Сүсэг бишрэл ба мухар сүсэг
Таны ажил амьдралд шашин шүтлэг, итгэл үнэмшил, мухар сүсэг, зан заншлын алин болох нь үл мэдэгдэх юмс их бага хэмжээгээр хүндрэл учруулдаг уу? Эсвэл лам, бөө, үздэг хардаг хүмүүс танд бодитой тус хүргэж, асуудлыг шийдэн, сэтгэл санааг чинь амар тайван болгодог уу? Итгэх эсэхээ мэдэхгүй эргэлзэж, ямарваа асуудал тохиолдоход зүгээр л бусдын аясыг дагадаг хүмүүс олон байдгийг би лав мэдэх юм байна. Миний өөртөө хариулт олж авахаар хийсэн бяцхан оролдлого таны цаг завыг хэмнэж, их бага хэмжээгээр эргэлзээг чинь тайлж, ямар нэгэн тус дөхөм болж магадгүй юм. Гэхдээ би хэн нэгний сүсэг бишрэлийг үгүйсгэх, эсвэл таныг ямар нэг юманд сүсэглээч хэмээн ятгахыг хүсээгүй гэдгээ эртхэн хэлчихье.
Би нэгэн жуулчны компанид хөтөч орчуулагч хийдэг байлаа. Тийм ч учраас байсхийгээд л гадны жуулчдыг аваад хөдөө гадаа явна. Тэд машинд суумагц хамгийн түрүүнд хүрэх газраа хэдэн цагт очихыг асууна. Анхандаа би гэнэдэж жолоочоосоо асуутал дүлэгнээд олигтой юм хэлж өгсөнгүй. Юу гэж орчуулахаа ч мэдэхээ байлаа. Яваандаа жолооч нарын холын замд цаг товлодоггүй гэдэг мухар сүсгийг мэдээд жуулчдад төдөн цагт очно гэж багцаагаар хэлдэг боллоо. Заримдаа ажлын шаардлагаар хоёр дахь өдөр замд гарах ёстой болж, жолооч олдохгүй үйлээ үзнэ. Хөдөөгийн замд анхны овоон дээр бууж чулуу тавихад жуулчид сонирхоно. Гэтэл манай хөдөөгийн зам хичнээн овоотой билээ, архины хагархай шил, хугархай таяг, хадаг яндар хийсээд л яг хогийн цэг шиг. Овоонуудаас жуулчид байтугай жолооч хүртэл залхаж хажуугаар нь гарахдаа өөрийгөө хуурч сигналдсан болоод л өнгөрнө. Явсаар байгаад зорьсон газраа харуй бүрийд очно. Малчин айлаар орж сүү тараг авах гэтэл хагас сайнд сүү өгөхгүй, бүрэнхийд цагаан идээ гаргахгүй гэж хясна. Тэгээд л дэлгэр зунаар буянт малын дэргэд уух сүүгүй хоцорно доо. Нэртэйгээр нь улс даяар хагас сайн өдөр дэлгүүрт сүү зарахаа больчихвол амар ч юм шиг.
