Одоо ч надаас бусад нь “тэмцэгч”, “хувьсгалч” болж хувирч байна. Зарим нь бүр “онол монол” гаргаж ч байх шиг. Тэдэнтэй зэрэгцэж “давхих” хүсэл надад огт алга. Учир нь маш олон жижиг хуйвалдаан, эрх баригчдын үлэмж ноцтой үйлдлийг дүгнэхэд жаахан хугацаа хэрэгтэй байна. Тэгээд л онол судалгааныхаа юмаар л оролдож сууна. Харин энэ бол тун удахгүй бидэнд маш их хэрэг болох эд шүү дээ. Монголд зуд болоод сүйд. Үүний хажуугаар улс төрийн зуд болж малчдад туслах “хөдөлгөөн” өрнөв. Энэ “хөдөлгөөн”-ийг би малчиддаа сайндаа хийсэн гэж огт бодохгүй байна.
Ердөө л сонгууль дөхсөн учраас тойрогтоо хайртайгаа харуулж, бидний болон олон улсын мөнгийг цацаж тэнэгтэж байгаа хэрэг юм. Монголын уламжлалт мал аж ахуй “эрчимжээгүй”, “хоцрогдсон” гэдгийг бид муулахаараа нэг болсон. Тэгээд түүнийг орлуулах юм нь нэг бол социализмын үеийн нэгдэл, нэг бол капитализмын үеийн фермерийн зэрэг аж ахуйн хэлбэрүүд юм. Өөр зүйл огт байхгүй. Энэ талаар арчаагүй төр нь юу ч хийхгүй буюу бараг санаатайгаар сөнөөж байгаа учраас энэ тухай эрэгцүүллээ хэлэх гэсэн юм.
Хөдөлмөрийн хуваарь
Энийг хэдийгээр хүн бүр мэдэх боловч социологид 3 утгаар ойлгодог. Нэг. Ажлын нэг үйлдлийг техникийн хувьд зааглах үйлдвэрлэлийн үйл явц, хоёр, нийгэм буюу түүний томоохон салбар, тухайлбал хөдөө аж ахуй гэх мэт хөдөлмөрийн хувьд зааглагдах, гурав, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн ялгаа зэргийг илэрхийлнэ.
Ямар ч гэсэн түүхийн аль ч үед, аль ч нийгэмд хөдөлмөрийн хуваарь үргэлж, тасралтгүй боловсронгуй болж баймаажин хөдөлмөрийн бүтээмж дээшлэх бөгөөд ингэж баймаажин нийгэм хөгждөг, дэвшдэг. Хөдөө аж ахуйн хоршооллын систем байгуулсан нь монголын уламжлалт мал аж ахуйг орчин үеийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрт оруулах нэг том оролдлого байсан юм. Мэдээж хүмүүсийн муулдгаар хувийн өмч хөрөнгө хураасан, дээрэмдсэн, албадсан, захиргаадсан, оросыг дуурайсан зэрэг маш олон завхрал гарсан ч эцсийн дүнгээрээ манай мал аж ахуй, улмаар нийгэмд гарсан том дэвшил байлаа.
Малыг нийгэмчилсэн нь “баруун”-ны ойлголтоор бол байж болшгүй аймшигтай гэмт хэрэг байсан нь мэдээж хэрэг. Харин олон мянган жил бараг өөрчлөгдөөгүй уламжлалт мал аж ахуйг өөрчилсөн дэлхийд анхны зоримог бөгөөд амжилттай оролдлого болсон гэж би хэлнэ. Хамгийн гол нь хөдөлмөрийн цоо шинэ хуваарь бий болж, монголын хөдөөгийн нүүр царайг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ талаар францын социологич Э.Дюркхеймийн бичсэн “Хөдөлмөрийн хуваарь” гэсэн агуу бүтээл байж л байна. Өөр ч үй олон юм бий. Тэдний алинд нь ч аливаа эдийн засаг, бизнес ганц ганцаараа хөгждөг гэсэн үг үсэг ч байхгүй.
