Германы WELT ONLINE даяарчлалын тухай зарим асуултуудад хариулт өгсөнийг уншигч та бүхэндээ толилуулж байна.

Дуртай хоол. Германчуудын дуртай хоолыг Spaghetti bolognese тэргүүлж, улаан лоолийн сүмстэй гоймон удаалж, шнитцель гуравт орж байна. Аль ч томоохон хотод Япон юмуу Мексик ресторан бий. Даяарчлалаас болж бид­ний сонголт явцуурсангүй харин өргөжсөн. Шведийн H&M заг­варын хувцаснаас эхлээд японы машинууд. Германы залуус даяарчлалыг соёлын олон төр­лийн хөгжилтэй холбон үзэж байна.

Алдаа. Нэг оронд амжилттай байсан арилжааны загвар нөгөө улсад мөн амжилт олно гэсэн баталгаа байхгүйг Gap загварын хувцасны дэлгүүр германд нэг их удалгүй хаагдсанаас харж болно. Gap-ноосон цамц АНУ-ынх боловч энэ нь худалдан авах шалтаг болж чадахгүй байв. Ийм алдааг давтахгүйн тулд McDonald’s хоол­ны цэсээ тухайн улсын иргэдийн сонирхолд тааруулдаг. Яваандаа ер нь улс дамнасан том концернууд л тэсэж үлдэх болов уу даа.

Онцгой тохиолдол. Ундаа үйлд­вэрлэгч Bionade үүний эсрэг жишээ юм. 10 жилийн өмнө Ост­хайм хэмээх жижигхэн хотод үйлдвэрлэсэн ундааг хэн ч мэддэггүй байв. Кока Колаг бол бүгд мэддэг шүү дээ. Дэлхийн хамгийн алдартай энэ брэндийг 190 гаруй улсын хаанаас ч худалдан авч болно. Энэ компанийн жилийн борлуулалт Йорданий бүх иргэдийн орлогоос давдаг байна. Тэд хүчирхэг бөгөөд алдартай байдлаа ашиглан өрсөлдөгчдөө зах зээлээс шахах буюу эсвэл худалдан авдаг. Гэвч жижиг үйлдвэр­лэгчдэд боломж байна. Хөгжил­тэй зар сурталчилгааны туслал­цаатайгаар Bionade нь Германы нэртэй ундаа болж чадсан. 2002 онд хоёр сая ундаа зарж байсан бол өнөөдөр энэ нь зуу дахин ихэсчээ. Даяарчлалын нөхцөлд жижиг компаниудад өрсөл­дөөн тун хүнд. Гэхдээ амжилт олох нь боломжгүй зүйл бишээ. Германчуудын ихэнхи нь 50-аас ч цөөн ажилчинтай үйлдвэрт ажилладаг.

Ганцаараа. Том байснаараа ашиг­тай байх албагүйг Daimler болон Chrysler-ийн захирлууд яс махандаа ортол ойлгосон байх. Герман, Америкийн машин үйлд­вэрлэгчдийг нэгтгэснээр дэл­­хийн концерн байгуулах байлаа. “Тэнгэрийн хурим“ маань зөрчилдөөнөөр дуусав. Удирд­лагын арга барил нь их зөрөө­тэй. Бие биедээ бараг итгэхгүй. Хамтын ажиллагаа хүссэн үр дүнг авчирсангүй. Зардал хэм­нэж, ашгаа ихэсгэхийн оронд ажилтнуудынхаа урамыг хугарав. Ингээд хоёр тийшээ болцгоов.

 

Дэлхий дахины худалдаа баячуудыг улам баяжуулаад, ядуусыг улам ядууруулдаг уу?

Тэгш бус байдал. Өнгөц харахад энэ үнэн юм шиг. Далаад онд америкчууд дунджаар дэлхийн банкны “бага цалин хөлстэй орнууд“ бүлэгт оруулсан улсуудын иргэдээс 50 дахин их цалин авч байв. Жишээ нь Африкийн ихэнхи орон үүнд ордог. 2000 он гэхэд бүр ная дахин их болж өссөн.

