Надад хэдэн жилийн өмнө Швейцарьт цөөн хоногоор хөл тавих завшаан тохиосон юм. Тэнд үзсэн харсан минь одоо ч ач холбогдлоо алдаагүй хэвээр тул “Цаг төр, хүмүүс” сэтгүүлийн уншигч авгай нарт дээжээс нь сонордуулахаар бичлээ.
  Улс бүр хамгийн сайхан газраа “манай Швейцарь” хэмээдэг.

Манайхан Хөвсгөл нут­гаа “Монголын Швейцарь” гэнэ. Германд “Саксоны Швейцарь” гэж бий. Альпийн нуруугаар нутаг­ладаг швейцарьчууд үхэр сүргээ хаваржаа, зуслан, намаржаа гэсэн гурван бэлчээр нутаг сэлгэн идээш­лүүлдэг нь манайтай төстэй ч юм шиг. Бас сүү, цагаан идээ боловсруулах арвин туршлагатайн дээр саалийн сав суулгаа монгол­чууд лугаа модоор хийдэг ажээ.

  Тэндхийн зөөхийний сав л гэхэд яг манай саалийн хувин шиг гурван төмөр бүслүүртэй модон суулга байх жишээтэй. Харин монгол саалийн хувин шидэмсэн оосортой байдаг бол тэднийх нэг талдаа бариул болох урт чихтэй. Мөн тарагны торх нь бас л манай говийнхны айргаа хийдэг суулгатай төстэй юм билээ. Сониноос Хэнтий аймгийн Биндэр сумын нэгэн малчныд швейцарь загварын ийм хувин байхыг харсан сан. Гэрийн эзэгтэй буриад самган “манай дээдсээс уламжлагдаж ирсэн юм аа, хэзээ хэн гэдэг хүн хийснийг мэдэхгүй” гэж байв. Хараад байхад Швейцарьт манайх­­ны аваад хэрэглэчихмээр, дуурайгаад хийчихмээр юм захаас аван бий.

  Монголчууд эртнээс агар хувинд малаа сааж ирсэн боловч хувьсгалаас хойш хэт “соёлжин” модон суулгаа “наймын хувин”-гаар, одоо бүр түүнээ хуванцар хувингаар солиод амжчихаж. Уул нь модон суулга сэрүүн чанартай тул сүү гашилгадаггүй, мал саах, тэр бүү хэл мал өшиглөхөд хүртэл дуу чимээ гардаггүй, газар тавьчихаад босоход амархан унаж сүү асгардаггүй зэрэг олон давуу талтайг мартаж боломгүй сэн. Тэгвэл төмөр хувинг хүнсний зүйл хийхэд зориулаагүй учраас зэв бал ихтэй, саальд их чимээтэйгээс малаа цочоодог, ёроолоороо нарийн тул амархан унаж сүү асгах талтайг бид цөмөөрөө мэднэ. Хуванцар савны муу талыг тоочоод барахгүй. Тэгэхээр Швейцарийг дуурайх юмны нэг нь яах аргагүй эргээд модон хувингаа саалинд хэрэглэх.

 Албан ёсны дөрвөн хэлтэй

  Швейцарь эргэн тойрон эх газраар хүрээлэгддэг. Европ тивийн өндөр хөгжилтэй орнууд - Герман, Австри, Итали, Франц, мөн хамгийн жижиг улсуудын нэг болох Лихтеньш­тайнтай хиллэдэг.

  Швейцарьчууд герман, франц, итали, ретророман гэсэн албан ёсны дөрвөн хэлээр ярина. Энэ дөрвөөс гадна бас англиар ярих нь тэдний хувьд хэвийн зүйл аж.

  Жуулчдын сонирхлыг сорон­зон мэт татдаг энэ гайхамшигт орон 7,6 сая хүн амтай ч ердөө л 41,2 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй.

Нарийн механизмын орон

  Тус орон өндөр нарийвчлал бүхий багаж хэрэгсэл, аппарат, эмнэлгийн тоног төхөөрөмж, хими, эмийн болон хүнсний үйлд­вэрээрээ алдартай. Швейцарь цагийг мэдэхгүй хүн гэж хаа ч үгүй биз ээ.

