“Учиртай дөрвөн толгой”
 
  Монголд очиж үзэхсэн гэсэн бодол сэтгэлд уяатай явдаг байлаа. “Үйлсийн сайхан Улаанбаатар” гэдэг дуун дахь “Уулсын дундаа Улаанбаатар” гэсэн үгийг нь олон сонсдог байсан боловч Улаанбаатар хот чухам ямар уулсын дунд яахин байрлаж байхыг мэдэхгүй сониучлан суудаг байж билээ. 2003 онд Улаанбаатарт очиж МУИС-д мэргэжил дээшлүүлж суухдаа нийслэл хотын байр байцыг өөрийн нүдээрээ үзэж, тэр дуунаас олсон төрөгдөл сая үнэн бодитой, амьд дүрслэг болж билээ.
 
  Улаанбаатар хотын өмнө нь монголчуудын шүтэн тахидаг дархан цаазтай Богд уул хөвч тайгаар хучигдан сүндэрлэн сүүхийнэ. Ард нь Чингэлтэй хайрхан хүүхдээ хумбин тоссон ээжийн гар шиг урталжин түшлэг болж дүнхийнэ. Хотын баруун талд Сонгинохайрхан сүхээр цавчиж бүтээсэн юм шиг ирлэг оройнуудаараа агаар зүсэн босож, зүүн биеэр нь богино шиг Баянзүрх уул өндөр намтай үелзэн суналзаад чухам “Учиртай дөрвөн толгой” болсон байна. Дөрвөн уулын дундуур Туул гол угалзлан урсаж, голын хоёр дэнжээр өндөр богино асар тагт, модон, тоосгон байшин, монгол гэрүүд уулынхаа байцыг дагаж дээр доор, дэгэл догол тархан жигдэрнэ.
 
  Улаанбаатарын барилга гэж олонхи нь бүр бүдүүлэг шиг боловч бөх чанарлаг Орос Монголын онцлог чанартай эд байж. Хятад маягийн барилга ч хааяагүй харагдана. Хааяа энхэл донхол гарсан цардмал зам хотын дөрвөн зүг найман зовхист нэвтэрдэг ч дурын зүгт хандсан барилгаа дагаж, огцом мурийна. Машин тэрэгнүүд мал сүргийг хашаа руу нь туусан шиг иврэлцэн ирэхээр заримдаа зам түгжигдэж сүйд болдог. Энэ хотын зам дээр моторт дугуй харагдахгүй харин хувийн бага машин болон такси олон.
 
  Хотын дунд хэрэм хашаа гэж дэмий байхгүй болохоор ойр хавиар хүрэх хүмүүс явган явж хол зам хөөх нь таксидах буюу автобус, микрод суудаг. Микро гэдэг нь дунд зэргийн хөлсний машин байж, төлбөр нь хямдхан, зогсоол ч олон болохоор эндэх хүмүүсийн олонхи нь тийш тэмүүлдэг. Зам дээр хэдий олон машин байсан ч хөх саарал микронууд л хамгаас хөгжөөнтэй. Буудлын газраа хүрэхтэй үгүйтэй микроны билет худалдагч тэргэн үүдээ хагас завсарлан “Бөмбөгөр, Сансар, Зуун айл” гэж хэдэн зогсоолын нэрийг нэг л амьсгаагаар хэлхээрүүлэн хашгирахаар анх ирсэн бид ялгаврыг нь олохгүй алмайран зогсдог байлаа.
 
  Эндхийн машин гэж бүхнээрээ Япон, Америк, Герман, Өмнөд Солонгос зэрэг улсын эд байж, чанар сайтай боловч хааяа зарим нь бүр царай нь халтаршчихсан шарх сорвитой харагдана. Эндэх өвөл цас ихтэй учир зам нь бүр цас мөсөнд хучигдаж тэрэг халтиран мөргөлдөх буюу хавиралцах учир зөндөө гардаг. Гэвч сонирхолтой нь хоёр тэрэг халз мөргөчихөөд машин нь гэмтэж сүйдсэн ч жолооч нь харин хоорондоо харааж ерөөх буюу хэрэлдэж зодолддоггүй…
 
  Улаанбаатарын зээл гудамж асар тагт нь зарим одоохчилсон нийслэл хотынх шиг гоё биш ч зах зээл, худалдаа дэлгүүрийн нэрнүүд нь чухам цул монголжуу болохоор хүмүүсийг аяндаа цэвэр монгол ертөнцөд уусгачихдаг байлаа. Нарантуул, Далай ээж, Хархорин, Баянзүрх, Цэцэг төв, Зуун айл, Дөрвөн уул... гэхчилэн сонсоход чихэнд аятай сонирхоход сэтгэлд таатай тэр олон нэрийдлүүдийг аль захаас нь дурдах вэ!
 
