Тайваны нийслэл Тайпейн Үндэсний ордон музейн сан хөмрөгт Сүн (960-1279), Юань (1272-1368), Мин (1368-1644) гурван улсын хаад болон тэдний хатдын хөрөг зураг бүхий хоёр цомог хадгалаастай байдаг. “Хааны ордны уран зураг ба уран бичгийн бүртгэл”-д байгаа “Юань улсын хаадын хөрөг”-т хийсэн тайлбар зүүлтэд, “Торгон дээр зурсан найман зургийг цомогт оруулав.

Эдгээр нь 59,4 см урт, 47 см өргөнтэй. Зураг тус бүрийн эсрэг этгээдэд мөн тийм хэмжээний цаасан дээр үйлдсэн [тухайн хүний намтрын товчоон бүхий] бичиг хавсаргасан. Үүнд: 1. Тай-зу (Чингис хаан), 2. Тайзун (Өгэдэй хаан), 3. Шизу (Хубилай хаан), 4. Чэнзун, 5. Үзун, 6. Жэнзун, 7. Вэнзун, 8. Нинзун эдгээр болой” гэсэн байна.

Тайваны нийслэл Тайпейн Үндэсний ордон музейн сан хөмрөгт Сүн (960-1279), Юань (1272-1368), Мин (1368-1644) гурван улсын хаад болон тэдний хатдын хөрөг зураг бүхий хоёр цомог хадгалаастай байдаг. “Хааны ордны уран зураг ба уран бичгийн бүртгэл”-д байгаа “Юань улсын хаадын хөрөг”-т хийсэн тайлбар зүүлтэд, “Торгон дээр зурсан найман зургийг цомогт оруулав. Эдгээр нь 59,4 см урт, 47 см өргөнтэй. Зураг тус бүрийн эсрэг этгээдэд мөн тийм хэмжээний цаасан дээр үйлдсэн [тухайн хүний намтрын товчоон бүхий] бичиг хавсаргасан. Үүнд: 1.Тай-зу (Чингис хаан), 2.Тайзун (Өгэдэй хаан), 3.Шизу (Хубилай хаан), 4.Чэнзун, 5.Үзун, 6.Жэнзун, 7.Вэнзун, 8.Нинзун эдгээр болой” гэсэн байна.

  “Юань улсын хаадын хатдын хөрөг”-т дараах тайлбарыг хийжээ. Үүнд: “Хатдын хөргийг (хаадын нэгэн адил) мөн торгон дээр үйлдсэн. Эдгээр нь 61,5 см урт, 48 см өргөнтэй. 1.Шизу (Хубилай) хааны хатан Хаби, 2.Шүнзун хааны хатан Таж, 3.Үзун хааны хатан Сэнгэ, 4.Үзун хааны хатан (нэрийг нь бичээгүй), 5.Үзун хааны хатан бөгөөд хатан хааны эх Жияту, 6.Жэнзун хааны хатан, 7.Жинзун хааны хатан, 8.Жинзун хааны хатан, 9.Минзун хааны хатан, 10.Нинзун хааны хатан, 11.Хоунахан, 12-15.Эл дөрвөн хатны талаар ямар нэг мэдээлэл байхгүй” гэсэн байна.

   Монголчууд Төв Азийг эзлэн авсныхаа дараа хүн амын дийлэнх хувийг нь хан үндэстэн эзэлдэг харь орны эзэд болсон билээ. Гэтэл хан үндэсний хятадууд гэдэг өөр хэлээр ярьж, өөр бичгээр бичдэг төдийгүй биеийн галбир, өмсдөг хувцсаараа хүртэл өөрсдөөс нь тэс ондоо хүмүүс байлаа. Гэсэн хэдий ч Юань улсын үеийн энэ хоёр цомогт монгол соёлын нөлөө илт орсноороо Сүн улсын үеийн зургуудаас ялгаатайгаар үл барам Их Монгол гүрний хан хятад, төвд, балбын уламжлал холилдсон олон талт соёлын онцгой илэрхийлэл болсон байна.

