Хүнд ёс, хөшөөнд шалгуур
Хөшөө утгаа алдаж эхлэв. Эх орончид мундсан биш дээ. Энэ минь ч сайн хүн, тэр маань ч гавьяатай гээд босгоод байвал сүүлдээ улиг болж, олны хүндлэл хүлээх биш, харин ч хэдэн жилийн дараа эргээд нураах хэрэг л гарах бий вий. Энэ тухай Б.Нямдорж гэдэг залуутай ярилцсан юм. Тэрээр уран барималч, урлаг судлаач биш, түүхч ч биш. Гэхдээ л түүний үг танд нэгийг сануулж мэднэ.
- Ноднин, “Зууны мэдээ” сонинд таны бичсэн “Хөшөөний нугалаа” гэсэн нийтлэлийг уншиж байсан юм байна. Яг л загатнасан газар маажчихсан шүү.
- Нэг жижиг албан хаагч дотроо бухимдаад л явсан хэрэг л дээ. Тэгээд нэг сэтгэлээ онгойтол бичээд үзье гэж бодоод. Хүн чинь иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй биз дээ.
- Ю.Цэдэнбалыг ч хайр найргүй авсан байна лээ?
- Цэдэнбалын хөшөөг хотын төвд босгоход нээрээ урам хугарсан. Гүүш Ринчений өөдөөс хөлөө ачаад суучихсан бас л хэгжүүхэн хөшөө дөө. Ингэж сууж болдог юм бол Цэдэнбалын ард Төмөр-Очирыг зогсож байгаагаар хөшөөг нь босгох хэрэгтэй.
- Үгүй яахав дээ. Улсыг маань он удаан жил удирдсан хүн. Ядахдаа тэр гавьяаг нь үнэлэх хэрэгтэй биз дээ?
- Оросууд л дэлхий дахинаас санаа зовоод аваагүй болохоос биш Бал дарга ч Монголыг Зөвлөлтийн 16 дахь респүблик болгох гэж мөн ч их зүтгэсэн хүн дээ. Туваг Орост оруулчихдаг Салчигийн Тогоогоос ялгаа юу байна аа.
Монголын шинэ цагийн ардчилагчид Монгол Улсын баатар, генералисмус И.В.Сталины хөшөөнд хуудас нааж, будаг цацаад, удалгүй буулгасан юм. 1990 оны 2 дугаар сарын 22.
- Төмөр-Очир, Бал дарга хоёр ч хонь чоно байсан гэдэг л дээ?
- Төмөр-Очир ч жинхэнэ эх оронч. Унасан газар нь болох Төв аймгийн Лүнд манай найз Очироо хөшөөг нь босгосон л доо. Гэхдээ Төмөр-Очир агсан нийслэлд хөшөө босгуулах гавьяатай хүн. Ер нь тэгээд Амар, Гэндэн, Аварзэд гээд Монголын төлөө амиа тавьсан эх орончдын хөшөөг босгоогүй байтал элдэв жижиг дарга нарын хөшөө босгоод байдаг нь сонин. Монголын төр 800 жил болохдоо баатрууд хангалттай төрүүлсэн баймаар юм. 1911 оны жинхэнэ буу барьж дайтсан баатрууд гэхэд Тогтох тайж, Баяр гүн, Манлай ван, Бавуужав гээд л нэрлэж болно. Тогтох тайжийн гарт орсон хятад амьд гардаггүй байсан гэдэг. Хужаа биш, хятад гээд хэлчихвэл буруутан болдог өнөө үед нөгөө “Хөх Монгол”-ын залуус Тогтоход хөшөө босгоход санаа тавихгүй байгаа нь гайхалтай.
- Өөр мартагдсан баатрууд байна уу?
- Барон жанжинд ч болно шүү дээ. Нийслэл хүрээгээр дүүрэн гамин байсныг тэр хүн хөөсөн нь үнэн л юм чинь. Тэр үед Барон байгаагүйсэн бол одоо тусгаар Монгол гэж байхгүй. Чөлөөлж өгсөн буянтнаа дээдлэхийн оронд галзуу муухайгаар нь дуудах нь бидний арчаагүй зан.
- Жилийн дараа, Монголын төр дахин тусгаар болсны 100 жилийн ой болно?
- Тийм, нэг сайхан ой байна. Энэ лут ойн цар хүрээнд таарчих сайхан хөшөө босгомоор л байна.
