Ардчилалд шилжсэнээс хойшх сүүлийн арван жилд Монголын иргэд яг л хошин урлагынхны хошигнодог шиг ардчилсан нийгэмд шилжсэн ч юм шиг, шилжээгүй ч юм шиг, эрх зүйт төрийг байгуулаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг, улс орон нь хуультай ч юм шиг, хуульгүй ч юм шиг нэг л их эмх замбараагүй хаос орчинд үл мэдэгчийн дүр эсгэн амьдарч байна.
 
  Бид юуг зорилт болгож, юуг зорилго болгож эцэг хуулиндаа тунхагласнаа төр нь ч, ард иргэд нь ч энэ 18 жилийн хугацаанд мартсан гэлтэй.
 
  Түүхийн шарласан хуудсыг эргүүлж үзье. Жишээ нь: БНМАУ-ын үндсэн хууль /1960 он/-ийн оршилд “БНМАУ-ын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн” гэж заасан нь тухайн үед баримталж байсан улс төрийн бодлогын гол чиг шугам байв. Тэгвэл Монгол улсын шинэ Үндсэн хууль /1992/-инд Монгол улс нь “Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно“ хэмээсэн нь шинэ нийгмийн, шинэ төрийн улс төрийн бодлогын чиг замыг тодорхойлсон хэрэг байлаа. Бид­ний дээр дурдсан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн суурь гүн хөрс нь эрх зүйт төрийн тухай ойлголт бөгөөд өнөөгийн бидний нийгмийн харилцааг зохицуулах гол ой санамж, уураг тархи нь мөн л эрх зүйт төрийн тухай ойлголт юм.
 
  Эрх зүйт төр гэж ямар ойлголтыг хэлэх вэ? - “Эрх зүйт төр” /Rechtstaat/ хэмээх нэр томъёо нь нэлээд хожуу, XIX зууны эхний хагаст Германы хууль, эрх зүйн зохиол бүтээлд анхлан хэрэглэгдэж эхэлсэн. Энгийнээр илэрхийлбэл эрх зүйт төр нь хүний эрх, эрх чөлөөг хангах, түүнийг аливаа хууль бус, дур зоргоор авирлах, хүчирхийллээс тууштай хамгаалах үүднээс эрх зүйн ноёрхлыг дээдэлдэг, түүнд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг орчин үеийн ардчилсан төрийн сонгодог хэлбэр гэж ойлгож болно. Эрх зүйт төр нь төрийн засаглалыг оновчтой зохион байгуулах үйл ажиллагаа болон хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааны бодит биелэл бөгөөд хүн төрөлхтний төрт ёсны хөгжлийн үр дүн, соёл иргэншлийн чухал ололтуудын нэг юм. Энэ ч учраас эрх зүйт төр нь орчин үеийн төрт ёсны хөгжлийн гол загвар болж байгаа билээ.
 
  Р.Моль хэмээх нэгэн ухаантан өөрийн сийрүүлэн бичсэн “Төрийн ухааны нэвтэрхий толь” бүтээлдээ - эрх зүйт төр нь иргэд нь төрөөс нийтлэг зорилгоо хэрэг­жүүлэхийг шаардах, хувийн эрх чөлөөний хувьд юуг зөвшөөрсөн хийгээд юуг хязгаарласныг ухамсар­лан ойлгох, төлөөлөх эрхээ баталгаатай эдлэх гэсэн иргэний эрхтэй салшгүй холбоотойгоор оршин тогтнох тухай тэмдэглээд түүний оршин тогтнох уг үндэс нь иргэний эрх чөлөө болохыг өгүүлжээ.
 
  Иргэний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэж, түүнийг эдийн засаг, улс төр, хууль, эрх зүйн баталгаагаар найдвартай хангах нь эрх зүйт төрийн үндсэн шинжийн нэг төдийгүй, төрийн ардчилсан мөн чанарыг илэр­хийлдэг гол хүчин зүйл мөн.
 