  Цомгийн хамгийн эхний хууд­сан дээр Тайзу (Чингис) хааны хөрөг буй. Түүнийг булган малгай, цагаан өнгийн дээлтэйгээр дүрсэл­жээ. “Юань улсын судар”-т “Цагаан илгэн дээлэн дээр хөвөөг нь эмжсэн цагаан малгай өмсмү. Үенгийн арьсан дээл өмсөх аваас малгайг нь мөн тийм арьсаар хийвэл зохилтой” гэсэн нь бий. Монголчууд толгойныхоо үсийг зулай болон хоёр чихнийхээ хавьцаа хэсэг үс үлдээгээд бусдыг нь хусчихдаг байжээ. Чихнийхээ ард үлдээсэн үсийг гогцооруулан сүлжинэ. Тайзу (Чингис) хаан хоёр талдаа ганц ганцхан ийм гогцоо гэзэгтэй байгаа бол Шизу (Хубилай), Жэнзун, Чэнзун зэрэг хаад тус бүрдээ 3-4 гэзэгтэй байх аж. Энэ бол монголчуудын үсээ засдаг уламжлалт ёс бөгөөд үүгээрээ эгэл жирийн эрчүүд нь ч Чингис хаанаасаа үл ялгардаг байв. “Хубилай хаан ан хийж байгаа нь” гэдэг зураг дээр хаан мөн ийм гэзэгтэй байгааг ажиглаж болно. Дээрх цомгон доторх Шизу (Хубилай) хааны толгойн өмсгөл ч бас Тайзу (Чингис) хааныхтай төсөөтэй. Харин Тайзун (Өгэдэй) хаан арай өөр маягийн булган малгай, түүндээ тохирсон дөрвөлжин энгэр­тэй дээл өмссөн байна. Цомогт байгаа Чэнзун, Вэнзун, Үзун, Жэнзун, Нинзун зэрэг хаад хятадаар “боли гуан” гэж нэрлэдэг цан малгай духдуулжээ. Цан хэмээх хөгжмийн зэмсэгтэй төстэй учраас ингэж нэрлэсэн хэрэг. Уг малгайг нэг буюу хэд хэдэн сувдаар чимэглэсэн байх нь элбэг тохиолдоно. Хүрээтэй булган мал­гай нь Монголын түрүү үеийн хаад нүүдэлчин амьдралтайгаа илүү ойр дөт байсныг харуулж байгаа бол цан малгай монголчууд харь оронд ноёрхлоо тогтоож нэлээд цэрэгжсэн байдалтай болсныг илтгэж байна.

  Хатдын хөрөг дээр хамгийн их анхаарал татаж буй нийтлэг зүйл бол бүгдийнх нь хөмсгийг ижилхэн хөндлөн зураасаар дүрсэлсэн, мөн бүгдээрээ (хятадаар гүгү гуан гэж нэрлэдэг) бортгон малгай өмссөн байгаа явдал. Малгай нь ихэвчлэн улаан өнгөтэй бөгөөд хоёр хэсгээс бүрдсэн байна. Оройн хэсгийн их биеийг гол төлөв хулсны ширхэг, хусны үйс, бургасны мөчир, төмөр утсаар зангидаж хийх ба доошлох тусам нарийсч юүлүүр хэлбэртэй болно. Тэрхүү их биеэ цаг улирлын байдлаас хамааран торго, хоргой, эсгийний аль нэгээр бүрдэг. Гаднах бүрээсэнд нь жижиг хаш сувдаар угалз тавьж, оройг нь тогосны үнэт өдөөр чимэглэнэ. Мөн нүүрэн талыг нь уран гоё хатгамал, гялгар саагаар гоёсон байдаг. Бортгон малгайг зураг дээр хатдын хоёр мөр лүү унжуулсан бүчээр даруулан бүчлэх ба өмсөхдөө үсээ дээш нь шуун сүлбэж тогтооно. Бүчний үзүүрийг мөн л сувдаар чимэглэсэн байна. Малгайн доод буюу духны хэсгийг нимгэн бөс даавуу, Шүнзун болон Жинзун хаадын хатдын хувьд гаднаасаа нэвт гэрэлтэн харагддаг нэг төрлийн самбайгаар хийжээ. Гүгү малгайг зөвхөн нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг өндөр зэрэглэлийн ноёд түшмэдийн авааль хатад л өмсөх эрхтэй байв.

  Шизу (Хубилай) хааны хатны малгай дээрх хээ нь монголчуудын үндэсний бэлгэдэл болох гүйлсний цэцгийг санагдуулна. Хатдын цээж­ний өмсгөлийн байдлаас харвал бүгд өргөн ханцуйтай урт дээл өмссөн бололтой байна. Дээлийн захыг гурван янзын нэхмэл туузаар гоёмсоглуулан эмжсэн байна. Гадна талын хамгийн өргөн эмжээрийг алт, мөнгөн саагаар урласан цэцгэн хээтэй бараан өнгийн эдээр хийжээ. Дотор талын нарийвтар хоёр эмжээр нь Юань улсын үед ихэд дээгүүр үнэлэгддэг байсан “нашиши” аргаар нэхсэн улаан, хар хээтэй алтлаг өнгийн бөс юм. Жинхэнэ алтан утсаар нэхдэг энэ арга уг нь Дундад Ази (Самарканд)-аас гаралтай бөгөөд монголчууд Ази тивийн энэ хэсгийг эзэлсний дараагаар гар урчууд түүнийг Даду (Бээжин) дахь хааны ордонд нэвтрүүлсэн аж.

