Толгой тархи эргээд, хамаг бие хачин болж, нүдэнд нэг л юм байн байн үзэгдэж, бодол санааг ганцхан зүйл эзэмдээд, шөнө ч унтуулахгүй, өдөр ч зүгээр байлгахгүй лав л долоо хонолоо. Хүмүүст ингэж хэлэхээр дурлачихсан юм уу гэх юм.
 
  Юун тэр хайр дурлал, ханиад шүү дээ энэ чинь. Хоёр хоног гэртээ өнжлөө. Ханиаж халуурах нь хэцүү ч “миний охин юу уух вэ? юу идэх вэ?, яамаар байна?, тэгээд өгөх үү ингээд өгөх үү?” гэсэн өдөр болгон сонсогдоод байдаггүй үгс зогсоо зайгүй сонсоод сайхан л байна. Даанч сонсохоос цаашгүй, ямар ч амттай шимттэй юмны нэр толгойд орж ирэхгүй нь бүр хэцүү юм. Бүр ядаад “Ээж ээ, таны хэлсэн үг ядаж долоо хоногийн чанарын баталгаатай биз дээ?” гэж байхав.
 
  Чухам ажил хэрэгчээр эдгэж байгаад авч идэх юмны жагсаалт гаргаж байтал утас дуугарлаа. Мэссэж бичиж нэгж үрдэг хүнгүй болсноос хойш гар утас маань тооны машин, эсвэл цагны үүрэг гүйцэтгэсээр хэдэн сар болж байгаа юм. “Цагтаа мэссэж дүүрснээс гацаж, дуудлага ирснээс цэнэг нь дуусдаг л байлаа” гэж бодох зуур утсаа аваад унштал “Today helmerchlehui, bichih dadal deer examtai. Bolor” гэж байлаа.
 
  Юу бичсэнээ өөрөө ч ойлгохооргүй эссэ нэгийг, хагас хугас сонсогдсон мэдээний орчуулга нэгийг бичээд л өгчихлөө. 0 авснаас арай дээгүүр оноо авах байлгүй дээ.
 
  Гэхдээ өнөөдрийн хувьд шалгалт тийм ч чухал асуудал байсангүй ээ. Харин хүссэн хүндээ наалдаж зовоогоод байгаа “ханиад нөхрийг” хэрхэн сэхэхгүй болтол нь нам дарах вэ гэсэн асуудал байсан юм.   Охидууд аа гэж, намайгаа дундаа хийж байгаад л зөвлөж гарлаа. Бүтэлтэй бүтэлгүй баахан эмчилгээний туршлага, болсон явдлууд хөвөрсний эцэст овоо хэдэн юм мэдэж авав. Зарим нь бүр загнах нь холгүй харж байгаад л тэг ингэ гээд л урсгаж өглөө. Би айлын эрх охиныг хэлэх үү, доороо олон дүүтэй охидууд ээж шиг санагдахыг хэлэх үү, гэм хийчихсэн хүн шиг л сууж байв.
 
Зөвлөгөө No1 “Адууны шөл буцалгаад дээр нь аарц хийгээд халуун бүлээнээр нь уугаад нам унт”.
 
 Зөвлөгөө No2 “Аяганд мах, сармис, ус хийж давсаар амтлаад түүнийгээ элдсэн гурилаар битүүлээд жигнүүрт хийж болгоно. Битүү шөл гэнэ. Сармис их байвал сайн. Тэгээд дулаан хучаад нам унт. Маргааш нь шүдээ сайн угаагаарай”.
 
 Зөвлөгөө No3 “50-70 грамм архинд нэг халбага элсэн чихэр, нэг ширхэг өндөг хийж хутгаад орондоо орохоосоо өмнө уугаад нам унт. Буцаагаад гаргачихав!”
 
 Зөвлөгөө No4 “нэг аяга архинд хар перец хийж сайтар хутгаад (бага зэрэг халаавал бүр сайн) хоолой амаа түлчихэлгүйхэн ууна. Согтож онигоо болоод хамаг нууцаа дэлгээгүй дээрээ нам унтаарай”.
 
 Зөвлөгөө No5 “2-4 ширхэг сонгино шараад дангаар нь идчих”... Сайн санаат хүмүүстээ баярлалаа. Бүгдийг нь хэрэгжүүлж чадахгүй ч мартахгүй.
 
  Гэхдээ ямарваа юмыг болоод өнгөрснийх нь дараа яах вэ гэх биш, урьдчилаад сэргийлэх нь чухал байгаа юм. Нимгэн явах юм бол ханиад хүрнэ гэж мэдсээр байж ханиад хүрчихээд одоо есөн шидээр аргалах гэж үзэж байгаа би, яг хичээлээ хийхгүй явсаар байвал шалгалтандаа унахыг мэдсээр байж уначихаад сүүлд нь багшийгаа царайчлаад гүйж байгаа оюутантай адилхан ч юм шиг...
 
  Эсвэл бурууг нь мэдсээр байж сонгочихоод сүүлд нь харамсаад, дургүйцээд, тэмцээд, жагсаад, цуглаад, бухимдаад явдаг зарим хүмүүс шиг ч юм шиг...
 
  Юутай ч миний буруу л даа.