Сүүлийн үед үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэдэг зүйлийг ихэд анхааран ярих боллоо. Хэрвээ түүх сөхөн үзвэл уг асуудал нь тийм ч их шинэ сэдэв биш, хөгжлийн явцад янз бүрээр хөндөгдсөөр иржээ. Тиймээс бяцхан түүх сөхье.
 
1990. ШУА-ийн дэд Ерөнхийлөгч Б.Чадраагийн ярилцлага.
Асуулт: - Тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох хэрэгтэй байна гэж та ярилаа. Манай ШУТУХ гэж байхдаа 2000 он хүртэл, дараа нь 2005 он хүртэл шинжлэх ухаан техникийн дэвш­лийн концеп­ци гээд хэдэн чиглэл боловсруулсан биз дээ. Одоо дахиад ямар юмаа боловсруулах юм!
 
Б.Чадраа: - Тиймээ. Миний бие сүүлийн 8 жилд зургаан удаагийн концепци боловсруулахад оролц­сон. ЭЗХТЗ-ийн орнуудаар хэлэлцсээр байгаад тэргүүлэх таван чиглэл гэж гаргасан. Тэрний дагуу ШУТУХ-д тэргүүлэх 5 чиглэлийн хэлтсүүд байгуулагдсан. (БНМАУ-ын ШУА-н дэд ерөнхийлөгч Б. Чадраатай хийсэн ярилцлага. Залуу зохион бүтээгч сэтгүүл. 1990 ¹4)
 
1992. МУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат: - Нэгдмэл цогц үзэл баримтлалтайгаар зоримог шийдэм­гий явуулж үр өгөөжтэй байхаар зохион байгуулж чадаа­гүй. Манай нийгэм нийтээрээ хүлээн зөв­шөөрөхүйц тийм үзэл баримтлалын үнд­сийг намуудын сонгуулийн хөтөлбөрүүдээс гаргаж болохоор шинж төлөв харагдаж байна. (Монгол орны өнөөгийн байдал тулгамдсан зорилт. П. Очирбат. УИХ-ын анхдугаар чуулган дээр хэлсэн үг. 1992 оны 7 сарын 20 )
 
1992. Ерөнхий сайд П.Жасрай: - Улс орны хөгжлийн ойрын болон хэтийн зорилт, эдийн засгийн аюул­гүй байдлыг хан­гах шаардлагыг хар­галзан бүтцийн хийгээд тэргүүлэх чиглэлийн оновч­той төлөвлөгөө боловсруулж, эдийн засгийн бодлогыг түүнд захируулах явдал нь аль ч орны төр засгийн газрын анхаарлын төвд байдаг гол асуудал гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Ийм цогц бодлогогүйгээр гадаад эдийн засгийн харилцааг амжилттай хөг­жүүлэх бололцоогүйг манай орны туршлага ч тодорхой харуулж байна. (Улсын Их Хурлын ээлжит бус чуулган дээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тухай Монгол Улсын Ерөнхий сайд П. Жасрайн тавьсан илтгэл 1992.09.28)
 
1993. МУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат: - Гэвч хямралт байд­лыг түргэн давж чадах эсэх нь улс орноо хөгжүүлэх цогц үзэл баримтлалтай болж чадах уу гэдгээс ихээхэн шалтгаална. Ийм үзэл баримтлалыг аль нэг нам дангаараа гаргаж чадахгүй. Ингэж хэлэхдээ намуудын оюуны хүчин чадлыг дутуу үнэллээ гэж бодвол буруу болно. (Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбатын хэлсэн үг. 1993.10.04 Монгол Улсын Парламент 1-р боть. Улаанбаатар хот 2005 он. Хуудас 120)
 