   Ийм нэгэн онигоо байдаг. Голланд улсын эрдэм шинжил­гээний нэгэн хүрээлэнд голоо­роо нүхтэй нарийн төмөр утас­ны яарал­тай хэрэг­цээ гарчээ. Тэгээд ойрхноор нь Германд ханд­тал хагас жилийн дараа бэлэн бол­гох хариу өгчээ. Дараа нь Японд очсон чинь “гурван сарын дараа хийж өгье” гэжээ. Эцэст нь Швейцарьт хандахад 14 хоногийн дотор бэлэн болгов. Уг төмөр утсыг голоор нь нүхлээд зогсоогүй, бас дотуур нь ховил татсан байв гэнэ.

Хорооныхоо бүх хүнийг засаг дарга танина

  Нэгэн бяцхан хорооны засаг дарга хуучин танилын хувиар намайг дагуулан явж хотынхоо амьдрал ахуйтай танилцууллаа. Тэр эрхмийн ачаар би нэг долоо хоногт үзээд барахааргүй их зүйлийг ганцхан өдрийн дотор амжуулсан билээ. Эхлээд албан байраараа оруулж эрхэлдэг ажлаа танилцуулав. Компьютерт нь түүний тэргүүлдэг хорооны 402 айлын бүх тоо баримт байх юм. Тухайн хүн ямар ажилтай, хэдий хэмжээний татвар төлдөг нь хамгийн гол мэдээлэл гэнэ. Швейцарь эрчүүд ямар ажил эрхлэвч хэдэн жил болоод л гурван сарын хугацаагаар цэргийн алба хаах үүрэгтэй. Танил маань “ирэх жил би цэргийн албатай тул гадаадад аялж чадахгүй” гэж билээ.

  Тус хорооны иргэн бүр засаг даргаа хүндэтгэн мэндэлж, уулз­сан завшааныг ашиглан хамаг юмаа илэн далангүй ярьж, ажлаа амжуулж байх юм. Хүн бүртэй өөрөөр ярилцахын сацуу намайг “Монголоос ирсэн найз ...” хэмээн танилцуулж явав. Энэ засаг дарга хорооныхоо бүх хүнийг гарын арван хуруу шигээ анддаггүй аж.

Хана дүүрэн ирийсэн тосгууртай анги

  Хэдийгээр зуны амралтын үе боловч нэгэн сургуулийн ангиар дагуулан явж үзүүлсэн юм. Хүүхдүүд хамаг хэрэгслээ ангидаа тавиад хичээлдээ маргааш ирэх юм шиг явцгаажээ. Нүдэнд туссан нэг содон зүйл бол 20-иод сурагчтай энэ ангийн нэг хананд ирийсэн олон тосгуур, тосгуурын хажуугийн тавиур дээр гар нүүрийн саван, алчуур өлгөөтэй байв. Энэ бүхнийг үзээд, “ийм цэвэрхэн орчинд эрүүл байлгүй ч яахав дээ” гэсэн бодол толгойд зурсхийж билээ. Хүүхдүүд сургууль дээрээ хооллож, бас даалгавраа хийчихээд харьдаг гэнэ. Сургууль нэг ёсондоо тэдний хоёр дахь гэр болж.

Хөдөө нь хотоос илүү сайхан

  Цюрихээс гарч толь шиг замаар давхисаар Берген хотод ирлээ. Хотыг хаяалан олон жижиг тосгод байна. Замын хажуугийн байц хадыг хурууны дайтай бүдүүн төмөр гинжин тороор битүү бүрчихсэн байх юм. Энэ нь хур бороотой, мөн газар чичир­хийлэх үед нуранги үүсэхээс хамгаалсан хэрэг байж.

  Зам дагуу эгнүүлэн барьсан гурван давхар байшин тус бүрт нэг айл суудаг юм байна. Тэдгээр байшингийн ихэнх нь хажуудаа машины зогсоол, ногооны газартай. Уул руу өгссөн гудамжуудын хоёр талаар явган хүний зам үргэлжилнэ. Бас тэгээд уул өгсүүлэн барьсан “өргөө”-нүүдийн гоё ганганыг яана. Яг л уран зураг. Тэдгээрийг чулуу, мод хослуулан барьжээ. Модон хэсгийг нь лакдаад байдаг бололтой гялал­заж байгаа гэдэг нь. Байгаль эхийн урласан үзэсгэлэнт уулс, хүний бүтээсэн байшин, гудамж цөм нийлээд нэгэн сайхан цогцолбор болсон нь энэ.

