Эйн Рандад энэ романы санаа анх 1935 оны үед төрж, 1938 оноос бичиж эхэлжээ. Тэгээд 1943 онд дуусгаж, анхны хэвлэлээ гаргасан байна. Хоёр дахь хэвлэл 1968 онд гарахдаа АНУ-ын Их, дээд сургуулиудыг жинхэнээсээ байлдан дагуулжээ. Их сургуулийн хотхонууд энэ номоор амьсгалж, энэ номын тухай маргаан анги, тэнхим, дотуур байр гээд хаана л бол хаана өрнөж байсан гэдэг. Одоо ч гэсэн Монголд энэ номыг уншсан хүмүүсээс янз бүрийн хариу үйлдэл гарах байх. Зарим нь үнэнээсээ ойлгоно, нөгөө хэсэг нь ойлгосон байдал үзүүлнэ, гурав дахь хэсэг нь эс ойлгоно, нөгөө хэсэг нь огт анзаараагүй дүр эсгэнэ.
 
     Ойлгоод талархах хандлагатай нэг хэсэг байх бөгөөд тэднийг хувь хүнийг дээдлэх үзэлтэн (индивидуалист), Би-гээ бодогчид (эгоист) гэж болох бол ойлгоод эсэргүүцэх хандлагатай нөгөө хэсэг байх бөгөөд тэднийг хамт олонч үзэлтэн (коллективист), бусдын төлөө өөрийгөө золиослогчид (альтруист) гэж болно.
 
     “Эх сурвалж” бол философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүй, сэтгүүл зүйн асуудлуудыг хөндсөн роман юм. Түүхэнд эгоизм, индивидуализмыг ингэж зоригтой, логиктой, философи үндэслэлтэй магтан дуулж, коллективизм, альтруизмын хар­гис, хуурмаг талыг нэвт шувт харуулсан бүтээл байхгүй биз ээ. Эгоизмийг бид огт ойлгодоггүй байж. Энэ ойлголтонд ердийн ухамсрын түвшинд ойлгодгоос хамаагүй гүнзгий утга байдгийг энэ роман харуулжээ. Өөрийгөө огоорохуйн эсрэг өөрийгөө бодохуй, хамт олонч үзлийн эсрэг хувь хүнийг дээдлэх үзэл. Романд ийм утга санаа олонтаа гарах боловч хамгийн тод томруун илэрхийлсэн хэсэг бол Роаркийг хоёр дахь удаа шүүх хурлаар оруулах үед түүний хэлсэн үг юм: “Бусадтай санал нэг байх, хамтач байх, урсгал даган урсахыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна.
 
     Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй, ганцаараа байдаг. ...Нийтийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан бүх харгислалыг зөвтгөсөн нэр томъёо. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүлсэнгүй буян гэдэг нэрийн дор хийж байсан. Өөрийгөө огоорон бусдын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэхийн тухай асуудаггүй. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэрхийлэл бол “Бусдын хэрэгт бүү оролц!”. Харин энэ үзэл санааны эсрэг үзлийг Түүхэй, Кийтингт сургаалаа айлдах үед илэрхийлдэг. Түүний горьдож, найдлага тавьж байгаагаар Европт ялан мандаж буй үндэсний коллективизм (фашизм), ангийн коллективизм (коммунизм) хоёр мөдхөн АНУ-д орж ирнэ.
 
     Энэ романы ил харагдаж байгаагаар нь архитектур дахь шинэ хуучны тэмцлийн тухай гоо зүйн бүтээл мэтээр ойлгох явдал байдаг. Үүнээс өмнө монгол хэл дээр гарсан Рандын Капитализмыг өмөөрөх нь номны орос хэвлэлийн өмнөх үгийг бичсэн Александр Эткинд яг ингэж ойлгосон байсан. Үгүй ээ, энэ бол эгоизм ба альтруизм, индивидуализм ба коллективизмын тэмцлийг харуулсан роман. Энэ бол бүтээлийн үндсэн үзэл санаа. Тодорхой утгаар нь соёлжиж иргэншсэн бүх үндэстний иргэд индивидуалистууд байдаг, бие даасан байдал нь соёл иргэншсэн байдлын нэг шалгуур гээд хэлчихэж болно. Тэд хүнээр юмаа хийлгэх, бусдынхаа хөдөлмөрийг мөлжих дургүй байдаг. Энэ роман нь улс-орны хөгжил, ер нь соёл иргэншил альтруизм дээр биш эгоизм дээр тулгуурласаар ирснийг харуулжээ. Коллективизм бол хүний мөн чанарын эсрэг үзэл. Хүн жинхэнэ мөн чанараараа хувь хүнийхээ мөн чанарыг дээдлэх шинжтэй байдаг. Ийм байхад ичмээр юм юу ч байхгүй. Энд л Эйн Рандын объективизм оршиж байгаа юм.
 