Ээжүүд ба хөгшчүүл
Манай ээж намайг бага байхаас л хаалга алдалдаггүй, босгон дээр гишгэдэггүй, ширээ өнцөгддөггүй, гэртээ исгэрдэггүй, түлхүүр шиддэггүй, орондоо уйлж дуулдаггүй, хоёр баганы хоорондуур гардаггүй, сүүжний яс гэртээ хонуулдаггүй, явган суудаггүй гэх мэт өдий төдий юм сургадаг байлаа. Би яагаад тэгдэг юм бол гэж гайхдаг ч ээжийнхээ үгэнд ордог байсан юм. Ээж минь нас ахихын хэрээр улам бүр сүсэгтэй болж тийм ч том ламын, ийм ч мундаг бөөгийн өгсөн хүч чадалтай эд гээд эргэн тойрныхныгоо арц, утлагаар ариутгаж, рашаан уулгаж, сахиус зүүлгэх гэж зүтгэнэ. Манай аавыг өөд болоход нэг лам бүр байраа зараад тал мөнгөөр нь буян хий гэснийг нь яана. Ээж байраа зарах гэхэд нь бид арайхийж ятган болиулж билээ. Хичнээн их цаг хугацаа, мөнгө төгрөгөө лам, бөөд зарцуулсан гэж санана. Би эхэндээ сэтгэлийг нь бодоод үгэнд нь ордог байсан ч сүүлдээ төвөгшөөдөг боллоо. Ажил ихтэй байхад утасдаж: Миний хүү хурдан ир. Өнөөдөр чиний зурхай дээр “Шөнө орой явахаас болгоомжил” гэсэн байна гэх юм уу эсвэл өнөөдөр чи үсээ засуулж болохгүй, маргааш чи хумсаа авах хэрэгтэй гэж алхам бүрийг минь ямар нэг сүсэг бишрэлийн үүднээс харж зааж зална. Ээжийгээ яая гэж байхад мессенжерээр янз бүрийн маань, тарни төдөн цагийн дотор төдөн хувь олшруулж тараахгүй бол чамд ийм муу юм тохиолдоно, танай гэр бүлээс нэг хүн үхнэ гэсэн заналхийлэл ирнэ. Энэ бүгдээс залхаж гүйцээд би эдгээрийн аль нь шашин шүтлэг, аль нь зан заншил, юуг нь дагавал зохих, юуг нь тоохгүй орхих мухар сүсгийн зүйл юм бэ гэдэгт хариу олохоор шийдсэн юм.
Өнөөдөр бид ямар эрин үед амьдарч байгаа билээ. Техник, технологи өндөр хөгжсөн XXI зуун. Амьдралын хэмнэл хурдсаж бүх юм минут секундээр хэмжигдэж байхад даваа гарагт ингэж болохгүй, мягмарт тэгж болохгүй, лхагвад тэр нь ч болохгүй….. гээд цаг минут биш бүтэн өдөр хоног алдаж байлтаа биш. Ингээд би хамгийн түрүүнд Гандан орохоор шийдлээ. Гэхдээ би өөртөө ном уншуулж засал хийлгэх биш дээр өгүүлсэнчлэн өнөөгийн хүн юуг шүтэж, юуг эс шүтэх ёстойг мэдэж авахыг хичээсэн юм. Ингэхдээ бас Гандан орж болдог өдөр, болдоггүй өдөр гэж байдаг болов уу гэж эргэлзсэнийг яана.
Лам бөөгийн далд тэмцэл
Би Гандан орохоор алхаж явтал арван жилийн найз Цэцгээтэй дайралдлаа. Түүнд Гандан орох гэж байгаагаа хэлтэл “Юу ярьж байгаа юм бэ. Лам нар чинь моодноос гарсан ш дээ. Одоо бөө моодонд орсон байхгүй юу. Чи бөө дээр очсон нь дээр. Гэхдээ бөө нарын ханш нь лам нарынхаас илүү, нэг бөөлөхөд нэг хонины мөнгө авдаг юм” гэв. Би түүнээс лам нар яагаад моодноос гарсан тухай асуутал “Уржнан миний 25-ны жил орж Гандан дээр очиж заслаа хийлгэсэн юм. Дараа нь ажил бүтэхгүй болохоор нь ламд үзүүлсэн чинь: Чи заслаа хийлгээгүй байна. Заслаа хийлгэ гэлээ. Би уг нь заслаа хийлгэсэн гэдгээ хэлсэн боловч нэмэр болсонгүй. Өмнөх засал маань хуурамч байсан бололтой. Тэгээд мөнгө төгрөг төлж бүх заслаа хийлгэв. Гэтэл намар тийшээ дахин Гандан орж өөр ламд үзүүлсэн чинь: Чи заслаа хийлгээгүй байна, даруйхан заслаа хийлгэ гэдэг байгаа. Энэ лам намайг хоёр ч удаа засал хийлгэсэн байтал хийлгээгүй гэж гөрдөөд байна уу, өмнөх хоёр засал маань хулхиных байсан уу, эсвэл нээрээ би засал хийлгээгүй мөртлөө хийлгэсэн гэж бодоод байна уу гэж эргэлзэхэд хүрлээ. Ингээд би ламд итгэхээ больж бөө дээр очдог болсон юм. Тэгээд ч одоо хүн болгон бөөд үзүүлдэг болсон байна, манай найз нөхөд, хамаатан садан бүгдээрээ бөөд итгэдэг” гэж ярилаа.
