Та нар худалдаачид гэдгээ хэзээ ч бүү март
Үеэс үед өв залгамжлан ирсэн “Мицуй” концерний өвөг дээдсийн түүх 1616 оноос эхтэй. Нэг үе “Мицуй” нь Японы эдийн засгийн маш олон салбарыг хамарсан хамгийн хүчирхэг бүлэглэл байв. “Мицуй групп”-ээс дэлхийд зард гарсан автомашины “Тоёота”, электроникийн “Тошиба” концернууд тус тус төрөн гарчээ.
“Аугаа их энхжингийн үе ирж явна. Эдо хотноо Шогун чигч шударгаар хаан төрийг барьж байна. Цаашдаа бид илдийн хүчээр амьдрахыг үл хүснэ. Нэр хүндтэй аргаар их мөнгө олж болохыг би олж харлаа. Би саки архи, шар буурцагны сүмсээ исгэнэ. Тэгээд бид бүгдийн амьдрал сайхан болно.” Сокубей Мицуй 1616 онд ингэж хэлээд гэр бүлийнхээ шүтээний өмнө алга ташин наманчилсан хэмээн шастир түүхнээ хадгалагдан үлджээ. Энэ самурай язгуур угсаа, илднээсээ сайн дураараа татгалзаж худалдаачин болоод Мацусакад шинэ амьдрал эхлүүлжээ. Түүний ийнхүү тангарагласнаар гурван зуу гаруй жилийн хугацаанд Японы эдийн засгийн олон салбарыг хамарсан хамгийн хүчирхэг бүлэглэл болон гарч ирсэн “Мицуйгийнхан” гэж бий болсон байна. Сокубей тухайн үедээ цагийн амьсгалыг тун зөв мэдэрчээ.
1603 онд Японы язгууртан угсаатнуудын хооронд болсон тэмцэлд Иэясу Токугава шийдвэрлэх ялалт байгуулсан нь Японы эдийн засаг хэдэн арван жилээр урагшилж, хөгжин цэцэглэхийн үндэс суурийг тавьсан аж. Токугавагийн засаглал 1868 он хүртэл үргэлжилсэн байна. Сокубей улс төрийн талаар холын хараатай байсан боловч харин тийм ч шилдэг бизнесмен биш гэдгээ харуулав. Түүний эхнэр, нэгэн худалдаачны охин Шүхо овсгоо сүйхээтэй нэгэн байгаагүйсэн бол түүний архины үйлдвэрлэл хол явахааргүй байсан гэдэг. Чанд хатуу Шүхо өөрийн нөхөр Сокубейг эрт нас нөгчисний дараа найман хүүхдээ ганцаараа өсгөлөө. Хөвгүүдийн дотроос дөрөв дэхь нь болох Хачиробей Такатоши бизнесийн гялалзсан авьяастай хүн болохоо төдөлгүй харуулж эхлэв. Такатоши бага залуу насандаа Эдо хотноо (өнөөгийн Токио) байдаг өөрийн төрсөн ахын “Эчигояа” хэмээх хувцас, бөс барааны дэлгүүрт очиж суралцан удалгүй тэндээ хоёр дахь дэлгүүр нээжээ. Гэр бүлийн доторх зэрэг зиндааг баримтлан тэрээр 28 насандаа өвчтэй эхээ асрахаар гэртээ эргэж ирсэн байна. Архины үйлдвэр болон барьцаат зээлийн үйлчилгээний хажуугаар Такатоши хуримтлуулсан хөрөнгөөрөө зээлийн пүүс нээн ажиллуулав.