     Хүний индивидуалист мөн чанар коммунизм, фашизм гээд хамгийн коллективист нийгэмд ч далд хэлбэрээр оршсоор ирсэн. Өмнөх коммунист нийгмийн үед хүний эгоист үйлдлийг зориудаар буруу тайлбарлах явдал байсан л даа. Жишээ нь, гэр бүл болон өөрийнхөө төлөө өдөр шөнөгүй замд явсан тээврийн жолоочид “Хөдөлмөрийн баатар” энэ тэр гэсэн цол хэргэм өгч, хамгийн хамт олонч хүн хэмээн тодорхойлон, нийгмийн төлөө үхэн хатан зүтгэдэг мэтээр бусдад ойлгуулахыг оролддог байлаа. Гэтэл хамт олонч хэмээн тодорхойлогдож байсан тэр хүмүүс цагаа тулахад хамгийн индивидуалист үйлдэл гаргах нь олонтаа байв. Одоо ч гэсэн манайд хүнийг ажилд авахдаа “Багаар ажиллах чадвартай эсэх” гэсэн тун хачин шалгуур тавьдаг болж. Барууны менежментээс учрыг нь олоогүй хуулбарласан олон зүйлийн нэг. Энэ бол үнэндээ хүний хийх, бүтээх, сэтгэх чадварт огт холбоогүй хувь хүний зан ааш, темпераментийн тухай “персонал асуултыг” нөгөө хүн айлгадаг коллективист агуулгаар тавьж байгаа хэрэг билээ.
 
     Бүтээлч хувь хүний дургүй хүрэм асуулт. Бид эгоист болон индивидуалистуудыг өөрийн өчүүхэн хэрэгцээг хангачихаж чадахгүй, зориг зүрх, авъяас чадвараар дульхан нэгэнтэй хольж ойлгож болохгүй. Хэрэв тэд өөрсдийн үзэл бодолд тохирсон бас тэгээд хөндлөнгийн албадлагад автагдаагүй бол бусдад тус хүргэж чаддаг. Хүргэх хүргэхдээ, амь амьдралыг нь хэзээ ч унахааргүй болтол өөд нь татаж чаддагийг Роаркоос Маллори, Кийтинг нарт хүргэсэн тус харуулах болно. Романд Роарк, Камерон, Уайнанд, Маллори, Доминик гээд өөр бусад индивидуалистуудын үнэнхүү сайхан нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Ямар ч долигонох зан, хуурмаглал, цаана наана санасан өнгөний жүжиглэлт байхгүй жинхэнэ хүн чанарын нөхөрлөлийг энэ романаас хараарай. Романд тусгалаа олсон ёс зүйтэй холбоотой олон асуудал уншигчдын дунд маргаан дэгдээж байжээ. Доминикийн хатамжлах ёс суртахуун: өөрийгөө шийтгэх замаар дайснаа ялах хатан зориг. Эрх мэдэл, эд хөрөнгө, хамт олны алинд нь ч үл дийлдэх Роаркийн хатуу чанд ёс суртахуун. Франкон, Кийтинг мэтийн “хоёрдогч хүний” ялалт нь ялагдал болдог ёс зүйн зүй тогтол. Хэн нэгний хөлс хөдөлмөрөө зарцуулан байж хийсэн зүйл дээр нэрээ тавьж алдар нэр, эд хөрөнгө олчихоод тухайн хүнээ шоолж, бүр ядуурлын туйлд оччихоод байхад нь хүртэл өлсөж үхэхийг нь харах гээд тэсэн ядаж, хэвлэл мэдээллээр өөрсдийгөө худал үнэн магтуулж, олон шоу хэсэж, шагнал авах, тууз хайчлах явдлыг л нэр төрийн хэрэг хэмээн ойлгож, хүний мөнгөөр хоол, дарс захиалж чадаж буйгаа мэдлэгтэйд тооцож, бусдад тааруулж амьдардаг “даруу иргэн”. Өнгө, мөнгөний төлөө элдэв зүйл эрээчиж сараачин, уран үгээр тоглогчдын хүн чанарын уналт гээд ёс зүй, сэтгүүл зүйтэй холбоотой олон асуудал романд гардаг.
 