Монголчууд Оройн дээд Богд ламаа хаан ширээнд залж байгаагаар хөшөө босгочихвол хичнээн сайхан бэ. Хуучин Танкийн хөшөө байсан газар босговол их утга төгөлдөр болох юм. Нэгд, орос танкийн хуучин буурь гэдгээрээ хоёрт, 1911 оны гол ёслол хажууханд нь Ногоон ордонд болсон шүү дээ гуравт, байрлал их сайн. Харин 800 жилийн ой шиг юм болчихвол ч дэмий л дээ. Тэр үед манай төр зочид ирэхийг мэдсээр байж унтаж унтаж цагийн өмнө гэнэт сэрээд, гэр орон, цай хоолоо санд мэнд бэлдэж байгаа, ажил муутай айл шиг л байсан. Халтуураар арвин жил л болсон доо. Урд уулын энгэрт өвөлдөө алга болоод, зундаа ил гараад ирдэг “Чингэс хаан” байна. Тэр шохойн хөргийг зөөлөн хэлбэл “Чингэсийн нөхөрсөг шог” гэхээс өөр хэл нугарч өгөхгүй “ёстой л ичмээр дамшиг даа”. Буянт-Ухаа буудлын хананд Чингэс хааны нэрийг палийтал нялчихна гэдэг бас л бүдүүн зүрх ээ. Ичихэд нээрээ ухаан хэрэгтэй юм билээ. Ер нь Чингис хааны хөшөө ч тоймоо алдаж эхэлж байна. Оросын Лениний хөшөөний түүх л давтагдаад байх шиг. Зүй нь манай оронд барималчин Махвал агсны 62 онд Гурван нуурын амралтанд босгосон Чингис хааны хөшөө, тэгээд нийслэлд бас ганц хөшөө байсансан бол цөөхөн атлаа хүндтэй байсан юм. Цэдэнбал нураах гэж байдгаараа үзээд ард түмэн маань аваад үлдсэн тэр хөшөө бол бидний жинхэнэ нандин өв. Тэгээд ч тийм энгийн хэрнээ сүрлэг сайхан хөшөө өөр хаана байна.
Дэлхийн хувьсгалын удирдагч, нөхөр И.В.Сталины (Жугашвили) дурсгалын хөшөөг Монгол улсын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсан нээж үг хэлжээ. 1951 оны 7 дугаар сарын 10.
- Ордны өмнө босгосон баримлууд хэр санагдаж байна?
- Бүхлээрээ сүрлэг сайхан харагддаг шүү дээ. Бүр ч илүү сүрлэг хийж болох байсан байх. Гэхдээ болно оо. Гол нь өгсөх шат нь хариугүй юм. Хүн явуулахгүй хашаад байхад л эмтэрч унаад байгаа шатыг юү гэх вэ дээ. Энэнээс илүү халтуур гэж байх уу.
- Чингэсийн “нерв”-ийг хөдөлгөчих Ленин, Чойбалсан гээд олон хөшөө бас бий?
- Хэлээд юү гэхэв. Тэдэнтэй эртнээс түнжин муудсан хүн. Хувьсгал болж байхад би Чойбалсангийн хөшөө рүү будаг цацаж байлаа шүү дээ.
- Аан. Юу сонсчихов оо?
- Номин цэнхэр будаг байж билээ. Гюгогийн Гаврош шиг бацаан явж дээ. Би тэр хоёрыг буулгах хэрэгтэй л гэж боддог юм. Биднийг дээрээс манаад зогсоод байгаа Зайсангийн орос цэрэг ч тэр. Энэ орос байрандаа байгаа цагт Монгол улс өөдлөхгүй гэж нэг том лам айлдсан юм гэнэ лээ. Ортой үг байх шүү.
- Та чинь орос дунд сургууль төгссөн гэдэг биз дээ, яасан үндсэрхэг байна аа?
- Оросын хагас боловсруулсан бүтээгдэхүүн л дээ. Гэхдээ багаасаа л лам өвөөтэйгээ байсан юм. Өвөөгийн хүмүүжил гэж бий. Аль 1979 онд Далай ламтан Монголд анх залрахад Ганданд очиж мөргөж байлаа. “Хоёр багш чинь хэн билээ” гэхэд “Далай лам, Банчин Богд” гэж хэлдэг хүүхэд соц-ийн үед ховор. Тэгэхэд монголчууд Далай лам хэн гэдгийг ер нь мэддэггүй амар үе байлаа.
- Одоо ч дарга нарын хөшөөтэй уралдаад суварга, бурхан олноор босгож байна…
- Сайхан байна. Гэхдээ 30-аад онд өвөг дээдсийн минь хэдэн үеэрээ босгож бүтээж ирсэн бүгдийг эвдэж нураасны хажууд одоогийн хийсэн зүйл өчүүхэн. Гэхдээ далайд дусал нэмэр гэдэг байх аа. Гол нь ур хийц сайтай, дөмөгхөн юм барьвал сайнсан. Яваандаа улсаас ахиухан мөнгө хаяж буян номын том төвүүд нээх хэрэгтэй. Оросын Засгийн газар мөнгө гаргаж бас л 30-аад онд нураасан Аврагч Христийн дуганаа хичнээн сайхан сэргээв. Одоо Москвад нүд унагаах газар болоод байна шүү дээ. Манайхан л мундаг сэхээрсэн улс болж төр, шашин тусдаа гээд байдаг болохоос биш оросууд бол тоодоггүй.