Би тантай л адил Монгол улсын иргэн. Улсын унаанд сууж урагшаа яв гэж загнуулж, төрийн цагдаагийн өмнө түрийвчээ нэг сэгсэрч, хогтой хотынхоо гудамжаар хааяа нэг салхилахдаа, халаасны хулгайчийн гарыг хэдэнтээ цайлгаж өгсөн жирийн нэг оюутан.
 
  Хүсэл тэмүүлэл, хийж бүтээх эрмэлзлэлээр жигүүр­лэсэн залуус гэдэг улс эх орны хамгийн үнэт баялаг. Хүн бүрийн толгойд газар доорх баялаг, түүнийг хэрхэн хувааж идэхээс өөр зүйл бодогдохоо байчихсан мэт энэ цаг үед хамгийн ойр, хамгийн ирээдүйтэй, хамгийн алдаж үл болох баялаг-залуусыг дэмжээсэй.
 
  Тийм ээ, Монгол улс хөгжиж байгаа. Хөдөөнөөс ирсэн хөгшчүүд Улаанбаатараа танихаа байж, гадаадаас ирсэн хүмүүс эрүүгээ мултлах шахаж, аравхан жилийн өмнө нүдний гэм байсан компьютер өнөөдөр орц болгоны подвалд арав хориороо хөглөрч, зам нь машинаар хахаж, нийслэл нь барилгаар бөглөрч, харсан зүг бүрт гадаад шошготой брэндийн сурталчилгаа алаглаж, булан тойроод л нэг дээд сургуультай, баарны зөөгч нь хүртэл улаан дипломтой... Нэг үеэ бодвол Монгол улс маань ч эрс өөрчлөгдөж, хөгжиж байна. Юм болгон л сайн муу талтай байдаг хойно хар цагааныг алаглуулан хөгжлийн замаар урагшилсаар байна. Гэхдээ урагшлахад бас учир бий. Заримдаа надад Монгол улс XXI зууны хурдны тууш замаар XIII зууны үхэр тэрэгтэйгээ давхиад байгаа юм шиг санагддаг. Юм л бол Чингис хаанаа урдаа барьж, өөр бахархах бахдах зүйлгүй аятай, тэнгэр язгуурт хааныхаа нэрийг бууз хуушуурандаа хүртэл нааж, борлогддоггүй бараа бүхнээ цээж зургаар нь чимээд л... Залуус өнгөрсөн түүх, олимпийн медалиар биш, харин өөрсдийнхөө хийж бүтээснээр, монгол залуу хүний шавхагдашгүй их чадвараар бахархаасай. Хэрвээ тэгж чадвал бидний хөгжил XIII зууны үеэс арай урд гарна шүү дээ.
 
  Нэг үлгэр байдаг даа. Нэг яст мэлхий замаар явж байгаад эмгэн хумстай таарчээ. Хөөрхийг өрөвдөөд хуяган дээрээ суулгаж гэнэ. Цааш явтал мөн л ядарсан жаран хөлт тааралдахаар нь “Миний нуруун дээр суу” гэж. Гэтэл дээр нь байсан эмгэн хумс жаран хөлтөд “Сайн уу найз аа, сайн бариарай. Энэ яст мэлхий дэндүү хурдан шүү” гэсэн гэдэг. Бид арай ийм маягаар урагшилж байгаа юм биш биз дээ? Хажуугаар бусад улс гүрнүүд салхи татуулан давхиж, зарим нэг нь хөгжлийн цувааны тэртээ үзүүрт гэрлийн хурдаар цахилж явахад бид энд яст мэлхийний хуяган дээрээ л бөмбөрч яваа юм биш байгаа?
 
  Улсын эрх баригчид нь “унаагаа” солих нь бүү хэл хоорондоо тэмцэж, зарим “эмгэн хумснууд” яст мэлхийний хурдыг гайхахад нь “Тийм ээ, Монголын унаа, бид сонгосон юм. Гялалзсан хурдтай эд дээ. Дараагийн сонгуулиар яст мэлхийнийхээ хуягийг цэнхрээр будна. Нөгөө хүчнийхэн улаан гээд байгаа юм. Цэнхэрт нь саналаа өгөөрэй хүмүүс ээ...” гэнэ. Харин илүү хурдан хөлөг дээрээс ирсэн нөхдүүд энэ назгай тайван байдлыг хараад гайхахдаа эрүү ам нь мултарч унахдаа тулдаг нь жирийн үзэгдэл болж. Хэлэх үггүй болж толгой сэгсрэх тэднийг “Хөөрхий гадаад яваад хамраа сөхчихөж...” гэнэ.
 
  Бусдад доог тохуу болсон ч, өөрөө өөрсдийгөө хичнээн шүүмжлээд ч эцсийн уулзах цэг нэгтэй, бид бүгд “нэг хуягныхан”. Бидний нэг нь сугарч гараад хөгжлийн оргилд хүрсэн ч улс орны хөгжил гэдэг багийн тоглолт учраас түүний амжилтыг юунд ч тооцохгүй. Баг багдаа хоёр сая зургаан зуун мянга гаруй тоглогчтой багийн тоглолт. Нэг хэсэг нь баяжаад болчихдоггүй, гурав дөрөв нь алтан медаль аваад ч шийдчихдэггүй багийн хувь заяаг тэгвэл хэн шийдэх вэ? Өөрөөр хэлбэл монголчууд бидний унаа яст мэлхий байх уу, үхэр тэрэг байх уу, онгоц байх уу, машин байх уу гэдгийг хэн мэдэх вэ?
 
  Бид өөрсдөө. Бид гэдэг бол та, би, гудамжинд дуулах бяцхан хүү ч, гунхалзсан сайхан топ модель ч, монголчууд бид бүгд. Учир нь хөгжил хүн бүрт, иргэн бүрт хамаатай. Иймээс Монгол улсын хөгжил надад хамаатай. Би цаашид яст мэлхий унаж явмааргүй байна. Гэхдээ би ганцаараа хажуугаар өнгөрч байгаа өөр улсын далбаатай хурдан хөлөг дээр гарч суулаа гээд юуг ч өөрчилж чадахгүй. Тиймээс би Монгол улсын иргэн бүрийг уриалж байна. Бид унаагаа солих цаг болжээ! Илүү хурдан, илүү хүчтэй, залуу сэтгэлгээ, залуу тэмүүллээр хөдөлгүүр хийсэн цоо шинэ унаагаар улсаа гоёод хөгжлийн ноён оргил руу хамтдаа зорьё. Нэг ч иргэн үлдэх ёсгүй, учир нь энэ бүгдэд хамаатай.