Нэг тэнэг улс төрч маш олон тэнэг улс төрчийг бий болгодог, харин нэг ухаантай улс төрч маш цөөхөн ухаантай улс төрчийг бэлтгэдэг тийм цаг үед Монголчууд бид амьдарч байна.
 
  Хүйтрэх тусам хотын агаарын бохирдол ихсэж “угаарын” хий Улаанбаатарчуудын улаан хоолойг хорсгодог шиг улс төрийн “угаарын” хийгээр хордсон Монголын нийгэм ядарч туйлдсан ард түмнээ тээж ядан дэнжигнэнэ.
 
  Өнөөгийн Монголын “цөвүүн цагийн” улс төрчид, тэднийг баясан дагалдагсад, долдой нарын бүлгүүд иргэний сайн сайхан амьдрал, улс орны хөгжил дэвш­лийн төлөө сэтгэл санаагаа чилээхээ хэдийнээ умартав бололтой. Тэднээс арвитай ач тус, сайн сайхан зүйл горилох хэрэггүй гэдгийг цаг үе нь та бидэнд тун тодорхой хэлээд байх шиг. Тэдний улс төрийн амьдралын хүсэл тэмүүллийн сэдлийг сэд­рээгч гол хэдэн хүчин зүйл нь гэвэл төсвийн хөрөнгөнөөс өөрт хөрөнгө хуримтлуулах, өөрт ашигтай өрөөл олонд халтай харгис шинжтэй хууль батлах, ард иргэдэдээ ихэрхүү дээрэн­гүй загнах, сөрөг хүчин гэгдэх бүхэнтэйгээ сөргөлдөж жөтөөр­хөлцөх, эцэс сүүлд нь энэ бүхнээ баттай болгохын тулд эрх мэдэлд тэмүүлэх болжээ.
 
  Эрх мэдэл, албан тушаал хоёр бал, бурам мэт амттай. Хүүхэд амттанд дурлаад орчноо огоорч амттанаас салж чадахаа больдог шиг эрх мэдэл, албан тушаал хоёроос сайн дураар хагацдаг улс төрч Монголд тун цөөн байна. Эрх мэдэл гэдэг ихэрхүү зангийн адил ханаж цадашгүй. Өнөөгийн улс төрчдийг хэмжээлшгүй эрх мэдлээс өөр юу ч бүрэн цатгахгүй. Тэд ард түмнийхээ мэлмийд бурхантай биш, харин буг чөтгөртэй илүү төстэй мэт харагдах болсон байна.
 
  Өнөөх чөтгөр гоймонд дурлав гэх шиг сэтгэлгээтэй, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж, манай нийгмээс тусгаарлагдаж байх ёстой олон улс төрчид УИХ-д суудал эзлэн тухлаж байхад, УИХ-д байх ёстой хүмүүсийн ихэнх нь харин гадуур өөрөөр сэтгэгч, сэтгэл мэдрэлийн гажигтай хэмээг­дэн гадуурхагдаж байх жишээтэй.
 
  Монголын нийгмийн энэ гаж тогтолцоог шүүмжлэх эрхтэй иргэн хүн бидэнд ямагт олддог ч харин тэр шүүмжлэлийг тэмцэл болгон өрнүүлэх эрхтэй хүмүүс бараг ховордсон нь нэн харамсалтай. Тийм ховор хүмүүсийг миний бие дорд үзэгдэгсэд ба өөрөөр сэтгэгчид хэмээн нэрлэвэл зохил­той мэт санана. Яагаад дорд үзэгдэгсэд ба өөрөөр сэтгэгчид хэмээн тэднийг нэрлэнэ вэ?.
 
  Улс төрийн намууд, олигархиуд, тэднийг тойрон хүрээлэгчид, дагалдан баясагчид, долдой нарын бүхэл бүтэн анги, давхаргууд тэднийг улс төрийн сонгуульд оролцуулахаас эрс татгалздаг төдийгүй сонгуулийн хуулийг ч тэдний эсрэг тэмцэх зэвсэг болгон ашигладаг. Засгийн газар тэдэнтэй хамтарч ажиллахаас эрс татгалздаг бөгөөд дорд үзэгдэгсэд ба өөрөөр сэтгэгчдэд нийгмийн халд­варт өвчин мэтээр ханддаг. Улс төрийн сонгуульд санал өгөх эрхтэй иргэд тэдний үзэл бодол, нийгмийн шүүмжлэлт үзэл санааг ойлгодоггүй юм уу эсвэл тэдэнд итгэл үзүүлж чаддаггүй /яагаад гэвэл дорд үзэгдэгсэд ба өөрөөр сэтгэгчид нийгмийн халамжийн амлалт өгдөггүй, тэдэнд сонгогчдийг худалдаж авах хөрөнгө байхгүй, эцэст нь тэд үнэнийг ярьдаг учраас дургүй байх жишээтэй/.
 
