Цөлжилт. Энэ үг монголд төдийгүй дэлхий нийтийг түгшээж, түүний эсрэг улс орнууд аль байдгаараа тэмцэж байна. Монгол улсын хувьд цөлжилтийг сааруулах ямар ажил хийж байна вэ. Ногоон хэрэм гэж нэг хэсэг шуугиад одоо нам гүм. Цөлжилтийг үүсгэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг ямааг “урамшуулж” мөнгө тараасан. Малчны хотонд хэвж хэвтээ ямаа, монголын ирээдүй болсон хүүхдүүдээс илүү эрх эдэлж, дансандаа “хадгаламжтай” болсон цаг саяхан. Ямааг ихээр өсгөлөө устга гэж хэлэх арга үгүй. Малчдын амьдралыг өөд татаж буй цөөхөн зүйлсийн нэг нь ямааны ноолуур. Тэд энэ ноолуураар хаврын хаварт идэх хоолтойгоо золгодог нь нууц биш. Хүүхдийнхээ сургалтын төлбөр, банкны өр, идэх хоол, өмсөх зүүхээс өгсүүлээд энд дэм болдог нь хэдэн муу годрон. Энэ өнцгөөс нь харвал тэд өнөө цагт эздээ тэжээж байгаа ч эх орны байгальд ямархан гай учруулж байгааг бид мэдэж байгаа мөртлөө яах гарцаа үл олно.
 
Мал төрийн хамгаалалтанд байна гэсэн хуулиа сайн мэддэг атал иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг огт ойшоодоггүй төртэй юм бид чинь. Нэгэнт ямаагаа нэгдсэн журмаар цөөлж, уул уурхайн энэ олон компани, газрын лицензийг хүчингүй болгож чадахгүйгээс хойш бидэнд мод тарьж цөлжилтийн эсрэг хана хэрэм барихаас өөр гарц үлдсэнгүй бололтой. Энэ хана хэрмийг барих туршлага, нөөц бололцоо бидэнд хэр байгаа билээ. Туршлагатай хүмүүсийнхээ үгийг авдаггүй л болохоос уг нь цаана чинь бөөн туршлага тэтгэврээ аваад гэртээ сууж байна. Бас дэлхийн бусад орны мод тарих аргаас суралцаж хэрэгжүүлбэл бидэнд боломж бий. Хятад, солонгосчууд модыг хэрхэн тарьдаг вэ. Мод тарихад олон арга зам бий. Тэд анх модоо газарт суулгахдаа химийн болон цэвэр байгалийн бордоогоор “зоддог”. Нэг үгээр хэлбэл тэд үхсэн нохой, бусад амьтны сэг зэмийг жижиглэж хуваагаад мод суулгахдаа хамт булчихдаг гэнэ.
 
Энэ нь газар дор элдэв нян үржиж, хөрсийг шим тэжээлтэй болгон, модыг түргэн “амилуулдаг” аж. Хэтэрхий харгис сонсогдож байгаа ч гэсэн энэ тухай “Эко хөгжил” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Батнасан гуай өгүүлнэ билээ. Тэрээр зуданд үхсэн малын эдийн засгийн үнэлгээг гаргаж, тэр их мөнгөөр чухам юу хийж болох, сэг зэмийг газарт булах гэж төрөөс гаргасан 5,5 тэрбум төгрөгөөр ямар бүтээн байгуулж болох байсан тухай ярьсан юм. Та бүхэнд түүний энэ талаарх яриаг тооцоо судлагаатай нь дараа хүргэнэ гэдгээ амлаж байна. Харин энэ удаад тэрээр модыг хэрхэн тарих тухай ярьсан. Урд хөршийн болоод хангүүгийн нийслэл, томоохон хотуудын ногооноороо байдгийн бас нэг учир нь энэ гэнэ.
 
Л.Батнасан: “Бид модоо тарихдаа буруу ажилладаг. Уулнаас модоо хэрхэн гуйх, тухайн мод нь эр үү, эм үү? Нар руу харуулсан байна уу, сүүдэр рүү нь чиглүүлж үү гэдгийг нь мэддэггүй. Мод тарьсан хүмүүс нь үүнийг анхаардаггүй. Ганц мөчир авчирч суулгасан болоод услах ч үгүй мартчихдаг. Өнөөх нь өвс биш юм болохоор хагдраад уначихалгүй гозойж л байна. Үүнийг нь хараад ургаж байна л гэж ойлгодог шиг байгаа юм. Харамсалтай нь дараа жил нь дахиад л хөрөнгө мөнгө, цаг зав зарцуулан байж мөчир суулгах болдог. Уг нь мод амьд юм шүү дээ. Түүнийг хадаг барьж уулнаас нь гуйж авдаг ёстой. Тарих газраа сайтар шилж сонгож, хөрс эргэн тойрныг нь цэвэрлэж байж суулгана. Тэгэхдээ нар руу харуулж, намрын улиралд тарина.
 
 
Намар болохоор мод өөрөө унтдаг юм. Өвөлжин унтаад хавар сэрээд тэр газартаа маш хурдан дасан зохицож ургадаг юм. Гэтэл манайхан хаанаас ч хамаагүй мод огтолж ирээд л хаа тааралдсан газраа ургуулах гэдэг. Мөн бид энэ их үхсэн малынхаа сэг зэмийг мод тарихдаа ашиглаж болно. Жижиглээд л хийгээд байхад энэ чинь цэвэр байгалийн бордоо болж байгаа юм. Гудманд үхсэн нохой зөндөө л таардаг. Тэднийг мод тарихдаа бордоо болгон ашиглаж болно шүү дээ” гэсэн юм. Миний бие Яармагт өссөн. Тэнд замын хажуугаар зулзаган мод тариад гадуур нь хашаа хатгачихсан байдаг. Гэвч тэр нь ургадаг ч үгүй. Миний мэдэхийн л бараг 20 жилийн өмнөөс л жил бүр тэгж суулгадаг ч ургаж үржсэн нь үгүй. Энэ талаар түүнээс лавлавал, “Хэдэн жилийн өмнө бид гадны хэдэн мэргэжилтнүүдийг авчирч тэр орчмын газрыг шинжлүүлтэл мөнх цэвдэгтэй газар байна гэсэн. Энэ нь маш хүйтэн, хөрсөнд нь мод тарилаа гэхэд ургахад хэцүү. Маш их арчилгаа шаардагдана гэсэн юм” гэв. Үнэхээр ч тийм юм шиг. Учир нь тэнд төмс хүнсний ногоо тарихад намартаа маш хурдан царцаж хөлдсөн байдаг билээ.
 
Дээрх зулзаган модыг Яармагийн гүүрнээс цааш “Чингис хаан” нисэх буудал хүртэлх газарт тарьсан байгаа. Та бүхэн түүгээр зорчвол анзаарна биз. Мод бут тарьж ургуулдаг хүмүүс эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллавал хотоо, цаашлаад улс орноо ногоон бүс болгож, цөлжилттэй газруудад ч энэ аргыг хэрэглэвэл элсний нүүдлээс бид газар нутгаа хамгаалах боломжтой юм. Үр дүн нь ч түргэн гарна биз.