1994 он. УИХ-ын гишүүн Да.Ганболд: - Эрдэмтэд цугларч санаа бодлоо солилцож байх ёстой, тэгээд ч өнөөдөр концепци хэрэгтэй гэж хэлж байна. Концепци хэрэгтэй гэдэг асуудлыг миний санаж байгаагаар 1983-1984 оны үед эхлээд, 1985-1987 оны үед нилээд эрчимтэй яригдаж байгаад, тэгснээ олигтой юм хийлгүй үймэн бужигнаж байгаад ардчилал эхлээд тэр тухай яриа мартагдаад, магадгүй өнөөдрөөс дахин яригдах болжээ. Гэтэл концепцийг эрдэмтэд янз янзаар гаргаж ирж болно. Улс төрийн бодлогыг намууд дахин гаргах ёстой юм. Эхнээсээ бодлогогүйгээр улс төрийн байр суурь, олон номлол байхгүй юм бол өнөөдөр улс орны реформын замаар хөтөлж дагуулж чадахгүй. (Шинэ толь. УТБА. Эргэлтийн дараах эдийн засаг. 1994. Д.Ганболд)
 
1995. Ерөнхий сайд П.Жасрай: - Аливаа ЗГ-ын үүрэг нь юуны өмнө улс орныхоо ойрын болон дунд хугацааны, түүнчлэн хэтийн хөгжлийн зорилго чиглэлийг зөв тодорхойлж ажиллах шаард­лагатай. Ийм тодорхой бод­логыг төрийн ажилд оролцдог бүх хүмүүс, үүний дотроос парламен­тад суудалтай намууд хамтран боловсруулж тухайн үед нь удирдаж байгаа Их хурал, Монголын төр энэ бодлогыг үндсэн гол чиглэл болгож баримтлах ёстой. Манай ЗГ-ын тухайд 4 жилийн хөтөлбөрийн тодорхойлсон зорилгоо хангаж биелүүлж эхлэхийн зэрэгцээ дараа дараагийн Зас­гийн газар үйл ажиллагаагаа явуулах үндэс суурийг бий бол­гоход тус дэм үзүүлэхийн тулд Монгол орны үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг 3 үе шаттайгаар боловсруулсан. Энэ маань УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ үзэл баримтлал нь сонгуулийн үр дүнгээс шалт­гаалахгүй, аль ч Засгийн газар үйл ажиллагаандаа баримтлах чиглэл болох болов уу. (1995-1-19. С.Зэвсэгтэй хийсэн ярилцлага. П.Жасрай. Монгол улсын зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй орлоо гэж хэлж болно.)
 
2002 он. МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабанди: - Иймээс би саяхан “Үндэсний хөгжлийн хөтөлбөр” боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргасаныг та нөхөд мэдэж байгаа. Хөтөлбөрийн агуулга нь монгол хүн, түүний хөгжил 2021 онд ямар болохыг товч, тод томъёолсон, хэрэг­жүүлэх үе шат, арга замыг тодорхой заасан, үндэслэл тооцоонд тулгуурласан байвал зохино. (Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандийн хэлсэн үг 2002.04.05 Монгол Улсын Парламент 2-р боть. Улаанбаатар хот 2005 он. Хуудас 119) Иймд Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн загвар, түүнд хүрэх хөтөлбөрийг боловсруулахад эрдэмтэн судлаачид, улс төрчид, иргэд, олон нийт санаа бодлоо нэгтгэж үнэнхүү нийтээр хүлээн зөвшөөрч, дотор бодлоо болгон үргэлж санаж явахуйц хэмжээнд боловсруулах хэрэгтэй байна. Улс төрийн намуудын хүрээнд нухацтай хэлэлцэн тохиролцож, ойлголцох шаардлагатай. (Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандийн хэлсэн үг 2003.04.07 Монгол Улсын Парламент 2-р боть. Улаанбаатар хот 2005 он. Хуудас 171)
 
2006. Ерөнхий сайд М.Энхболд: - Улсын хөгжлийн цогц бодлого төлөв­лөгөөг зайлш­гүй хийх ёстой гэж үзсэн. Ингээд ажлын хэсэг байгуулаг­дан 12 салбар хэсэг болон 4 сар ажиллалаа. Энэ ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн зар­лигаар байгуулсан. Одоо дээрх салбар хэсгүүдийн боловсруулсан материалыг манай ажлын хэсэг нягтлаад, нэгтгэх ажил явагдаж байна. Тодорхой үр дүнд хүрч байна. Эцсийн нэгтгэсэн байдлаар баримт бичгүүд гарч эхэллээ. Энэ сарын 18-нд дуусчих болов уу. Энэ бол улс орноо хөгжүүлэх, мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан томоохон баримт бичиг болон гарч ирэх юм . (Өнөөдөр сонин. 2006 9 21. М.Энхболдын ярилцлага.)
 
