Хятад орон дэлхийн олон нийтэд бахархал, айдас хоёрыг ямагт зэрэг төрүүлсээр иржээ. Үнэндээ ч Хятадын түүх, соёл шиг хүний сэтгэлд гайхан бишрэх, жийрхэн болгоомжлох бодлын аль алиныг бий болгодог нь хэр олон бол. Хэдэн мянганы түүх, эртний аугаа их соёл, хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчирсан олон шинэ нээлтээрээ ч, нөхөр, дайсан хоёрт халгаатайгаараа ч хятадууд алдартай.
Өнөөгийн БНХАУ-ыг үндэслэн байгуулагч “аугаа” Мао Цзе-дун хүртэл ард түмнээ “дээр нь хамгийн гоё дүрс үсгээр юу ч бичиж болох том цагаан цаас” болгон харж байлаа. Саяхан Төвдөд болж өнгөрсөн үйл явдлын зургуудыг харсан телевиз үзэгчид болон сонин уншигчид “алс дорнодын энэ орон чинь ингэхэд дэлхийн эдийн засгийг тэнхрүүлэгч нэг “виагра” юу, эсвэл хүний эрхийн хамгийн том нухчин дарагч уу” гэж өөрөө өөрөөсөө асуухад хүрээд байна.
Хятадыг хэзээнээс “үлэмжийн орон” гэдэг. Тэртээ 1820 он гэхэд л Дундад Иргэн улс дэлхийн нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг үйлдвэрлэж байв. Европт Гүтенберг гэдэг герман хүн хэвлэлийн аргыг нээхээс 700 жилийн өмнө Хятадад ном хэвлэж байжээ. Мөн европчуудаас 1300 жилийн өмнө ган хайлуулж байсан гээд бод доо. Тэд бас цаас, шаазан, соронзон луужин, тэсэрдэг дарийг нээсэн юм. Өнөөгийн соёлт өрнөдөд зэрлэг бүдүүлэг хүмүүс угаалга гэдгийг мэдэхгүй хир зунгагтаа баригдчихсан явж байхад хятадууд саван хэрэглэж, бүлээн усаар гар нүүрээ угаадаг байв.
Дунд сургуулийн түүхийн хичээлээр эртний грек, ром, англи, францчуудын талаар чамгүй үздэг боловч Хятадын соёлын түүхийг дурдаад л өнгөрдөг. Ер нь ч энэ орны тухай уншчихаар ном зохиол ховор. 1275 онд Италийн алдарт жуулчин Марко Полог Бээжинд очиход тус хотын хүн ам нэг саяыг хэдийн хол давчихаад байжээ. Тэгэхэд түүний өөрийнх нь төрөлх хот Флоренц томоороо тухайн үед Европтоо хоёрт ордог байсан авч ердөө л 100.000 орчим оршин суугчтай байв. Тэр үед Бээжинд байсан тухайгаа Пологийн бичсэн бүхнийг үнэн гэж үзвэл Хубилай хааны төрсөн өдрөөр түшмэлүүд нь 100.000 адуу бэлэглэж, хааны ордныг тойроод 25.000 янхан хүүхэн “үйл ажиллагаа явуулж” байсан тухай уншиж болно. Эртний Хятад орон дэлхийд нээлттэй байжээ. Бүр 7-р зуунд Хятадын эзэн хаан нийслэл Ханьан хотдоо Бурхны шашны лам нарт сүм дуганаа барих газар заан өгч, худалдаачид, мөргөлчид тус хотоор чөлөөтэй сүлжилдэн, өрнө дорныг холбосон “торгоны зам”-аар янз бүрийн шашны урсгал, үзэл бодол нэвтрэн орж ирж байлаа.
Хятад орон 21-р зууны эхээр сэргэн мандсан нь хятадын түүх, сэтгэлгээг сайн мэдэх хүнд бол тийм ч гайхаад байхаар зүйл биш гэнэ. Гэхдээ л …
Тус улс ердөө 12-хон жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнээ хоёр дахин нэмэгдүүлж чадав. АНУ үүнд дөчин жилийг зарцуулж байжээ. Өдгөө хятадууд дэлхий дээр борлогдож байгаа нийт гэрэл зургийн аппарат, камерийн тэн хагасаас илүүг, нийт хөргөгчийн дөрөвний нэгийг үйлдвэрлэж байна. Хөнгөн цагаан, нүүрс, улаан буудайн хэрэглээ нь аль ч орныхоос өндөр байна. Мөн 460 сая гар утас хэрэглэж байгаатай нь эгнэх өөр орон одоогоор алга. Эдийн засгийн дундаж өсөлт нь 20 орчим хувь гээд бодоход дэлхийн авто машины хоёр дахь том энэ зах зээл дээр хэзээ хамгийн олон машин зарагдах нь ердөө цаг хугацааны л асуудал болоод байна. Одоохондоо хятадуудын дөнгөж дөрвөн хувь нь л машин авах чадвартай байгаа боловч хоёр жилийн дараа энэ нь 13 орчим хувьд хүрнэ. Энэ тоо бага мэт санагдаж байж магадгүй. Харин Хятадад бол энэ нь 170 сая худалдан авагч гэсэн үг юм.
