Германууд ЗХУ уруу довтлох өдрийг Черчиль тааруулсан уу
1945.06.22-ны өдөр 65 жилийн өмнө энэ өдөр Герман ЗХУ уруу халдан довтолж байв. Чухам яагаад энэ өдөр Германууд Орос уруу довтлох болсон талаар янз бүрийн таамаг байдаг. Фюрер зурхайд их итгэдэг байсан нь жилийн хамгийн урт өдөр болох зургаадугаар сарын 22-ныг ЗХУ-руу довтлох өдөр болгон сонгосон байж ч болох юм. Дайныг тун хурдан дуусгаж, Зөвлөлтийн хамгийн том чухал баяр болох октябрийн баяраар нь өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 7-нд Москвад ялалтын баяраа тэмдэглэхээр төлөвлөснөөс ч болсон байж болох. Германы цаг уурын албаныхан орост дулаан өвөл болно гэж алдаатай прогноз гаргасан нь тэднийг ялагдахад хүргэсэн нэг хүчин зүйл болсон гэж үздэг байна. Дараалсан хүйтэн өвөл болдоггүй гэсэн үзэл тэр үед цаг уурчдын дунд байсан ба өмнөх өвөл нь хүйтэн байсан тул дулаан өвөл болно гэж үзэж байжээ.
Агуу Эх орны дайны бараг бүх томоохон довтолгоонуудыг цаг уурын прогнозтой уялдуулан хийдэг байжээ. Дайны хоёрдахь өдрөөс зөвлөлтийн цаг уурын албыг цэрэгжүүлж, арми, флот бүрийн дэргэд цаг уурын албадыг зохион байгуулав. Цаг уурын мэдээллийг чандлан нууцалж, цаг уурын мэдээний байнга өөрчлөгдөж байдаг нууц кодыг авахын тулд хойд туйлын станцууд руу германы шумбадаг онгоцууд довтлох болжээ.
1939 онд еврэй гаралтай М.М.Литвиновыг Зөвлөлтийн гадаад хэргийн сайдаас огцруулсан нь Гитлертэй ойртох гэсэн Сталины арга хэмжээ байсан гэдэг. Есдүгээр сарын 13-нд харилцан үл довтлолцох гэрээг Японтой байгуулж ар талаа бат болгож авсан Сталин Молотов-Риббентропын гэрээнд тохиролцсон ёсоор өөрт ноогдох олзоо олж авахаар есдүгээр сарын 17-нд Польш руу довтлон оров. Цэргийн парадаар ялалтаа хамтран тэмдэглэсэн холбоотнууд Молотов-Риббентропын гэрээний нууц протоколд заасны дагуу нөлөөний бүсүүдэд цэргээ эргүүлэн татацгаав. Ингээд нэг хэсэгтээ холбоотон нь довтлохгүй гэдэгт Сталин итгэж байснаас Оросууд баруун хилээ батлан хамгаалах ажлаа цалгардуулсан гэсэн яриа ч бий. Уг нь Германууд 1941 оны 5-р сарын эхээр ЗХУ уруу довтлохоор “Барбаросса” төлөвлөгөөгөө зохиожээ.
Оросын хүйтэн өвлөөс болж Наполеон ялагдаж байсан гэж үзсээр байсан Гитлер тэгээд яагаад заавал Наполеон дайн эхлүүлж байсан тэр өдөр 6-р сарын 22-нд дайныг эхлүүлчихээ вэ? Тэдний энэ төлөвлөгөөг мэдэж байсан Черчиль яаралтай арга хэмжээ авахад хүрсэн гэдэг. Германы эсрэг тэмцэхэд нь ЗХУ түүнд хэрэгтэй байж. Герман Орос уруу довтолбол Францыг эзэлсэн шигээ мөн л цахилгаан дайн хийгээд арчаад өнгөрөх вий гэсэн болгоомжлол Черчильд байжээ.
Иймээс АНУ, Англичууд хуйвалдан Балканы хойгт бослого дэгдээв. Ар талдаа дайснаа орхиод тэгээд бас Румыний нефьтээсээ таслагдахыг хүсээгүй Германууд аргагүйн эрхэнд тийш хүчээ хаяж ЗХУ уруу довтлохоо хойшлуулав. 1941 оны 3-р сарын 7-нд Англичууд цэргээ Грек уруу оруулсан байв. Англичууд дангаараа тэсэхгүй нь ойлгомжтой тул Германы холбоотон Югославт төрийн эргэлт гарган Германы эсрэг хандуулж авлаа. Төлөвлөснөөсөө нэг сарын хойно ЗХУ уруу довтолсон Германууд хурдан ялна гэдэгтээ итгэж байсан тул өвлийн бэлтгэл хийгээгүй байсан байжээ. Москвад бараг тулж очсон цэргүүд байлдахтай манатай хөлдөн үхэцгээж, онгоц, танк гээд хамаг техник нь таг хөлдөөд зогсчихжээ. Ийнхүү 2-3 сар хийхээр төлөвлөсөн дайн цус асгаруулсан 5 жилийн дайн болон хувирчээ.
Дайнд амь үрэгдэгсдийн тухай мэдээлэл маш их зөрүүтэй, оросуудын хувьд 1941 оны тулаанд амь үрэгдэгсэдийнхээ тоог нарийн гаргахад хүндрэлтэй байдаг бол германуудын хувьд 1944-45 оны үед амь үрэгдэгсэдийнхээ тоог нарийвчлан гаргаж чаддаггүй байна. Герман, оросуудын тоо зөрөөд байдаг нь Германы талд түүнд эзлэгдсэн бусад орны цэргүүд байлдаж байсан нь ч нөлөөлдөг бололтой. Хуурай замын цэрэг, нисэх хүчин, усан цэргийн мэдээ жанжин штабтаа нэгтгэгдэн гардаг боловч суртал ухуулгын зорилгоор тоог нь дарж мэдээлдэг байв. Дайны үеэр олон архив устаж, гэтэл одоо ч судлаачид энэхүү тоог ашигласаар байна. Дорнод фронтод 2,5 сая хүн амь үрэгдсэн гэж германууд тооцдог боловч хуучин зөвлөлтийн нутаг дэвсгэрт 3,2 сая шарил олдоод байгаа ба сүүлийн үед 4 сая гэж тооцох болжээ.
Дайны сүүлийн саруудад 4 сая энгийн иргэн алга болсон гэсэн судалгаа ч байдаг ажээ. Германы арми дайнд 7 сая орчим хүнээ холбоотнуудтайгаа нийлээд 8 сая орчим хүнээ алдсан гэсэн тооцоо ч бий. Харин оросууд 2,5 сая цэрэг олзлогдож, 6,1 сая цэрэг амь үрэгдсэн гэж үздэг байна. Энэ дайнаар нийтдээ 27 сая хүнээ алдсан байна. Цэргийн судлаач Алексей Исаевын үзэж байгаагаар дайны туршид хоёр талын цэргийн хохирол 1:2 бараг тогтмол байсан ба харин 1941 онд бол бүр 1:4 болж байсан гэнэ.