     Зохиолын баатруудын хоорондын зөрчил зөвхөн ёс суртахууны зөрчил байсангүй. Архитектур, уран зохиол, сэтгүүл зүйтэй холбоотой ХХ зууны гоо зүйн үндсэн асуудлууд энд хөндөгджээ. Урлагийн бүтээлд сэтгэл зүрхний талаас гадна оюун ухааны тал хэмээх асар том зүйл байдаг. Уран барилга бол хүний хэрэгцээнд тохирсон, үзэмжтэй, тохитой, илүү дутуу зүйлгүй байх ёстой гэсэн шаардлага Роаркийн үндсэн баримтлал юм. Ер нь гоё сайхан гэдэг юу юм бэ? Үүргээ биелүүлж чадаж буй юм бүр гоё сайхан. Үүрэггүй байх юм бол ямар ч сайхан материалаар хэчнээн гоё урласан зүйл ч муухай. Энэ бол модернист болон түүхэн гоо зүйн үндсэн зөрчил байлаа. Романд хүн нийгэм, урлаг, байгалийн нэгдэл гээд гоо зүйн олон асуудал тусгалаа олжээ. Романд хүмүүсийн хооронд явагддаг сэтгэл зүйн тулааныг рациональ психологийн үүднээс харуулсан байна. Зарчимдаа үнэнч, хатуу зан чанар түүний эсрэг заль мэхээр амьдарч, олон түмэнд таалагдах гэсэн хуурмаглалын хоорондын зөрчил. Мөн чанараар харилцдаг хүний хувьд өнгөний харилцаа юу ч биш байхад, зарим хүний хувьд олон түмний үнэлэлт амьдралынх нь утга учир болж байдаг.
 
     Хүний харилцааны ээдрээт байдал, ухаалаг хүмүүсийн дотоод ертөнцийг тод харуулжээ. Энэ романд гарч буй хүмүүсийн хоорондын нөхөрлөл хийгээд дайсагнал, нэгэн рүүгээ харж инээх эсвэл нэгэнтэйгээ мэндлээгүйгээс хамаагүй гүнзгий утгатай. “Ёстой л инээсэн болгон нөхөр биш, уурласан болгон дайсан биш.”
 
* * *
 
     Энэ роман бол бидний өнөөгийн байдлын тусгал болсон бүтээл юм. Өнгөц харж, сонсоход зөв, ухаантай юм шиг атлаа эргэцүүлэн бодоод үзэхэд хамгийн буруу, туушгүй, өөрөө өөртэйгөө зөрчилдсөн юм ярьж, үйлдэж явдаг хүмүүсийн дүр төрхийг эндээс харна. “Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ, ганцхан үйл хэрэгт нь итгэ” гэдэг зарчим нэвт шингэсэн роман. Нэг зүйл бодчихоод, өөрөөр амьдардаг, нэг юм ярьчихаад өөрөөр үйлддэг хүмүүсийг жигшсэн, өөрөөр хэлэх юм бол бодол санаа, үг хэл, үйл хэрэг гурав нь тохирч байдаг хүмүүсийг магтан дуулсан бүтээл юм. Сонгуулийн үеэр Монголчуудыг бараг сар руу аялуулах шахам юм амлаж байсан улс төрчид, тэдний төлөө гүйж, сонгуулиас бүх юм хамаарна гэж бодож буй хүмүүсийг хараад энэ ном үнэхээр Монголд хэрэгтэй юм байна гэж бодогдсон (Орчуулагчдыг энэ номон дээр суух найман сарын хугацаанд Монголд 2008 оны парламентийн сонгуулийн жил тохиож, нийт хүн ам сонгуулиар “халуурч” байсан билээ). Сонгууль гээд хөөрцөглөж буй хүмүүсийг хараад Монголд төлөвшсөн “хувь хүн” бараг байхгүй юм байна гэдгийг ойлгосон. Бусдаас хараат, төрд сайн сайхан хүмүүс оччихвол амьдрал дээшилчих юм шиг бодож явдаг “хоёрдогч хүмүүсийн” эх орон. Ийм хүмүүсийн психологи дээр тулгуурлан бид Монгол орныг нүд ирмэхийн зуур аварна, бид л үүнийг хийж чадна хэмээн хэлж буй улс төрч (АН, МАХН бусад нам хүчин байх нь хамаагүй), элдэв төлөвлөгөө зохиогч, мэргэч төлөгч, нам даган намирагсад бол бүгд нэг хэв маягийн сэтгэлгээтэй хүмүүс юм.
 
