Төрийн сүлд өршөө гэж манайхан ярьдаг. Манайхан төрөө дээдэлсээр ирсэн уламжлалтай. Гучаад оны хэлмэгдэгсэд ч төрийн сүлд өршөө гэж наманчилсаар буудуулж байсан гэдэг. Харин энэхүү уламжлал хэдий үеэс улбаатайг бүү мэд. Манжийн ноёрхлын үед арай ингэдэггүй байсан байлгүй дээ. Хавтгайруулсан их халамжийн арга хэмжээний үрээр төрийн нэр сүр ч их өсч байна. Төр засаг болохгүй байна, ажлаа муу хийж байна гэж шүүмж сонстох боловч энэ нь тогтцыг шүүмжлэхээсээ илүү биднийг бага тэтгэж байна, би ч бас төрийн хишиг хүртмээр байна гэсэн л байдалтай байгаа.
 
Төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэсээр “биеэ засаад, гэрээ засчихсан” төсвийн тэрбумтнуудыг харсан бусдын атаа ч хөдлөхгүй байхын аргагүй. Тэдний зиндаанд хүрч чадахгүй гэхнээ ядаж л тэднээр тэтгүүлчих санаатай. Гэвч өнөөдүүл нь “гэрээ засч” дуусаагүй байдаг. “Сайхан хоол нэрлэваа” гэдгийн үлгэрээр тэдэндээ итгээд л (горьдоод гэвэл илүү ойр юмуу даа) явцгаагаад байна. Уг нь бол тэд туслахгүй гэдгийг мэдээд л байгаа боловч “усанд унасан хүн өвснөөс ч болохноо шүүрдэг” гэдэг шиг л юм болдог.
 
2008 оны 7-р сарын нэгний хэрэг явдалд оролцогчид бол зүгээр нэг архичид, турхирагдсан үймээн самуун дэгдээгчид байгаагүй нь лав. Манай намын саналыг луйвардчихлаа гэсэн улаан фанатикуудаас гадна ер нь энэ сонгууль (үнэндээ бол төр маань) нэг л биш болчихлоо, бид чинь хаашаа явж байнаа гэсэн эргэлзэн гайхсан, бухимдсан олон хүн тэнд байсан. Одоо “Намаа дагавал алдахгүй” гэдэг хуучны үг (социалист үг ч гэх юмуу даа) утгаа хадгалсан хэвээр, зөв нам зөв хүмүүстэйгээ шадарлавал юманд хүрч болох нээ гэсэн ойлголт нийгэмд төрчихлөө. Төр гэхээр одоо “саалийн үнээ” л харагдаад байдаг болжээ. Төрийн албаныхны л цалин нэмэгдэнэ, төрийн албаныхан л байранд орно... .
 
Аль ч улсын төр цаг үеэ даган хувьсан өөрчлөгдсөөр ирсэн байдаг. Одоо дэлхийн ихэнхи орон ардчилсан төртэй гэж тооцогддог. Ерөнхийлөгчийн засаглалтай болон парламентийн засаглалтай орнуудаас гадна хэмжээт эрхт хаант улсууд (Их Британи, Япон,...), хэмжээгүй эрхт хаант улсууд (Бруней, Саудын Араб), коммунист диктатуртай улс ч байгаа. Эртний Грекийн хот улсууд, Ромын бүгд найрамдах улсууд ардчилсан тогтолцоотой байсан. Төрийн энэ олон тогтолцооны хэрээр хүний эрхийн тухай олон янзын ойлголт байгаа гэсэн үг.
 
 
Бид эрх зүйт иргэний нийгэмд амьдарч байна хэмээн их бичдэг. Иргэн гэсэн ойлголт эртний Грекээс гаралтай. Грекээр πόλις – Polis гэдэг нь хот гэсэн үг ба πολίτης – polites гэхээрээ хотын хүн болдог. Эндээс өнөөгийн бидний улс төр гэдэг ойлголт πολιτεία – politeia буюу policy гарчээ. Эртний Ромд хотын үндсэн оршин суугчдыг Civis гэдэг байсан ба тэд нь бусад хүмүүсээс илүү давуу эрхтэй байсан („Civis romanus sum“) байдаг. Эндээс CIVIL гэсэн ойлголт гарч иржээ. Английн „borough“ , Германы “Burg” гэсэн үгнүүд ч мөн л хэрмээр хүрээлэгдсэн хотын тухай л ойлголтууд юм. Тэгэхлээр бид иргэний эрх, хүний эрх гэсэн хоёр өөр ойлголтыг хольж хутгахгүй байх хэрэгтэй болох нээ дээ. Хэмжээгүй эрхт хаант засгийг тодорхойлсон L'Йtat, c’est moi! буюу” Төр гэдэг чинь би байхгүй юу!” гэж “наран хаан” гэж алдаршсан Францын хаан 14-р Людвиг хэлсэн гэдэг.
 
Тэгэхлээр энэ улсад бусад хүмүүс ямар эрхтэй байсан нь ойлгомжтой. Иргэний эрх энд зөрчигдөж байсан байж таарна хүний эрхийн тухай бол бүр ч ярилтгүй. Францын хувьсгалын үед 1789 онд “Хүмүүс эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрдөг, энэ хэвээрээ байх ёстой” гэж анх удаа хүний эрхийг тунхаглажээ. Харамсалтай нь энэ бүгд найрамдах улс удаагүй, Наполеон 1804 онд өөрийгөө Францын хаанаар өргөмжлүүлснээр дууссан. Харгис засгийг үзэн ядаж, эрх чөлөөг эрхэмлэгчид Америк ру дүрвэн гарч байснаас хүний эрхийг дээдлэх үзэл хуучин тивээс шинэ ертөнц рүү буюу Америк руу шилжсэн. Хүний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг үзэл бол либертарианизм. АНУ-д их дэлгэрсэн үзэл ба Либертарианизмын хувьд хувь хүний өмчийн халдашгүй дархан байдал, чөлөөт зах зээл, хүний эрхийг дээдэлдэг. Төр бол чөлөөт зах зээлийг л хангаж өгөх ёстой гэж үздэг.
 