2040 он гэхэд Хятадыг манай гаригийн номер нэг эдийн засагтай орон болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн хамгийн том химийн концерн БАСФ-ын Бээжин дэхь Төлөөлөгчийн газрын тэргүүн, Европын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Йөрг Вүттке, “Хятад бол түүхэнд гарсан хамгийн том ком-бек (“эргэн ирэгч”)” гэсэн байдаг. Бээжингийн удирдагчид өнгөрсөн онд болсон зуны олимпийн тоглолтыг улс төрийн томоохон үзүүлбэр болгож чадлаа. Хэдийгээр тамирчдынхаа амжилтанд асар их анхаарсан нь үнэн боловч спорт бол тэдний хувьд уг үйл явдлын хавсарга маягийн хөтөлбөр л байсан гэж судлаачид үзэж байна. Хамгийн гол нь Хятад орон дэлхийн их гүрэн болсныг дэлхий дахинд харуулахдаа л байжээ. Үүний тулд бага сургуульд үзэх хичээлийн хөтөлбөрөөс авхуулаад телевизийн оройн сувгаар явуулах нэвтрүүлгээ хүртэл бодолцож, хүн амаа олон жилийн өмнөөс нягт нямбай бэлтгэсэн аж. Чингэхдээ, “Өнгөрсөн зуунуудад гадаад гүрнүүд л хятадууд биднийг нухчин дарж байсан” гэсэн нэг л зүйлийг хүмүүсийнхээ ой тойнд шингэтэл дахин давтан ярив. “Британичууд биднийг хар тамхиар мансууруулж, 1840 онд дайн эхлүүлсэн. Япончууд 1937 онд тэр үеийн нийслэл Нанжин хотноо 300.000 эрчүүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг цааш нь харуулсан. Ийм явдал хэзээ ч давтагдах ёсгүй” гэсэн суртал нэвтрүүлгийг газар сайгүй явууллаа.
Энэ мөчөөс эхлээд тус орон эртний хаадууд, баатруудаа эргэн дурсах болсон юм. Нас нөгчсөн хойноо ч улаан шавраар урласан хэдэн мянган цэргээр мануулж буй Хятадын анхны хааны тухай гэнэт ярьж эхлэв. 8-р зууны дундуур гэхэд нэг сая оршин суугчтай болчихоод байсан үзэсгэлэнт нийслэлдээ сууж улсаа захирч асан эзэн хаан Сюань-зуны тухай ч мөн ялгаагүй. Тэр хотын ихэс дээдэс поло болон одоогийн хөл бөмбөгтэй төстэй тоглоомоор тоглон зугаацдаг байжээ. Бас эзэн хааны адмирал асан Чен хе хэмээх тайган эр байна. Түүний дэргэд Америк тивийг нээсэн Колумб бол ердөө тоглоом л гэсэн үг. Тухайн үедээ Чен хе 317 хөлөг онгоцтой 27.870 усан цэрэг толгойлон Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Африк, Араб руу долоон удаа аялжээ. Түүний багийн бүрэлдэхүүнд одон орончид, цаг уурчид хүртэл байсан гэдэг. Тэгвэл Колумб дөнгөн данган гурван онгоц, 90 хүнтэй л шинэ тивд хүрч байжээ.
Хятадын суртал нэвтрүүлгээр бол тус орны одоогийн сэргэн мандал 30 жилийн өмнөөс эхтэй юм гэнэ. Тэр үед биеэр жижигхэн ч гэлээ Маогийн араас гарч ирсэн хүчирхэг хүн Дэн Сяопин дэлхий нийтээс олон жил өөрийгөө сайн дураараа тусгаарласан Хятадыг өөрчлөн байгуулах, нээлттэй болгох бодлогоо эхлүүлжээ. Гэвч Хятадын нам, төрийн удирдлага тус оронд өөрчлөн байгуулалт хийсэн боловч нээлттэй болгох тал дээр өнөөг хүртэл төдийлөн сэтгэл гаргасангүй. Учир нь, Бээжингийн эрх баригчдад орчин үеийн технологи хэрэгтэй болохоос орчин үеийн нийгэм хэрэггүй ажээ.
