Умард Солонгос буюу Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс энэ дөрөвдүгээр сарын эхээр анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөхөө зарласан нь ихээхэн шуугиан үүсгээд байна. Дэлхийн тойрог замд буй дагуулуудаас аль ч орон чөлөөтэй мэдээлэл авч байгаа тул дахин нэг дагуул хөөргөж туршилт хийх нь утга учир муутай зүйл аж. Тус улсын удирдагч Ким Чен Ир байнга цөмийн пуужин харвахаар сүрдүүлж байдаг нэгэн.

Одоо ч хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр холын зайн пуужингаа турших гэж байна гэж АНУ, Япон, Хятад зэрэг нөлөө бүхий олон орон үзжээ.

Социализмын үед манай Ардын Их Хур­лын депутатуудыг сонгогчдын 99,99% -ийн саналаар “сонгодог” байв. Харин өнгөрөгч гуравдугаар сарын 8-ны өдөр Умард Солонгост (албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс) явагдсан Ардын Дээд Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар тус улсын Үндэсний батлан хамгаалах комиссын дарга, Ардын армийн ерөнхий командлагч, Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Чен Ир сонгогч иргэдийн 100%-ийн санал авч, өнөөгийн хойд солон­госчууд коммунизмын үйл хэрэгт 1990 оны өмнөх монгол­чуудаас 0,01%-иар илүү үнэнч хүмүүс болохыг харуулав.

  Гурвын тоог тэд ихэд бэлгэшээдэг аж. Тиймээс түүнийг сонгуулийн 333 дугаар тойрогт нэр дэвшүүлжээ. Даваа гаригт (9-нд) Солонгосын мэдээллийн төв агентлаг КСНА сонгуулийн урьдчилсан дүнг албан ёсоор зарлаж, солонгосчууд “хайрт удирдагчийнхаа төлөө бие сэтгэлээ зориулах шийдвэр төгс байгааг” мэдэгдэв. Дан гурвын тооноос бүрд­сэн “азын тойрог”-т нэр дэвшигч Ким ялалт байгуулсан нь Ардчил­сан Солонгос “улс төр, цэрэг, эдийн засаг гурван гол салбараа цэцэглүүлэн хөгжүүлсэн хүчирхэг орон болохын тэмдэг” гэдгийг ч мөн дурджээ. АДХ нь 687 гишүүнтэй, таван жил тутамд нэг удаа хуралддаг, хуулиараа бол Умард Солонгосын төр барих дээд байгууллага. Гэвч бий болсон цагаасаа зөвхөн Хөдөл­мөрийн намаас гаргасан шийд­­вэрийг ярс хийтэл гар өргөн баталжаажуулдаг газар тул гадаадын хэвлэлүүдэд “Умард Солонгосын тол­гой дохигч парламент” хэмээн шоолуул­саар удаж байна.

  Уг нь тус парламентийн бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч онд дуусч, 2008 оны наймдугаар сард шинэ сонгууль явуулахаар товлосон юм­­санж. Гэтэл хугацааг нь гэнэт хойш­луулж 2009 онд болгохдоо тухайн үедээ ямар нэгэн үндэслэл заасангүй. Сүүлд мэдэхнээ тэр нь өнгөр­сөн зун удирдагч Кимийн тархинд цус харваж, бие нь огцом мууд­сантай холбоотой байж. Түүнийг амьд байхад хүчирхэг Бат­лан хамгаалах комиссыг өөр хүн толгойлох ёсгүй учир ингэхээс өөр аргагүйд хүрсэн бололтой. Комиссын даргыг АДХ-аас томилох ёстой юм байна. Зөвхөн нэг хүнд тохируулж ийнхүү бүхэл бүтэн улсын төрийн дээд байгууллагын сонгуулийн хуга­цаанд өөрчлөлт оруулж буй нь коммунизмын сүүлчийн голомт Умард Солонгост уг дэглэм ямар хүчтэй байгааг нотолно.

Эрх мэдлийн оргилд

  Дэлхийн улс төрийн хүрээнийхэн Ким Чен Ирийг “хязгааргүй эрх мэдэл өөртөө бий болгосон, яахыг нь урьдаас тооцохын аргагүй даран­гуйлагч” гэж үздэг. 1991 оны арван хоёрдугаар сарын 24-нд Ким Ардын армийн ерөнхий командлагч болсон юм. Олон жилийн турш БНАСАУ-ын ерөнхийлөгч, Хөдөл­мөрийн намын дарга асан Ким Ир Сен 1994 оны долдугаар сард хорвоогоос халихад хүү Чен Ир эцгийн гэрээс ёсоор орыг нь залгаж улсын мэдлийг гартаа авчээ. Гэхдээ ерөнхийлөгч гэдэг үгийг хэзээ ч хэрэглэсэнгүй, хэн ч тэр албан тушаалд дахин очсонгүй. Долдугаар сардаа багтаж тэрээр Үндэсний батлан хамгаалах комиссын даргаар томилогдов. Үүнийг АДХ 1998 онд “улсын хамгийн өндөр албан тушаал” хэмээн зарласан юм. Өмнө нь энэ албыг улсын ерөнхийлөгч давхар хашиж байжээ. 1997 оны аравдугаар сарын 8-нд Ким Солон­госын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар мөн сонгогдлоо.