Том ахыгаа нас барсны дараа 1673 онд дахин Эдо руу явж, юуны өмнө язгуур угсаагаа эрхэмлэхээс түрүүнд ард олныг “үйлчлүүлэгчид” гэдэг утгаар нь харж бизнесээ хөөсөн явдал түүний амьдралд чухал эргэлтийн үе болсон юм. Самурай язгууртнууд доод гаралт худалдаачдаас авсан зээлээ эргүүлэн төлөхгүй байх улс төрийн эрсдэл дэндүү их байв. Эдогийн уугуул худалдаачдын бүлд нэвтрэн орохдоо Такатоши Японы худалдаачдын уламжлалт стратегийг таягдан хаяж чадсан юм. Юу гэвэл тэрээр барааны өөрийн өртөг, худалдах үнэ хоёрын зөрүүг багасгаж, харин худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлснээр өртөг, үнийн зөрүүг аль болох их байлгадаг хуучин аргаар явснаас илүү их ашиг олж болно гэсэн бодлого баримтлав. Харин төлбөрийг ямагт бэлэн мөнгөөр хийхийг шаардана. “Генкин, какене наши” (“зөвхөн бэлэн мөнгө, хатуу үнэ”) гэсэн уриа хувцас, бөс барааны “Эдогаяа” их дэлгүүрт ихээхэн амжилт авчирч, харин өрсөлдөгчдийнх нь дургүйг хүргэлээ. Үүнэээс гадна өөр олон шинэ санаачлага авьяаслаг бизнесмен Такатошигийн нэртэй холбоотой юм. Тэр бээр компаниа сурталчилсан хуудас тарааж, бас “Мицуй”-гийн таних тэмдэг бүхий борооны шүхэр үйлчлүүлэгчиддээ өгч байсан нь Японд зар сурталчилгааны эхийг тавьж байсан хэрэг байжээ. Мөн кимонод зориулсан даавуу худалдахдаа эмэгтэй үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг харгалзан бэлэн размерт тохируулан эсгэсэн даавуунаас гадна размерийг нь чөлөөтэй сонгож болох хэмжээгээр ч худалдаалдаг байжээ. 1700 он гэхэд “Мицуй”-гийнхан Эдогийн хамгийн том их дэлгүүрийг эзэмшиж байв.
Такатоши жижиглэн худалдааны зэрэгцээ Эдо, Кёто, Осака зэрэг чухал хотуудад мөнгө, вексель солих цэгүүдийг нээснээр “Мицуй”-гийнхны санхүүгийн салбарын үндсийг тавьсан юм. Нэр хүндтэй “Мицуй”-гийнхны гаргасан вексель ямар нэг урьдчилгаа төлбөргүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд хэрэг дээрээ бэлэн мөнгөний үүрэг гүйцэтгэж байлаа. Үүнээс гадна мөнгө векселийн тогтолцоог нэвтрүүлснээр дээд давхаргынхан Эдогоос Осакагийн үнэт эрдэнэсийн газар луу мөнгө тээвэрлэх осолтой бөгөөд үнэ ихтэй ажлаас чөлөөлөгдөх ашигтайг Японы Засгийн газрынханд чадварлагаар ойлгуулан, өөрийн гэр бүлийнхний бизнест улсын зардлаар олон жилийн хугацаатай хүүгүй зээл олгуулж байхаар болсон байна. Гэхдээ “Мицуй”-гийнхны хувьд Такатошигийн хийсэн хамгийн чухал шинэчлэл гэвэл энэ хүн өөрийн амьдрах хугацаанаас цааш хамаагүй алс холыг харж чадсан явдал мөн.
Тухайн үедээ тэрээр мөн л хуучин уламжлалыг эвдэж үлдээсэн хөрөнгөө хамгийн ахмад хүүдээ өвлүүлэлгүй, дэлгүүрийн салбаруудыг удирдан явуулж байсан есөн хүүдээ есүүлэнд нь хуваан өгчээ. Тэдэнд тус бүрдээ өөрсдийн гэр бүлийн нэрээр бизнесээ шинээр үүсгэн авч явах, тэгэхдээ голомтон дээрээ байгаа хамгийн том ахынхаа өмнө бүгд тодорхой үүрэг хүлээж явахыг даалгасан аж. Ахмад хөвүүн Хачироэмон Такахира тус гэр бүлийнхний баримтлах Үндсэн хуулийн гол зарчмуудыг эцгийнхээ 100 насны ойгоор 1722 онд өөрийн гэрээслэл болгон тунхагласан бөгөөд 178 жилийн дараа л түүнд нэмэлт заалтууд оруулжээ. Такахира “Мицуй-гуми” (“Митцуйгийнхан”)-гийн “Зохицуулах төв” буюу “Омотоката”-г байгуулсан байна. Энэ бол гэхдээ уг гэр бүлийнхний бизнесийн бүтцийг оновчтой илэрхийлсэн нэр болж чадаагүй. Гэр бүлийн Үндсэн хуулинд “удмынхны нэгдэл” буюу өөр хоорондоо түншийн харилцаа бүхий гэр бүлийн концерн байхаар заасан байна. Удмынхан тус бүрдээ өөр өөрсдийн бизнесийг бие даан хийхдээ ерөнхий дүрэм журамд захирагдана. Гэр бүлүүдийн орлогыг нарийн бүртгэн авах ба “Омотоката” үүнд хамтын удирдлага бүхий хөрөнгө төвлөрүүлэх газар, зээл олгогчийн үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлийн Үндсэн хуулиар компани гэдэг утгаараа өв хөрөнгө залгамжлах дараалал, “Мицуй” гэдэг нэрийг хэрэглэх асуудлыг зохицуулж өгнө. Түүнд охидууд аль болох өөрсдийн удмынхны хүрээнд гэрлэх тухай заалт бий.
