олон дунд төлөвшдөг. Хамгийн гол нь сэтгэлийн маш сайхан мэдрэмж, таашаалыг олж авдаг гэнэ.
 
  Манайхан тэгвэл олноороо хэдийд дуулдаг билээ? Хоолойгоо “чийглэсэн” буюу “халсан” үедээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хатуухан “даруулга”-тайгаар дуулдаг. Айлын найран дээр, баяр ёслолоор, үгүй юмаа гэхэд л найз нөхдөөрөө цуглара­хаараа найганхан, уяранхан дуулж өгнө дөө. Мэдээж хэрэг дууны дугараа тэр дунд тойроостой. Аян замын уртад мөн дуулцгаадаг. Шилтэй цэнхэр тэр дунд “жороолж” л явах вий. Сүүлийн үед хүмүүс караокэд орж дуулах дуртай болсон. “Халаадаг” юм нь хажууд нь бэлэн. Дуу хуур гээч зүйл манайд архитай ямар нэгэн байдлаар холбоотой байдаг юм уу гэж бодмоор. Гадныхан манайхан шиг заавал согтсон үедээ, 100 татаж зориг орсон хойноо дуулдаггүй юм байна. Гагцхүү дуу хуур гэгч тэр сайхан зүйлээс сэтгэлийн их баяр цэнгэл авах гэж энэ урлагт дурлацгаадаг аж.
 
Соёлын агуулга хаана явна?
 
  “Хүмүүсийн тархийг угааж байгаа хамгийн хүчтэй мөртлөө хам­гийн аюултай мэдээллийн хэрэг­сэл бол телевиз” хэмээн Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа өгүүлсэн. Тус байгууллагаас гаргасан судал­гаагаар Монголын нийт хүн ам мэдээллийнхээ 40 хувийг телевизээс авдаг гэжээ. Үнэндээ л тийм. Баярын ширээ тойрон суугаа гэр бүлийн тэр оройн баярын уур амьсгал сайхан, муухай байхыг зурагтаар гарч байгаа нэвтрүүлгүүд шийдээд өгчихдөг гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Баяраар тэгвэл ихэвчлэн ямар нэвтрүүлгүүд гаргадаг вэ гэхээр хошин шогийн тоглолт, эсвэл зохиолын дууны концерт. Өөр үзэх юм юу ч байдаггүй. Өчнөөн олон суваг солиод л байна, яг адилхан бие биенээ хуулсан юм шиг ялгагдахын аргагүй хөтөлбөрүүд. Чанартай даац­тай бүтээл гэхээсээ илүү зугаа цэнгээний, аль болох л амархан бүтэх нэвтрүүлгүүд гардаг.
 
  Барууны орнууд өнөөдөр соёлын агуулга гэж маш их ярьдаг болсон. Үүнийг гаргаж ирэх хэрэгцээ бидэнд асар их байж болох юм. Монголчууд түүхэндээ ганцхан удаа соёлын агуулга гэдгийг гаргаж ирсэн нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гэнэ. Зурагт хуудас­наас өгсүүлээд түүхэн ном зохиол, кино жүжиг, хүүхдийн ном гээд маш олон зүйлийг нэг дор хийсэн. Автобусны нүүрэн дээр хүртэл ойн лого наалттай явдаг байсныг санаж байна. Хүмүүсийг пологдтол нь “Их Монгол Улс”-ын ойгоор “бөмбөгдөөгүй” бол уг нь гаргаж ирж байгаа арга хэлбэр нь зөв байсан гэж олон хүн хэлдэг. Ойн комиссыг зохион байгуулах хорооны гишүүд энэ арга хэмжээг өөрсдөдөө ашигтай хувилбараар ашиглаж, дундаас нь бизнес хийсэн, авлигатай холбогдсон гэх өнөөх л яриа бий.
 
  Хүн юунд итгэж үнэмшиж амьдрах вэ гэдэг тэр нийгмийн итгэл үнэмшлийг соёлын агуулгаар гаргаж ирэх ёстой. Тухайлбал та бидний киног нь өдөр алгасахгүй үзээд байгаа өмнөд Солонгост соёлын агуулгыг маш хүчтэй гарган тавьж буй. Зөвхөн нэг хаанаа шүтсэн кино тэд хийхгүй байна. Хувцас, хоол, ардын эмнэлэг, түүх соёл, зан заншил гээд бүхий л зүйлээ агуулга болгон киногоороо гаргаж байна шүү дээ. Телевизийн сериалаар зогсохгүй хүүхдийн комикс ном, видео тоглоомнууд, ном зохиолоор дамжуулан гээд хангалттай суртал­чилж байгаа. Ингэснээрээ улс үндэстэн өөрийн дархлааг авч үлддэг ажээ. Харин бидэнд тэр дархлаа бий юү? Манайд энэ талаар ямар ч бодлого алга.
 
  Телевизүүдийн нэвтрүүлэгт зах зээлийн арга зарчмаар нөлөөлөх бололцоо бий юү гэвэл бий. Жишээ нь татварын хөнгөлөлт үзүүлж болно. Нэвтрүүлгийнхээ тодорхой цагийг байгаль орчин, боловсрол, соёл урлагийн асуудал хөндсөн сэдвээр явуул гэж үүрэг өгч яагаад болохгүй гэж. Телевизүүд өнөөдөр төрөлжиж чадахгүй байгаа нь ихэвчлэн улс төрийн зорилгоор байгуулагдсантай холбоотой бай­даг. Энэ олон адилхан телеви­зүүдийн ард дандаа нэг нэг улс төрч бий гэлцдэг. Тэд сонгуулиас сонгуулийн хооронд нэвтрүүлэг хийж, телевизийг өөрсдийн эрх ашгийг хамгаалах гол зэвсэг болгож байгаа нь нууц биш ээ. Өнөөх л эзэнгүйдсэн замбараагүй байдал эндээс харагдаж байна.
 
  Хэрвээ төр засгийн, соёл урлагийн бодлого гэж байдаг бол соёлын агуулга гэдэг маш чухал энэ асуудалд анхаарал хандуулаасай, юм хийгээсэй. Соёл урлагийн ямарваа сэдэв явсаар байгаад л төрийн бодлогод хүрчихээд байдаг юм гэх үзэг нэгт андынхаа үгийг энд давтмаар байна. Бидний энэ удаагийн хавтасны сэдэв ч мөн явсаар байгаад “төрийн бодлого” хэмээх түгжээтэй хаалганы өмнө ирээд зогслоо. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэсэн үг бий дээ.