Аль 1215 онд Английн хаан Йоханн шүүхийн тогтоолгүйгээр хэнийг ч шоронд хорьж үл болох тухай заалт бүхий “Магна Карта” нэртэй хуулинд гарын үсэг зурж байв. Өдгөө 800 жилийн дараа Хятадад ийм хууль хэрэгжээгүй л байна. 1789 оны Францын хувьсгалаар нийгмийн гарал үүсэл харгалзахгүйгээр сонгуульд бүгдээр санал өгөх тэгш эрхтэйг тунхаглажээ. Хятадад сонгуулийн тэгш эрхийн тухай асуудал өнөөдөр ч хөндөгдөөгүй хэвээр байгаа. Тэр бүү хэл хуучин ЗХУ, бусад социалист оронд болдог байсан шиг худлаа ч гэсэн хайрцгаар санал хураадаг бүх нийтийн сонгууль гэж явагддаггүй. Нам нь улс орноо боловсон хүчний төвлөрсөн бодлогоор удирдаж, албан тушаалтнуудыг яг л хаант засгийн үед мандарин буюу түшмэд нарыг томилдог байсан шиг дээрээс тавьж байна. Хятадын удирдагчид ард түмнийхээ өмнөөс ярьж байна гэдэг. Гэтэл тэднийг хууль ёсны гэх ямар ч үндэслэл байдаггүй бөгөөд 1949 онд Маогийн гаргасан “Улс төрийн эрх мэдэл гэдэг бууны амаар шийдэгддэг” гэсэн зарчмаар л засаг төрийн эрхэнд гарцгаасан хүмүүс юм.
Мао Цзе-дун элдэв үймээн самуун, иргэний дайнд олон арван жилээр нэрвэгдсэн Хятад орныг нэгтгэж, феодалын уламжлалт ёс, эрх дархын эсрэг хатуу ширүүн тэмцэл явуулсан билээ. Гэтэл 1997 оныг хүртэл өнөөх заналт дайсан британичуудын хараат байсан капиталист Хонгконг өнөөдөр нийт Хятадын бахархан дуурайх үлгэр дууриал болох нь тэр. 1949 онд коммунистуудыг ялахад Шанхайгаас зугтан гарсан дээд давхаргынхан тус хотыг олигтойхон зоогийн газар, дэлгүүр ч байхгүй, заваан газар юм хэмээн ам хамраа дарах шахуу ихэд голж байсан гэдэг. Харин одоо бол Хонконг эх газрын ядуу хамаатан садандаа чамин тансаг эд бараа худалдан авч явуулдаг жинхэнэ “диваажингийн орон” болоод байна.
Коммунистууд энэ хооронд марксист үзэл суртлаа орхисон учраас оронд нь “үндэсний үзэл” хэмээн ярьж, өөрсдийгөө Дундад улсыг эргээд аугаа хүчирхэг гүрэн болгох их түүхийг дархлагчид гэх болсон. Маогийн хувьсгалаас өмнө Хятадын түүхчид тус орныг З000 жилийн түүхтэй гэдэг байлаа. Гэвч дараа дараачийн үеийнхэнд нь энэ тоо чамлагдсан бололтой. 90-ээд онд Засгийн гараас томилогдсон нэгэн комисс Хятадыг “5000 жилийн түүхтэй” гэж байх тухай шийдвэр гаргаснаас хойш байнга ингэж ярьж байгаа боловч үүнийг нь нотолсон баримт өнөө хэр байхгүй байна.
Хятадын телевиз Мао Цзе-дун, Дэн Сяаопин, Жян Зэ-мин болон одоогийн нам, төрийн тэргүүн Ху Жинтао нарыг дараалан харуулсан дүрс бичлэгүүдийг тогтмол нэвтрүүлдэг. Энэ нь эдгээр удирдагчид хоорондоо залгамж чанартай гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэсэн хэрэг. Гэвч Мао Цзе-дун нь хувийн өмчийг үгүй хийж, хорин сая тариачныг ардын комуннуудад хүчээр байрлуулж байсан бол түүнийг залгамжлагчид улс орноо өрнөдийнхөөс ч илүү капиталист болгоод авчээ. 1949 оноос хойших намын дарга нарын бараг тэн хагасыг намын үе залгамжлагчдын тооноос хасч орхисон юм. Тухайлбал, 1989 онд Тэнгэрийн амгалангийн талбайд эсэргүүцлийн цуглаан хийсэн оюутнуудад талтай хандсан хэмээн буруутгагдсан Жао Зияныг дурдаж болох юм. Энэ хүмүүсийн нэрийг Хятадын албан ёсны түүх бичлэгт огт дурсдаггүй. Ерөөс Тянь-Аньмэнийн хядлагын тухай ярих өнөөдөр ч гэсэн хориотой байдаг аж. Харин Маогийн “Их үсрэлт” буюу 1948-1962 оны хооронд 20 сая гаруй хүний амийг авч одсон хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг хувьсгах аюумшигт өөрчлөн байгуулалтын тухай саяхнаас л шүүмжлэн ярьдаг болоод байна.
