“Фүжи” гэсэн хоёр Хятад ханзыг орчуулбал Фү гэдэг нь Баялаг, Жи- гэсэн нь ёс суртахуун гэсэн утгатай. Энэ хоёрын тэнцвэрийг Японы нийгэмд төгөлдөржүүлэх нь миний улс төр-эдийн засгийн гүн ухаан. Кейзо Обучи /Японы Ерөнхий сайд асан/
 
1641 оноос эхлэн бараг хоёр зуун жилийн турш дэлхий ертөнцөөс тусгаар­лагдмал байсан Япон орон 1853 онд хаалгаа нээж хөгжил дэвшлийн төлөө урагшлан дав­шиж, өрнөдийн үндэстнүүдийг дууриан, олон талаар тэдэнтэй зэрэгцэн очжээ. Хөгжил дэвшлийн энэ өөрчлөлтийг Япончууд 1867-1912 он хүртэл эрчимтэй хийж ирсэн бөгөөд энэ цаг үеийг “Мэйдзи”-н шинэчлэл гэж түүхэнд нэрлэсэн байна.
 
  Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн бар орнуудын үсрэнгүй хөгжлийг эс тооцвол нэгэн үеийнх­ний амьдрах хугацаанд тийм их нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг хийнэ гэдэг гайхалтай үзэгдэл юм. Японд тэдгээр их өөрчлөлтийг Гэнро хэмээн нэрлэгддэг тайжуудын алсын хараа­тай бүлэг төлөөлөгчид болох “төрийн ахмад зүтгэлтнүүд” гардан хийж байлаа. Тэд хөгжлийн хөтөл­бөр боловсруулж, төлөвлөж түүнийгээ хэлбэрэлтгүй баримтлан биелүүлж байв.
 
  Япон хоёр танхим бүхий парламентыг сонгон байгуулдаг шинэ үндсэн хууль тунхаглаж, доод танхим нь сонгогддог, дээд танхим нь томилогддог болсон байна. Боловсролын систем, хууль эрх зүй, аж үйлдвэр, ер нь бараг бүх салбарт өөрчлөлт хийжээ. Япон бусад орноос мэргэжилтэн урьж ирүүлдэг болохын зэрэгцээ тодорхой шинжлэх ухаан, тех­никийн мэргэжилтэн болж ирэх зорилгоор Японы оюутнуудыг Европ болон Америк руу явуулж байлаа.
 
  Гэнро нар эзэн хааны нэр барьж сүрдүүлэн эсэргүүцэл үзүүлж болох хуучныг барим­талсан феодал ангиар албадан шинэтгэл хийлгэж, үүний хамт бас феодализмаас бүрмөсөн ангижирч, урагш хурдан давшихийг эрмэлзэн байсан илүү дэвшилтэт үзэлтэй, өөрөөр сэтгэгч хүмүүсийг хөхүүлэн дэмжиж байсан юм. Ийнхүү Япон орон хүчирхэг эдийн засагтай гүрэн болсныг тухайн үеийн азийн улс орнууд Өрнөдийн аж үйлдвэрийн аргад шилжсэний үр дагавар хэмээн үзэж, тэгээд ч тэр үзэл санаа арга барил нийт Дорно дахинд ихээхэн түгэн дэлгэрэх болсон юм. Магадгүй энэхүү үзэл санаанаас болж “Япон ханиад хүрвэл Ази хатгалгаа авдаг” гэсэн хэлц үг бий болсон байх.
 
  “Мэйдзи”-н шинэчлэлээс эхэл­сэн Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн нууцийг судлаачид авч үзэхдээ Японы эдийн засаг байгалийн баялгийн импортын чадварын аюулгүй байдал, тех­нологийн тасралтгүй шинэчлэл, хүний хөгжил, өрсөлдөөн ихтэй олон улсын нийгэмлэгийн дотор оршин тогтнож хөгжих явдал гэж үзээд эдийн засгийн энэ гол дөрвөн нөхцлийг Япончууд яс, махандаа шингэтэл ойлгосон гэжээ. Мөн цаашид Япон улсын шийдвэрлэх гол асуудлууд нь гэвэл: экспортын хараат байдал, худалдааны зөрчлийг даван туулах, нөлөөний хүрээгээ тэлэх, соёлын зөрчилдөөнийг зөөлрүүлэх зэрэг үндсэн дөрвөн асуудалд байна гэж үзжээ.
 
  Японы нийгэмд хүмүүсийн хоорондын харьцааг их хүндэтгэж, түүний олон талыг тэр болгон хуульчлан тогтоохоос зайлсхийж эв зохисыг олоход чиглэдэг. “Мэйдзи”-н шинэчлэлийн өмнөх үед хувь хүний эрх, эрх чөлөө гэсэн ойлголт байгаагүй бөгөөд азийн бусад олон орны нэгэн адил нийгмийн дотор биеэ авч явах байдал нь ичих, зовох, нэр нүүрээ бодох, үүргээ ухамсарлахаар тодорхойлогдож байжээ. Орчин үеийн Японы нийгэм ч эдгээр мэдрэмжийг чухал хэв хэмжээ гэж үзсээр байна. Эзэн-боол, ахмад-залуугийн хоорондох Конфунци маягийн харьцаа нь орчин үед үйлдвэрлэгч-хэрэглэгч, худалдагч-худалдан авагч, менежер-ажилчин, том-багын хоорондын харьцаа болон уламжлагдаж байна. Гэвч эдгээр харьцаа нь давамгайлах, захиран дарангуйлах шинжтэй биш, харин харилцан хамаарах гэсэн утгатай болжээ.
 