Швейцар улс өөрийн гэсэн онцлог ардчилалтай улс. Кантонууд нь (аймаг буюу муж) ихээхэн бие даасан статустай. Иргэдийн саналаар бүх нийтийн санал асуулга явуулан парламентаас хамааралгүйгээр засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлж болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бол угаасаа олон нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Улс оронд нөлөөлөх ач холбогдлоос нь хамааруулаад зарим нэг хуулийг ч ингэж батлах ёстой байдаг. Ер нь улс төрийн шийдвэрт иргэдийг аль болох өргөнөөр оролцуулах тогтолцоотой. Хэл, соёл, шашин шүтлэгээрээ нэг үндэстэн бус харин Чөлөөт иргэдийн нэгдэл гэж ойлгодог тиймээс ч “хүсэл эрмэлзлэлийн үндэстэн” гэж хүртэл нэрлэгддэг. Томоохон хэмжээний төсвийн зардлуудыг ч санал асуулгаар шийддэг. Швейцарчуудад санал өгөх эрхээс (депутатаа сонгох) гадна хурлын эрх гэж байдаг. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд цуглаж хуралдаад л асуудлаа шийдчихдэг.
 
Гэтэл манайд ямар байгаа билээ дээ? Сумын иргэд төвдөө цуглараад хуралдлаа гэхэд юу шийдэж чадахсан билээ? Ардын засаг ч гэж юу байлаа авдаг өгдөг нь ч хаа байлаа гэх шүү л юм болноо доо. Малчид татвар төлөхгүй учраас сумын касс хоосон, сургууль цэцэрлэгийг нь БСШУЯ, эмнэлгийг нь ЭМЯ мэддэг тул шийдвэрлээд байх асуудал ч байхгүй. Төрийн албан хаагчид болон малчдыг төр халамжилчихна, ганц нэг тэнэг нь хувиараа аж ахуй эрхлэх гэж өөрийгөө зовоож байгаа бол тэр л биз. Төсвийнхөний цалинг тавьж олгох, тэтгэвэр тэтгэмж олгох, малаа тоолох гэсхийгээд сумын удирдлагын ажил дуусчихна. Швейцартай харьцуулах юм бол манай орон нутагт ардчилсан тогтолцоо үндсэндээ байхгүй, өөрөөр хэлбэл тэнд амьдарч буй хүн эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Нөгөө талаар бидэнд уламжлал байхгүй.
 
 
Ердөө хорин жилийн өмнө бид чинь хаана амьдрахаа ч шийдэж чадахгүй, хувийн эзэмшил ч гэж байхгүй сонгодог утгаараа иргэний эрхгүй л байсан улс. Нам засгийн юу хий гэснийг л хийнэ. Эсэргүүцвэл цөлөгдөж, тэмээчин, тэрэгчнээр томилогдоно. Ингээд зах зээлд шилжиж, ганзгын наймаанд мордоцгоож гадагш дотогшоо явцгааж эхэлсэн. Би чинь өөрөө өөртөө эзэн байх боллоо, заавал төрийг царайчлах хэрэггүй нь гэсэн өөдрөг сэтгэлгээ тогтож эхэлсэн. Харамсалтай нь энэ маань үүлэн чөлөөний нар байж. Одоо нам засгаа л бараадацгааж, овсгоотой хөдөлж чадвал амьдралаа эрс дээшлүүлж болно гэсэн үзэл хүмүүст сууж үүний төлөө үхэн хатан тэмцэлдэх боллоо. Баабарын хэлээд буй “завсрын үеийнхэн” гэдэг дээр (70-80-аад оныхныг ингэж нэрлэсэн байсан) 90-ээд оныхон нэмэгдэх төлөвтэй.
 
90-ээд оныхон буюу оюутнууд одоо маш их улс төрждөг болж, үнэндээ ах нараасаа маш сайн суралцацгааж байна. Ер нь гүн хордлогод орж байна гэх үү дээ. Шударга байх нь тэнэг хэрэг, албан тушаал бол амьдралын баталгаа л гэж тэд ойлгож авч байна. “Хятадын онцлогтой социализм” гэгч шиг бид “монголын онцлогтой ардчилсан нийгэм” байгуулж буй хэрэг үү? Тийм л болж таараад байна. “Бидний энэ санал болгож буй сонгуулийн пропорциональ систем бол өөр хаана ч байхгүй, монголынхоо онцлогийг тусгасан зүйл” хэмээн нэгэн Их хурлын гишүүн хээв нэг тайлбарлаж суух юм. Олон толгойнуудаа ч “монголын онцлогтойгоор” хувааж авцгаах шинжтэй. Яандаа муу 21-р зууныхан, тэдэнд юм үлдэхгүй нээ. Үлдээе гэвэл одоо яах хэрэгтэй вэ хүмүүсээ? Киргиз, Тайланд шиг алаан хядаан бол мэдээж бидэнд хэрэггүй.