Морьноос өөр унаа үгүй, манжаас өөр дайсан үгүй байсан аль ардын хувьсгалын өмнөх үед “Пэээ, машаан гэдэг чинь энэ үү...” гээд алдарт суман хар чийчааныг хаа явсан газар нь хуйларсан олон монголчууд хиртэй хар нударгаар нүдээ нухалж байгаад л будгийг нь халцартал харж байсан байх.
 
  Харин би өчигдөр аанай л тэр үеийн жаал шиг “Хөөх, сонгууль гэдэг чинь ийм юм байдаг юм уу...” гээд цэнхэр дэлгэцээ хагалахаас наагуур ширтээд суулаа. Гэхдээ энэ удаад манай зурагтын дэлгэц улаан, цэнхэрээр алаглаж, заримдаа хар цагаанаар сүлэлдэж байв. Тийм ээ, АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн сонгууль.
 
  Сонгууль гэдэг чинь эв нэгдлийн баяр болохоос улс орноороо хоёр хуваагдаад, “галын наадам” хийдэг баяр биш юм байна. Санал гэдэг бууз хуушуур, мах гурил, аяга тагш юмхан биш, иргэний эрхийг илэрхийлсэн, иргэн болгонд үндсэн хуулиар олгогдсон үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хамгийн хүчтэй хэрэгсэл юм байна шүү дээ.
 
  Сонгогчид нь хэдэн арван метрийн дараалал үүсгэн, усан бороонд ч зогсч байх юм.
 
  Монголд бол хүүхдийн мөнгө, гэрлэлтийн баталгааны мөнгө, үнэгүй бараа, их сургуулийн элсэлтийн бүртгэл дээр л харж болохоор дүр зураг. Ялгаатай нь тэд уурлаж бухимдаагүй байлаа.
 
  Замын нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг гэдэг дээ. Болох ёстой юм болдгоороо л болж Барак Обама ялдгаараа яллаа. Дэлхийн сая сая хүмүүсийн нүдэнд доголон нулимс авчирсан энэ ялалт арьс өнгө, шашин шүтлэг гээд гадуурхаж болох бүх л учир шалтгаантай хүмүүсийн тархинд сэв хийтэл салхи татуулж, зүрхэнд нь зориг нэмсэн үйл явдал боллоо. Би ч яахав хилийн дээс алхаагүй болохоор эрэгтэй “00”, “Хийморийн овоо” хоёроос бусдаар учиргүй ялгаварлуулсан юм байхгүй л явна.
 
  Морьтны хишиг явганд гэдэг дээ. Хаа байсан далайн чанадад байгаа Обама овоо шандастай хүлгээр давхиж байгаа бололтой. Баяр баясал, итгэл найдвар, ухаарал, догдлол, хүлээлтийг бага зэргийн айдас, түгшүүрээр хачирлаж харамгүй тарааж өгсөн. Дэлхий даяар цацсан нөгөө их хишиг нь Дөлгөөн над дээр ч харамгүй бууж бүтэн сар бодсон илтгэлээ төвөггүйхэн бэлдчихлээ. Шинэхэн ерөнхийлөгчийнхөө ялалтын илтгэлийг сонсч, хэдэн үе удмынхаа, аав ээж, эмээ өвөө, элэнц хуланцынхаа өмнөөс нулимсаа тэвчиж ядан уйлах хар арьст өвгөнийг хараад өөрийн эрхгүй хоолой зангираад авсан. Тэгсэн даруйд нь “хүний эрх эрх чөлөө, сонгох ба сонгогдох нь...” гээд урсгасаар, хараад байх нь ээ чамбай илтгэл болчихож.
 
  Дээр нь сонгууль гэдэг хариуцлагатай, ажил хэрэгч үйл хэрэг юм байна. Ялалтын баярын цуурай тарж амжаагүй байхад л хийх ажлын жагсаалт нь баримттай, нотолгоотойгоо гараад ирэх юм. Гэтэл Монголд ялсан тал нь яллаа гэж, ялагдсан тал нь унасан бөхийн олон шалтгаа тоочсоор хэдэн сар ярианы сэдэв, хэрүүлийн алим болдог нь заншил болж.
 
  Ухаан орсон цагаасаа хойш анх удаа будлиангүй, бүх зүйл нь иргэддээ байтугай дэлхийд нээлттэй, ямар нэгэн хэрүүл шуугиангүй сонгууль үзлээ. Харин манай “Чингис хаанаар нүүрээ ширлэж, нүглийн нүдийг тэтгэмжээр хуурсан” олон сайд дарга нар маань юу бодож суугаа бол? Аягүй бол газар дор сунайж байгаа амтат “шороон бялуугаа” дахиад хуваахаар зэхэж байгаа даа...