“Халхуудын хэлний сайхныг хэлэх газаргүй”
 
 Ийм сайхан нэртэй газруудаар нүд хужирлан явахад худалдаачдаас аваад эд бараа авахаар цувралдаж байгаа хүмүүст хүртэл бүр цэвэр яруухан монгол хэлээрээ ярилцаж явахыг сонсоод холимог хэл, хатуу аялгатай хорчин хүн би чухам үнэн юм үү зүүд ч юм уу гэж эндүүрч авдаг. Ийнхүү нутагтаа харихад нэг найз надаас: “Халх монголчуудын хэл сайхан байх аа!” гэж асуусанд би “Халхуудын хэлний сайхныг хэлэх газаргүй, үүд хардаг хөгшнийх нь хэл нь манайхны радио, телевизийн нэвтрүүлэгчийн хэлнээс сайхан” гэж хариулсанд тэр найз минь ч биширч хүсэмжилсэн харцаар над руу харж байсан билээ.
 
  Амнаас нь хэдийгээр монгол авиа гардаг боловч нэгэнтээ хятад хэлний хөг аяс болон өгүүлбэрийн бүтэцтэй болсон өвөр монголчуудын хэл аялгуу хэдийнэ хэм айзам өргөлт даралтаа бүр алдаж хэлгийрсэн хойно халх монголчуудтай хэрхэн адилтгаж чадах ажээ. Өвөр Монгол болон Ар Монголын анхдугаар удааны хамтран эрхэлсэн цагаан сарын үдэшлэгт Өвөр Монголын телевиз хорооны нэрт хөтлөгч нь Монгол Улсын хөтлөгчтэй хоёул хамт тайзанд гараад үгээ олохгүй мэхийрч байхад нөгөөдөх нь харин монгол үгээ оргилох булаг, угалзлах үүл шиг цэвэр чөлөөтэй, яруу уянгалаг урсгаж байсныг Өвөр Монголын үзэгчид ч баахан анхаарсан бол олж үзсэн байх аа.
 
“Малгайгаа тавибал манай гэр…”
 
  Улаанбаатар хотод их бага дэлгүүр, задгай зах тун олон. Эд бараа ч элбэг дэлбэг. Гэвч чанар муутай хулхи бараа хааяагүй... Худалдаа дэлгүүр олон, худалдаачид хоорондоо өрсөлдөөн их ч, эндхийн хүмүүс нэг хүнийг үзвэл нагацаа үзсэн шиг наалдуулж наашлуулах нь харагдахгүй. Олонхи худалдаачид дуртай бол ав, дургүй бол байг гэсэн шиг энгийн байдлаар ширтэж зогсоно. Манайхны худалдаачид “Алим худалдана! Хувцас худалдана!” гэж хашгирдаг бол монголчууд харин “Алимаа аваарай! Хувцсаа аваарай!” гэж чамд хамаатуулж хэлнэ. Энэ нь харин худалдаачид болон эд бараа авахаар зорчих хүмүүсийн хоорондох зайг улам ойр дотно болгодог ажээ.
 
  Монголчууд ер нь хэвийн байдлаар хүмүүстэй ойртохоос биш хэтэртэл аашилж ойртдоггүй нь хоолон гэрт орвол нэн тодорхой харагдана. Эндэх монголчуудын эрхэлсэн хоолон гэрт зочин ороход олж үзсэнгүй юм шиг өөрийн хийдгээ хийж явна. Зочид нь ч зуршил ёсоор захиалсан хоолоо идэж орхиод илэм зэлэмхэн яваад өгнө. Улаанбаатарын хоолон гэр, цайны мухлагийн олонхи нь бүр ийм тийм зоогийн газар гэдэг бөгөөд европ хоолоор үйлчилж, хутга, халбага, сэрээ бариулдаг нь зөндөө. Хааяа жижигхэн өрөөнд жинхэнэ монгол хоолон гэртэй байж, үүдэнд нь ойртохтой зэрэг хонь үхрийн махны үнэр сэнх татан самсаа цоргино.
 

 
  Энд архины цааз чанга байж, олон нийтийн газар архи хэтэрсэн хүнийг цагдаагийн газар аваачиж эрүүлжүүлдэг гэнэ. Халхчууд манай байраар хааяа ирж найзлан архи уудаг байлаа. Зарим архинд хэтэрхий дуртай нэгэн нь байн байн, дахин дахин ирж уухаар нь манай хэдийн зарим нь “Халхчууд бусдын юмыг идэж уухаан мэдэхээс биш хариу дайлахаа ер мэддэггүй улс” гэж уцаарладаг байлаа…
 
  Би ч эхэндээ тэгж бодож байсан. Монголчууд эртнээс хоол ундыг бусдаас харамладаг заншилгүй. Монголын аман ярианд “Болсон хоолноос битгий зайл” гэдэгчилэн шигээр айлд буухаар хоол нь болсон байвал идэж уугаад гарах нь энгийн явдал даа...
 