Гэсэн ч би Гандан орж нэг залуухан ламтай уулзсан юм. Тэр уг нь аятайхан ааштай хүн байсан боловч намайг ном уншуулахгүй өөрөөр хэлбэл түүгээр үйлчилгээ хийлгэж мөнгө төлөхгүй гэдгийг мэдээд бушуухан яриагаа дуусгасан юм. Тэр надад бурхны сургаалийг дагаж засал номоо хийлгэж байх нь зөв, бөө гэдэг бол зүгээр л сүлжээний бизнес, хэдэн сая төгрөг зарлагдаж бөө болоод дараа нь тэрийгээ нөхөж авах гэж хүмүүсийг залилдаг юм гэж ярилаа. Залуу лам уг нь их товчхон тайлбарласан боловч би түүний ярианаас бөө нар лам нарын бизнес, орлогыг хааж тэд нарыг бухимдуулж байгаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ би буруу ухаарсан ч байж магадгүй юм.
Борооны дараах мөөг
Дараа нь би ажил дээрээ очтол хамт ажилладаг залуу маань дүү охиныхоо бөө болсон тухай ярьсан юм. Хэдэн сарын өмнө дүүгийнх нь ажил нь бүтэхгүй болохоор нь бөөд үзүүлсэн чинь түүнийг “Чи бөөгийн удамтай хүн юм байна, хурдан бөө болох хэрэгтэй” гэжээ. Тэр үүнд нь цочирдож ер итгээгүй, яагаад ч бөө болохгүй гэж бодож байсан гэнэ. Гэтэл удахгүй бие нь муудаад өөдлөхгүй болохоор нь дахин өөр бөөд үзүүлсэн чинь “Чи бөөгийн удамтай, бөө болох ёстой хүн юм байна. Онгод чинь ирээд байхад авахгүй болохоор бие чинь муудах нь аргагүй. Хурдан бөө бол” гэжээ. Дүү нь сэтгэлээр унаж, энэ асуудал тэдний гэр бүлийн шүдний өвчин болжээ. Ингээд аргагүй эрхэнд ах дүү, хамаатан саднаараа ярилцаж байгаад аав нь цалингийн зээл авч сая төгрөгөөр хувцас хунар, сая төгрөгөөр цан хэнгэрэг гэх мэт зүйлсийг нь бэлдэн өгч түүнийг бөө болгосон гэнэ. Үүнийг сонсоод Цэцгээгийн ярьсан, залуу ламын хэлсэн хоёрын аль аль нь толгойд минь орж ирлээ.
Асуугаад байсан чинь ганц тэр биш манай компанийн жолоочийн хүргэн, менежерийн дүү, нягтлангийн эгч, өөр нэг орчуулагчийн найз гээд хүн болгоны ойрын төрөлд ямар нэг бөө байдаг юм байна. Тэр байтугай гадныхан хүртэл Монголд ирж бөө болж байна гэнэ. Би бүр цочлоо. Уншигч та эргэн тойрныхноосоо асуугаад үзээрэй. 1990-ээд оны үед лам нар хүчээ авч байсан шиг одоо Монголд бөө ид цэцэглэж байна цаана чинь. Ёстой л борооны дараах мөөг шиг… Хаанаас ийм олон бөө гэнэт гараад ирсэн юм бол гэж менежерээсээ асуутал “Юу ярьж байгаа юм бэ. Өнгөрсөн намар бөөгийн цуглаан болох сургаар дүүгээ дагаад Тэрэлжид очсон чинь хорьхон мянган хүн амтай зөвхөн манай Багануураас л гэхэд 72 бөө ирсэн байна лээ. Очоогүй нь тэгээд хэд байгаа нь бүү мэд” гэдэг байгаа. Манай жолооч бас ийм олон бөө гэнэт гараад ирсний учрыг хүргэнээсээ асуужээ. Бөө хүнээс өөрөөс нь асуусан болохоор надад их сонирхолтой санагдлаа. Хүргэн нь “урьд манжийн хаан Монголд шарын шашин дэлгэрүүлэхийн тулд маш том нүх ухуулж дотор нь олон бөө нарыг хүчээр барьж хийгээд “Та нар тийм л их эрдэм чадалтай юм бол энэ нүхнээс гараарай”> гэжээ. Гэтэл нэг бөө нь тэр гүн нүхнээс нисэн гарч шидийг үзүүлээд <”Бид нарын хүч чадал муу цагийн эрхээр суларч байгаа юм. Бид 300 жилийн дараа сайн цагийн жамаар 3000-уулаа болоод ирнэ” гэж хэлээд буцаж нүхэндээ орж булуулсан юм” гэж үлгэр домог шиг юм ярьсан гэнэ. Хачин юм даа.
