Бильд: Таны 75 насны ой тохиож байна. Таны лагшин тунгалаг уу?
Далай Лам: Баярлалаа. Маш сайн байна. Бурхны шашинт хүний хувьд миний төрсөн өдөр бол ердийн л нэг шинэ өдөр.
Бильд: Таны ийм залуу харагддагийн нууц нь юундаа байна вэ?
Далай Лам: Миний өдрийн дэглэм. Би есөн цаг унтдаг. Бясалгана. Би оройд хоол иддэггүй.…
Бильд: Та ерөөсөө оройн зоог барьж байгаагүй гэж үү?
Далай Лам: Сүүлийн 50 жилд үгүй шүү. Би Төвдөд хамгийн дээд сахил хүртэхдээ үддээр хоол идэхгүй байхаар шийдэж билээ. Гэтэл ёслол маш удаан үргэлжилж 14 цаг өнгөрөөчихдөг байгаа. Ингээд л би шийдвэрээ ердөө эхний өдөр л цуцлах болсон (Далай лам инээв). Энэ чинь 1954 он байлаа. Харин би 60-аад оны эхнээс Энэтхэгт амьдарч эхэлснээсээ хойш оройд хооллохоо больсон.
Бильд: Бээжингээс таньд төрсөн өдрийн мэнд хүргэж байв уу?
Далай Лам: Үгүй, би тэгнэ ч гэж хүлээдэггүй.
Бильд: Та шөнө зүүдэлдэг үү?
Далай Лам: Тэгдэг, би урьд нь Төвдийн тухай их зүүдэлдэг байсан.
Бильд: Эмэгтэй хүний тухай зүүдэлж байв уу?
Далай Лам: Хааяа тэгнээ. Гэхдээ зүүдэлж байхдаа ч гэсэн би лам гэдгээ бодож байдаг. (тэрээр инээв).
Бильд: Германд сахилын цээрийн утга учрын талаар их маргадаг болсон. Та үүнийг юу гэж боддог вэ?
Далай Лам: Лам хүн ингэж байж л итгэл үнэмшилдээ бүхнээ илүү сайн зориулж чадна. Секс бол хүнийг бусад амьтадтай адил болгодог зүйл. Би бол ёс суртахууны тодорхой зарчим барьдаг хүн. Сахил бол намайг ердийн амьтнаас ялгаруулж буй зүйл юм.
Бильд: Өөрийн хүүхэдгүй байгаадаа харамсах явдал таньд байдаг уу?
Далай Лам: Хэзээ ч үгүй! Маш их зүйлд санаа тавих болдог...
Бильд: Ямар учраас?
Далай Лам: Миний танил нэг хос хүүхэдгүй байгаадаа их санаа зовдог байлаа. Тэд бүр эмчилгээ хийлгэсэн. Тэгээд гурван хүүхэдтэй болсон боловч эргээд л санаа нь зовж эхэлсэн дээ. Бид хэтэрхий олон хүүхэдтэй болчихов уу? Ямар боловсролтой болговол зөв болоо? Хүүхдүүд маань гэрлэх болов уу, тэдэнд ажил олдох болов уу? Дуусахгүй санаа зовоосон асуудлууд! Миний хувьд бол арай хэтийднэ…
Бильд: Санаа зовно гэснээс дэлхийн эдийн засгийн хямралыг та юу гэж үзэж байна вэ?
Далай Лам: Мөнгөнөөс өөр үнэт зүйл байдаг юм гэдгийг бидэнд сануулж байгаагаараа магадгүй энэ эдийн засгийн хямрал болсон нь зөв ч юмуу гэж би бодож байгаа шүү.
Бильд: Яагаад?