Дүгнэлт
 
  Дээрх түүхээс харахад үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэдэг зүйл бидэнд хэзээ ч байсангүй. Цаг хугацааны явцад энэ үгийн утга, агуулга ихээхэн өөрчлөгдөж ирснийг харж болно. Тухайлбал 1980-иад оны эхэн үед энэ үг нь ЗХУ-ын эрхшээлээс гарах үндэсний эдийн засгийн бие даасан бодлого явуулах гэдэг эрмэлзлийг илэрхийлж байсан бол 90-ээд онд зах зээлийн эдийн засаг рүү шилжих шилжилтийг агуулж байж, харин өнөөдөр хямралаас гарах хүсэл эрмэлзэл төдий л байгаа юм. Мөн үүнийг цаг, мөч, минут тутамд өөрчлөгдөн буцалж байгаа зах зээлийг хөшүүн, болхи, хүнд сурталтай төр өөрийн бодож олсон үзлээр төлөвлөж удирдах гэлээ гэсэн шүүмжлэл ч бас үндэслэлтэй. Үнэхээр энэ бол зах зээлийг төлөвлөгөө нэрийн дор бүрэн хяналтандаа авах гэсэн төрийн мөнхийн хүсэл эрмэлзэл юм уу? Эс бөгөөс зах зээлийн эдийн засгийг социализмын үеийн сэтгэлгээгээр төлөвлөн удирдах хүсэл оршсоор байгааг харуулах ч юм уу? Уг нь эдийн засгийн тэргүүлэх чиглэл, мянганы зорилт, ядуурлыг бууруулах стратеги гээд олон бодлогын баримт бичиг бидэнд байгаа.
 
  Үндэсний хөгжлийн үзэл баримт­лал нь чухал, гэхдээ сүүлийн үед энэ нь бүхнийг урьд­чилж харж чаддаг, эсвэл бурууг тохох шалтгаан хайсан хүмүүсийн хэлэх дуртай моодны үг болоод байна. Хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг зөвхөн үүгээр тайлбарлах нь улс төрчдийн дунд элбэг тохиолдох боллоо. Тиймээс бид аль ч нам хүлээн зөвшөөрөхүйц Үндэсний хөгжлийн үзэл баримтлалын тухай ярих бус харин намуудын үзэл баримтлал, бодлого боловсруулах чадавхийг дээшлүүлэх асуудал дээр л тогтож ярих учиртай. Анхааруулахад аль ч нам хүлээн зөвшөөрөхүйц гэдэг үг наанаа их сайхан сонсогдож байгаа мэт боловч цаагуураа ардчиллыг боомилж үзэл санааны өрсөлдөөнийг үгүйсгэж байгаа хэрэг мөн. Түүхээс харахад 2020 он хүртэл бүхнийг цогцолбороор нь тооцсон, аль ч нам хүлээн зөвшөөрсөн, хэрэгжих боломжтой, төлөвлөгөө гэж байх болов уу? Дундад зууны Европд алхимийн аргаар алт гаргах мөрөөдөл удаан үргэлжилсэн. Энэ дашрамд тэмдэглэхэд дэлхийн банкны мэргэжилтнүүдийн онцлох дур­тай үндэсний хөгжлийн үзэл баримтлалтай учраас мундаг хөгжиж байгаа орнуудын ихэнхи нь авторитар дэглэмээсээ салаад удаагүй, аль эсвэл цэргийн эргэлт гардаг тийм л орнууд байгааг бид анхаарах ёстой. Үүнд Малайз, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд зэрэг олон орныг дурдаж болно. Бидэнд аль ч нам нь хүлээн зөвшөөрдөг ганц үзэл баримтлал, Чингис шиг агуу удирдагч эргэж төрөх хоёр л дутаад байгаа юм уу?