Нэгэн бодлын 1990-ээд оны үеэр монголчууд гэнэт шарын шашинд орж түүх 300 жилээр ухарсан юм шиг санагдаж байтал, хорь хүрэхгүй жилийн дараа бөө мөргөлтэй улс орон болж түүх дахин дахин 500 жилээр ухарсан ч юм шиг… Ёстой нөгөө чимээгүй тахал гэдэг шиг нэг л мэдэхэд бөө нар хаа сайгүй газар авчээ.
Зуд болоход нохой зоолж Зовлон болоход лам баяжна
Би янз бүрийн хүмүүстэй уулзаж, Гандан орлоо гээд миний эргэлзээ арилсангүй. Сэтгэлдээ ханамжтай хариулт олж авч чадаагүй болохоор их сургуульд философийн хичээл заасан Батсүх багштай уулзаж ярилцсан юм. Багш маань “Уг нь шашин шүтлэг, мухар сүсэг хоёрын хооронд ялгаа бий. Ямар нэгэн шашны ёсонд орж сахил авах юм уу тангараг өргөснөөр сургааль номлолыг нь амьдралынхаа мөрдлөг болгохыг шашин шүтэх гэнэ. Харин зүгээр явж байгаад ямар нэгэн бэрхшээл учрах, зовлон тохиолдоход очиж ном уншуулж сэтгэлээ хуурах, ямар ч шашин сургаалийн учрыг нь ойлгохгүйгээр түүнийг даган биширвэл мухар сүсэг болно. Манайхны олон хүн өөрсдийгөө буддын шашинтай гэх боловч үнэн хэрэгтээ мухар сүсэгтэй байхгүй юу. Ямар ч шашны сургааль хүнийг муу үйл хийхээс зайлсхийж сайн үйл хийхийг сургадаг. Буддын сургаальд ч энэрэнгүй ёсыг номлодог атал Гандан мэтийн хүрээ хийдүүд ард түмнийг мухар сүсэг рүү хөтөлдөг” гэж ярилаа. Тэр ч бүү хэл “Одоогийн Гандан ч гэж дээ нэг ёсондоо Гандан групп, дацангууд нь охин компаниуд, лам нар нь бизнесменүүд, сүсэгтнүүд нь хөрөнгө оруулагчид болжээ. Лам ч бай, бөө ч бай, үздэг хардаг хүмүүс бусдын ажил мэргэжлээ сонгох, гадаад дотоодод ажиллаж амьдрахаар явах, ханиа сонгох зэрэг хэт их хүний хувь заяатай холбоотой зүйлийг худал үнэн зааж зааварлаж байгаа нь гэмт хэргийн шинж чанартай байна” гэсэн юм.