Боломж. Гэлээ ч ядуу орнууд даяарчлалын золиос болж байна гэх нь буруу. Харин ч эсрэгээрээ хөгжиж буй орнуудын олон иргэд маш их хожсон. Ботсван, Тайланд зэрэг нэн ядуу орнуудад олон улсын худалдааны ачаар амьдралын түвшин нь асар их өссөн.

Үүрэг. Гэхдээ энэ нь орон тус бүрээр амьдралын түвшний дээр­дэлт жигд эсэхийг хэлж чадахгүй л дээ. Хятадын эдийн засаг 10% өсөх нь тэдний цалин хөлс багатай тэнэмэл ажилчдад падлийгүй. Энэ бол даяарчлалын буруу биш, буруутан нь Хятадын засгийн газрын бодлого юм. Дэлхий даяар хамгийн ядуучууд ч ахиж дэвжсээр байна. Өдөрт нэг ам.доллараас бага орлоготой ажиллагсад 1990 онд дэлхийн нийт ажиллагсадын 33% нь байсан бол одоо 15% болжээ.

Даяарчлалаас болоод ажиллагсад ажлын байраа алдаж байна уу?

Рекорд. Хэрэв ийм байсансан бол 2008 онд дунджаар 40 сая хүн хөдөлмөр эрхэлсэн рекорд амжилт гарахгүй байсан. Урьд нь ийм их хүн ажиллаж байсангүй. Даяарчлал нь ажлын байрыг устгахаасаа илүүтэй шинээр бий болгожээ. Германы компаниуд гэхэд л бусад орны хөгжилд шаардлагатай болдог машин тоног төхөөрөмжийг үйлд­вэрлэж байна.

Өөрчлөлт. Даяарчлал нь хүмүүсийг өөрчлөгдөхөд хүргэж байна. 50 жилийн өмнөхөөс ялгаа­тай нь өнөөдөр Гер­манд сүлжмэл эдлэлийн нэг ч үйлдвэрлэгч байх­гүй. Үүний оронд өөр шинэ ажлууд бий болсон. Загвар зохиогч, зар сурталчилгааны мэргэжилтэн болон судлаачид Азид юу үйлдвэр­лэгдэхийг энд шийдэж байна. Компаниуд үйлдвэрлэлийн дамж­лагаа гадаадад гаргасантай холбоо­тойгоор харин ч найдвартай ажлын байр болдог.

Алдаа. Зардал хямдруулах үүд­нээс фабрикаа нүүлгэсэн компаниуд харин ч алддаг. Nokia үүний сонгодог жишээ. Финландын компанийг татаасаар даллан Герман луу татаж тэд Бохум хотод үйлдвэрээ нээжээ. Татаас байхгүй болмогц ажилчид нь хичнээн эсэргүүцсэн боловч үйлдвэрээ Румын руу нүүлгэсэн байна. Нокиа үүгээрээ зардал хэмнэсэн байж магадгүй. Харин нэр хүнд нь нэлээд унасан даа.

 

Аварга концернуудын өмнө улс төрчид хүчин мөхөсддөг үү?

Байгууллагууд. Ердөө ч үгүй. Женев дэх дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) дээр илүү тод харагддаг. 153 улс нэгдэн орсон ДХБ-ын гишүүд хамтран дэлхийн худалдаа ямар дүрмээр яаж явагдахыг шийдвэрлэдэг. Аварга эдийн засагтай АНУ, африкийн нэг жижиг улс хоёр адилхан саналын эрхтэй. Бүгд санал нийлж байж асуудал шийдэгдэнэ, ямар ч байсан Албани, Алжир эсвэл Армян нь дүрэм ёсоор бол Женевт АНУ-тай адилхан л нөлөөтэй.

Боломж. Олон зууны турш тухайн улсын амьдралын түвшин нь улс төрөөс илүүтэй газар зүйн байршлаас хамаарч ирсэн. Далайн эргийн аядуу цаг агаартай орнууд хөгжин цэцэглэж байхад, чийглэг дулаан уур амьсгалтай ч далайд гарцгүй эх газрын орнууд ядуу хоцорч байв. Даяарчлалаар энэ бүхэн өөрчлөгдөв. Эдийн засгийн хувьд нээлттэй, улс төр нь тодорхой хэмжээний тогтвортой орчинг бүрдүүлсэн орнууд маш их ашиг олох болов. Хятадад 1980 оноос хойш нэг хүнд ноогдох орлого арав дахин өсөв. Иргэний дайнд сүйдсэн Конго 1980 онд Хятадаас илүү байсан бол одоо бүр ядуурсан.