     Эд бол коллективист, “эх орон-ард түмэн” хэмээн сүржигнэгч, альтруист, фанатикууд, зарим нь ухамсартайгаар хууран мэхлэгчид. Эдэнд индивидуализм, хувь хүний амьдралд хөндлөнгөөс үл оролцох зарчим, аяндаа тогтсон эмх журмын (spontaneous order) тухай ойлголт огтоос байдаггүй учраас бүхнийг зааж зааварлаж, өөрийгөө бусдаас дээгүүр тавьж байдаг. Эдгээр Mr. All-Know нар Роаркийн адил хувь хүнд амьдралыг нь заах гэж оролдвол ам руугаа яаж алгадуулах байсан бол доо гэж бодмоор. Энэ номын үзэл санаа, романд гарч буй баатрууд аливаа зүйлийг бөөрөнхийлж, гуйвуулан тайлбарлахын эсрэг байдаг утгаар нэг зүйлийг ил тодоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Бид бүх юмыг оронцоглон гутааж, зэрэмдэглэж байдаг. Либертари үзлийг ч мушгин гуйвуулж, улс төрчдөд тал засан софт-стэйтистүүдэд байр сууриа тавьж өгч байна. Роарк өөрийнх нь үзэл санааг гутаасан учраас тэр барилгыг дэлбэлсэн юм. Тэрээр ийм саарал үзэл суртлыг үзэн яддаг учраас биднийг ч гэсэн дэлбэлэх байсан биз.
 
     Түүнийхээр (Рандынхаар гэсэн нь илүү оновчтой) “А бол А”. Түүнээс биш А бол –А биш, А бол +А биш. Хэрэв Роарк бидний дунд байсан бол өөрсдийгөө өөртэй нь хамгийн ойролцоо үзэлтэй гэж бодож буй Монголын либертари үзэлтнүүдийг хараад “Либертари үзэлтэн болж дүр эсгэгчид; Либертари үзлээр шоу хийгчид; Муусайн социалистууд болон софт-стэйтистүүдийн овоолго” гэх байсан биз. Энэ бол хэтрүүлэг биш. Та энэ номыг уншиж дууссаны дараа гарцаагүй ингэж хэлэх байсныг нь ойлгоно. Тэгэхээр бид өөрсдийн баримталдаг үзэл онолд анхнаасаа “хийдэл” гаргахгүй, цэврээр хадгалж, хамгаалж байхгүй бол уг термин хэрхэн гуйвж, яван явсаар өөрийн эсрэг утгыг илэрхийлдэг болохыг Мизэс Либерализм зохиолдоо тод харуулсан билээ. Монгол хэвлэлд зориулан бичиж буй энэхүү эссег минь уншиж буй хүмүүс романыг уншиж дууссаныхаа дараа дахин нэг уншаад үзээрэй. Тэгэхэд энэхүү эссений минь утга санаа бүр ч тодорхой харагдах болно. Энэ роман бол амьдралын либертари хэв маягийн тухай ном.
 
