Амжилттай өөдрөг яваа бүсгүйчүүд ямар ч байсан гэрлэдэг боловч тэдэнтэй гэрлэх боломжийн хүмүүс багассаар байна гэж АНУ-д нэгэн судалгаагаар гарчээ. „New York Times“ сонины нэрт шүүмжлэгч Мичико Какутани 1998 онд Фулитцерийн шагналыг уран зохиол шүүмжлэлийн салбарт авахдаа уйлж байлаа. Америкийн сэтгүүлчдийн авч болох хамгийн дээд шагналыг авах болсондоо тэрээр баярлан уйлсангүй. Харин ч бүр „Одоо ч би болзоонд явна ч гэж байхгүй боллоо л доо!“ хэмээн гашуудан уйлсан байдаг. Эмэгтэй хүн байж тэгээд бас Пэрис Хилтоноос илүү IQ –тэй байх юм бол гэрлэлтийн хувьд ихээхэн хүндрэлтэй байдаг гэсэн ойлголт өнөөгийн Америк бүсгүйчүүлийн дунд түгээмэл тархсан нь Мичиког ийм гутранги байдалд ороход хүргэж байгаа юм. Тэд өөрсдийгөө сүүлийн үед бий болж байгаа SWANS (Strong Woman Achievers, No Spouse) бүлэг буюу албан тушаалын шатаар амжилттай өгсөж буй нөхөргүй хүүхнүүдийн бүлэгт оруулан тооцоцгоох болжээ.
 
Хүйсийн тэгш эрх сүйрлээ гэж үү?
 
     Ухаалаг эмэгтэйчүүд АНУ-ын социологчдын нэрлэдэгээр „success penalty“ буюу амжилтынхаа төлөө торгууль хүлээж, нөхөрт гарахад тун хүнд болдог гэсэн үзлийг 80-аад оны дунд үеэс гарч эхэлсэн маш олон судалгаанууд бүсгүйчүүдийн тархинд суулгаж өгсөн. 1986 онд Харвард, Яалын Их сургуулиудын нэгэн судалгаанд тулгуурлан АНУ-ын „Newsweek“ сэтгүүл 40-өөс дээш насны эмэгтэйчүүд “гэрлэхээсээ илүү алан хядагчдад алагдах магадлалтай” хэмээн тунхаглаж байв. Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч байсан Билл Клинтоны шартай хортой, ихийг санаархагч эхнэрээр даапаалан „a Hillary Wife“ буюу хиллари авгай гэсэн доромж ойлголтыг „Wall Street Journal“ сэтгүүл 1994 онд гаргаж ирж байлаа. Энэ нь адилхан амжилттай яваа эхнэр бол “нөхрийнхөө амьдралыг л хүндрүүлэхээс цаашгүй” гэж л нотлоход оршиж байжээ.
 
     Англид хийсэн нэгэн судалгаагаар эмэгтэй хүний IQ-оноо 15-аар нэмэгдэхэд гэрлэх боломж 60% буурдаг гэж гарчээ. Эрчүүд зөвхөн “эх болох нэгнийг” л хайдаг шүү дээ хэмээн „New York Times“ сонины нийтлэлч Мавреен Доуд өөрөө мөн л ганц бие бүсгүй боловч ноднинхон бичиж байв. Түүнийхээр бол эрчүүд яриад байх шаардлагагүй эмэгтэйг хайж байдаг гэнэ. Тиймээс ч нарийн бичигтээ, гэрийн үйлчлэгчдээ дурладаг байна.
 
     Үзэгчдийг байлдан дагуулах болсон „Sex and the City“ олон ангит киноны галтай цогтой өмгөөлөгч бүсгүй Миранда сонгодог арга болох өөрийгөө “доошлуулж” байж л болзоонд очиж чаддаг. Тэрээр онгоцны үйлчлэгчийн дүрд хувирснаар нэгэн түргэн тусламжийн эмч олж авдаг. Гэтэл тэр нь үнэндээ спортын бараа худалдагч байдаг ба гэхдээ ямар хамаа байх вэ дүрээ солих сонгодог аргаар болж байна шүү дээ. SWANS-чууд найдвар алдах болоогүй ээ.
 
     Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө цогтой тэмцэгч Др. Кристине Вээлан хүйсийн өрсөлдөөний тухай „Why Smart Men Marry Smart Women“ буюу “Яагаад ухаалаг эрчүүд ухаалаг эхнэр авдаг вэ” ном бичжээ. Амжилттай нөхөрт гарахыг хүсч буй л бол бүсгүйчүүд 50-иад оны үе рүү эргэж очих хэрэггүй гэж Америкийн социологч үзжээ. Альфа эрчүүдийн (Alphaman өрхийн тэргүүн, сүргийн манлай, шилдэг тэргүүний гэсэн утгатай хэллэг) 90 % нь “яг өөр шигээ ухаалаг” эмэгтэйг хүсдэг бол 71% нь илүү амжилттай яваа хүүхэн “харин ч хүсүүштэй” гэсэн байв. „Match.com“ явуулсан санал асуулгаар 26-36 насны эрчүүдийн 87 % нь илүү их орлоготой хүүхэнтэй зугаалах бүр ч “дур булаам” гэж үзжээ. Хүйсийн тэгш эрх сүйрээгүй гэдгийг Вашингтоны Эдийн засгийн судалгааны төвөөс гаргасан тоо баримт нотолсон байна. Энд „28-35 насны өндөр цалин хөлстэй эмэгтэйчүүд бусад ажил мэргэжлийн эмэгтэйчүүдтэй адилхан л гэрлэж байна” гэж гарчээ.
 

 
     Социологч Вээланы судалсан SWANS бүсгүйчүүд “эрчүүд төлөвшихдөө нэг шат хожимдож явдаг” гэж үзсэн байсан ба 83% нь 10 насаар ах нөхөр хайж байв. Альфа эрчүүд альфа охидтойгоо ингээд сайхан таараад байж болох ч SWANS-чуудын хувьд ирэх жилүүдэд гэрлэх нөхцөл тийм ч ихгүй л байх болов уу. Уламжлалт „marrying up“ буюу зиндаа дээшилж гэрлэх боломж хомс. 1970 онд АНУ-ын Их сургуулиудын 68 оюутан охидод 100 оюутан хөвгүүд ноогдож байсан бол бүр 2005 он гэхэд 133:100 болж хувирсан. АНУ-ын Их сургуулиудын нэг курсэд эмэгтэйчүүд 57% эзэлдэг болсон ба 2010 он гэхэд энэ харьцаа 142 ба 100 болох төлөвтэй. Хоёр эрэгтэй тутамд гурван эмэгтэй коллеж төгсөөд байвал гуравдахь нь хэнтэйгээ гэрлэх болж байна аа гэж „New York Times“ сонинд санаа нь зовсон нэгэн бичсэн байна.