Бас п яаая даа гэмээр их хичээлтэй битүү хичээлтэй. Ядарсан л даа, гэхдээ үнэхээр кайфтай. Өнөөдөр гурван "паар" хичээл англи хэл дээр явагдсаныг ч хэлэх үү, жирийн өдрүүдийг бодвол арай илүү ачаалалтай байлаа. Одоохондоо англи лекц монгол хэл дээрхийг бодвол хэцүү санагддаг хэвээрээ л байна. Хэзээ нэг "сая англиар ярьчихав уу, монголоор ярьчихав уу" гэж андууртлаа энэ хэлийг сурах юм бол доо. Зүүдэндээ Шекспиртэй англиар цэц булаалддаггүй юм аа гэхэд хэрэлддэг болчихвол ч одоо юу ярихав. "Английн түүх" хичээл миний хамгийн дуртай хичээлүүдийн нэг.
 
Дэвид гэх 60 гарсан хөгшин багш бидний хэдэн шавийгаа хичээлийн цаг гучин минутын турш сургуулиас байтугай Монгол улсаас нисгэн хэдэн зуун жилийн өмнөх "байцаан" даашинз, "болдоггүй" хаадын өргөөнд аваачдаг шидтэй нэгэн. Бид ч тэр чулуун харшуудад нь юу болоод өнгөрсөн, монхор хамартай шонтгор нөхдүүд юу юу бүтээж, юу юу нураасан тухай эртний зэрлэг үеэс нь өнөөг хүртэл Элизабет хатан хааны хормойн доогуур нэгжих нь холгүй судалж байгаа. Анх харахад эв хавгүй өндөр, монхор хамар, яг дагзандаа халзан хэрнээ хамгийн богино үснээс минь ч урт намирсан үстэй, туранхай, нэг л инээдтэй, багш гэхээсээ илүү жүжигчин, нарийхан ороолтоо дангаар нь ороочихоороо уран зураач баймаар санагдаж байсан энэ эрхэм одоо нэгэнт миний амьдралд чухал байр суурь эзлэх хүн болжээ.
 
Түүний хичээлээ зааж байгаа, оюутнуудтай харьцаж байгаа, хичээл дээр энгийн, чөлөөтэй хэрнээ ажил хэрэгч уур амьсгап үүсгэж чаддаг нь гайхмаар. Ер нь ихэнх монгол оюутнууд хичээл дээр чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөөрөө байж чаддаггүй. "Яагаад?", "Айгаад байдаг ЮМ аа" гэнэ. Сонин шүү. Үгүй бол ганц үг дуугарахаараа л буруу зөрүү юм яриад, юу юугүй цэнэггүй хараал урсгаад эхэлчихдэггүй л байлтай. Уг нь багш нар, ялангуяа мэргэжлийн хичээлийн багш нар хэдэн оюутнуудаа яриулах гэж, амнаас нь хэдэн үг унагачих гэж ямар их зүтгэдэг гэж санана аа. Арай л гуйж гувшихаас наагуур юм болно доо. Бүр болохгүй бол уурлаж үзнэ. Тэгэж уурлахаар нь нөхдүүд "айна". Үгүй уурлалаа гээд 10-н жилийн зарим багш шиг нүдээд эхлэх биш, ширүүхэн шиг учирлаад л өнгөрнө шүү дээ. Үгүй бол нөхдүүд 10-н жилд байхдаа учиргүй буруу зөруу, "болохгүй юм" яриад багш нартаа зодуулдаг байсан байж магадгүй юм.
 
Би 10-н жилд байхдаа нэг удаа ангийн багшдаа ундааны саваар хэд цохиулж байсан юм. Цагаан цамц өмсч ир гэж загнаад, загнаж байхдаа "яв, одоохон очиж өмс" гээд байхаар нь "гаръя, явъя" гээд ангийхныгаа дагуулаад гарчихсан юм. Гэтэл "том толгойтой, их нөхдүүд"гээд л жагсааж байгаад хоосон "Витавит" ундааны саваар "зодож" билээ. Хоосон савны хөнгөнийг хэлэх үү ер өвдөхгүй хэрнээ сургуулийн коридороор нэг пис пас хийсэн чимээ гараад л, цохих болгонд нь задгай байсан үс дагаж хийсээд л...сүртэй гэдэг нь. Аягүй бол ангидаа гэмгүй сууж байсан нөхдүүдийн хөлс нь бурзайж суусан байх. Харин бид гаднаа нэг их гэмшсэн, өвдсөн царай гаргаад л дотроо инээгээд зогсч байсан. Үүнээс өөрөөр тэгтлээ шийтгүүлж байгаагүй болохоор би ийм бодолтой болчихсон юм уу, мэдэхгүй. Харин манай ихэнх оюутнууд тэр ангид сууж байсан хүүхдүүдийн "нэгүүд" байсан бололтой. Дэвид багшаас хүртэл айна. Одоо ч манай хүн бараг дасчихсан.
 
Энэ талаар бодлыг нь асуухаар нөгөө л нийгэмшүүлэх, хамт олонч, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болгох чиглэлийн хичээл дутмаг байгаагаар тайлбарладаг юм. Англид бол оюутнууд тал цагаа хичээлдээ, үлдсэн цагаа сургууль дээрээ байдаг бүжиг, жүжиг, дуу хөгжим, уран зохиол, тодорхой спортын төрлүүдээр хичээллэхэд зориулдаг аж. Бид хэзээ нэг тийм болох юм бол доо. Тэр хүртлээ айсаар л суугаад байх байх даа...