  Хаадын хөргийн гол эх сурвал­жуудын нэг болох “Юаньдай хуасүжи” (“Юань улсын уран зураг, баримал”) судрын өмнөтгөлд хөрөг зургийн урлалын тухай өгүүлэхдээ, “… Эхэн үедээ хөрөг нь зөвхөн өнгө ялгаж будсан зураг, хатгамал байсан бөгөөд дараа нь тухайн хүний баримлыг бүтээж түүнээ буддаг болсон. Сүүлдээ асар өндөр түвшинд хөгжсөн торгоор зураг нэхэх урлалыг хөрөг зураг бүтээхэд ашигласан болно” гэсэн байдаг. Үүнээс гадна дээрх өмнөтгөлд Юань улсын албан ёсны хөрөг зургийг эхлээд гараар зурж, дараа нь торго, хоргойн хээ болгон нэхдэг байсан тухай тов тодорхой өгүүлсэн байна. Харамсалтай нь тэр нэхмэл хөргүүдээс эдүгээ хадгалагдан үлдсэн нь үгүй. Гэвч тэдэнтэй адил төстэй бурхны шашны торгон зургуудаас тэр үед хэрэглэж асан “вэньжижү” хэмээх нэхэх аргын талаар мэдэж авч болдог.

  Эдгээр хөргийг зурсан зураачид нь хэн байв аа? Дээрх хоёр цомогт орсон зургуудад зураачийн хувийн тамга юмуу, зохиогчийн тэмдэг гэж байхгүй байна. Гэхдээ монгол хаад, хат­дын эдгээр хөргийг зөвхөн монгол хаадын ордонд зориулан бий болгосон тусгай газруудад бүтээжээ гэх үндэс бас байхгүй юм. Тухайн үедээ ордонд Төвдийн шашны холбогдолтой зураг хөрөг, эд өлгийн зүйл бүтээх үүрэг бүхий байгууллага хэд хэд байжээ. Эдгээрийн тоонд тухайлбал “Зураач, гар урчуудын алба”, “Хааны хувцас хэрэглэлийн алба” орно.

  Ордны зураачдын дотор хөрөг зургийн хоёр том зураач байсны нэг нь Шизу хааны амьд сэрүүнд ордны урлагийн ажлыг хариуцаж асан Балбаас гаралтай Анигаа (1245-1306), нөгөө нь 1320-29 оны хооронд Жинзун болон Вэнзун хаадын ордонд ажиллаж байсан Ли Сяао-ян нар болой. Тэр хоёр хоёулаа шүтээний зургийн гарамгай мастерууд байсны дээр хаадын хөрөг зурах талаараа ч бас мэргэшсэн хүмүүс байжээ. Ли Сяао-ян нь хаанаас олон удаа захиалга даалгавар авч байсан агаад түүнийг Вэнзун болон Жэнзун хаадын зургийг зурсан гэж үздэг.

  Харин Шизу (Хубилай хаан) болон түүний хатан Хаби (1281 онд нас нөгчсөн) нарын хөргийг Анигаа бүтээсэн байх магадлал асар өндөр. Тухайн цаг үеийн мэдээ баримтуудаас үзэхэд энэ зураач хаадыг нас нөгчисний дараа хөргийг нь зурдаг байсан бололтой байна. Анигаагийн гаргасан төсөл зургийн дагуу 1278 онд босгосон Вань-ан дуганд хадгалагдан буй торгон зургуудыг түүний зурсан бүдүүвч загвараар бүтээжээ. Тэрээр Хубилай хааны хамгийн ойрын зөвлөх Төвдийн Пагва лам (1235-80)-ын зөвлөснөөр нийслэл Даду (Бээжин) хотноо ирсэн аж.

  Шизу (Хубилай) хаан болон түүний хатан, мөн Шүнзун хааны хатны хөрөг зургийн будгийг хольж найруулсан байдал нь Төвдийн бурхдын дэлгэмэл зургийнхтай төстэй. Өөрөөр хэлбэл эрдсийн гаралтай бодисыг ашиглахдаа ус маш бага хольжээ. Будгаа зузаан бөгөөд жигд түрхсэн байна. Бурхдын дэлгэмэл зургуудад будгаа бараг хуурайгаар нь маш нимгэнээр дээр дээрээс нь давхарлан түрхсэн нь мөнөөх хаадын хөргийнхтэй адил төстэй сэтгэгдэл төрүүлдэг билээ. Вэнзун хааны хөрөг зэрэг (1332 оноос хойших) хожуу үеийн зургуудад хан хятадын уран зургийн нөлөө орсон нь илүүтэй мэдэгддэг.

