Их сургуулийн гудамж шаргал навчсаар алтарч, нарны илч буурсан ч оюутнууд бид эрдмийн илчинд дотроо дулаахан явна.
 
  Миний хувьд одоо л хамаг юм жигдэрч, жинхэнэ “оюутан хэмнэлдээ” орж байх шиг байна. Гэр, хичээл, гуанз, лекц, цонхтой цагийн чухал яриа. Хямдхан үнэтэй амттай хоол, бүрэн хичээлтэй лекцийн дэвтэр гээд сайхан л байна. Даанч сургуулийн эргэн тойрон “чухал” яриа хийх сандал хомс болохоор зам дагасан хайсан дээр өгзгөндөө мөр оруулж, хайсны төмөр тахийтал суудаг болоод байгаа.
 
  Хичээл эхлээд бүтэн сар хагас өнгөрч байхад одоо л оюутан төрхөндөө орж байгааг минь гайхах хэрэггүй ээ. Жолооны курсын бүтэлгүй сонсогч, англи хэлний маруухан хөтөч, аав ээжийн эрх охин, хорооллын дэлгүүрийн “ээлжийн манаач”, сургалтын тэтгэлгийн “мултарсан” анкет бөглөгч хийсээр яваад есдүгээр сарыг манараад л дуусгачихлаа.
 
  Гэхдээ бас дандаа ч бүтэлгүйтээд байсангүй ээ. Ангиараа хичээлийн жилийн анхны тэмцээнд түрүүлж, ангийн даргын хувьд хэрэндээ зүтгэсэн минь талаар болсонгүй. Нөгөө хэдэн хээгүй “цулгуй жуулчид” маань аяллын компанийханд сайн хөтөчтэй байсан гэж баруун солгойгүй магтаж, хөтөч Дөлгөөн нь хөөрөөд тааз мөргөх шахсан гэж байгаа.
 
   “Урлаг, танин мэдэхүйн наадам”-аар эхэлсэн оюутны тэмцээнүүд ар араасаа цуварч байна. Сагсан бөмбөгийн бооцоотой ба бооцоогүй, чухал ба чухал биш баахан тэмцээнүүд, урлагийн их, бага наадмууд, тэнхим бүрээс зохиох олон янзын арга хэмжээнүүд, уран илтгэлийн уралдаан гээд л хөл гарынхаа хурууг нийлүүлж тоолоод ч барахгүй их арга хэмжээнүүд биднийг хүлээж байгаа.
 
  Тэгээд л анги ангиараа нэг заалны хоёр буланд учиргүй нууцаар бувар бувар хийлдэж, дотуур байрны нэг өрөөнийхөн хоёр тийшээ харж, мэндлээд өнгөрсөн ч илүү дутуу юм ярихгүйг хичээцгээнэ. Ангийнхаа “патент”-ыг хамгаалж, нууцыг чандлан сахиж байгаа нь тэр. Ертөнцөд байхгүй санаа олчихсон, чухал технологийн нээлт хийчихсэн хүмүүс шиг л...
 
  Харин манайхан саяны наадмаар нэг анги гэж ямар байдгийг жинхэнэ утгаар нь харуулав. Нэгнийхээ мэдэхгүйг нөгөө нь мэдэж, дутуугаа нөхөж, дундыгаа дүүргэж, хамтдаа нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсний дүнд аварга боллоо.
 
  “Хөөх, манай гурвынхан чинь сайн юм байна ш дээ”, “Гурав болохоор арай л өөр юм аа”, “Хэхэ бид нар онигоо болж байна аа” гэсэн яриа чих шүргээд өнгөрөнгүүт улам зориг ороод л, зориг орох тусам ямар ч даалгавар амархан санагдаад л...
 
  Ангиараа авсан анхны цом болохоор арай л хорин хэдэн талаас нь мэрээд идчихсэнгүй. Хүн болгон барьж үзээд, зураг авахуулаад, духан дээрээ хэв нь гартал цомоороо цохиулахаас наагуур л бужигнав.
 
  Урьд нь ажил, хичээл гээд ядаж байхад энэ олон зардал чирэгдэл болсон тэмцээнээр яадаг байна аа, бид чинь оюутнууд шүү дээ гэж боддог байлаа. Гэтэл оюутан нас гэдэг хүний нийгэмших, хамт олонтой бие дааж харилцах чадвар суух, өөрийгөө нээх, чөлөөтэй нээлттэй байдалд суралцах ёстой хамгийн тохиромжтой, бас алдаж боломгүй үе юм байна. Үзэж байгаа хичээлээс бусад нь нэгэн хэвийн болчихсон өнөөгийн Монголын “оюутан хэмнэл”-д арай л илүү илэрхийлэл, өөртөө итгэлтэй байдал, чөлөөт сэтгэлгээ, бага зэргийн дэмжлэг нэмчихвэл ч...