  Хууль дээдлэх ёс эрх зүйт төр төлөвшин хөгжих гол зарчим юм. Судлаачдын үзэж байгаагаар ардчилсан нээлттэй нийгэмд нийгэм - улс төр, эдийн засаг, экологийн харилцааг зохицуулж байхын тулд 1000-с доошгүй хууль эрхийн акт хэрэгтэй байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг юм билээ. Гэтэл манай улсын хууль тогтоох дээд байгууллагын эрхэм гишүүд дотор суурь судалгаа хийдэг мэргэжлийн хуульч, нийгмийн инженерүүд гэгдэх цэвэр нийгмийн салбарын мэргэжилтнүүд тун цөөвтөр байгаа учраас, улс төрийн ашиг сонирхлын нөлөөлөл хэт түрэмгий байгаагаас болж хууль боловсруулах үйл явцад олон алдаа дутагдал, нугалаа завхрал гарч байна. Энэ нь эрх зүйт төрийг төлөвшүүлэх манай улсын эрхэм зорилгыг олон талаар сатааруулж, үйл явцыг нь удаашруулж байна.
 
Жишээ нь :
 
1) Хууль боловсруулах үйл явц /улс төрийн ашиг сонирхлын зөрчил­дөөнөөс үүдэлтэйгээр/ удааш­­ралтай байгаа учраас нийгмийн олон харилцаа зохицуу­лалтгүй үлдэж энэ нь эргээд нийгмийн хөгжилд чөдөр тушаа болж байна.
 
2) Дээр дурьдсанчлан мэргэжлийн ур чадвар дутуугаас нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй чанар муутай хууль олноор төрж байна.
 
3) Үндсэн хууль болон салбар хуулиудын хоорондын зохицол, харилцан хамаарал, уялдаа холбоо муу байгаагаас хамаарч хууль зөрчсөн хууль олноор батлагдах болж энэ нь эргээд нийгэмд зөрчил үүсгэх, эмх замбараагүй байдлыг өөгшүүлэх гол үндэс болж байна.
 
4) Монгол улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн үйл явцтай уялдуулан зайлшгүй өөрчлөх ёстой байтал улс төрийн нөхцөл шалтгаан, ашиг сонирхлын зөвшилцөл мэтийн асуудлаас хамаатуулан одоо хүртэл гацаасаар байна.
 
5) Өмнө батлагдсан хуулиудыг цаг хугацааны болоод нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан мөн нийцүүлэн өөрчлөх, шинэч­лэх ажил маш удаашралтай байгаагаас болж нийгэмд бухим­дал үүсгэх нэг үндэс болж байна. Нэгэнт батлагдсан хууль нь хөдлөшгүй, өөрчлөгдөшгүй зүйл биш юм. Хууль нь хүний нийгмийн харилцааг зохицуулдаг учраас уян хатан чанартай байх ёстой.
 
6) Хууль тогтоох дээд байгууллагаас баталж байгаа хууль бол нийтийн хүсэл зориг /таалал/-ийг илэрхийлэгч байх ёстой. Уг батлагдсан хууль нь аливаа эрх чөлөөг үгүйсгэх, хязгаарлах бус харин ч түүнийг хамгаалах, өргөтгөх зорилготой байх ёстой. Хууль нь хууль байхын тулд бус хүний тусын тулд л хууль болж батлагдах хэрэгтэй юм. Жишээ нь : саяхан баталсан нэгэн хуульд инээдэмтэй нэгэн заалт оржээ. Төрийн жинхэнэ албан хаагч цэргийн алба хаасан байх ёстой гэнэ. Жишээ нь : хараа муутайгаасаа болоод, эсвэл гох дарах хуруугаа хөрөө рааманд тайруулсныхаа төлөө цэргийн албанаас бүрэн чөлөөлөгдсөн Монгол улсын иргэн биологийн болон эд эрхтний чадавхиасаа хамаарч төрийн албан хаагч болох эрхээ хасуулах болж байна.
 
7) Хууль тогтоох төрийн дээд байгууллагаас батлагдаж байгаа олонхи хууль нь төрийн эрх ашгийг илүүд бодох, тодорхой улс төрийн нам, бүлэглэлүүдийн эрх ашгийг илэрхий хамгаалах, төрийн өмч хөрөнгийг илүү найдвартай хамгаалах ёстой гэх мэтийн үзэл баримтлал доор боловсрогдон гарч байгаа нь эрх зүйт төр төлөвшин хөгжих гол зарчимыг илт алдагдуулж байгаа нэг арга хэрэгсэл болно.
 
