Явцын шалгалт гэдэг гэнэт ухаарлын өдрүүд эхэлчихсэн, нэг их ойлгож мэдэрсэн нөхдүүд сургуулиар дүүрэн. Номын сангийн суудал дүүрч, коридорт сууж хичээл хийх оюутнууд хаа сайгүй харагдах боллоо. Коридорт ч сандал олдохгүй болохоор одоо яаая гэхэв, чигээрээ гуанз. Гэхдээ манай хоёрдугаар байрны гуанз гэж орсноос ороогүй байсан нь дээр газар. Ганц хоол авч идсэн биш бүхэл өдөржин, хувцасаа солихгүй бол бүтэн хоёр өдөр ч “Би хоол идсэн хүн шүү”, идсэн идээгүй “би хуушуур идсэн хүн шүү” гэж зарлах хэрэг гарна. Сайн нунтагаар угаахгүй бол арлихааргүй хуршсан муухай үнэртэй хэрнээ ихэнх хоол нь бусад гуанзтай адилхан үнэтэй. За тэр үнэр нь яахав гэхэд яг тэр үнэр шигээ хоолтой нь даанч тоогүй.
 
  Болороо найз маань нэг удаа төмсний хучмал авсан юм. Юун хучмал, “төмсний дэвсмэл” байсан даа. Дор хаяж гурван түнтийсэн том төмс хагас дутуу нухаад доор нь блинчик шиг нимгэн мах “дэвсчихсэн” юм шиг харагдсан. Хөөрхий найз маань авсан хоолоо хараад нүдэндээ ч итгэсэнгүй, багахан хэмжээний цочролд орсон гэхэд бараг болно. Тэгээд “Хүүе эгч минь ээ, мах нь хаа байна аа? Та махыг нь хийхээ мартчихсан юм уу?” гэхэд нь бараг “Ойрын харааны шил зүү, үгүй бол томруулдаг шил авч явж бай” ухааны юм ярьсан гэж байгаа.
 
  Юм болгоныг тэгээд томруулдаг бол гоё оо, энэ жижигхэн пирожкийг нь харсаад байгаад гуанзтай нь дэлбэлчих юмсан гэсээр бид сургуулийнхаа “үмхий хаант улсаас” гарлаа.
 
  Ингээд нэг хэсэг бидний хэдэн охид чинь хоолны эрэлд гарч өгсөн гэж байгаа. Их сургуулийг тойрсон гуанзнуудын олныг хэлэх үү, бидний хоол идэх дуртайг хэлэх үү, “оюутан гуанз” сэдвээр судалгааны ажил бичихээр болсон доо бид. Хоол голж явдаг мөн ч цамаан оюутнууд шүү бид. Арван жилд байхад “ядуу оюутан” гэдэг үг сонссоор байгаад ямар сайндаа оюутны үнэмлэхээ “ядуурлын гэрчилгээ”гэж байхав. Түй түй түй... Гэхдээ аав ээж, арван хурууныхаа буянд хоол голохтойгоо л явна.
 
  МУИС-ийн бүх байрны гуанзыг дуусгалаа. Яахав ээ, янз бүр л юм билээ. Гэхдээ манайхаас муу газар үнэндээ байхгүй нь нэг бодлын баярламаар, хоёр бодлын гутармаар...
 
  Одоо манай “цамаан бүлгийхэн” аарц тавдугаар байранд, ногоотой шөл дөрөвдүгээр байранд, нийслэл салат нэгдүгээр байранд, хоёрдугаар хоол Твинкэлд, зоос арвин бол Сэнтосад, цаг их байвал Батбайгальд ордог болоод байгаа. Үгүй яахав ээ, болоод байгаа юм.
 
  Оны төгсгөлд номинаци зарлаж байгаад шалгаруулалт хийвэл ч овоо юм гарч ирнэ дээ. Оны шилдэг порц, оны хамгийн удаан хордлого, оны нимгэн хуушуур, оны хамгийн олон махтай цуйван, оны хамгийн зуурмаг шиг аарц гээд л... Халуун хоолны ууранд ууссан шинэ жил, шинэхэн найз залуу, шалгалтын хуваарь, цасны зугаалганы яриа ч ид өрнөсөөр, бид идсээр л хэхэ.