Мөн “Уг нь XXI зууны хүн өөрт тохиолдсон аливаа асуудлыг өөрийнхөө толгой мэдэн эрүүл саруул ухаанаараа шийдвэрлэж гарах бус харин хэн нэгэн лам, бөө, мэддэг чаддаг хүнээр аргалуулах нь эцэстээ өөрийгөө хуурах, мухардмал байдлаас гарах гэсэн арга барсан арчаагүй хэлбэр юм. Гэвч зовлон тохиолдоход ямар ч хүн мунхрахад бэлэн болчихсон байдаг ба тэр эцсийн горь найдлагаа алдахыг хэзээ ч хүсдэггүй. Жишээлбэл нэг хүн олон жил өвдлөө гэж бодъё. Зөндөө эмнэлгээр яваад эдгэхгүй бол тэр эдгэх найдвар тасрахгүй заавал лам дээр очиж таарна. Бүр болохгүй бол бөө дээр очно. Гэх маягаар горь тасрахгүй байдаг учраас эцсийнхээ мөнгийг дуустал тус болж магадгүй гэсэн бүхнээр явдаг. Харин тэр мөнгөөр нь лам бөө нар гэдсээ тэжээдэг. Ер нь зовлон байсан цагт хүмүүс их бага хэмжээгээр мухар сүсэгт итгэсээр байх болно” хэмээж билээ. Дараа нь би нэлээд ном уншдаг зохиолч ахаасаа энэ тухай асуухад “Яг бөөгийн ёсонд удамтай удамгүй хүмүүс туйлшран олноороо бөө болох, бөө нарын онгод ирээгүй байхад өөрөө хүчээр онгодоо оруулж, хуурамчаар онгод орсон юм шиг жүжиглэхийг ОНГОД ЗОЛБИРОХ гэдэг. Өнөөдөр Монголд бөөгийн онгод золбирч байна” гэж хэлсэн юм. Өдрийн сонины 2008.12.02-ны дугаарт гарсан бороо хур оруулж, шувуутай ярьдаг гэлцдэг
Ц.Бадамхандтай хийсэн ярилцлагаас эш татвал: “Ширгэж алга болсон булаг шандны усыг гаргахдаа шөнөжин сан тавьж, дотроо олонтаа залбирснаар ус аяндаа ирдэг, бороо оруулахын тухайд Цагаан шүхэрт, Жанлавцогзол, Наваанжалбий гэсэн номуудыг уншин уул усаа аргаддаг. Намайг бороо хур оруулж, тэнгэр хангай аргадлаа гэж Барсболд сайд Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасан даа… Би УИХ-ын гишүүн Батбаярыг Багахангай дүүргийн дарга байхаас нь л дааж авч Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн болголоо. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Гэрэлсүрэн гэдэг эмэгтэй бас байна. Гээд дурдаад байвал олны танил үйлчлүүлэгч надад зөндөө бий” гэсэн байх юм.
Wikipedia хэмээх интернэтийн нэвтэрхий тольд
Миний оролдлого үүгээр дууссангүй. Интернетэд орж Wikipedia.com-д байгаа мухар сүсгийн тухай шинжлэх ухааны тайлбарыг үзлээ. Интернэтийн нэвтэрхий тольд бичсэнээс үзвэл мухар сүсэг гэдэг нь дорд утгатай бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй, ухаалаг бус, үнэ цэнэгүй зүйл ажээ. Юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгоогүй эрт цагт түүний учир шалтгааныг мэдэх гэсэн оролдлого, буруу тайлбараас мухар сүсэг гарч иржээ. Мухар сүсгийн элементүүдийг баталж ч болдоггүй, үгүйсгэж ч болдоггүй учраас амь бөхтэй байж хүмүүс түүнд итгэсээр л байдаг байна. Одоогийн мухар сүсэг хэмээн тайлбарлаж байгаа зүйл нь тухайн үедээ олны хүндэтгэдэг сэтгэхүйн чухал хэлбэр байжээ. Мухар сүсэг гэдэг бол айх, арчаагүй байх, үл мэдэхийн үр хүүхэд гэж их Фридрих нэгэнтээ хэлсэн байдаг. Тухайн цаг үедээ ойлгомжгүй юмсыг тайлбарлаж байгаад одоо цагт тайлбарлах хүч нь дутаад ирэхээр мухар сүсэг болон хувирдаг аж. Ямар нэгэн нийгэмд амьдрах боломж нөхцөл тааруухан үед, өөрөөр хэлбэл нийгмийн доод хэсэгт мухар сүсэг илүү их ажиглагддаг бөгөөд амжилт, азгүйдэл гэх мэтийн тохиолдлын чанартай үйл явдлууд хувь хүний мухар сүсэгт итгэх итгэлийг гүнзгийрүүлж өгдөг байна. Хувь хүний боловсрол ахиж, өргөн мэдлэгтэй болох тусам мухар сүсэг нь улам багасдаг байна. Мөн түүнчлэн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр үзэгдэл юмст тайлбар өгч, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл сайн цацсаны үр дүнд хүн ард зохих хэмжээгээр гэгээрч янз бүрийн мухар сүсэг бага багаар арилж, зарим мухар сүсгийн элемент хэрэглэгдэхээ больдог байна. Үүний тод жишээ нь олон янзын хувцас өмсвөл хувцасны тоо гүйцдэг, зурагаа авахуулбал нас богиносдог, усанд орох юм уу нүүрээ олон угаавал буян арилдаг гэх мэтийн мухар сүсэгт одоо тэнэг хүн ч итгэхгүй биз ээ.