  Тэрчлэн Шүнзун хааны хатан Тажийн магнайн өмсгөлийг бас нэгэн шинэлэг аргаар зурсан нь онцгой анхаарал татаж байгаа бөгөөд нэвт гэрэлтэн харагддаг чанарыг нь дүрслэн харуулсан байдал нь харин Хятадын уламжлалт зургийн аргатай төдий л холбоогүй болов уу. Анигаагийн төлөөлж асан Балбын уран зургийн уламжлалд ийм төрлийн самбайг дүрслэн илэрхийлдэг маш олон төрлийн арга техник байсан аж. Тажийн магнайн өмсгөлийг хийсэн самбай дээрх хээ угалз нь нэлээд шигүү, ур хийц нарийнтай байна. Төвдийн соёлын хүрээнд тухайлбал бодисадва нарын “царцааны далавч лугаа нимгэн” урт өмсгөл иймэрхүү хээ угалзтай байх нь тааралддаг. Ер нь ч монгол хаадын хөрөг зурагт Балбын соёлын хүрээнд хамаарах зүйлс нэн элбэг. Жишээ нь Хаби хатны малгайн бадмаараг зүүлт Төвдийн Сяалууз, Байжүүс (1425-28) дугануудын ханын зурган дээр байдаг бодисадва нарын оройн титэм, чихний ээмэгтэй адил хэлбэртэй байна. Энэ мэтийн жишээнүүд нь Юань гүрний монгол хатдын төрх байдалд газар газрын янз бүрийн соёл ямар хүчтэй нөлөөлж асныг илэрхийлж байгаа билээ.

  Юань улсын үеийн хаадын хөрөг бүтээгч бас нэгэн томоохон зураач гэвэл 1279-1300 оны орчимд монгол хаадын ордноо ажиллаж байсан Лю Гуандаог нэрлэж болох юм. Тэрээр умрын Сүн улсын зураачид Ли Чэн, Гуо Си нарын хэв маягаар бурхдын болон байгалийн зураг зурахдаа гарамгай нэгэн байжээ. 1279 онд Юзун хааны хөрөг зурах даалгавар авч байсан энэ зураач удалгүй Хааны хувцас хэрэглэлийн албанд тусгай алба хашдаг болсон байна.

  “Хубилай хаан анд явж байгаа нь” (“Юань шизу чули тү”) гэдэг зураг дээр хааныг өвлийн улиралд анд мордож буйгаар харуулжээ. Түүн дээр, “Энэхүү зургийг 1280 онд Хааны хувцас хэрэглэлийн албаны түшмэл Лю Гуандао хүндэтгэлтэйгээр бүтээв” гэсэн бичээс бий. Уг зурагт Хубилай хааныг хамт анд яваа хүмүүсийнхээ тэхий голд хилэн хар морьтой байгаагаар дүрсэлсэн байна. Хаантан улаан дээлэн дээр цагаан хэвнэг нөмөрчээ. Зүүн гар талд нь буй цагаан хувцастай хүн бол түүний хатан байж таарна. Хааныг дагалдан яваа хүмүүсийн гадаад байдал янз бүр байгаа нь Юань гүрэн олон үндэстний улс байсныг нотлон харуулж буй хэрэг.

  Хааны хувцас хэрэглэл хариуц­сан түшмэл, зураач хүн байсныхаа хувьд Лю Гуандао хүмүүсийн хувцасны эсгүүр загвар, хийсэн материал, хээ угалз мэтийг туйлын ончтой, нарийн дүрсэлсэн байна. Нэн ялангуяа өнгө будгийг сайтар тааруулсан, хээ угалзыг маш тод ялгаруулж зурсныг нь онцгойлон дурдах хэрэгтэй. Тиймийн учир уг зураг Юань гүрний үеийн хувцас хунарын тухай мэдээллийн нэг чухал эх сурвалж болж чадсан хэмээн үзэж бүрэн болно.

  Хятадын эрт дээр үеэс улам­жилж ирсэн сурвалж бич­гүүдийн мэдээгээр бол хятад зураач Лю Гуандаогийн хэв маяг Анигаагийнхтай огт хамаагүй гэдэг. Гэвч жишээлбэл гаднаас нэвт гэрэлтэн харагддаг самбайг зурсан арга техникээс нь үзвэл Анигаагийн баримталж асан төвд-балбын хэв маяг нийслэлийн зураач урчуудын дэг сургуульд хэдийн нэвтрээд байсан бололтой байна. Эдүгээ Юань гүрний үеийн уран зургийг судлахдаа зөвхөн Хятадын эрдэмтэн мэргэдийн зураг зурах уламжлалт арга хэрхэн нөлөөлсөн төдийгөөр хязгаарлах бус, Монголын аугаа хүчирхэг олон үндэстний эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан өч төчнөөн үндэстэн ястны соёлын нөлөө онцлогийг мөн харгалзан үзэх учиртайг дээрх ажиглалт харуулж байна.