  1990-ээд онд зүүний орнуудад явагдсан улс төрийн шинэчлэлээс болж БНАСАУ олон оронтой дип­ломат харилцаагаа тасалсан ч эцгийн бодлогыг үргэлжлүүлэгчийн хувьд тэрээр юуны өмнө БНХАУ, Орос улстай тогтоосон найрамдалт харил­цаагаа үргэлжлүүлэхийг хичээж байв. Ер нь дээрх хоёроос өөр улсад төрийн айлчлал хийж байгаагүй байх. Кимд холбоотон, “найз орон” гэж угаас байдаггүй нь зэвсэглэлээр, тэр дундаа цөмийн зэвсгээр хөөцөлдөх хэнээтэй болоход нь дэм өгсөн байж ч мэднэ. Тэрбээр цэргийнхнийг бүхнээс дээ­гүүрт тавьдаг “Сонгунын бодлого” гэгчийг гаргаж ирсэн агаад түүний хамгийн ойрын хүрээнийхэн бүгд цэргийн хүмүүс байдаг. Иймээс хүн амын нь тоотой харьцуулбал цэргийн хамгийн нүсэр аппараттай, цэрэгжсэн орон гэвэл Умард Солонгос болоод байна.

  2006 оны аравдугаар сарын 9-ний өглөө тус улс цөмийн туршилт хийсэн тухай мэдээг дэлхий нийт цочирдон хүлээж авсан юм. Энэ үеэс эхлээд Ким болон түүний генералууд ихэд хамраа сөхөж, сав л хийвэл цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн далайлгадаг болсон билээ. Харин анхны туршилт амжилттай болсон эсэхэд, ерөөс тийм туршилт хийгдсэн эсэхэд олон орны мэргэжилтнүүд эргэлздэг. Юу гэвэл тухайн бүс нутгийн газар хөдлөлтийг хянаж бай­даг сейсмографийн багажууд цөмийн бөмбөгнөөс үүдэлтэй гэчихээр чичирхийлэл тогтоогоогүй бөгөөд мөн тэр хавийн агаарт цац­раг идэвхт бодис тархсан шинж илрээгүй юм. Гэхдээ Умард Солон­гос ямартай ч цөмийн бөмбөг хийх технологитой улс болсон нь тодорхой болжээ.

Улс төрийн хувьд шонхор, биологийн хувьд шар шувуу

  Өдгөө манай гаригийн хамгийн учир битүүлэг хүмүүсийн нэг болоод буй Ким Чен Ир хувь хүнийхээ хувьд хэн бэ? Анхнаасаа тун бүдэг бүрхэг явж ирсэн түүний хувийн амьдрал улсын нэгдүгээр хүн болсноос нь хойш бүр ч нууц байдалд орсон тул зан араншин, хүсэл зорилго хийгээд бусад нарийн ширийн зүйлийнх нь талаар мэдэх боломж бараг үгүйтэй адил гэдэг. Эхээс төрөхийн “суут”, бусдаас онцгой байсан гэх түүний гоёчилсон намтар дотор бүр илэрхий хэтрүүлээгүй л бол чухам юу нь үнэн, юу нь зохиомол болохыг ялгахад бэрх. Наад зах нь Ким Чен Ирийн албан ёсны намтарт “1942 оны хоёрдугаар сарын 16-нд ариун дагшин Паэкту уулын бэлд төрөхөд нь давхар солонго татаж, хурц өнгийн од гэрэлтсэн” гэж бичээстэй байгаа. Христийг анх мэндлэхэд тусгай од гийсэн тухай Библийн сударт байдаг боловч ирээдүйн ком­мунист намын даргыг эхийн хэвлийгээс унахад хурц од тодорсон тохиолдол ганцхан хойд Солонгост л гарчээ. Үнэндээ бол Чен эцэг, эх хоёрыгоо Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончуудаас зугтаж ЗХУ-д толгой хоргодож байхад нь 1941 (42 биш шүү!) оны хоёрдугаар сарын 16-нд Хабаровск хотын дэргэдэх Вятское тосгонд төрсөн байдаг. Оросын дүн өвлөөр мэдээж ямар ч солонго татсангүй. Тэрээр Юрий Ирсенович Ким (Ирсенович гэдэг нь Ир Сен гэдэг эцгийнх нь нэрээс үүдэлтэй) хэмээх орос нэрээр бүртгүүлжээ. Багадаа эхээс өнчирсөн хүү хойт эхийн гар харж өссөн байна. Том дарга эцгийнх нь халааг Ченээр биш өөрөөс гарсан хүүхдүүдээр залгамжлуулах бодолтой тэр эх Ченд ихээхэн хатуурхдаг байсан гэлцдэг. Гэвч тэр яг л угсаа залгамж­лах хан хүү шиг эцгийн өндөр албан тушаалыг өвлөн авчээ.

