Сүүлийн жилүүдэд “Мон­голоос ирлээ” гэж өөрс­дийгөө танил­цуулсан ганц хоёроороо болон хэсэг, бүлгээрээ явж буй жуулчид гадныханд улам илүү танил болж байна. Монголчууд зөвхөн Бээжин-Утай Гүмбэн гэлтгүй Хайнань, Чэжү арал, Хонконг, Сингапур, Тайланд, бүр цаашлаад Итали, Франц, АНУ, Япон зэрэг улсад очин амарч, жуулчилдаг болжээ. Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд “Монгол жуулчин” гэсэн ойлголт шинээр орж ирж байна.
 
  Найз нөхөд, ойр дотныхоныгоо ажиглаад байхад гадаадад зорчих­доо зарим зүйлийг анзаарч, хайх­раагүйгээс болж цаг хугацаа, мөнгө хөрөнгөөрөө хохирох асуудал цөөнгүй гарч байна.
 
  Монголын жуулчдад зориулан тусгайлан гаргасан ном товхимол болон сонин, сэтгүүл, вэбсайтын мэдээлэл ч харьцангуй ховор байна. Иймд виз, даатгал, нислэг, мөнгө, зочид буудал, харилцаа холбоо зэрэг асуудлаар өөрийнхөө аялалын туршлагаас та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Хэн нэгэнд хэрэг болж магад. Виз. Шенгений гэрээнд 2008 оноос Польш, Чех, Словак, Унгар, Латви, Литва, Эстони, Словен, Мальта улсууд шинээр нэгдэн орсон. Өөрөөр хэлбэл, та нэгэнт Шенгений виз авсан бол өмнө нь зорчих эрхтэй байсан улсууд дээр нэмэгдээд эдгээр есөн улсад тусгайлан виз авалгүй чөлөөтэй зорчих боломжтой. Мөн энгийн “Е” паспорттай Монгол улсын иргэд Тайланд, Турк улсуудад визгүй зорчдог болсон. Гадаад яамны албан ёсны вэбсайтын “Визийн нөхцөлүүд” гэсэн 2007 оны 8-р сард шинэчлэгдсэн хуудсанд Турк улс руу энгийн паспорттай иргэд визгүй зорчдог болсон мэдээлэл ороогүй байна. Уг нь төрийн яамны албан ёсны вебсайтад иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл байх ёсгүй юм.
 
Даатгал. Герман зэрэг зарим улсын ЭСЯ виз хүссэн монгол иргэдээс даатгалд заавал хамрагдсан байхыг шаарддаг. Одоогоор Монголын даатгалын ихэнх компаниуд гадаадад зорчигс­дын даатгал хийж байна. Гэхдээ таныг гадаадад зорчиж байх үед даатгалын гэрээнд тусгагдсан аливаа хүндрэл үүссэн бол дараа нь нөхөн төлбөрөө олж авах нь бараг боломжгүй зүйл юм. Надад нэгэн удаа ийм тохиолдол гарсан ч ямарваа нэгэн хэлбэрээр нөхөн төлбөрөө авч чадаагүй. Ер нь Монголд даатгалын салбар сул хөгжсөн нь даатгуулагчид нөхөн төлбөрөө чирэгдэл багатайгаар, бүрэн гүйцэд авч чаддаггүйтэй холбоотой юм.
 
Нислэг. Монголоос гадаад руу чиглэсэн иргэний агаарын тээврийн зах зээлд үндсэндээ МИАТ, Кореан Эйр, Аэрофлот компаниуд ноёлж байна. МИАТ-ын хувьд Монголын иргэдэд тийзний үнэ нь харьцангуй хямд тусдаг ч, ялангуяа аялал жуулчлалын улирал эхэлсэн үед олдохоо больдог. Мөн нислэг үйлддэг чиглэл цөөн, өөр компанийн онгоцонд дамжин суух байдлаар тийзээ авах боломж хомс. Ийм учраас Монголоос зүүн тийшээ аялах зорчигчдын ихэнхийг Кореан Эйр, баруун тийшээ аялах зорчигчдын ихэнхийг Аэрофлот компани тээвэрлэж байна. Кореан Эйр-ээр нисэхэд ерөнхийдөө боломжийн үйлчилгээтэй, Инчоны нисэх буудлаар дамжин өнгөрөхөд ая тухтай байдаг.
 
  Харин та Аэрофлотоор нисэхээр шийдсэн бол цөөнгүй асуудалтай тулгарахад бэлэн байх ёстой. Юуны өмнө, та онгоцны тийзээ хямд ангиллаар худалдан авсан бол дараа нь түүнийгээ ямар нэгэн шалтгаанаар өөрчлөх шаардлага гарвал энэ жилээс 150 еврогийн төлбөр төлөх болжээ. Өмнө нь зөвхөн тийзний цаасны үнэ гээд таван доллар аваад л сольдог байсан. Ер нь хэдэн жилийн өмнө Аэрофлотын тийзний үнэ харьцангуй хямд байсан бол одоо нилээн үнэтэй болсон байна. Тийзээ авсны дараа та суудлууд нь хоорондоо хэтэрхий ойрхон онгоцонд шпрот шиг шахагдан явсаар Москва хүрнэ. Ялангуяа өндөр нуруутай, урт чацтай хүмүүст бол бүр хэцүү. Харин Аэрофлотын онгоцны үйлчлэгчид нь хэдэн жилийн өмнөхөө бодвол зан ааш нь арай л дээрдсэн юм шиг байна.
 