  Платон “Хэрэв хууль нь ямар ч хүчгүй, өөрөөр хэлбэл, ямар нэг засаглалдаа захирагддаг бол энэ төрийн мөхөл ойрхон байна. Харин хууль нь засаглалын дээр, бүхний дээр байж, тэд хуулийн “боол” нь байвал энэ нь төрийн аврал, бурханаас төрд хайрлаж болох бүхий л сайн сайхан бэлэг юм” хэмээн “Хуулиуд” зохиолдоо онцлон тэмдэглэжээ.
 
8) Батлагдаж байгаа хуулийн багагүй хувь хэмжээ нь нийгмийн халамжийн асуудалд чиглэгдэж байгаа бөгөөд энэ нь өнгөн дээрээ нийтийн эрх ашгийн тусын тулд мэтээр харагдавч цаад бодит агуулга нь иргэдээ идэвхигүй, хүлцэнгүй, дорой буурай байдал руу түлхэж байгаагаараа хамгийн харгис шинжтэй хууль болон илэрхийлэгдэж байна.
 
9) Хууль тогтоох дээд байгууллагаас батлагдан гарч байгаа хууль дотоод агуулгын хувьд зөрчилтэй, олон улсын эрх зүйн гэрээ, конвенци, зүйл заалтыг зөрчсөн байх нь хэвийн үзэгдэл болох хандлагатай байна.
 
10) Эцэст нь хууль тогтоох дээд байгууллагыг бүрдүүлдэг ардчилсан чөлөөт сонгуулийн эрх ард түмний эрх мэдэлд байна уу аль эсвэл эрх баригч улс төрийн намуудын эрх мэдэлд байна уу гэдэг асуудал юм.
 
  Хуулийн шудрага болон шудрага бусын тухай асуудал бол уг хууль эрх зүйн шинжтэй эсэх, эрх зүйд нийцэж байгаа эсэх асуудал юм. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэж, түүнийг эдийн засаг, улс төр, хууль, эрх зүйн баталгаагаар найдвартай хангах нь эрх зүйт төрийн үндсэн шинжийн нэг төдийгүй, төрийн ардчилсан мөн чанарыг илэрхийлдэг гол хүчин зүйл мөн.
 
  Хэрвээ Монгол улс эрх зүйт төрийг байгуулах эрхэм зорилтыг өөртөө хүлээж байгаа бол тэр эрх зүйт төр нь хүний эрх, эрх чөлөөг зөвхөн тунхаглан зарлах төдийгүй, түүнийг хэрэгжихүйц нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ.
 
  Эрх зүйт төрийн туйлын зорилго нь нийгэмд эрх зүйн ноёрхол тогтоох явдал юм. Төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомж нь иргэдэд төдийгүй төрд ч өөрт нь зайлшгүй хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тэр цагт нь хууль, эрх зүйн ноёрхол тогтох юм.
 
  Нөгөө талаар эрх зүйт төр төлөвшихөд иргэний нийгэм бүрэлдэн тогтсон байх явдал чухлаар нөлөөлнө. Учир нь эрх зүйт төр нь угтаа төр, иргэн хоёр харилцан үүрэг, хариуцлага хүлээж, харьцангуй тэнцвэртэй орших арга юм. Нэг талаас төр нь иргэд хийгээд түүний нэгдэлтэй харьцуулахад ямагт хүчтэй байдаг хэдий ч нөгөө талаас иргэний нийгэм нь төр, түүний байгууллага, албан тушаалтны зүгээс хууль бус, дураар авирлах явдлыг хязгаарлаж байдаг. Иймд иргэний нийгэм хийгээд төр нь бие биеэсээ хамааралтай, харилцан нөхцөлдсөн ойлголтууд юм.
 
  Философич Альберт Камю­гийн “Дарлагдсан ард түмэнд эрх гэж үгүй хойно, жинхэнэ үүрэг гэж байхгүй” гэдэг шиг эрх зүйт төрийн үед бие хүн төр нийгмийн өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээхийн сацуу эрхээ эдлэх, төр-улс нь иргэдийнхээ өмнө үүрэг хүлээж засаглах эрхээ эдэлж байх учиртай.