Амаараа биш ажлаараа манлайлъя гэж хэлэх дуртай зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг нэгэн бүсгүйтэй уулзсан юм. “Боса” компаний гүйцэтгэх захирал Ч.Отгонцэцэг дугаарын маань зочноор уригдлаа.
 
  - Та саяхан Турк, Египт орноор аялаад ирсэн гэсэн. Тэндхийн эмэгтэйчүүд нөхөрт гарсан л бол ажил хийхгүй үр хүүхдээ л асрах ёстой гэдэг нь үнэн болов уу?
 
  - Мэдээж ээж хүн үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой л доо. Гэх­дээ ажил хийхгүй байна гэдэг үнэхээр хэцүү санагдсан. Зөөгч, худалдагчаасаа эхлээд хаа сайгүй дан эрчүүд ажиллах нь их сонин юм билээ. Тэднийг бодвол бид үнэхээр эрх чөлөөтэй, нийгэмд эзлэх байр суурьтай, Монгол хүн болж төрсөндөө бахархсан шүү. Миний бодлоор нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь илүү байна ч гэдэг юм уу эсвэл заавал улс төрд орж төдөөс доошгүй хувьтай байх ёстой гэсэн үзэл баримтлалд дуртай биш. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй тухайн хүний мэдлэг, ур чадвараас хамаарч, сонирхож хүссэн ажлаа хийж, амьдрах хэрэгтэй гэж боддог.
 
  - Танд дахиад томоохон сургуульд элсэх боломж олдвол яах вэ?
 
  - Би гурван ч сургууль төгссөн, ер нь сурч дуусдаггүй хүн дээ.Тэгээд ч насан туршдаа суралцдаг гэдэг дээ. Би одоо ч гэсэн амьдрал гэдэг их сургуульд сурч байна. Хэзээ төгсөхөө мэдэхгүй байгаа ч хийсэн ажилтай, үлдээсэн гэгээн мөртэй байхыг хүсч, хичээж явна. Энэ том сургуулийн онц төгсөгчийн нэг байж, хүндэт самбарт нэрээ мөнхөд үлдээнэ. /инээв/
 
  - Таныг захирал болох хүртэл чинь нөлөөлсөн сайн тал тань юу юм бол?
 
  - Мэдэхгүй ээ, нэг их айхтар сайн тал ч гэж юу байхав. Гэхдээ миний баримталдаг зарчим бол өөртөө болон бусдад үнэнч, итгэл даах чадвартай байх, бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө илүүд тавих, төлөвлөсөн зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай шантаршгүй байх явдал юм. Ер нь муу талаасаа хэлбэл их зөрүүд, өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ ямар ч нөхцөлд хамгаалах гээд дөргүй бух шиг зүтгэх гээд байдаг талтай. Энэ алдаагаа засахын тулд бусдыг эхлээд сонсож сурах, буруу зүйл дээрээ буулт хийх чадвартай болох гээд хичээж байна даа.
 
  - Удирдагч байна гэдэг тэр тусмаа бүсгүй хүн олон хүнийг удирдан залж явна гэдэг амаргүй байх л даа . Удирдагч хүн ямар байх ёстой гэж та боддог вэ?
 
  - Миний хувьд бусдыг албан тушаалаараа удирдах бус манлай­лан удирдах юмсан гэж бодож манлайлагч хүнд байх шинжүүдээс суралцахыг хичээдэг. Гэхдээ л алдаа гаргасаар байдаг. Хамгийн гол нь нэг алдсан алдаагаа давтахгүй, хүнээ нэгдүгээрт тавьж ажиллах ёстой гэж боддог. Удирдагч байх сайхан үлгэр дуурайллыг ааваасаа, БОСА Нэгтгэлийн тэргүүн Ц.Батбаяр захирал гээд өөрөөсөө илүү хүн бүрээс авдаг даа. Ер нь хүн өөрийгөө танин мэдэж, өөртөө зорилго тавьж шантралгүй зүтгэж чадвал юуг ч бүтээж чадна.
 
  Аав маань амьд сэрүүн байх­даа намайг өглөө ажилд явахаас өмнө хажууд ирж суу­чихаад, “Удирдлагын арга барил” гэдэг номноос гол хэсгийг нь өнгөөр тодруулчихсан, уншиж өгдөг байж билээ. Аав өөрөө ч үнэхээр чадвартай удирдагч байсныг хамт олноос нь сонсож, хийж буй үйлдэл, хэлж буй үгнээс нь мэдэрдэг байсан. Тэгэхээр удирдагч хүн хошуу­гаараа бус магнайгаараа манлайлдаг байх ёстой болов уу.
 
  - Хормогчоо зүүгээд хоол хийх зав гарах уу?
 
  -Хамгийн хэцүү асуултын нэг байна даа. Гэртээ юу ч хийдэггүй гэвэл хүмүүс гайхах байх даа. Уг нь бага байхдаа гэрийн ажил их сайн хийдэг байсан, гэрийнхээ тавилга эд хогшлын байршлыг байнга солиод, гэрээ сайхан цэвэрлээд ээж аавдаа магтуулдаг байсан. Сүүлийн үед хоол ч хийхээ байсан. Өглөө гараад орой ордог зочин болсон. Ер нь ар гэртэй холбоотой асуудлыг ажлаасаа илүүд үздэггүй учраас ээж маань надад модон одон зүүж өгнө гээд тоглодог юм.
 
  - Тэгвэл 807 тоот хаалганы оршин суугч Отгоо ажлын ширээ­нийхээ ард суугаа Отгонцэцэг хоёрийн ялгаа?
 
  - Ажил дээрээ харцнаасаа эхлээд ажил хэрэгч, шал өөр таних­гүй хүн шиг болчихдог гэж нэг найз маань хэлж байсан. Гэртээ бол ээжийн дуулгавартай охин. Ажлын ачааллын ард гарах гол үндэс нь намайг хайрладаг гэрийнхнээрээ хүрээлүүлэх явдал.
 
  - Таны хэлэх дуртай үг?
 
  - Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгойдог. Гэвч бид ихэнх дээ хаагдсан хаалгаа л гунигтайгаар удаан ширтсээр шинээр нээгдсэн хаалгаа олж хардаггүй гэсэн мэргэн ухаантны үг бий. Энэ үгийг анхаарч үргэлж өөдрөг, шинэ бүхэн рүү тэмүүлж амьдарцгаая.
 
  Сэтгүүлч миний хувьд ч зөв бодолтой эрч хүчтэй ажил хэрэгч эмэгтэйтэй уулзаж ярилцан ажлын гараагаа эхлэж байгаадаа баяртай байна. Хүн бүр сайхан зүйл л бодож түүнд хүрэхээр тэмүүлэх амьдралын амт юм уу хэмээн эргэцүүлсээр түүний өрөөний хаал­гыг хаалаа.