Мухар сүсэг зан заншил болох нь
Эрт дээр үед үзэгдэл юмсын мөн чанарыг тайлбарлах гэсэн буруу оролдлогоос үүсэн гарч ирсэн мухар сүсэг олон зуун жил давтагдсаар анхны зорилгоосоо хазайж зан заншил болон тогтдог байна. Нийгмийн зүгээс олон дахин давтагдан бий болдог зан үйл, эхэндээ ямар нэгэн утга учиртай байснаа сүүлдээ утга учир нь гээгдсэн зан заншил эд бүгд нь мухар сүсгийн нэг хэлбэр гэнэ. Бидний дунд тийм мухар сүсгийг амьдралдаа их бага хэмжээгээр хэрэглэдэггүй, түүний нөлөөнд автдаггүй хүн гэж бараг үгүй. Мухар сүсэг нь байгаль хамгаалах, хүүхэд хүмүүжүүлэх гэх мэтийн сайн сайханд хүрэх зорилгоос авахуулаад, хүний амьдралд хүндрэл учруулж, ажил төрөлд саад тээр болох хүртэл маш олон янз. Монгол ёс заншилд худаг ус, гол мөрөнд цагаан юм хийдэггүй, үдэш орой хог асгадаггүй, шүтлэгтэй уулын газар шороо, өвс ургамлыг хөнддөггүй, догшин газар ан хийдэггүй гэх мэт байгаль хамгаалах ач холбогдолтой, хайчны ам ангархай орхидоггүй, хутганы ир дээш харуулдаггүй, хуруувчгүйгээр юм оёдоггүй, тэнгэрийн дуунаар үүд голлодоггүй гэх мэт аюул ослоос сэргийлсэн шинжтэй, үсний сэв, авсан хумсаа хамаагүй хаядаггүй, ороо хураахгүй бол ажил бүтдэггүй, гараа угаалгүй малаа саавал үнээний дэлэн хавддаг гэх мэт эрүүл ахуйн шинжтэй гэмээр өдий төдий сайн үр дагавартай сүсэг бий. Гэтэл бар өдөр нүүдэггүй, мягмар гарагт замд гардаггүй, зарим өдөр үсээ засуулдаггүй, хагас сайн өдөр цагаан идээ гаргадаггүй, үдшийн бүрийгээр цагаан идээ болон, хотноос мал гаргадаггүй гэх мэт хүний ажил амьдралд хүндрэл учруулдаг зүйлс олон бий. Мөн мэддэг чаддаг, үздэг хардаг гэх хүмүүс энэ нутаг танайд тохирохгүй хэмээн нүүхийг зөвлөдөг. Энэ нь хүмүүст маш их төвөг учруулж байна.
Санал асуулга
Санал асуулгаас үзэхэд нийт хүмүүсийн тавин хувь, түүн дотроос эмэгтэйчүүдийн 62, эрэгтэйчүүдийн 38 хувь нь мухар сүсэгт итгэдэг ажээ. Насны хувьд 50-иас дээш насныхан /62 хувь/, дараа нь 30-аас доош насныхан /53 хувь/ хамгийн их сүсэг бишрэлтэй, харин дунд насныхан харьцангуй сүсэг бишрэл багатай байдаг ажээ. 30-аас доош настай бага залуу хүмүүсийн хувьд тэдний үзэл бодол гүйцэд төлөвшөөгүй, ирээдүйн амьдрал нь тэдний хувьд таавар байдаг учраас сүсэг бишрэлтэй байдаг бол хөгшин хүмүүс сүсэг бишрэл ихтэй байгаа нь бие бялдарын хувьд доройтож, эрүүл мэнд муудах тусам хойт төрөлд бага багаар итгэдэгтэй холбоотой болов уу. Гэлээ ч гэсэн тэд өөрсдийн мухар сүсгээ залуучуудад халдааж, хувь хүний хэрэгт оролцон, хүмүүсийг ятгах нь буруу юм.
