Энэ удаагийн­хаа дугаараас эхлэн “Хаана явна” нэртэй булан нээж байна. Телевизийн дэлгэц, сонин хэвлэлийн хуудас­наа гараад байдаггүй ч хийсэн юмтай, хэлэх үгтэй эрхэм хүмүүс энэ булангийн зочин байх болно. “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа гэхээр жүжигчин Мягмарыг танихгүй хүн ховор биз ээ. Тэрбээр 15 настайдаа урлагийн амьдралд хөл тавьж олон, олон кино жүжигт гол болон туслах дүр бүтээжээ.

  Энэ эрхэмтэй залуу нас, уран бүтээлийнх тухай дурсамжийг хуваалцъя хэмээн зорьж очсон ч бидний яриа өнөөдрийн театр, кино урлагийн тухай яриагаар үргэлжилсэн юм. Хүүхэд залуучуудын театраас жүжигчин болох гараагаа эхэлсэн тэрээр өдгөө өсч өндийсөн театрынхаа тухай ярих бүртээ хоолой нь зангирч, нулимсаа барьж ядаж байлаа.

  - Сайн байна уу, та? СУИС-даа багшилж байна уу?

  - Сайн. Санаа байгаад хүчрэхээ болилоо. Манай сургуульд элсэж байгаа оюутан ч их. Тэднээс сурах зорилготой, сурах гэж чармайж байгаа нь их цөөн. Үсэглэж уншдаг хүүхдүүд ирж байна гээд бод доо. Тэд яаж их сургуулийн хичээл хүчрэх юм бэ? Олны танил болох зорилготой, мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгохгүй байна. Жүжиг­чид тайзан дээр сайхан хүмүүс харагдаад байдаг, цаана нь ямар их хөдөлмөр, зүтгэл байдгийг ойлгохгүй. 1963 оноос хойш СУИС-ийг арваад мянган хүн төгссөн. Жинхэнэ уран бүтээлч болж, хүмүүст хүрсэн нь хэд байгаа билээ. Ингээд бодохоор энэ мэргэжил тийм ч амархан хийчихдэг ажил биш. Тэгээд ч манайд урлагийн этик их буруу явж байна. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг кино, рекламанд тоглуулчихаар цаашаа сурах сонир­холгүй, шууд л ардын гавъяат болчихож байгаа юм.

  - Та ер нь яагаад жүжигчин болов? Одоо ч хүмүүс олны танил болохын тулд жүжигчин, дуучин болоод байх шиг санагддаг...

  - Намайг есдүгээр ангид байхад есөн сарын дундуур Цагааны Цэгмид багш Багшийн дээд дээр хорин хүүхэдтэй жүжигчний анги нээхээр шал­гаруулалт явуулахад нь 15 настай тэнцэж байлаа. 19-тэйдөө төгсч хүүхэд залуучуудын театрт орсон. Харин одоо заримдаа зурагтаар шавь нараа харахаар хэцүү санагдах юм. Үзэгчидээ ер хүндлэхгүй. Ганцаараа “Би” л яваад байгаа. Нэг л их биеэ тоосон хүмүүс байх юм. Бидний үед хэн нэгэн жүжигчин сонинд ярилцлага өгөхөөр бол уран сайхны зөвлөлөөс зөвшөөрөл авдаг байв. Үүнд нэг их буруу байгаагүй.

  - Та хэдэн кинонд тоглосон бэ?

  - “Энэ хүүхнүүд үү”, “Сэтгэлийн дуудлагаар”, “Агуйн нууц”, “Туяа­гийн бичээгүй захидал”, “Бор чоно”, “Хоёр шөнө, гурван өдөр” гээд нэлээд кинонд тоглосон. Сүүлийн үед киноны жижиг хэсэгт тоглож байгаа. Жижигхэн хэсэгт орж байгаа ч тэр кинонд их л юм өглөө гээд найруулагчид баярладаг юм. Чадсан, чадаагүй хоёрын хооронд кинонд тоглоод байхыг хүсдэггүй.

  - Одоо хийгдэж байгаа кинонуудыг үздэг үү? Ямар санагдаж байна?

  - Орчин үеийн кинонууд санаагаа төвлөрүүлж чадахгүй, хүмүүсийн сонирхолыг татах гэж, хэт их мөнгө хөөж байна. Үзэж байхад сайхан юм шиг хэрнээ гараад хүнд ярих гэхээр санаа нь байхгүй. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлд бууж байгаа юм байхгүй байна уу даа гэж боддог. Одоо ч хүүхэд залуучууд маань орхигдчихлоо шүү дээ. Хүний оюун санааг нөхнө гэдэг бол хэцүү. Энэ хорин жилд орхигдсон зүйлийг зуун жилд ч нөхөж барахгүй. Өсөх ирээдүйгээ ингэж хаячихаад... Хүн дан ганц боловсролоор хүмүүждэггүй. Сургууль, хэл яриад байгаагаас биш хүний суурь хүмүүжил, ухамсар, орчины талаар санаа зовж байгаа юм алга. Нэг хэсэг нь худлаа онолдоод, нөгөө хэсэг нь амьдрал хөөгөөд хүүхдээ хайхарч байгаа нь алга. Ингэж өссөн хүмүүс ямар ч ажил хийсэн өөрийгөө л бодно. Түүнд нийгэм, ээж, аав, ах дүү нь яах нь хамаагүй болно. Энэ аймшиг.