  Манайхан шиг нэг нь нөгөөгөө хаагаад хашаа барьчихдаггүй, айл болгонд машин унаатай яваад очсон ч болохоор юм.

Ойгоо хамгаална чиг, ашиглана чиг

  Айлууд нэг метр орчим урттай хөрөөдсөн түлээг саравчны таазанд тултал эгнүүлэн хураажээ. Түлээгээ тун сайн базаажээ гэмээр. Гэвч өтгөн ой нь ер хорогдсон шинжгүй. Хөгширсөн модыг үндсээр нь цэвэрлээд, оронд нь үрсэлсэн мод суулгадаг ажээ.

  Швейцарьчуудыг ойгоо чухам­хүү хамгаалдаг, ашигладаг, нөхөн сэргээдэг гээд магтаж болно. Манайхан ч бас малаа өсгөдөг, иддэг, үржүүлдэг шүү дээ.

Саалийн үнээтэй ч сүүгээ дэлгүүрээс авдаг

  Эндхийн ихэнх айлыг үнээ, эсвэл гахайтай гэх юм. Бас адуутай айл мэр сэр байна. Үүнийхээ хажуугаар айл болгон голын хөвөө бараадаж эзэмшил газартаа ногоо тарьдаг. Засаг дарга ноён Фрейгийн ачаар үнээ, гахай, адуутай айлуудаар орж үзэх сайхан завшаан тохиолоо. Айлууд арвин их сүү өгдөг 10-15 толгой үнээтэй саалийн аж ахуй эрхэлдэг байна. Гахайг бол арван мэгж, нэг бодонгоос хэтрүүлдэггүй аж. Адуу олондоо л гэхэд манайхны азарга адуунаас хол давахгүй. Тиймийн учир манай “мянгат малчин” гэдэг алдар эднийд тун ойлгомжгүй бололтой.

  Бидний очсон эхний айл саалийн 15 үнээтэй юм. Гэрийн эзэн нь мал аж ахуйн мэргэжлийн сургуулийн нэг дагалдан оюутны хамт хоёулхнаа үнээ малын бүхий л ажлаа өлхөн амжуулдаг гэж байна. “Долоо хоногт хоёр удаа мал эмнэлэг, ариун цэврийн газраас шинжилгээ авдаг” гэж тэр ярив. Үнээ бүрийн өмнөх онгоцонд шинэхэн хадсан шүүслэг ногоон өвс тавьж өгсөн байв. Үнээнүүд түүндээ дуртай гэж жигтэйхэн.

  “Гаргаж бэлчээдэггүй юм уу?” гэвэл, “Өнөөдөр чийгтэй, сэрүүхэн тул бэлчээлгүй өвс тавьж өгсөн юм аа” гэх хариу өгөв. Үнээнүүд нь монгол үнээнээс хавьгүй том бөгөөд дэлэн нь аварга юм. Өглөө, оройдоо саах бөгөөд сүүний үйлд­вэрээс ирээд сүүг нь аваад явчихдаг гэнэ. Тэрхүү үйлдвэр айл айлын сүүг хуримтлуулаад орчин үеийн технологиор нөгөө алдарт швейцарь бяслаг, сүү, тараг, зөөхий зэргийг боловсруулан гаргадаг байна. Хэдийгээр эднийх үнээтэй боловч өрхийн хэрэг­цээний сүү, цагаан идээгээ бусад айлуудын л адил дэлгүүрээс авдаг нь сонин санагдав. Дараагийн айлд очлоо. Үржлийн 16 мэгж, нэг бодонтой юм. Гахайн байр нь үнэхээр цэвэрхэн. Торойлох дөхсөн, саяхан торойлсон мэгж тус тусынхаа хашаанд тух­лан байна. Бас нэг том бодон тусгай байранд хэвтэж харагд­саныг энэ торойнуудын “эцэг” хэмээн “танилцуулав”. Гахайг тэжээж бордон тодорхой жинд хүргээд мах боловсруулдаг газарт захиалга өгөхөд тусгай зориулалтын машин ирээд л аваачдаг аж. Гахайг мал эмнэлэг, ариун цэврийн байгууллагын хяналт дор мөн л долоо хоногт хоёр удаа шинжилгээнд оруулна. Мал, амьтныг тэжээх өвс, бордоо, эрдэс, аминдэм цөм бэлэн.