     Амьдралын либертари хэв маяг хэчнээн нэр төртэй, бахархууштай ч гэсэн хэцүү. Яагаад гэвэл бүхий л үүрэг, хариуцлагыг өөрөө үүрнэ. Өөр шигээ хүнд гэм хор учруулж болдоггүй. Төрд очоод хуулийн нэрээр бусдаас “дээрэмдсэн” мөнгөөр тансаглахыг зөвшөөрөхгүй. Эсвэл заль мэх, луйвар, дээрэм, аргаа ядахад гуйлга гуйж шаналгасаар байгаад хажуу дахь нэгнийхээ хармаа руу гараа дүрэхийг яс махнаасаа үзэн ядна. Идэх хоолгүй шахам болчихоод байсан Роарк өөрт нь туслах гэсэн саятан найзынхаа саналд хариу хэлэхдээ “Нөхөрлөлөө хадгалъя гэж бодвол дахиж ийм зүйл битгий хэлээрэй” гэж хэлээд, ил уурхайд очиж газар ухдаг. Гэхдээ Роарк хийсэн зүйлийнхээ хөлсийг авахаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Учир нь тэр эгоист. Ямар ч хүн өглөг өгсөн хүнээс (аль эсвэл төрөөс) хараат болдог. Тиймээс өглөгөөс хараат бус байхыг үүрэг-хариуцлагаа өөрөө үүрэх гэж хэлээд байгаа юм. Хэрэв чи өөрөө үүрэх ёстой үүрэг-хариуцлагаа төр юмуу өөр хүнд өгөх юм бол түүнээс хараат болно. Учир нь цаадахи чинь чиний боол биш болохоор дандаа чиний өмнөөс хариуцлага хүлээгээд байхыг хүсэхгүй. Зохих эрхээ шаардана.
 
     Тэр эрх нь чамайг мэдэх эрх байх болно. Ингээд чи өөрөө өөрийгөө мэдэхээ болино. Харин чи бүх юмаа өөрөө даах аваас хэнээс ч хараат бус байж чадна. Либертари зарчимд хамгийн харш үзэгдэл бол шийдвэр гаргах болохоороо ганцаараа гаргачхаад, сөрөг үр дагавар учирвал бусадтай хамт үүрэх, эерэг үр дагавар гарвал ганцаараа хүртэх гээд байдаг явдал юм. Гэтэл амжилт ч таных байдагтай адил, алдаа ч мөн таных байх ёстой. Амжилтыг амтат жимс гээд алдааг аюумшигт хор лугаа үзэж болохгүй. Амжилт төдийгүй алдаа нь бидний аугаа багш билээ. Психологи талаас нь авч үзэх юм бол коллективизм нь ганцаар хариуцлага хүлээхээс эмээгсдээс үүдэлтэй феномен. Коллективистуудын үндсэн шинж бол олонхид таалагдах явдал. Тэд сүрэглэсэн үедээ л зоригтой. Арван хүний зургаа нь өөрийнх нь эсрэг санал өгвөл тэдний хөмсөг бууна, долоо нь эсрэг өгвөл урвайчихна, найм нь эсрэг байвал сүр сүлд нь арилна, ес нь эсрэг саналтай байвал амьд сүг болно. Нам, эвсэл, фракци, бүлэг, түр хороо энэ тэр бол дандаа коллективист психологи дээр тулгуурладаг. “Буруу байсан ч хамаагүй гол нь бүлэглэх хэрэгтэй, зөв байх нь бага хэрэг, гол нь ганцаараа байж болохгүй” гэцгээнэ. Ингэж коллективист хүн бусдаар амьдардаг бол харин индивидуалист хүн өөрөөрөө л амьдардаг. Энэ утгаараа индивидуалист хүн хэнд ч ямар ч хор хөнөөл, гэм зэм учруулдаггүй. Ингээд та бүхэн либертари үзэл санаа нэвт шингэсэн романтай танилц!
 
     Либертари үзэл санааг онолын хүрээнд, өөрөөр хэлбэл, танин мэдэхүйн категори, термин хэрэглэн бичихэд энгийн ухамсрын түвшинд ойлгоход хүндрэлтэй тал гардаг бол уран зохиолын хэлээр илэрхийлсэн энэ бүтээлд амьдралын либертари хэв маягийг маш ойлгомжтой илэрхийлжээ. Роарк, Камерон, Маллори, Доминик, Уайнанд, Түүхэй, Кийтинг, хатагтай Кийтинг, Франкон, Катерин гээд бусад олон дүрийн талаар маргая, хэлэлцье, эргэлзье, бахадъя, биширье. Бас үзэн ядах сэтгэл ч төрж таарна. Ямар ч байсан энэ роман Монголын шинэ үеийн олон хувь хүний “эх сурвалж” болно гэдэгт итгэлтэй байна!