  Бидний хувьд дорд үзэгдэгсэд буюу өөрөөр сэтгэгчид гэж хэн бэ? Тэд бол Монголын нийгмийн бараг устаж алга болж байгаа дундаж давхаргыг тэргүүлдэг бүлэг хүмүүс, сэхээтний давхаргын хам­гийн шилмэл бүлгүүд /шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг г.м олон салбаруудын шилмэл төлөөлөл/, мөн нийгмийн үйл явцад мэдрэмж өндөртэй бүлгүүд /иргэний хөдөлгөөнүүд, тэдгээрийн удирдагчид, жагсаал цуглаанд, тэмцэл хөдөлгөөнд оролцогчид г.м/, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийг төгсөгчид, мөн тэнд оршин суугч манай иргэд, эцэст нь шудрага бизнес эрхэлж байгаа бүлгүүд багтаж байна.
 
  Нийгэмд хамгаас их нэмэр болсон шилдэг санаанууд ямагт дорд үзэгдэгсэд болох өөрөөр сэтгэгчдээс төрсөн байдаг. Өнөөгийн хямралаас гарах онцгой гайхалтай санааг дэвшүүлэх хүмүүс тэдний дундаас гарна гэдэгт эргэлзэх зүйлгүй юм. Бидний үнэн гэж үнэлдэг үнэлэмжийг тэд илэрхийлж чад­даг байхад, харин улс төрчид худал хуурмагийн түвшинг тогтоож, тэднийг дэмжигч олонхи /сонгогчид/ төөрөгдөлд автах нь ердийн зүйл мэт байдаг.
 
  Дорд үзэгдэгсэд буюу өөрөөр сэтгэгчид нь нийгмийн мэд­рэмж сайтай байдаг учраас амьдарч буй нийгмийнхээ өчүүхэн төдий өөрчлөлтийг танин мэдэх чадвартай бөгөөд өөрт хуримтлагдсан мэдлэг, мэдээлэл­дээ тулгуурлан тухайн нийгмийнхээ гадаад ба дотоод орчныг үнэлж цэгнэхийн зэрэгцээ тухайн нийг­мийн­хээ дархлааг үүсгэн тогтоон барьж байдаг. Тэд цэгцтэй, системчлэгдсэн шинжлэх ухааны болон практик мэдлэг мэдээлэл, түүнийгээ боловсруулах, хэрэглэх арга зүйтэй бөгөөд энэ чанар, чадавхи дээрээ тулгуурласан эрхэм дээд үзэл зорилготой байдаг бөгөөд тэрхүү үзэл зорилгодоо туйлбартай, бат тогтвортой зогсох нь гайхалтай.
 
  Хүн хичнээн их ном уншиж, мэдлэг ухаан хураах тутам төдийчинээ ихийг бодож сэтгэж, хүн ихийг бодож сэтгэх тусам оршин байгаа нөхцөл байдлаа улам бүр эргэцүүлэн бодож, түүнийг шүүмжилж эхэлдэг байна. Үүнээс л эхлэн амьдарч байгаа нөхцөл, түүнд тохирсон дэглэмийг үгүйсгэж шинэтгэл хийхийг хүсэмжилж эхэлдэг. Энэ арга зам бол өнөөх л өөрөөр сэтгэгч цөөнх бүрийн туулж ирсэн замнал болно.
 
  Карл Попперийн тодорхойл­сон хаалттай нийгмийнх нь гол дайснуудын нэг нь яах аргагүй бидний тодорхойлж яриад байгаа дорд үзэгдэгсэд буюу өөрөөр сэтгэгчид байгаа явдал нь санамсаргүй үзэгдэл биш юм.
 
  Хэрвээ манай нийгэм өөрийн­хөө оюун санааны ололтуудад, нийгмийн хөгжлийн механизмын инженерүүд гэгдэх ухаантай цөөнх болсон өөрөөр сэтгэгчиддээ итгэхээ болих юм бол, чиг баримжаагаа ч, жолоодлогоо ч алдана гэдэгт та бага зэргийн ч гэсэн итгэлтэй байж болно. Ядаж гэмээ нь нийгмийн гишүүн бүр цөөнхтэй хамт сэтгэж, олонхитой цуг дуугар гэдэг зарчмыг барим­талж явууштай.
 
  Харин өөрөөр сэтгэгчдийг дарангуйлж дорд үзэж байдаг өнөөх олонхийн төлөөлөл гэгдэх болсон улс төрийн нам, тэндээс төрсөн улс төрчид, тэднийг сонгосон намын гишүүд гэгдэх сонгогчид нь өнөөгийн манай нийгмийн хөгжилд хамгийн их садаа болж байгаа хар хүчин болж байна.
 