Такахира нэр алдрыг хүндэтгэн үзэж байсан авч бизнес талаасаа болгоомжтой байхыг сануулж, “Та нар худалдаачид гэдгээ хэзээ ч бүү март” хэмээж байлаа. Компанийн аюулгүй байдал, хөрөнгө санхүүгийн нөөцөд туйлын анхааралтай хандсан энэхүү гэр бүлийн Үндсэн хууль “Мицуй”-гийнхны хөгжиж дэвжих үндэс болж чадсан юм. Хэдийгээр Шогун хэт их мөнгө шаардах болсонтой холбоотойгоор Токугавагийн засаглалын сүүлчээр “Мицуй” бүлэглэл бараг уналтанд орсон боловч дээд давхаргынханд хүндэтгэлтэй хандаж, тэдэнтэй ойр дөт байсан явдал эргээд бизнест нь сайнаар нөлөөлсөн билээ. Тухайн үед уг гэр бүлийг толгойлж асан Хачироэмон Кофукугийн удирдах ур чадвар компанийг авч явах сайн менежерүүдийг зөв сонгож чадсанд оршино. 1866 онд ямар гаралтай нь үл мэдэгдэх нэгэн авьяаслаг эр зөвхөн Засгийн газартай холбоотой санхүүгийн үйл ажиллагааг эрхэлсэн шинэ охин компанийг толгойлон ажиллах болов. Японы капитализмын эцэг гэгддэг Миномура Рицаэмон эрсдлийг хязгаарлахын тулд санхүүгийн бизнесийн үйл ажиллагааг үндсэн компаниас тусад нь байлгахыг зөвлөдөг байсан аж. 1876 онд хувьцаат нийгэмлэг хэлбэрээр байгуулагдсан “Мицуй” банк удаан хугацааны турш энэ гэр бүлийнхний бизнес бүлэглэлийн нэг тулгуур багана болж иржээ. Нөгөө багана болох “Мицуй Буссан” (“Митцуй энд Ко”) Мэйжийн сэргэн мандлын шинэ Засгийн газрын шахалтаар мөн ондоо үүсэн байгуулагдав. Тус Засгийн газар энэхүү худалдаачин гэр бүлийнхнээр дамжуулан Японы экспортыг дэмжиж, Токугавагийн үед гадаад ертөнцөөс таслагдсан Японд дэлхийд эзлэх байр суурийг нь эргүүлэн авчирч баталгаажуулахыг хүсчээ.