  Хүний нүдэнд тийм ч аятайхан харагддаггүйн дээр намхан нуруутай (ердөө 1,6 м) Ким ядахнаа арай өндөр харагдах гэж байнга памбагар зузаан ултай гутал өмсөхийн сацуу үсээ дээш өрвийлгөн босгож гельддэг гэнэ. “Дэлхий даяар намайг муулж байдгийг би мэднэ. Гэхдээ ихээхэн гооч­лоод байвал би бас хариу барих ёс­той биз дээ” гэж тэр заналхийлсэн тухай BBC-гийн нэгэн мэдээнд дурджээ.

  Дипломатууд хийгээд Умард Солон­госоос дүрвэн гарагсад түүнийг “нэрээ их хичээдэг, пара­нойд эмгэгтэй (өөрийгөө байнга мөрдөгдөж байна хэмээн айх өвчин), шарзанд их дурладаг” гэж тодорхойлсон нь олонтаа. Хам­гийн дуртай шарз (коньяк) нь Hennessy VSOP Cognac гэх. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дей Жунтай хий­сэн нэг уулзалтын үеэр хоромхон зуур арван хундага дарс хөнтөрч хүмүүсийг гайхшируулж байжээ. Ер нь дарсны талаар муугүй мэдлэгтэй болов уу гэмээр. Түүний зооринд хамгийн шилдэг 10 мянган лонх дарс хадгалаастай байдаг байна.

  Чен Ирийг бас уран сайхны киноны донтон гэдгийг нийтээр андах­гүй. Нэгэнт эрх мэдэл нь байгаа хойно нийслэл Пхеньян хотын ойролцоо өөрийн гэсэн студи байгуулснаар үл барам улсын¬хаа кино урлагт нөлөөлөх гэж зохиолч, найруулагч, жүжигчдэд багагүй төвөг уддаг аж. 2006 онд “Дайеры сур­гуулийн охид” киноны эвлүүлгийг өөрийнхөөрөө бус, их даргын заавраар хийсэн тухайгаа кино найруулагч Ян Ин Хак Германы нэгэн сурвалжлагчид ярьсан нь бий. Улсынхаа кино урлагийг өөд нь татах гэж хэт улайрсан Ким 1977 онд Өмнөд Солонгосын кино найруулагч Шин Сан-Ок, түүний эхнэр, нэрт жүжигчин Чой Юн-Хи нарыг хулгайлуулж хүртэл байсан билээ. Тэрээр 20 мянга орчим видео киноны цуглуулгатай нь дэлхийд хамгийн томд тооцогдож байна. Өрнөдийн алтан шаргал үстэй хүүхнүүдэд дуртайгаараа нэрд гарсан их удирдагч ялангуяа америкийн порно кинонд тун их хорхойсдог гэсэн.

  Чен Ир эцэг шигээ онгоцоор нисэхээс учиргүй айдаг тул өөртөө зориулсан тусгай хуягт галт тэрэгний бүхэл бүтэн цуваа бэлдүүлжээ. Олон жил тахин шүтэгдэж хангалуун амьд­ралд умбасан тэрээр тансаг хоолох учиргүй дуртай гэнэ. Хуягласан галт тэргэндээ өдөр бүр далайн шинэхэн хавч онгоцоор авчруулдаг аж. Кимтэй цуг нэг удаа хамт аялсан Оросын дипломатч галт тэрэгнийх нь люкс тоноглолыг гайхан шагширч “хамгийн гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийн дунд байнга оргилуун дарс ууж явснаа” тэмдэглэн үлдээжээ.

  Умрын тэргүүн улс төрд шонхор шувуу мэт боловч биоритмийнхээ хувьд шар шувуу шиг гэж ойрынхон нь түүнийг шоглон ярьдаг байна. Яагаад гэвэл тэрбээр өдөр унтаж, шөнө ажилладаг гаж ч гэмээр зуршилтай. Түүний энэ хэмнэлд зохицох гэж хамтран ажиллагсад нь багагүй зовдог бололтой юм. Өглөөний дөрвөн цаг 20 минутад Ким дарга өөр лүү нь утасдаж яаралтай дуудаж байсан тухай нэг ажилтан нь ярьжээ. “Та яаж ингэж шөнө болгон ажиллаж чадаж байна аа?” хэмээсэн сурвалжлагчийн асуул­тад тэр “Миний гол ажлын цаг шүү дээ” гэсэн ганцхан өгүүлбэрээр амыг нь тагласан удаатай. Сард 20-иос доошгүй шөнийг албан тасалгаандаа өнгөрүүлэхдээ ажил¬лах гэхээсээ илүүтэй өрнийн порно голдуу видео кино үзэж суудаг гэх хүмүүс ч бий.