  - Тэгээд яах ёстой гэж? Цаг үеэ дагаад хүүхдүүдийн сонирходог зүйлүүд өөрчлөг­дөж байгаа юм биш үү?

  - Сайд сайд гэж яриад байдаг. Тэр сайд чинь тухайн салбарынхаа бодлогыг барьж байх учиртай хүн. Гэтэл А.Цанжид гэдэг хүн бүхэл бүтэн театр устгачихаад, дараа нь УИХ-ын гишүүн болоод явчихаж байна. Энэ байж боломгүй зүйл. Бүхэл бүтэн нэг улсын хүүхэд залуучуудын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, олон сайхан сонгодог зохиолуудыг, амьд жүжигчдийг үгүй хийсэн. Бүхэл бүтэн жарныг элээсэн театрыг устгаад хаячихаж байгаа юм. Зүгээр ч нэг устгачихаагүй л байх л даа. Тодорхой хэжээний эдийн засгийн сонирхол байсан. Хувьчлалаар аваад юмаа хийж чадахгүй бол буцаагаад авах ёстой. Тэгтэл тэр чигээр нь өгөөд явуулчихаж байгаа юм. Өнөөдөр тэр театрт ажиллаж байсан жүжигчид нь тэтгэвэрт гарч чадахгүй байна. Архив тэр чигээрээ байхгүй, уран бүтээлчид нь хар залуугаараа ямар болов? Бодох л ёстой асуудал. Манай театр тухайн үедээ драмын театраас эрэлт ихтэй байсан. Их харамсалтай. Одоо хэн ч хамаагүй “Би хүүхэд залуучуудын театрт байсан” гэж ярьж явна. Хэн дуртай нь “Хүүхдийн театрыг нуруун дээрээ авч явлаа” гээд л зурагтаар онгирч байна. Театрын түүх гуйвж байна. Тэгэхэд үнэхээр тэгж яриад явах ёстой Ардын жүжигчин А.Очирбат гуай, Гэндэн гээд олон хүмүүс чимээгүй л явж байгаа. Одоо хүүхдийн, залуучуудын гэх юу байнаа? Монголын залуус сонгодгоос зугатаасан. Тийм учраас хүүхдүүд хогоо хаана ч хамаагүй асгаж, нус шүлсээ хаа сайгүй хаяж байгаа.

  - Одоо эргээд хүүхэд залуучуудын театрыг хөл дээр нь босгоно гэдэг амаргүй байхаа. Тэгээд ч энэ талаар ярьж, хэлдэг хүн ховор байна.

  - Хүүхдийн театргүй, хүүхдийн киногүй, хүүхдийн зохиолгүй л байна. Заавал бий болгох, буцааж сэргээх хэрэгтэй. Гадны хүүхдийн театруудыг харж байхад нэг их том биш байдаг тохиолдол бий. Улс хүүхэд залуучуудаа боддог л юм бол “Хүүхэд залуучуудын театр”-ыг сэргээх ёстой. Олон хүн хүүхдийнхээ төрсөн өдрөөр юм үзүүлэх гэсэн юм. Үзэх харах юм алга гээд л явж байгаа. Хүүхэлдэйн театр уул нь ажиллаж байгаа. Жүжигчид нь хэд хэдээрээ нийлж сургууль, цэцэрлэгээр тоглолт хийдэг юм шиг байна лээ. Маш ур чадвартай сайн жүжигчидтэй ч сурталчилгаа муу байх шиг санагддаг юм.

  - Таны үеийн жүжигчдийг хүмүүс дүрээр тань голдуу танина. Одооны жүжигчдийг дандаа нэрээр нь мэддэг болсон. Үүнд жүжигчдийн чанар чансаа хамаатай байдаг болов уу?

