Олон улсын хөдөл­мөрийн байгуул­лагаас нэг­дүгээр сарын 28-ны өдөр танил­цуул­сан тайлан судалгаанд сан­хүү, эдийн засгийн хям­ралын нөлөөгөөр 2009-2010 онд дэл­хий дахинд нийт 35 сая хүн ажил­гүйчүүдийн эгнээнд шилжиж болзошгүйг мэдэгд­лээ. Тус байгуул­лагаас энэ онд дэлхий даяар ажилгүйдлийн дун­даж хэм­жээ 7,1 хувьд хүрч, санхүү, эдийн зас­гийн хямрал аажмаар ажилгүйдлийн хямрал болон хүндэрч байгааг анхааруулав. Монгол Улсад ч хямралын нөлөө­гөөр ажилгүйчүүдийн тоо нэмэг­дэх хандлагатай болж байгаа нь шинэ он гарснаас хойш илт мэдрэгдэж эхэллээ. Иймээс төр, засгийн зүгээс доорхи санал болгож буй бодлого, арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлбэл олон мянган иргэд ажлын байраа хадгалж үлдэн, ядуучуудын эгнээнд орохоос хамгаалагдах боломжтой болох юм.

Бизнесийн орчныг сайжруулъя!

  Сүүлийн жилүүдэд тогт­мол гарах болсон Монгол Улсын эдийн зас­гийн эрх чөлөөний тойм болон өрсөлдөх чадварын индексийн судал­гаанд манайд бизнесийн орчинг дорвитой сайжруулах шаард­­лагатай байгааг суд­лан тогтоосон байдаг. Тэгэхээр биз­несийн идэв­хийг сэргээхийн тулд гадаад эх үүсвэрээс дотоодын пүүс, ком­паниудыг зээлжүүлэх хөрөн­гө, мөнгө олж ирэхээс гадна Монгол Улсад бизнесийн орч­ныг илүү тааламжтай болгох шаардлагатай байна. Үүний тулд, эхний ээлжинд томоохон татвар төлөгч, ажил олгогч компаниудын эсрэг зохион байгуулалттайгаар дайрч давшлах явдал үе үе гарч байгааг таслан зогсоох хэрэгтэй. Эс бөгөөс эдгээр байгууллагын үйл ажил­лагаа доголдож, олон мянган хүн ажил­гүйчүүдийн эгнээнд шил­жиж болзошгүй юм.

   Мөн албан бус, хувиараа хөдөлмөр эрх­лэгч­дийн ажил, үйлчил­гээнд захиргааны аргаар ямар нэгэн хориг саад учруулахгүй байх нь өнөө­гийн хямралын үед чухал асуудал болоод байна. Жишээ нь, олон иргэд махны, ноос ноолуурын, машины, мөн валютын зэрэг “ченжийн” ажил, үйлчилгээ эрхэлдэг. Ерөн­хийдөө ченжүүд гэдэг нь өнөөдөр манай эдийн засагт нийлүүлэгч болон хэрэглэгчдийн хооронд үр ашиг­тай хэлбэрээр үүсэн бий болж хараахан амжаагүй байгаа бор­луулалтын сүлжээний сул орон зайг нөхөж буй бизнес эрхлэгчид юм. Эдгээр хүмүүсийн олдог орлогоор Монголын олон мянган айл өрх өдөр тутмын амьжиргаагаа зал­гуулдаг. Хямралын үед эдгээр хувиараа хөдөл­мөр эрхлэгчдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр захир­гааны аргаар хатуу хянаж, торгон, хориглох нь цагаа олоогүй үйл­дэл болно. Тэгэхээр ченжүүдтэй тэмцэхийг хүс­сэн хэн бүхэн үр дүн муутай захиргааны аргаар бус харин хэрэглэгчдэд илүү таашаагдах үнэ, чанар, үйлчилгээг санал болгосон борлуулалтын сүлжээг үүсгэн өрсөлдөх хэрэгтэй юм.

 Хэрэглээг дэмжье!

  Санхүү, эдийн зас­гийн хямралыг даван туулах зорилгоор дэл­хийн ихэнх улс орон татварыг бууруулж, хэрэг­лээг дэмжих бодлого баримталж байна. Их Британи НӨАТ, Сингапур аж ахуйн нэгжийн орлогын татвараа тус тус бууруулав. БНХАУ-д олон жилийн турш хүн амынх нь хэрэглээний түвшин бага, харин хуримтлалын түвшин өндөр байсаар ирсэн. Хямралын үед Хятадын эрх баригчид энэ­хүү байдлыг эсрэгээр нь өөрчлөхийн төлөө ухаанаа зарцгааж байна.

