Аливаа нийгмийн үзэгдэл хувьслын замаар бус хувьсгалын замаар замнасан олонхи тохиопдолд өндөр эрсдэл дагуулж ирснийг хүн төрөлхтний түүх гэрчилнэ. Гэхдээ хувьсгал тайван замаар уу эсвэл тайван бус замаар явагдсан уу, нийгмийн хөгжилд түлхэц өгсөн үү эс өгсөн үү гэдэг чанарын асуудал юм.
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүн Монголын ард түмэнд сайн цагийг авчирсан уу, саар амьдралыг авчирсан уу гэдэг асуудлаар өнөө хүртэл хүн бүр мэтгэлцсээр ирсэн билэз. Тайван замаар хийгдсэн энэ хувьсгал бидэнд олон сайн сайхан зүйлийг авчирсан ч ардчилсан хувьсгал Монгол улсад гурван том сөрөг үзэгдлийг өөртэйгөө хамт дагуулж ирсэн юм.
Үүнд: Нэгдүгээрт: Коммунист үзэл баримтлалтай МАХН-ыг албан ёсоор татан буулгаагүй явдал. Өөрөөр хэлбэл МАХН коммунизмын вирусын халдварыг тээгч болж шинэ ардчилсан нийгмийн харилцаанд оролцож эхэлсэн хэрэг. Энэ нь нэг талаас Монголын ардчилал коммунизмтай эвлэрсэн мэт харагдаж байх жишээтэй. Нөгөө талаас улс төрийн намын түүхэн хөгжилд коммунист нам тарахгүйгээр социал демократ үзэл баримтлалтай нам болж хувирсан практик байхгүй. Байдаг юм аа гэж бодоход тэр нь улс төрийн намын хөгжлийн ураг дахь сиамын гажиг байж таарна. Яг ийм гажиг үзэгдэл Монголын улс төрийн намын хүрээнд дахин давтагдсан үзэгдэл бол социол демократ үзэл баримтлалтай нам либераль үзэл баримтлалтай улс төрийн хүчин болж хувирсан бас нэг гажиг юм.
Хоёрдугаарт: Ардчилсан хувьсгалыг хийсэн улс төрийн хүчнүүд намын дотоод ардчиллыг бодитоор хөгжүүлж чадалгүйгээр коммунист арга барилаас бүрэн салж чадаагүй олигархийн ардчилал болгон хувиргасан явдал. Өөрөөр хэлбэл ардчилагчид гэж нэрлэгсэд өөрсдийгөө ардчилсан үзэл бодолтой, нийгмийн тэргүүний манлайлах хүчин болж өөрөөр сэтгэгчдийн давхаргыг нийгэмд бүрэлдүүлж чадаагүйтэй холбоотой.
Гуравдугаарт: Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийг удаашруулсан, төр - иргэний нийгмийн институцийн хоорондох ардчилсан эрх зүйн харилцааг бүрэн орхигдуулсан, нээлттэй нийгмийн тухай үзэл санааны тунхаглал, хөгжил зогсонги байдалд орсон явдал байв.
Дээр дурдсан сөрөг үоэгдлүүд нь ардчиллын үзэл санааны өөрийнх нь алдаа, гажиг биш ардчиллын үйл явцыг хэрэгжүүлэхэд гаргасан эрх баригчдын алдаа байлаа. Монголын нийгмийг ардчиллах үйл явцад бий болсон эдгээр сөрөг үр дагавар нь Монгол дахь ардчиллын тогтолцоог бодит агуулга бүхий ардчиллаас хуурмаг хэлбэрийн төдий ардчилал руу шилжин ороход шууд нөлөө үзүүлсэн төдийгүй нийгмийн оюун санааны хүрээнд он удаан жил үргэлжлэх уршигтай хямралыг бий болгож, хөгжлийг аажим аажмаар саармагжуулж байна.
Монголын ардчилал хорт өмөн үүгээр өвчилжээ. Энэ өмөн үү бол Монголын улс төрийн сисгемийн гажиг, түүний үр дагавар болсон улс төрийн намуудын увайгүй төлөвшил, эрх мэдэл, хөрөнгө мөнгө, эд агуурсын төлөө ард түмнээ золиход ч бэлэн сэтгэл зүй нь араасаа авилгалын торон сүлжээ, албан тушаалын наймаалцал, улс төр - эдийн засгийн хосолмол шинжтэй мафи, сонгуулийн хоосон амлалт, үнийн хэт хөөрөгдөл, ашигт малтмал-газрын лицензийн чөлөөт худалдаа, эко системийн хямрал, хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилох зэргийг шат дараалан дагуулсаар байна.