  Энд анхаарал татсан бас нэг зүйл бол үнээтэй нь сүүгээ, гахайтай нь шахсан гахайгаа зохих үйлдвэрт нь тушаадаг. Хүнсний үйлдвэрлэлийг хэн дуртай нь эрхэлдэг биш, зөвхөн тэр чиглэлийн мэргэжлийн хүмүүс зориулалтын техник технологиор, тогтоосон стандартын дагуу, мэргэж­лийн байгууллагын өндөр хяналт дор хийдэг ажил гэж эндхийнхэн ярьж байна. Ийм учраас мал аж ахуй эрхлэхэд хүн хүчний хэрэгцээ төдий л их бус. Тэр ч байтугай хурааж авсан хүнсний ногоог мөн л ногоо боловсруулах үйлдвэрт тушаах бөгөөд тэнд тус бүрийг нь ялгаж ангилан цэвэрлээд, хоол хоолныхоор савлаж, эсвэл хагас бэлэн бүтээгдэхүүн болгоод бин битүү уутанд хийж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг байна. Ингэхлээр швейцарьчууд жинхэнэ эрүүл хүнс, чанартай бүтээгдэхүүнтэй юм.

  Хамгийн сүүлд адуутай айлд очлоо. Агтны зүчээнд хэдэн морь байна. Үүдний өрөөнд нь том том ногт, бас өвөрмөц маягийн төмрөөр бөгжилсөн хазаарууд өлгөөстэй. Тэнд бас хальсалж цэвэрлэсэн, жигд хэдэн лууванг тэвшинд хийжээ. “Морьд руу орохдоо гарын бэлэг болгодог” гэж гэрийн эзэн ярьснаа, “Та ч аваад ор доо” гэв. Хоёр гурван лууван аваад ортол сүрдмээр том морьд урдаас тосон нөгөөдүүлийг маань сурмаг шүүрэн хүртчихэв. Европт уналгын морьтой хүн асар баян хүнд тооцогдох бөгөөд нэг ийм морийг 3.000 еврогоор өгч авалцдаг аж. Мөн унага бүрт угийн бичиг хөтөлж, цус ойртохоос сэргийлдэг гэнэ. Адуу үржүүлнэ гэдэг завтай, бас мөнгөтэй хүний ажил юм даа.

Ертөнцийн эзнээс гуйх юм гарахгүй

  Эртний нэгэн сүмд очиж үзлээ. “Танай хүмүүс ер нь сүмд их очих уу?” гэж цуг яваа швейцарь эрээс сониучирхсан юм. Гэтэл мань хүн өөдөөс, “Амьдрал сайн болохоор ертөнцийн эзнээс гуйх юм гарахгүй ээ” гэдэг байгаа. Нээрээ л швейцарьчууд сайхан амьдралтай юм аа. Газар нутаг нь уултай, устай, нуга дэнжтэй, хот суурин нь тоос шороогүй, хөдөө нь хотоосоо илүү тохьтой, улс нь хөгжилтэй, хүн ард нь ажил хөдөлмөртэй, шударга амьдрах бүхий л боломж бүрдсэн болохоор энэ орны хүмүүст бусдаас гуйх юм үнэндээ алга. Нэг хүнд ноогдох нийгмийн нийт бүтээгдэхүүн нь жилдээ 38.000 евро хүрдэг гэсэн статистик мэдээ бий.

Хүн амынх нь 0,33 хувь буддачууд

  Ихэнх нь католик шашинтай Швейцарь орны иргэд Буддийн шашныг шүтэх талаараа Европын аль ч орноос илүү. Эндхийн нэлээд олон хот буддийн сүмтэй. XIV Далай ламтан байсхийгээд Швейцарьт залардаг нь ч үүнтэй холбоотой биз.