1966-1976 оны хооронд явагдсан “Пролетарийн Соёлын их хувьсгал”-ын үеэр хүмүүсийн амь насыг хорооход оролцож явсан олон хүн өнөөгийн улс төрд удирдах алба хашиж, эсвэл амжилттай бизнес эрхэлж яваа учраас тэр тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг үг цухуйлгадаггүй юм. Сая Төвдөд болсон үйл явдлын талаар ч бас л дуугүй өнгөрлөө. Хэрэв үүнийг яриад эхэлбэл, Хятад бол нэгдмэл нэг улс биш, 56 үндэстэн ястнаас бүрдсэн олон үндэстний орон гэдгийг нь дэлхий нийтэд дахин нэг сануулчих гээд байсан байх. Хэдийгээр нийтэд түгсэн орчин үеийн дуунууд нь энэхүү олон янз байдлыг илэрхийлж, телевизээр янз бүрийн үндэстэн ястнууд өөрсдийн уламжлалт хувцастайгаа гарч харагдавч нийт хүн амын 90 хувийг эзэлж, тус орны засгийн эрхийг атгаж буй хан үндэстэн болоод үндэсний бусад цөөнхийн хооронд болдог элдэв мөргөлдөөний тухайд таг чиг байсаар байна. Өнөөдрийг хүртэл ард түмэн юуг мэдэж болох, юуг болохгүйг дээрээс чиглүүлж, хувь хүн ихэвчлэн төр хийгээд төрийн байгууллагын өмнө хүчин мөхөсддөг. Үүний зэрэгцээгээр хот, хөдөөгийн болон баян, хоосны ялгаа ихэсч, тэр хэрээр энэ аврага том орны доторх сөргөлдөөний потенциал нэмэгдэж байна. Гэтэл хууран мэхлэх, нухчин дарах замаар орчин үеийн нийгмийг байгуулах боломжгүй билээ. Интернет сүлжээ гэдэг том зүйл тэднийг аргагүй ацан шалаанд оруулж буй.
Энэ оны эхээр Хятад улсын интернет хэрэглэгчдийн тоо 220 саяд хүрч АНУ-ын өмнө гишгэснээр хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх боллоо. Тус оронд эдийн засгаа урагш ахиулахад нь уг сүлжээ хэрэгтэй. Гэвч үүнийхээ хажуугаар Бээжин цензурээ чангалжээ. Саявтар гаргасан шинэ журмаар блог бичигчид өөрийгөө заавал таниулах ёстой болсны улмаас одоогийн байдлаар гэхэд л шүүмжлэлтэй зүйл гаргасныхаа төлөө 50 гаруй хүн шоронгийн хаалга татаад байна. Өнгөрсөн оны 1-р сараас эхлээд видео бичлэгүүдийг зөвхөн улсын хяналтанд байдаг байгууллага нэгжүүд сүлжээгээр цацах эрхтэй болжээ.
Европ болон Америкийн хятад судлаач мэргэжилтнүүдийн дотор тус улс хийгээд түүний иргэдийг эрх чөлөө, ардчилалд хүртлээ хараахан боловсроогүй гэх хүн цөөнгүй бий. Нэг хэсэг нь Хятадын засаглалын эрхийг хуваах гэхээсээ зах зээлийг нь илүүтэй сонирхдог учраас ингэж хэлдэг бол нөгөө хэсэг нь нэг төрлийн неорассизм буюу шинэ маягийн арьсны үзлээсээ болоод тэгдэг юм. Тэгвэл Хятад аль тэртээ 1911 онд Сун Ят-сений удирдлагаар ардчилсан хувьсгал гэдгийг үзсэн улс юм шүү. Тэрээр Хятад орныг Манж Чин улсын дарангуйллаас ангижруулж, Пү И гэдэг манж хааны оронд ард түмнээс сонгогддог засгийн газартай болохыг хүссэн юм. Пү И хаан ширээнээсээ буухдаа ердөө зургаахан настай байжээ.
Өнөөдөр тэгвэл Хятадын хөгжлийг сааруулж байгаа хүч нь чухамдаа коммунистууд болоод байгаа билээ. Тэд хөөргөн магтаад байдаг олон түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхийн оронд өөрсдөө л баяжихыг бодож, хөгжил цэцэглэлийн төлөө юу ч хийгээгүй атлаа мафийнхан лугаа түүнээс мөнгө саагаад сууж байна. Гэтэл Хятад бол ажилч хичээнгүй, овсгоо сүйхээтэй ард түмнийхээ ачаар дэлхий нийтэд гайхуулсан улс төр, эдийн засаг, соёлын хүчирхэг их гүрэн болох потенциалтай улс билээ. Гэвч ингэхийн тулд эхлээд коммунист нам нь үгээ хэлэн огцрох ёстой болж байна. Яг л 1912 онд Пү И хаан огцорсон шиг …