 Шеремьетово онгоцны буудал дээр Орос орны өнөөгийн дүр төрхтэй танилцаж болно. Суух сандал олдохгүй, тохь тухгүй, duty-free дэлгүүрүүдээр дүүрсэн буудал. Энд яагаад ч юм Улаанбаатараас Европ руу явж буй монголчуудын паспортыг Оросын хилийн шалганыхан болон цааш нисэх компанийн төлөөлөгч оросууд нарийвчлан шалгана. Ялих шалихгүй зүйлээр өө сэв хайж, асуудал үүсгэх нь цөөнгүй. Харин Европоос буцаж Улаанбаатар руу нисэх үед таныг бараг хэн ч шалгахгүй.
 
  Үүгээр бүх асуудал дуусахгүй. Европт юмуу, Монголдоо ирээд буухад ачаанд өгсөн чемодан, цүнхийг чинь Шеремьетово буудлын ачигчид эвдэж ураад, дотор нь байсан архи, виски, вино болон бусад үнэ цэнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хулгайлсан байх магадлал тун өндөр. Энэ тохиолдолд та ачаагаа хүлээж авсан даруйдаа тухайн компанийн төлөөлөгчид бүртгүүлэн, хохир­лоо төлүүлэх хэрэгтэй. Ер нь та Аэрофлотын онгоцоор Шеремьетово онгоцны буудлаар дамжин нисэхээр бол ачаанд эд зүйлсээ өгөх нь тун эрсдэлтэй үйлдэл юм.
 
  Онгоцоор нисэхэд анхаарахад илүүдэхгүй бас хэдэн зүйл бий. Гар тээшинд шингэн зүйл авч явах хориотой болсон тул гааль, хамгаалалтын албаныхан хурааж авна. Харин duty-free дэлгүүрээс шингэн зүйл худалдан авсан бол зориулалтын лацтай уутанд хийлгэх хэрэгтэй. Кореан Эйр, Аэрофлотоор дамжин нисэхээр бол нэг хотод буугаад өөр хотоос буцан ирэхээр тийзээ авах боломжтой бөгөөд ингэж явахад үнийн зөрүү бараг гардаггүй. Мөн та эдгээр компаниар байнга үйлчлүүлдэг бол бонус картыг нь авчихсан байхад илүүдэхгүй. Бонус карт ашигласнаар нис­лэгийн зайнаас хамаарсан оноо цуглуулан төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх боломжтой болдог.
 
Мөнгө. Сүүлийн жилүүдэд Монголд Visa, Master зэрэг картын хэрэглээ их болсон. Тиймээс таньд гадаадад явахдаа банкны картаа хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр та бэлэн мөнгө авч явах эрсдэлээс хамгаалагдана, мөнгөө солиулахын тулд заавал exchange оффис хайж явах шаардлагагүй болно, мөн олон төрлийн үйлчилгээ авахад барьцааны үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна, та Монголоос гарахын өмнө болон хойно гадаадын улс, орнуудын хооронд зорчих онгоц, галт тэрэг, автобусны тийзийг интернэтээр хямд худалдан авахад банкны карт хэрэг болно.
 
Зочид буудал. Та гадаад улсад очихдоо зочид буудалд байрлах шаардлагатай бол банк­ны кредит картын дугаараа өгөн захиалгаа интернэтээр урьдчилан өгвөл зүгээр. Ихэнх зочид буудлаас таны захиалгыг баталгаажуулсан и-мэйл ирдэг. Хэрэв та гадаадад байнга хувийн зардлаар зорчдог бол өөрт таалагд­сан аливаа нэг зочид буудлын сүлжээнд гишүүнээр элсэн буудаллавал зарим төрлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Өрөөндөө орсны дараа тухайн буудлын үйлчилгээний танилцуулгыг унших хэрэгтэй. Танилцуулгаас буудалд ямар үйлчилгээ авч болох, тэдгээр нь ямар үнэ хөлстэй, ямар үйлчилгээ нь зочид буудлын өрөөний үнэнд багтсан зэрэгтэй танилцаж болно. Азийн орнуудын буудлын өрөөнд саван, сойз, сам, үнэртэй ус, нүүрний тос зэрэг гоо сайхны нэн шаардлагатай хэрэглээний зүйлс бэлэн байдаг бол, Европын буудлуудад эдгээр зүйлс тэр болгон байдаггүй.
 
Харилцаа, холбоо. “Дэл­хий дээр хамгийн ашигтай бизнес бол зочид буудлын өрөөнөөс гадаад руу утсаар яриулах” гэсэн хошин яриа аялагч­дын дунд байдаг. Гадаадад явж байхад боломжийн үнээр Монгол руу юмуу, өөр улс руу холбоо барих боломж улам их болж байна. Хамгийн хялбар бөгөөд хямд харилцааны хэрэгсэл бол мэдээж интернэт. Үүрэн телефоны яриа болон мессежийн хувьд хэд хэдэн улсад Мобикомын хэрэг­лэгчид үйлчилгээний ангил­лаасаа хамааран роуминг үйлчилгээг ашиглах боломжтой болжээ. Мөн та тухайн зорчиж буй орныхоо үүрэн телефоны компаний тохирох үйлчилгээг хэрэглэж болох юм. Үүнээс гадна, аль ч оронд хямд үнэтэй утасны картууд зарагдаж байдаг.
 
  Эцэст нь өгүүлэхэд та дэл­хийн аль ч өнцөг буланд очсон бай хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол тухайн орны иргэдтэй харьцаж болох хэл юм. Мэдээж очих бүх улсынхаа хэлийг сурах боломжгүйгээс хойш англи хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн байхад хаана ч явсан хэрэг болно. Хэлтэй бол хөлтэй гэсэн зүйр цэцэн үг бий. Та аян замдаа сайн яваарай!