Дэлхийн усны өдөрт зориулав.

Намайг ухаан орохоос өмнө л манайх Шадивлан зусланд гардаг байлаа. Одоо миний бүүр түүрхэн санадаг зүйл бол, тэр үед Шадивлан зусланд “гол” урсдаг байсан юм. Багачуулын хувьд л аварга том гол шиг санагддаг байсан болохоос, үнэндээ бол бяцхан горхи л байсан байх л даа. Гэхдээ л тэр голын цаана гарна гэдэг бидний хувьд шинэ ертөнцөд хөл тавихтай дүйцэхүйц үйл явдал байсан юм. Ус авдаг булаг маань тэр голын цаана байх. Томчууд “гол” –ын цаана гарч ус дамнан ирнэ. Булаг, хусан төгөл дунд байна. Цаашаа залган их ой  үргэлжлэх бөгөөд бидний хувьд хүршгүй өндөр уул сүндэрлэнэ. Тийм үзэсгэлэнт байгаль, шинэ ертөнц ердөө хэдхэн алхамын цаана байх боловч бидний хувьд тэр “аварга том” голын цаана гарч яахан чадах билээ. Томчуудыг дагаж гоншигонож үзэх боловч гутал хувцсаа норгочихно гэдэг юм уу, эсвэл ус аваад эргэхдээ илүү ачаа болно гэж тээршаадаг байсан юм уу, барагтай л дагуулж явахгүй. Голын нөгөө эрэг дээр гарах завшаан тун ч цөөхөн тохиодог байсан санагдана.

Ус багатай үедээ том хүний өвдөг давахгүй бага устай боловч бороо хур элбэгтэй үед, эсвэл борооны дараахан бол хэрэндээ л сүртэй хөөсрөн шуугин үерлэнэ. Дээлээ даахуйц боллоо гэлээ гэдэг шиг жаахан томроод ирэхийн үед бидний ганц зугаа бол энэ горхинд завь хийж хөвүүлэх, уралдуулах ажил байдаг байж билээ. Хар модны зузаан холтосоор завьны хэлбэр гарган зорж, дээр нь нарийн саваа модоор шураг хийж, аль тааралдсан цаас навч даавуугаар далбаа хийсэн бяцхан далбаат завиа голын усанд тавин уралдуулж, эрэг даган гүйлдэх нь дээд цэргийн цэнгэл байлаа. Голын эрэг дагуу өндөр өвстэй, бут сөөгтэй, энд тэнд маш нууц газар шувууны үүр тааралдана. Үүрэндээ байгаа шувууны өндөг, удалгүй тэдгээр нь хагарч ангалзсан шар салиатай ангайхайнууд болохыг тэр голын эрэг дээр л анх харсан. Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиол шиг, миний хорвоотой танилцсан түүх Шадивлан зуслангаас, Шадивлан зуслангийн бяцхан горхиноос эхэлсэн юм байна. Жаахан томрохтой зэрэгцэн тэрхүү гол маань багассаар, сүүлдээ бүр шургачихаж билээ. Бага байхад гарч барахгүй өргөн гүнзгий том байсан гол маань алга болчиход гайхаад учрыг нь олдоггүй байж.

Нэлээд сүүлд бусад зуслангуудаар хэсэж явахад бүгд л горхитой, тэр нь  хэрэндээ л устай байсан. Хойд зуслангийн ам болгон л горхитой, өөрийн гэсэн “гол”-той байсан. (Тэдгээр бяцхан голууд тухайн зуслангийн амин гол ч байсан юм уу?) Яргайт, Яргайтын богино, Жигжид, Шарга Морьтын зуслангууд бүгд л “гол”-той байсан. Харин өнөөдөр тэд бүгд алга болжээ. Цаг уурын дулаарал ч юм уу, хүний хөлд талхлагдаад ч юм уу тэдгээр голууд бүгд хөрсөн доогуураа шургачихаж. Хүний хөлд талхлагдсан нь л онох вий.