Германы их философич Гегель “Эрх чөлөөг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч байгаа дэвшлээр түүхийг тодорхойлно” гэж хэлсэн нь өнөө цагийн формаль ардчилагч нарт нэгийг сануулах биз ээ.
Ардчилсан нийгэмтэй улсын төр засгийн үндсэн гол үүрэг нь: Улс орны аюулгүй байдал Иргэний аюулгүй байдлыг хангахад оршдог. Ард түмэн төрд энэ үүргээ гүйцэтгэхэд нь зориулж хүрэлцэх төдий эрх мэдлийг л олгох ёстой. Хэрэв төрд дээр дурдсан үүргээ гүйцэтгэхэд нь хангалттай эрх мэдлийг ард түмэн олгочих юм бол төрийн эрх мэдэл данхайж иргэдийн улс төр, эдийн засаг, нийгмийн бусад эрх чөлөөг боомилоход хүрдэг. Өөрөөр хэлбэл “хаалттай нийгэм”-ийн чиглэл рүү хазайж ирнэ гэсэн үг юм.
Монголын төр, нийгмийн амьдрал нэлэнхүйдээ төрийн албан хаагч, түшмэдийн тогтоосон ёс зүйгүй брюкрат системийн дархангуйлал доор амьдарч байна. Нийгэм хэт хүнд сурталжсаны улмаас төрийн албан тушаалын тоо өсөж, ялангуяа өвөрмөц баталгаажсан тусгай хангамжийн хэлбэр зэрэг албан тушаалын эрэлт нэмэгдэж, энэ хандлага улс төрийн бүх хүчнүүдийн хувьд хүчтэй болж, улс төрийн намууд өөрийн талынхныг баялгаар хангах арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Ёс зүйгүй брюкрат системийн дархангуйлал доор орсон төр нүдээ гараараа тагласан сармагчин шиг /би юу ч хараагүй/, чихээ гараараа бөглөсөн сармагчин шиг /би юу ч сонсоогүй/, шилэн хүзүүгээ хавчиж, гараа алдалсан сармагчин шиг /би юу ч мэдэхгүй/, гараараа амаа дарсан сармагчин шиг /би юу ч хэлэхгүй/ ард түмний нүдэнд хэдийнээ сармагчингийн дөрвөн үйлдэл, дүр төрхөөр харагдаж эхэлжээ. Ердөө л байгаа байдал нь энэ. Бодит үнэн нь мөн энэ.
Ард түмний сайн мэдэх сайн засаглал, нээлттэй засаглал-нээлттэй нийгэм, шилэн засгийн газар /бүхий л үйл ажиллагаа нь тод харагддаг/, тунгалаг төр, ширэн түрийвч биш шилэн түрийвчийн /төсвийн зарцуулалт нь тод харагддаг/ тухай ойлголт, нэр томъёонууд манай ардчилсан нийгмийн толь бичгэн доторх агуулгаас хэдийнээ арчигдан алга болжээ. Ёстой л гал авчирч гэрэл гаргаад өгчихөж чадахгүй бол ядаж битгий сүүдэрлээч гэж шинэ үеийн улс төрчдийн хэлэлцдэг ч ортой зүйл гэлтэй. Эртний Хятадын нэгэн гүн ухаантны хэлсэн ҮГНЭЭС иш татвал : Аугаа их ухаантнууд төрийг удирдаж байх цагт доодчуул нь тэдний оршин байгааг анзаардаггүй. Аугаа их бус ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөө сүсэглэж, удирдагчдаа магтаж байдаг. Түүнээс доогуур ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард олон айдаг. Бүр дорд хүмүүс төр барих юм бол ард түмэн тэднийг жигшин зэвүүцдэг гэж хэлжээ.
Шинээр ардчиллыг сэргээн тогтоосон орнуудад ардчиллын хөгжлийн асуудлаар тулгарч байгаа гол бэрхшээл бол нийгэм-улс төр, эдийн засаг дахь ардчиллын хөгжлийн ахиц дэвшил ба ардчиллын дархлаажуулалтын асуудал юм. Гэвч эдгээр улс орнуудын ардчиллын хөгжилд хамгийн их саад бэрхшээл учруулж байгаа хүчин зүйл нь хуучин улс төрийн системээс улбаатай үеэ өнгөрөөсөн өнөөгийн улс төрчдийн давхарга болж байна. Иймээс Монголд улс төр-нийгэм, эдийн засгийн эрс шинэчлэл хийхийг цаг үе нь өөрөө шаардаж байна.
Сайн засаглалтай засгийн газар, шудрага шүүх засаглалтай, онч мэргэн хууль тогтоох засаглалтай, хариуцлагатай орон нутгийн ЗДТГ, НӨУЁБ-тай байхын тулд улс төрийн намууд нь ч, сонгогчид нь ч хариуцлагатай байж чаддаг байх ёстой.