  Улс төрчид гэгдэх харц гаралтай бүлэг хүмүүс хууль бус хөрөнгө хуримтлуулж, өөрт ашигтай хуулиуд баталж, эрх мэдэлд дур зоргоор тэмүүлж, хүртэх ёсгүй эрхээ хүртсэнээр тархины тураалд орж, оюун сэтгэлгээ нь хаагдаж нийгмийг хар сүүдэр мэт дарж байна. Тэдгээр улс төрчдөд олонхийг төлөөлөх бүрэн эрх олгосон өнөөх ямар нэг намын харьяалалтай гэгдэх сонгогчид нь өөрсдийн маш ихээр хүсч байсан зүйлдээ тун амархан итгэдэг нэгэн болохоо харуулсан нь /эх орны хишиг 1500 000 мянга, эрдэнийн хувь 1000 000 төгрөг г.м/ бас л оюуны хоосролд орсон гэлтэй харагдаж: байна.
 
  Ард түмний нэрийн өмнөөс гэсэн тодотголтой өөрсдийгөө олонхи гэж нэрлээд яваа эдгээр хүмүүс, тэдний байгуулсан хамтар­сан засгийн газрын бодлого гэгч нь цөөнхийн тодруулбал өөрөөр сэтгэгчдийн хувьд өдөр бүр, цаг ямагт эргэлзээтэй болж ирж байгаа нь хамгийн ихээр сэтгэл санаа зовоосон асуудал болж байна.
 
  Улс төрийн олонхи гэгчийн цөм болсон улс төрийн нам бүхний анхаарлыг хэт өөр рүүгээ чиглүүлээд эхэлбэл жишээ нь сайн эцгийн дүр эсгэж татвар төлөгчдийн мөнгөөр бүгдийг халамжлаад, иргэнийг, өрх гэрийг, хот айлыг малтай нь, улс орныг ард иргэдтэй нь халамжлаад байвал тэр нам нь олонхитойгоо унаж сүйрэх нь хамгийн их магадлалтай.
 
  Жавахарлал Неру “Ертөнцийн түүхийг сөхсөн нь” номондоо “Дэндүү их бөөцийлсөн халамж ард түмнээ назгайруулахад хүргэдэг. Хүүхдийг ч, улс үндэстнийг ч халбагаар илбэж хооллох ер нь хортой” гэжээ.
 
  Өнөө үеийн нийгмийн эмх замбараагүй байдлын шалт­гааныг эргэцүүлэн боддог олон хүн сонгуулийн эрхтэй л бол ардчилал тогтлоо гэсэн үг гэж боддог байснаа нэгэнт больжээ. Ардчилал гэдэг бол хүний эрх чөлөө, тэгш байдал, шудрага ёс гэсэн үг бөгөөд гагцхүү эрх чөлөө, тэгш байдал, шудрага ёс тогтсон нийгэмд л ардчилал хөгжих боломжтой юм. Хүн бүрт сонгуулийн эрх олгосноор нийгэм тэгш байдал, шудрага ёс, эрх чөлөөтэй болж чадахгүй гэж өөрөөр сэтгэгчдийн ярьдаг нь бүрэн ойлгомжтой зүйл юм. Насанд хүрсэн бүх хүн сонгуулийн эрхтэй байлаа ч гэсэн тэгш бус байдал, шудрага бус явдал, нийгмийн хязгаарлагдмал эрх чөлөө асар их хэмжээтэй байсаар байгааг өнөөдөр бид харж байна.
 
  Карл Поппер “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” хэмээх номдоо – Бүх нийтийн сонгуулийн тогтолцооны чухлыг анхаарах нь зөв ч, ардчиллыг олонхийн засаглал мэтээр үзэж болохгүй. Хэрэг дээрээ энэ бол нурууныхаа өндрөөр зургаан футээс илүү гардаггүй олонхи нь зургаан футээс өндөр хүмүүст татвар оногдуулахаар шийдвэрлэчих бүрэн боломжтой тогтолцоо шүү дээ. Төр засгийн үйл ажиллагааг ард түмний эрхээр хязгаарладаг нийгэм л иймэрхүү бусармаг явдлаас зайлсхийж чадна. Хэрвээ төр засаг цөөнхийн хэвийн амьдрах бололцоог хангах ёс журмыг хэрэгсдэггүй л бол, тийм дэглэм дарангуйлал болон хувирна “ гэжээ.
 
  Өнөө үед болж байгаа үйл явдал бүхэн өнгөрсөн үеэс төрдөг бөгөөд ирээдүйн эцэг болдог гэсэн нэгэн мэргэн үг санаанд минь ороод ирлээ. Бид ардчилсан хувьсгалыг дутуу хийсэн үү?, бид одоо л алдаагаа засахгүй бол бидний ирээдүй төсөөлөгдөшгүй аймшигаар дүүрэн байна гэдэгт бид итгэх ёстой юу? …