 

Даяарчлалыг яагаад бид зогсоож чадахгүй вэ?

Эхлэл. Дэлхий улам л сүлжилдсэн холбоосонд орж байна. Энэ нь Христофер Колумб Энэтхэг орох дөт далайн зам хайсаар Америкийг нээснээр ч эхэлсэн юм биш. Тэр үед л дэлхийн улс орнууд хамтран хөгжиж эхэлсэн. Эрт цагт цай, амтат ногоо, торго солилцдог байсан бол өнөөдөр DVD-тоглуулагч, телевиз, жинс болон машин солилцож байна. 20-р зуунд даяарчлал том цохилт амссан. Гучаад оны эдийн засгийн хямралтай холбоотой олон орон гадны бараанд өндөр гааль тогтоох болов. Олон улсын бараа солилцоо урьдын хэмжээнд очтол олон жилийг өнгөрөөсөн.

Хурдассан нь. Тухайн үедээ АНУ-ын шилдэг их сургууль Харвардад профессороор ажиллаж байсан Теодор Левиттийн нэгэн өгүүлэлд 1983 онд анх даяарчлал гэсэн томьёолол тавигдсан ажээ. Даяарч­­лал жинхэнэ утгаараа ерээд онд л хүмүүст хүрсэн юм. Аялал, утсан харилцаа, бараа тээвэрлэлт нэлээд хямдарсан үе. Энэ үеэс эхлэн интернэт ашиглан мэдээллийг тун хурдан дамжуулах болов.

Өөрөө хөгжигч. Даяарчлал өөр юуг зогсоож чадах вэ? Тээвэрлэлт, харилцаа холбооны зардал бид­нээс нэг үеийнхэний өмнөх шиг тийм үнэтэй болохгүй байх өндөр магадлалтай. Улс төр л харин гучаад оных шиг тусгаарлаж магадгүй юм. Ийм протекционист арга хэмжээ нь явуургүй гэдгийг олон улс төрчид мэдэх болсон. Түүнээс гадна энэ нь урьдынхаас илүү дургүй хүргэсэн арга хэмжээ болно. Олон хүн сүлжээнд дассан, урьдынхаас илүүтэй тэд хил дамнасан нөхөрлөл, бизнесийн сүлжээг бий болгосон, үүнийгээ алдахыг хүсэхгүй.

 

Даяарчлал байгаль дэлхийг сүйрүүлж байна уу?

Хэрэглээ. Даяарчлалгүйгээр бид аялж чадахгүй, Японы Playstation байхгүй, H&M хувцас хямд авч чадахгүй байхсан. Хоол, хувцас бүгдийг энэ хавиасаа л авна, амрал­таа тосгондоо өнгөрөөнө. Мэдээж энэ бүхэн байгаль дэлхийд сайн байлгүй яахав.

Тохиолдол. Байгалийн бохирдлыг ганц даяарчлалаас боллоо гэх нь өрөөсгөл юм. Өмнөд Америкаас супермаркетад авч ирсэн алиманд Бодензээгээс авч ирсэнтэй адилхан л эрчим хүч зарцуулагдсан байгаа. Алимыг арвинаар нь усан онгоцоор тээвэрлэхэд Линдаугаас Мюнхэн рүү 30 хайрцаг алим ачааны машинаар зөөхөөс бага эрчим хүч зарцуулагдана. Ингэхээр энэ нь байгаль орчинд ашигтай байх нь.

Дүрэм. Байгаль орчны стандар­туудыг хамгийн сайн баримталдаг нь үнэндээ олон улс дамнасан үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг. Тэдний үйлдвэрлэл нь хэдийгээр алс холын Энэтхэг, эсвэл Камбожид явагддаг байлаа ч энд Германд байгаа хэний ч үл таних жижиг үйлдвэрээс илүү хяналтан дор ажиллаж байдаг. Том концернүүд нэгэнт өндөр хөгжилтэй оронд хүрсэн стандартаа өөр газар очлоо гээд анхаарахгүй байж болдоггүй.