Миний мэдэх дараагийн том гол бол Сэлбэ гол байлаа. Зуслангийн томчууд Сэлбэ гол руу сэлэхээр явцгаана. Зарим нь загасчлахаар одно. Одоо хүнд хэлэхэд үнэмшмээргүй боловч Сэлбэ голд 1990-ээд оныг хүртэл загас байсан л юм даа. Сэлбэ гэж нэг аварга том гол байдаг тэнд ах нар очиж сэлдэг, зарим нь живж үхэхээ шахсан тухай яриа хөөрөө багачуулын атаархлыг барна. Сүүлд нь бидний ээлж ирж, тэнд очиж загас биш ч жараахай шүүж, эцэтлээ тоглодог л байлаа. Гэхдээ Туул голыг хараад Сэлбэ голын талаарх агуу ихийн тухай бодол тэр дороо л сарнисан. Дээгүүр нь вагон замын болон, авто замын том гүүр тавьсан, бургасан шугуй дундуур урсах зах нь харагдахгүй том голыг хараад эрэг дээр нь сууж байхад өөрийн өчүүхнээ мэдэрдэг юм. Туул гол дээр анх очсоноос хойш цаад эрэг дээр нь гартлаа бас л олон жил болсон. Усанд живж үхнэ гээд биднийг тэр бүр ойртуулдаг ч үгүй байсан. Голын цаана гарна гэдэг ах нарын зиндаанд орохуйц үйл явдал байж. Бидний багацуул наад эргээр нь л туучна. Гол гарахуйц болоод ирэхийн үест Туул голын ус ч багасаж байгаа нь анзаарагддаг байлаа. Голын дунд арал ил гарч, усанд сэлдэг гүнзгий устай газар цөөрөөд багасаад байсан санагдана. Миний гаталсан дараагийн том гол яах аргагүй Туул гол байсан юм. Эрэг дээр нь очихоос сүрддэг байсан голоо би олонтаа нааш цааш гарсан, туулсан, загасчилсан. Дээш доошоо зуу зуун км газрыг эргээр нь алхаж, усанд нь дэгээ хаяж, бургасанд нь хоноглосон. Нүдээ аниад зурагласан ч бараг чадах биз. Хаана ямар тохой, нугачаа, харгиа цүнхээл байдгийг бараг л хэлнэ дээ.

Туулын загасчид л жинхэнэ загасчин байдаг юм. Яагаад гэвэл хэр баргийн баригдахгүй хашир ховор загасыг барихад ихээ тэвчээр, ур чадвар шаардагдана. Би жинхэнэ “Туулын загасчин” биш ч Туулын загасчдыг дагаж загасчин болсон, хэрдээ л загасчин. Загасчин хүн, ус л харагдвал харж шинжиж явдаг бараг өвчтэй болдог юм. Монголын нэртэй нэртэй том том голуудаар хэсэж зөндөө л загасчилсан. Загасчилж явахдаа харамсаж халаглаж явдаг зүйл бол загас ховордож байгаа явдал. Загасчид хядаад устгаад ховордчихсон юм шиг зарим хүн ярих нь их л гэнэн хэрэг. Дэлбэлэхгүй, шүүхгүйгээр, хуулийн хугацаанд загасчилж байхад загасыг цөлмөж барна гэж үү? Загасчдаас илүү байгаль цаг уурын өөрчлөлт, уул уурхайн олборлолт, гол мөрний бохирдол л голын усыг бохирдуулж, ширгээж, загасгүй амьдралгүй болгож байгаа гэж хэлж болох юм. Зүгээр бодоод үзье. Загасыг нь барьснаар голын ус хатаж ширгэх үү? голын ус хатаж ширгээд гол нь загасгүй болох уу? Голын ус бохирдоогүй байхад доторх амьд организм нь үхэж үрэгдээ гэж үү?

Ер нь голын усанд ганцхан усны амьтан л амьдардаг гэж үү? Гол ус урсаж байна гэдэг нь тухайн орчиндоо амин гол нь болдог болтой юм. Гол гэсэн үг ийм л утгатай үг байх. Амин гол гэдэг үгийн шилжсэн утга л гол ус гэсэн үг болсон байх. Эсвэл эсрэгээрээ ч юм уу? (Мэдэхгүй юм, би ямар хэлний шинжээч биш) Оросын нэрт судлаач, сэтгүүлч В.Песковын “Утсан дээрх шувуу” гэж гайхамшигтай ном бий. Тэр номын нэг бүлэг нь төрж өссөн голынхоо тухайд зориулагдсан байдаг. Тэнд нэг ийм эргэцүүлэл байдаг санагдана. “Голууд тахиралдаж мушгираад л тосгон болгоноор дайран урсдаг юм шиг санагддаг байлаа. Сүүлд ойлгохнээ, голууд тосгон руу урсдаг биш, хүмүүс л гол руу бараадан очиж тосгоноо барьж суурьшдаг байна”

Хүмүүс гол ус бараадан амьдралаа цогцлуулах боловч эргээд нөгөө гол усаа хатааж ширгээж, бохирдуулж бузартуулаад хаядаг байна. Одоо харин асуулт байна. Туул гол ширгээд усгүй болчихвол Улаанбаатарт юу үлдэх вэ? Хэдэн байшин л балгас болон үлдэх юм биз. Монголын бүх л голын сав дагуу байх алтны ордыг эзэмшээд олборлоод дуусгачихъя. Төлбөрт нь бүх ус голоо бид сүйтгэнэ. Харин дараа нь хаанаас ус олох вэ? Байгаль нуураас эргүүлэн татах уу? Бүх алтаараа ус худалдаж авах уу? Ус уу? Алт уу?

http://blod.mn/