  - Надаас нэлээд дээр телевизийн сурвалжлагч яг энэ асуултыг асууж байсан юм. Тэгэхээр нь би “Бидний үед уран бүтээл гаргадаг байлаа. Одоо бол үйлдвэрлэл явагдаж байна. “Жинжиймаа”, “Ээжээ эргээд ирээч” гээд Батцэцэгийн тоглосон гурван киног аваад үзье. Үзэхэд сайхан, гурван өөр кино. Харин бодохоор сериал юм шиг санагддаг. Гурван кинонд нэг ижил дүр гаргаснаараа жүжигчин давтагдаж байна” гэж хариулсан. Одоо ч энэ л хариултыг өгнө. Намайг ингэж хариулсны дараа “Зиндаа” сонин дээр жүжигчин Мягмар, Н.Батцэцэгт атаархадаг гээд биччихсэн байдаг байгаа. Тэр үед надад эвгүй л байсан. Зарим хүн таараад тэр мэдээг уншсан уу гэх жишээтэй. Тэгээд ч би чинь олон шавьтай багш хүн шүү дээ. Батцэцэг бид хоёр нэг үеийн жүжигчин биш, одоо би ямар уран бүтээл хийж байгаа биш. Тэгээд ч надад хэн нэгэн жүжигчинд атаархах сэтгэл байдаггүй. Гоё жүжиг үзэхээрээ өөрөө тэр жүжигт тоглочихсон юм шиг бардам алхадаг.

  - Шинээр тавигдаж байгаа жүжгүүдийг энгийн үзэгчийн нүдээр харах, жүжигчин хүний нүдээр харах хоёрт ялгаа байгаа гэж бодож байна? Та студи, продакшн, драмын теат­рын тавьж байгаа жүж­гүүдийн талаар ямар бодол­той явдаг вэ?

  - Сая драмын театр “Эдип хаан” жүжгийг тавьлаа. Уул нь энэ жүжгийг тавихын тулд театрын оёдолчингоос эхлээд дарга нь хүртэл нэг их сургууль төгссөн чинээ мэдлэгтэй болох ёстой. Яагаад гэхээр, тэр үеийн соёл, зан заншил, тэр улсын хэл, уламжлалыг судалдаг. Гэтэл тэр бүтээлийг зүгээр л монгол дээр татаад тавьчихсан байна. Шууд монголчилж тавихад их хялбар. Сонгодгийг сонгодог гэдэг утгаар нь хүмүүст хүргэх ёстой. Монголчилчихоор цаад санаа­тайгаа зөрчилддөг. Драмын театр ойр ойрхон шинэ жүжиг тавьж байна. Жүжигчид нь өсч, чадваржиж байгаа.

  - Залуучууддаа хандаж хэлэх үг...

  - Хүн гэдэг амьтан сэтгэлээрээ амьдрах учиртай. Нэг зүйл ярья. Манай хамаатны хурим болох гээд нэг шавиа хөтлөөд өгөөч гэж хэлсэн юм. Харин тэр хүн “Багш надад хэдэн төгрөг өгөх бол. Багшаас мөнгө нэхэх ч эвгүй юмаа” гэж яриад ирээгүй. Тэгэхэд би ханш асуугаад тодорхой хэмжээгээр мөнгийг нь өгөх л байсан. Харин нэг удаа би дуучин С.Жавхлантай тааралдсан юм. Би ганцхан жил хичээл орсон. Тэгэхэд намайг “Багшаа таны бие сайн уу? Хэрвээ та тайлан тоглолт хийх болвол надад хэлээрэй. Би ямар ч ажилтай байсан заавал очно. Таны хүчээр л би өдий зэрэгтэй явна” гэж байсан. Тэгэхэд дөрвөн жил багш шавь гэж явчихаад хааяа нэг таарахаараа үеийнхээ охинтой мэндэлж байгаа юм шиг “Сайн уу?” гээд зөрдөг хүмүүс ч бий. Сэтгэл татам сайхан зүйлд хүмүүс аяндаа татагддаг. Шавар шохой нь халцарчихсан, булан тохойд нь хог новш овоорчихсон байхад хүүхдүүд заваан л байна шүү дээ. Гэрээ цэмцийтэл цэвэр­лэчихсэн байхад хэн ч орж ирсэн гутлаа арчаад орно. Харин заваараад байж байвал шууд л давхиад ороод ирнэ. Үүнтэй ялгаа байхгүй ээ. Тийм болохоор хүн чанараа л битгий гээгээрэй. Оюутан залуус өөрсдөө мөнгө олдоггүй, эцэг эхийнхээ мөнгөөр амьдардаг болохоор үнэ цэнийг нь мэддэггүй. Зугаа, цэнгээнд хамаагүй үрдэг. Бүр ангийнхаа эмэгтэй хүүхдүүдийн ээмэг, бөг­жийг ломбарданд тавьж байна шүү дээ. Цаг барьдаггүй гээд их олон зүйлийн тухай ярьж болно. Энэ бүгд төр ямар байх, ер гадны хүчин зүйлээс хамаарахгүй асуудал. Жижиг гэлтгүй үүнийг амьдралдаа хэрэгжүүлээд явбал хувь хүний өөдлөх боломж их байна.