  Ким нийтдээ дөрвөн удаа гэрлэж дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд харин гэр бүлээс гадуур дор хаяж есөн хүүхэдтэй гэлцэж байна. Анхны эхнэртэй нь эцэг Ким Ир Сен хүчээр суулгасан ч бүр тэр үедээ хожмын хоёр дахь эхнэртэйгээ нууцаар хамт амьдарч байсан гэдэг. Хамгийн сүүлд өөрийнх нь нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бүсгүйтэй дэр нэгтгэжээ.

Явдалтай эр

  Агуу их эрх мэдэлтэн Чен Ирийг хэд хэдэн удаагийн алан хядах ажиллагаа, түүний дотор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Чүн До-Хваныг гадаадын нэг оронд айлчлал хийх үеэр амийг нь хорлох гэсэн оролдлогод сэжиглэдэг. 1987 оны арваннэгдүгээр сарын 29-нд Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн онгоц дэлбэрч 115 хүний амь үрэгдсэн томоохон хэрэг гарсан билээ. Тэр хэргийг үйлдсэн Ким Хюн-Хи гэдэг эмэгтэй хожим нь өөрийгөө “Умард Солонгосын иргэн. Онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулах даалгаврыг улсынхаа дээд удирдлагаас авсан” хэмээн мэдүүлсэн байдаг.

  2008 оны есдүгээр сард БНАСАУ байгуулагдсаны 60 жилийн ойг улс даяар ёслол төгөлдөр тэмдэглэхэд Ким дарга олны өмнө гарч ирсэнгүй. Өмнөд Солонгосын нууц албадын мэдээ­гээр бол түүний чихрийн шижин өвчин хүндэрч зүрхэндээ нөлөөлснөөр тархинд нь цус харваад хэдэн долоо хонож байсан аж. Тэр үеэр Японы профессор Тошимицу Шигемура умрын дарангуйлагчийг аль 2003 онд нас барсан, одоогийн энэ Ким бол түүний орлон тоглогч хэмээн мэдэгдэж олныг шуугиулж байс­ныг хүмүүс санаж байгаа байх. Профессорынхоор бол Ким дөрвөн орлон тоглогчтой байсан бөгөөд нэгнийх нь нүүрэнд бүр мэс засал хийж даргатай илүү төстэй болгосон гэнэ. Харин Солонгосын АДХ-ын тэргүүлэгчдийн дарга, улс орны хоёр дахь гол хүн Ким Юнг-Нам удирдагчийнхаа эрүүл мэнд доголдсоныг эрс үгүйсгэдэг.

  Чен Ир бүр 60-аад оны дундуур намын ажил хийж эхэлсэн агаад эцгийгээ амьд сэрүүнд Төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бич­гийн даргаар хүртэл дэвшин ажил­ласан юм. 1974 онд эцэг Ким түүнийг өөрийнхөө залгамжлагчаар анх тунхагласнаас хойш нэрийнх нь өмнө “хайрт удирдагч” гэдэг тодотгол нэмж оруулсан. Харин сүүлийн үед түүний цэргийн эрх мэдлийг товойлгон харуулахын тулд “Генерал Ким” гэх нь илүү болсон. Дотоодын хэвлэл мэдээлэлд бас “Солонгосын ард түмний XXI зууны нар” гэж нэрлэсэн нь бишгүй тааралдана. Өдгөө 67 нас хүрээд буй, хүнд өвчтэй Ким Чен Ирийн орыг түүний хүүхдүүдийн хэн нь залгамжлах вэ гэдэг асуулт сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд буй. Отгон хүү Ким Чен Үн хамгийн өндөр магадлалтай гэж олон хүн таамаглаж байна.

  Умард Солонгосын дарангуй­лагчийн талаар энэ мэт таагүй мэдээ, хачирхалтай яриа цуурхал олон байвч цөмийн зэвсэг бүхий нэг улсын бүх эрх мэдлийг гартаа төв­лөрүүл­сэн түүнийг басамжилж хэрхэвч болохгүй нь ойлгомжтой. Хэдийгээр Ким Чен Ирийг олон талаар хэвийн бус гэдэг ч шаггүй чадварлаг, гүйлгээ ухаантай нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүнч бас цөөнгүй бий. Тэгээд ч дэлхийн түүхэнд тод ул мөрөө үлдээхийг эрмэлзэгч эрчүүд голдуу намхан, тарган байдаг юм гэнэ лээ.