  Харин сүүлийн үед манай төр, засгийн зарим хариуцлагатай албан тушаалтнууд болон улс төрийн гол­лох намуудын зүгээс хям­­ралын эсрэг “Бүх нийтийн хэмнэлтийн аян”-г улс орон даяар явуулах тухай ярих боллоо. УИХ ч хямралын сургийг сонсож эхэлснээсээ хойш хэд хэдэн барааны онцгой татварыг нэмэгдүүлж орхив. Энэ нь дэлхийн олон улс, орны дотроос зөвхөн Монголд л төр, засгийнх нь зүгээс “хямралын эсрэг” тат­варыг нэмэгдүүлж, хэрэг­лээг бууруулах бодлого хэрэгжүүлж эхлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Уг нь айл өрх, иргэн бүр зардлаа хэмнэж, хэрэглээгээ багас­­гавал Монголын эдийн засаг илүү гүнз­гий хямралд орох нь тодор­хой. Учир нь хэмнэл­тийн бодлого хэрэгж­сэнээр үйлдвэр, компани, үйлчилгээний газ­рууд хэрэглэгчгүй болж, ашиг орлого нь эрс буурна. Улмаар энэ нь олон мянган иргэдийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх ур­шиг дагаврыг араасаа дагуулах юм.

  Тэгэхээр төр, засгийн зүгээс иргэддээ, ялангуяа чинээлэг болон дундаж давхаргынханд хандсан хэрэглээг дэмжих бод­логыг эрчимтэйгээр явуулах шаардлагатай байна. Учир нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт өндөр байх үед багагүй хэмжээний хуримтлал үүс­гэж чадсан хүн амын тодорхой хэсэг нэгэнт үүсэн бий болжээ. Эдгээр хүмүүсийн гарт төвлөрсөн мөнгөн хуримт­лалыг хэрэг­лээ болгон зах зээлд оруул­бал Мон­голын эдийн засаг аажмаар сэргэх болно. “Таны хөршийн бизнес сайн байвал, таны бизнес ч сайн байх болно” гэдэг үг бий. Харин хэмнэлтийн бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх ёстой газар бол УИХ юм. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед татвар төлөгчдийн мөнгөөр бүрд­дэг улсын төсөв 6 хувийн алдагдалтай байж хэрхэв ч болохгүй юм.

Татвар, шимтгэлийг бууруулъя!

  2004-2008 онд ажил­ласан УИХ Монгол Улсад татварын шинэчлэлийг эхлүүлэн аж ахуйн нэг­жийн орлогын албан татвар (гурван тэрбум төгрөг хүртэлх орлогод), НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг арван хувиар тэнцүүлэн тогтоосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, нуугдмал байсан багагүй хэмжээний татварын орлого ил болсноор улсын төсвийн орлого ч ихээхэн хэмжээгээр өсөх болсон билээ. Гэвч энэ нь компаниудын сан­хүүгийн тайлангаа дав­хар гаргадаг явдлыг бүрэн зогсоож чадаагүй. Учир нь УИХ аж ахуйн нэгжүүдийн татварын дарам­тыг ерөн­хий дүн­гээр нь бууруулсан боловч, ажил эрхлэлттэй холбоо­той татварын дарам­­тыг дорвитой бууруулж чадаагүй юм.

  Манайд ажил олгогч­дын зүгээс гаргадаг цалин­гийн нийт зардал болон ажиллагсдын гар дээр ирдэг цэвэр цалингийн хооронд ихээхэн зөрүүтэй байдаг. УИХ-аас цалинд ноогдох жилийн татварын хөнгөлөлтийг 84 мянган төгрөгөөр буюу хэт бага, харин нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчдын зүгээс 11-13 хувь, ажиллагсдын зүгээс 10 хувь буюу өнөөгийн Монголын нөх­цөлд хэтэр­хий их хэмжээгээр тогтоосон. Энэ нь бизнес эрхлэгч­дийг ажлын байраа нэмэг­дүүлэхэд нь ихээхэн саад болдог бөгөөд өнөөгийн хямралын үед ажиллагсдаа цомхотгох нэг гол шалтгаан болж болзошгүй байна. Энэхүү нөхцөл байдлыг УИХ онцгойлон анхаарч, хувь хүний орлогын албан татварын болон нийг­мийн даатгалын тухай хуульд нэн даруй өөрчлөлт оруулах шаард­лагатай болжээ. Хувь хүний орлогын тат­варын хөнгөлөлтийг жилийн 600 мянган төгрөг хүртэл өсгөж, нийг­мийн даатгалын шимт­гэлийн хувь хэмжээг эхний ээлжинд ажил олгогчдын зүгээс 6-8 хувь, ажиллагсдын зүгээс 5 хувь хүртэл бууруулбал ажилгүйдлийн хямралыг даван туулах нэгэн чухал алхам болно. Ер нь Монгол Улсад одоо мөрдөгдөж буй хөдөлмөр эрхлэлтэд ихээхэн саад учруулдаг нийгмийн даат­галын гаж тогтолцоог үнд­сээр нь өөрчлөх асууд­лыг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэх хэрэг­тэй байна.

  Хямралыг даван туулахын тулд УИХ, Засгийн газар улс, орны эдийн засгийг авч явж буй хувийн хэвшлийнхний дуу хоолой, хэрэгцээ шаардлагыг илүү мэдэрч ажиллах нь чухал юм. Ажилгүйдлийн эсрэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардсан бүтээн байгуулалтын ажлуудыг явуулахаас илүүтэйгээр холбогдох хууль журам, бодлого шийдвэрт өөрч­лөлт оруулан, богино хугацаанд үр дүн нь гарах эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглах хэрэгтэй байна.