Далай Лам: Санхүүгийн зах зээлийг хүн хянаж чадахгүй гэж ярьдаг хүмүүс байна. Уг нь хүмүүс л өөрсдөө зах зээлийг бий болгодог байхад үүнийг ойлгоход бэрх юм. Хүмүүсийн бий болгосон бүх зүйлийг хүн хянаж болдог л байх ёстой. Гэтэл зах зээлийг шунал, үл тоомсорлол залж байна. Мөнгөнөөс өөр юм бодохоо байсан хүний ухаан сааталд орсон байдаг. Мэдээж хүн бүр л мөнгөний тухай боддог. Гэхдээ хүн найз нөхөд, гэр бүл, байгаль орчин гээд амьдралын жинхэнэ утга учрыг хараанаасаа алдах ёсгүй. Одоо бол мөнгөний хямрал явагдаж байна харин бусад үнэт зүйлс маань байж л байгаа шүү дээ. Мөнгөний араас улайран хөөцөлдөөгүй хүн бол өнөөдөр арай л бага санаа зовох юмтай байгаа.
Бильд: Мексикийн буланд хэдэн сая литр нефьт далай уруу цутган орсоор байна. Хүмүүс техникийг ч хянаж чадахаа больж байна уу даа?
Далай Лам: Хүн бол байгалиас дээгүүр байж түүнийг хянаж чадна гэдэг бол төөрөгдөл. Бүрэн бүтэн байгаль дээр л бидний амьдрал суурилдаг гэдгийг мартаж болохгүй! Байгалийн нөөцийг хэт их шавхан хэрэглэх замаар үүнийг аюулд оруулж болохгүй.
Бильд: Таныг гэгээнтэн гэж шүтэн биширцгээдэг, таны үгийг бол цэцэн ухааны охь гэж үзэцгээдэг. Таньд ч гэсэн сул тал байдаг уу?
Далай Лам: Магадгүй залхуурал …
Бильд: Та, залхуурал гэнээ?
Далай Лам: Мэдээж би тийм ч залхуу биш л дээ. Би өдөрт таван цаг бясалгал хийдэг, мөргөл хийдэг, бурхны шашны ном судар судалдаг. Энэ талаасаа бол би залхуу биш. Харин жишээлбэл англи хэлний тухайд шинэ үг сурах, компьютертэй ажиллах гэх мэт дээр бол би их залхуу…
Бильд: Та компьютертэй юм уу?
Далай Лам: Үгүй ээ, нэг жилийн өмнөөс телевизээ ч асаахаа больсон. Надад цаг зав байдаггүй. Уншихдаа хүрвэл....
Бильд: Роман уншина биз?
Далай Лам: Үгүй, романууд чинь зохиомол…
Бильд: Та бол энэ дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг. Та хэнийг биширдэг вэ?
Далай Лам: Иоанн Павел II бол гайхалтай хүн байсан. Улс төрчдөөс бол Вилли Брандт биширмээр хүн. Хаа сайгүй үл итгэлцэл ноёрхож байсан хүйтэн дайны үед тэрээр Брежневтэй дотно холбоотой ажиллаж Баруун Зүүн хоёрын хооронд шинэ итгэлцлэлийг бий болгосон.
Бильд: Таныг хэдэн нас сүүдэр зооглох тухай нэгэн зөн билигтэн урьдчилан хэлсэн гэдэг нь үнэн үү?
Далай Лам: 200 орчим жил болж буй зөгнөл бошиг байдаг. Төвдийг орхин гарсан Далай лам 113 нас хүрнэ гэж тэнд байдаг юм. Би бас 60-аад онд өөрийгөө 113 наслах тухай зүүдэлж байсан.
Бильд: Та одоо ахиад 38 жил амьдрахад тань дэлхий сайн тал уруугаа юу муу тал уруугаа өөрчлөгдөх болов уу?
Далай Лам: Сайн тал уруугаа. Энэ бол баараггүй. Берлиний хана нурна гэж хэн ч хүлээгээгүй байтал энэ явдал болсон. Тайван замаар. Хүч хэрэглээгүй. Өнөөдөр Хятадад дарангуйлагч засаглал тогтож байна. Энэ ч бас мөнх оршихгүй...