   “Малгайгаа тавибал манай гэр, маргааш явбал танай гэр“ гэдгээр хоол умдаан дээр халхчууд нэг нэгэнтэйгээ нарийн данс боддоггүй. Харин чиг гэрт нь очвол байснаа тэмтэрч дайлдаг бөгөөд идэж уухгүй эрээтэй аашилбал их л эгдүүцдэг юм билээ…
 
“Хорчиноос хожим бөх гарахаа больсон”
 
  Халх монголчуудын оюун санаа хамаагүй тайван. Амьдрал нь тийм баялаг биш байгаад зовохыг мэдэхгүй зоос үрнэ. Хармаанд нь бага л зоостой бол гарын аяар зарчихаад гачигдлыг гачигдалд бодохгүй ганхаж явна. Эндэх монголчуудын идээ ундаа нь дөхөм дөт мөртлөө идэх нь тун бага. Өглөө цай ууж цагаан идээ идэх шүү болоод, үдэд мөн цай ууж талх энэ тэр бага сага иддэг. Орой хоолонд сая бууз, цуйван буюу будаа, шөлтэй гурил иднэ.
 
  Манай тэнд хүмүүс цагийн хоолонд хэдэн аяга будаа, ногоо иддэг бол эндэх монголчууд хэдэн зүсэм мах нэг аяга буюу хагас аяга будаа идэж жаахан шөл уусаар цадчихдаг. Тэгсэн ч хүч тамир, даамгай чадлаар сайн. Тариалах соёлтой хүмүүс болон малжих соёлтой хүмүүсийн тамир тэнхээ тэгж ялгардаг нь учиртай байжээ.
 
  “Хорчиноос хожим бөх гарахаа больсон” гэж би хэдэн жилийн өмнө хичээл дээр ярьж байсан минь эндэх байдлаас улам баттай нотлогдсон шиг боллоо. Өдөржин эрдэнэшишийн будаа сонгино жияан идэж, хүүхэд залуучуудад бөх барилдах заншил ч байхгүй болсон хойно яаж бяр чадалтай хүн гарч дийлэх вэ!
 
Хармаандаа зоосгүй ч театрт үрэхдээ харамладаггүй
 
  Хорчинчуудын соёлын орчинд эх хувиралт гараад хөгжиж шинэчлэгдсэн зүйл зөндөө буй. Гэвч уугуул соёлын хувьд учиргүй их алдсан байжээ. Халхчуудын хармаанд дэмий зоосгүй байлаа ч жүжгийн театрт үрэх мөнгөө ер нь харамладаггүй. Оюуны амьдралыг эд бодисын амьдралаас ч чухалчилдаг ард олондоо аядуулж Улаанбаатар хотод олон сайхан жүжгийн театр, тоглолтын ордон, найр наадмын газар байгуулсан байлаа. Эдгээр нь тэгээд өрнө дахин буюу орос маягийн эвлэг сайхан асар тагт байж, гаднаас нь харахад сүр эрхэмсэг, дотор нь ороход цэвэр тохилог. Оронгуут өргөн саруул гудамтай. Хананд нь гадаадын буюу Монголын алдарт урлагчдын сүүдрийг зэрэгцүүлэн өлгөжээ. Тэдгээр сүүдрийг харахтай зэрэг хүмүүст аяндаа урлагийг хүндэтгэж оюун санааг чухалчлах бодол төрөгдөж, ухаан бодлоо ариусгах ордонд орсон шиг болж ирнэ. Гудмын хоёр талд хувцас хадгалах газартай. Эндэх хүмүүс тоглолт сонирхох юм уу чухал хурал цуглаан, хурим найрт оролцохдоо цэвэр тэгш өмсч зүүх заншилтай. Эрэгтэйчүүдийн олонхи нь бүр костюм хэдрэн зангиа зангидаж, бүсгүйчүүд нь нэн гоё хувцас өмсч үс зүсээ янзалчихсан байдаг. Ийнхүү өвлийн улирал болохоор театрт орсон хүмүүс гадар хувцсаа бүр гудамд хадгалуулж дотогшлохоос биш зузаан дээлтэй агсалзах буюу дээлээ тэвэрч сугавчилчихсан сурталгүй сүлжих хүнийг яг олж үзэхгүй.
 

 
  Театрын шалаар дүүрэн хивс дэвсэж, хүмүүс хөнгөхөн алхаж ороод хааяа намуухан шивнэж ярилцдаг болохоор өрөө дүүрэн хүн байгаад үймээн шуугиан гэж гардаггүй. Монголчууд уулаасаа найр наадамд дуртайн дээр өрнө дахины соёлын нөлөөг хүртсэн учраас тэдэнд баяр дурсгалын өдөр олон байдаг. Шинэ жилийн, улсын, эмэгтэйчүүдийн, эрчүүдийн, цагаан сар, эх үрсийн, хонхны баяр гээд хүмүүс жилдээ олон баяр тэмдэглэчихсэн жиргэж өнгөрдөг.
 
Үргэлжлэл дараагийн дугаарт Б.Зоригт Өвөр МҮИС-ийн монгол судлалын дээд сургууль