Санал асуулганд оролцогчдын 50 хувь нь будда, 30 хувь нь есүс, үлдэх 20 хувь нь сүсэг бишрэлгүй буюу бусад шашныг шүтдэг гэсэн мөртлөө 70 гаруй хувь нь зурхайд итгэдэг гэж хариулсан байна. Судалгаанаас үзэхэд бараг хүн бүхэн /80-90 хувь/ уул овоонд гарах цээрийг дагаж /эмэгтэй хүний гарч болдоггүй уул гэх мэт/, зурхайд итгэж, хурим найр хийх, бэр буулгахад өдөр судар хардаг бол тэн хагас нь муухай зүүд зүүдэлбэл засал хийлгэж, муу явдал тохиолдвол ямар нэг далдын хүчин зүйлээс шалтгаалсан гэж бодож, шинэ байранд орох, машин худалдан авахдаа лам бөөд үзүүлж, засал ном уншуулдаг байна.
Зүү хаашаа бол учиг тийшээ
Аливаа улс үндэстний ард түмнүүд их бага хэмжээгээр мухар сүсэгтэй байдаг. Харин хэр зэрэг мухар сүсэгтэй байгаа нь тухайн улс орны хөгжлийн түвшин, ард түмний шашин шүтлэг, зан заншил, хамгийн гол нь иргэдийн мэдлэг боловсролоос ихээхэн хамаардаг ажээ. Түүхийн нэгэн цаг үед бөө мөргөлтэй байж, нөгөө цаг үед шарын шашинд гүн гүнзгий идэгдэж, бас өөр цаг үед нийтээрээ шашингүйн үзлээр хүмүүжиж байсан монголчуудын хувьд өнөөдөр дэлхий дээр хамгийн их мухар сүсэгтэй ард түмнүүдийн нэг болсон гэхэд хилсдэхгүй. Өмнө нь бид амьдралд тохиолдох алив бэрхшээлийг даван туулах, элдэв асуудлаа шийдэхдээ ямар нэгэн мэддэг чаддаг хүн, лам, бөө нарын туслалцаагүйгээр болоод л байсан хэрнээ өнөөдөр яагаад бүх асуудлаа тэдэнгүйгээр шийдэж чадахаа болив? Энэ нь маш олон хүчин зүйлээс хамааралтай. Өнөөдөр хүнд үйлчлэх ёстой мэргэжлийн байгууллагууд зохих ёсоороо ажиллаж чадахгүй байгаа нь иргэд мухар сүсэгт автах бас нэгэн хүчин зүйл болж байна. Мөн хүмүүсийн амьдрал ядуу байгаа нь ч үүнд нөлөөлж байгаа. Бидний амьдарч байгаа нийгэм эрүүл бус учраас хэн нэг хүн аятайхан ажилд ороход танил тал үгүй бол ажилтай болох эсэх нь аз эзийн асуудал болж хувирч байгаа юм. Ямар нэгэн ажил хөөцөлдөх, тендерт оролцох гээд бүх юманд ном журмын дагуу шийдэгддэггүй учраас л бас л хэн нэгэн дээр очиж арга чарга хийлгэж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд манай сайд дарга нар ямар их сүсэг бишрэлтэй юм. Бүгд л хувийн лам, бөөтэй. Ямар ч их уул ус тахиж, лус савдаг, тэнгэр хангайг аргаддаг юм. Уул тахиад л байдаг, тахиад л байдаг тэглээ гээд бороо хур орж, байгаль дэлхий сэргэж, ус голууд нэмэгдэж, агаарын бохирдол багасаж байна уу. Онгон сүрлэг уулсыг байсхийгээд л тахисаар байгаад үнэ цэнэгүй болгож байгаа ч юм шиг. Хамгийн мэдлэг боловсрол дорой хүмүүс мухар сүсэгтэй байдаг гэж дээр өгүүлсэн. Тэгвэл манайд хамгийн их мухар сүсэгтэй хүмүүс сайд дарга нар болчихсон байх юм. Улс орныг удирдаж байгаа хүмүүс ийм сүсэгтэй байгаа юм чинь ард түмэн мухар сүсэгтэй байгаа нь арга ч үгүй юм даа.