  Барууны ажлын тогтолцоонд тушаал, заавар, хяналт чухал байдаг бол Японы нийгэмд итгэл­цэл, тайлбар, туслалцааг чухалд тооцдог байна. Жишээ нь: сүүлийн үед манай лекторуудын лекцэнд олонхдоо дурдагдах болсон Япон маягийн ажлын байранд тавьдаг 5 С –ийн зарчмыг дурдаж болох юм. Үүнд: Сеири - зохион байгуулалттай байх, Сиетон -нягт нямбай байх, Сиесо - цэвэр цэмцгэр байх, Сейкоцү - дадаж хэвшүүлсэн байх, Сицуке - сахилга баттай байх гэх мэт.
 
  Арлын Япон орон нь ард түмнийхээ шаргуу хөдөлмөр, арвилан хэмнэх, хойч ирээдүйд хөрөнгө оруулах, бас нэгдмэл зорилгод хүрэхийн тулд хамтран ажил­лах эрмэлзлийг хөхүүлэн дэмж­дэг явдал нь энэ орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түүхэнд бичигдэж байгаагүй ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно. Япончуудын ололт амжилтыг бас энэхүү дээр дурдсан “ажлын этик” ба ёс суртахуунаар тайлбарлаж болохоор байна. Ийм нөхцөл байдал нь Япон хүнийг амин хувиа бодогч юм уу, үл итгэгч болгоогүйгээр барахгүй улс үндэст­нийх нь хувьд заяасан ганц элбэг нөөц болох адил хувь зохиол бүхий бусад хүмүүстэйгээ хамтарч улам шаргуу ажилладаг болгосон байна.
 
  Аж үйлдвэр худалдааг Японы засгийн газар нягт хянадаг мэтээр ойлгодог тал бий. Гэвч үнэн хэрэгтээ энд тун нарийн хөшүүрэг байдаг бололтой. Мейжигийн шинэчлэл эхэлснээс хойших аж үйлдвэржүүлэлтээс эхлээд зас­гийн газар удирдан чиглүүлж, өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжиж, хувийн секторт нааштай хандаж хамтран ажиллаж ирсэн явдал аж үйлдвэрийн бодлогын ноён нуруу нь байв. Өнөөдөр жижиг үйлдвэрийн газар /300-гаас доош ажиллагчидтай/-ууд Японы аж үйлдвэрийн суурь болж байна. Тэдгээрийн хувийн жин Японы эдийн засагт ажиллагчдын тоогоор 75%, илгээлтийн хэмжээгээр 53%, цэвэр бүтээгдэхүүнээр 56% хүрэх жишээтэй.
 
  1960 онд Япон болон Зүүн Азийн бусад хэсэгт дэлхийн үндэс­ний нийт бүтээгдэхүүний дөнгөж 4% оногдож байхад энэ үзүүлэлт АНУ, Канад, Мексикт 37% байсан бөгөөд 2000 оны байдлаар хоёр бүлгийн эзлэх хувь тэнцэж тус бүр 24% -ийг эзлэх болжээ. Энэ үзэгдэл Зүүн Азийн орнуудын сүүлийн арван таван жил дэх эдийн засгийн онцгой хурдтай өсөлтийг тодорхойлж байгаа бөгөөд “Галуун сүргийн цуваа” гэдэг дүрслэлээр нэрлэгдэх болсон юм. Энэхүү дүрслэлийн үндэс гэвэл 1960-аад онд эдийн засгийн зүйрлэшгүй үсрэлт хийсэн Япон улсыг “цувааны манлайлагч” болгосон эхлэлтэй холбоотой Зүүн Азийн орнуудын давалгаат болон шаталсан хэлбэртэй эдийн засгийн хөгжил юм.
 
  Японы капитал, техник тех­нологи, мөн энэхүү оронтой хийсэн худалдааны ачаар 1970-аад онд шинээр үйлдвэржсэн орнууд /ШҮО-д/ гэгдэх тухайлбал Азийн эдийн засгийн бар гэж нэрлэгдэх болсон Гонконг, Син­гапур, Тайван, Өмнөд Солонгос нь Азийн эдийн засгийн хөгжлийн хоёр дахь давалгааг бий болгосон байна. Тэгвэл 1980-аад онд Японы болон ШҮО-ын хөрөнгө оруулалт, техник технологийг өөр­төө аль хэдийнээ төвлөрүүлэн татсан АСЕАН /Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага/-ын орнууд эдийн засгийн хөгжлийн гурав дахь давалгааг эхлүүлсэн юм. Энд бидний сайн мэдэх Азийн эдийн засгийн “Бамбар” гэж нэрлэгдэх болсон Тайланд, Малайз, Филиппин, Индонезийг нэрлэж болно. 1990-д оноос эдийн засгийн өвөрмөц хөгжлийн замыг сонгосон Хятадыг оролцуулаад Зүүн өмнөд Азийн улсууд болох Вьетнам, Лаос, Кампучи, Бирм мэтийн улс орнуудын эдийн зас­гийн өсөлтөөс хамаарч эдийн засгийн дөрөв дахь давалгааг бий болгоно гэж үздэг.
 
Үргэлжлэл бий