Миномурагийн орж ирсэнтэй холбоотойгоор “Мицуй групп”-т менежерүүдийн үүрэг роль улам бүр нэмэгдсээр байсан нь 1900 онд гаргасан Мицуйгийнхны шинэ Үндсэн хуульд тусгалаа олсон байдаг. Улс төрд ойр дөт байсан нь тус группын хурдан өсч дэвжихэд их үүрэг гүйцэтгэсэн агаад Засгийн газар энэ гэр бүлийн концернийг бусдаас илүүтэйгээр дэмждэг байв. Учир нь “Мицуй”-гийн агентуудын сүлжээ зөвхөн концернд хэрэгтэй чухал мэдээ цуглуулж байсангүй. Улс төр дэхь нөлөөнийхөө хүчээр “Мицуй групп” нүүрс олборлолтын салбарт орж ирсэн нь цаашдаа тэдний бас нэг гол бизнес болон хувирсан байна. Аливаад няхуур болгоомжтой “Мицуй”-гийнхан улс төрийн тогоонд чанагдахдаа ямагт хэд хэдэн гарах гарцтай байхыг хичээнэ. Хэдийгээр тус концернийн хувь заяа бусад гэр бүлийн компаниудын нэгэн адил империалист Японы баримталж асан цэргийн хүчээр булаан эзлэх түрэмгий бодлогоос болж улам бүр золгүй байдлаар бүдгэрсээр байсан авч “Мицуй”-гийнхан бизнестээ л гол анхаарлаа тавьж ирсэн бололтой байдаг. Манжуурыг худалдан авах гэж төлөвлөөд бүтээгүй 19-р зууны эхэн үед ч тэр. Япон улс өргөжин тэлэхийн хэрээр тус концерн ч мөн өргөжиж, 20-иод оны ид цэцэглэлтийн үедээ 150 охин компанитай болоод байв. Хуучны бөс бараа, хувцасны компанид одоо оролцдоггүй салбар гэж бараг байхгүй болжээ.
Дэлхийн 2-р дайны дараа АНУ Японыг эзэлж Зайбацугийн гэр бүлийн компанийн сүлжээг задалсан явдал “Мицуй” гэр бүлийн концернийн төгсгөл болов. Ялагч их гүрэн гэр бүлийн концернийн гишүүдэд үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэхийг хориглож, Зайбацугийнхныг тараасан аж. “Мицуй”-гийнхан онцын эсэргүүцэл үзүүлэлгүйгээр хувь заяаныхаа эрхийг дагалаа. Гэвч “Мицубиши”, эсвэл “Сумитомо” зэрэг томоохон өрсөлдөгчдийнхөө нэгэн адил “Мицуй” группын сүлжээ (“кейретцу”) 50-иад онд дахин өндийж ирэв. “Мицуй”-гийнхны хувьд өмнө нь амжилт дагуулдаг байсан нэг онцлог одоо бол харин сөргөөр нөлөөлөх байдалтай болсон аж. Юу гэвэл, томоохон өрсөлдөгч болох “Мицубиши” сахилга, дэг журамд голчлон анхаарах бодлого барьж байхад “Мицуй” боловсон хүчнээ сонгохдоо хүртэл хувийн онцлог, бие даасан байдлаа хэтрүүлэн үнэлжээ. Тарж бутрахын цагт энэ нь баахан дураараа дургисан менежерүүд бүхий эмх цэгц муутайхан олон тооны салбар болон задарч, буцаад “Мицуй” сүлжээ болон бүрэлдэхэд хэцүүхэн байдалд оров.
Гэсэн хэдий ч Японы эдийн засгийн салбарт нэр алдраа дуурсгасан “Мицукоши” их дэлгүүр (гол дэлгүүрийнх нь байр одоо ч Нихонбаши дахь уугуул “Эдогаяа” дэлгүүрийн ойролцоо буй), “Тоёота” автомашины үйлдвэр, “Тошиба” электрон барааны концерн “Мицуй” бүлэглэлийн хүрээнээс үүсэн гарчээ. Групп өөрөө болохоор олон тооны салбар компани бүхий “Мицуй энд Ко” худалдааны нийгэмлэг, үл хөдлөх хөрөнгийн “Мицуй Фодакан” нийгэмлэгийн хэлбэрээр оршин тогтнож байна. Харин “Мицуй” банк 90-ээд оны банкуудын хямралаар “Сумитомо” банкинд уусан нэгдэж “Сумитомо Мицуй Финансиел Груп” (“Sumitomo Mitsui Financial Group”) болон хувирчээ. Баялаг уламжлалтай энэ санхүүгийн бүлэг явж явж уламжлалын хувьд мөн өөрсөдтэй нь төстэй гэр бүлийн концерн асан “Сумитомо”-гийн бөөрөнд наалдан толгой хоргодсонд Японы эдийн засагчид одоо ч гайхсан хэвээр.