ХААН
Одооны залуучууд энэ үгийг банк л гэж ойлгоно байх. Энэ бол Хөдөө аж ахуйн нэгдэл гэсэн үгийн товчлол. Товчхондоо бол мал малын захтай байсан жалгын нэг тарсан малчдын малыг одоогийнхоор бол хурааж, тэр үеийнхээр бол нийгэмчилсэн аж ахуйн нэг социалист хэлбэр юм.
Социализмын үед бүх малыг нь хурааж аваад малчин хүн эхнэрээ төрөхөд нь сумын төв орж нэгдлийн даргаасаа хонь цохуулж авч байсан гэдэг яриа бол хийрхүү ардчилагчдын гүтгэлэг зохиол юм. Албан ёсны шийдвэрээр хангайн бүсэд 75, говийн бүсэд 150 толгой малыг аминд нь үлдээж “амины туслах аж ахуй” гэж нэрлэж байв. Одооны “капиталист” малчдын 70 гаруй хувь нь 100 хүртэл толгой малтай байгаа. Хэр зэрэг дээрдсэн байна ? Нэгдлийн хонь 100 орчим төгрөг, “зах зээлийн” хонь 240 орчим төгрөг байсан болоод л малчид нэгдлийн хямд хонь идэх байгаа царай нь л тэр байхгүй юу. Өөр юу байдгийм.
Малчид юу хийдэг байсан бэ ?
Мэдээж хоршооллын буюу нэгдлийн малыг маллана. Энд мал малын зах биш, малыг төрөлжүүлэхээс гадна материаллаг баазыг дээшлүүлэх бүх талын арга хэмжээ авдаг байсан. Бэлчээрийн нарийн хуваарь гаргаж, малыг оторлуулж, үржил хээлтүүлгийн бүх ажлыг хамтын хүчээр зохион байгуулж байв. Малчдыг хүчээр хөөж оторт гаргана, араас нь эргэж тойрч, ахуйн үйлчилгээ үзүүлнэ.
Ингээд адуучин, хоньчин гэхчлэн төрөлжиж, хөдөлмөрийн хуваарь нарийсч, бүтээмж нь эрс дээшилсэн юм. Хаана ч ийм зүй тогтол байдаг.
Бүх малыг жилд 3-4 удаа угаах ёстой. Малын эрүүл мэндийг мал эмнэлэг бүрэн хүлээнэ. Энэ системийг бүрэн устгаснаар одоо мал хачиг, хамуундаа баригдаад арьс үс гэж авах юмгүй болж. Манай арьс ширний чиглэлийн үйлдвэрлэлийн уналтын үндсэн шалтгаан энэ юм. Малын арьсан дээр нь зүүний чинээ харагдах нүх боловсруулаад ирэхээр хүний толгой багтам зайтай болдог юм. Ийм арьсаар юу ч хийх боломжгүй.
Наадмын маргааш гэхэд бүгдийг нь хадланд хөөж гаргана. Улс, аймаг, сумын өвс тэжээлийн фонд гэж байв. Мөн захиргааны аргаар малчин өрх бүрийн авсан хадлан өвс болон өвлийн бэлтгэлийг нэг бүрчлэн шалгана. Ухаандаа чи малын нэмнээ тэдийг хийх ёстой гэж шахна. Ийм баймаажин 1989 онд гэхэд л 1 сая 166 мянган тонн хадлан авч байжээ. Дээр нь гар, багсармал, эрдэс тэжээл гээд 300-400 мянган орчим тонн тэжээл бэлтгэдэг байлаа. Одоо авсан хадлангийхаа тоог “нуудаг” болжээ. Энэ нь бараг байхгүй гэсэн үг л дээ. Зунжин, намаржингаа найр наадам, уул овоо тахих, бүсийн морины уралдаан гэж “төртэйгээ” нийлж найрлаад жаргаад байхаар ямар элэнцгийнх нь хадлан байдаг юм. Одоо зуднаар нэг суманд 2-8 тонн өвс өгчихөөд малчиддаа “тусалж” байна гэнэ. 1000 малтай айл 3 шуудай өвсөн “тусламж”-аар чинь үхснээ хийхийм. Зудтай үед малыг аль цас багатай газар руу нүүлгэдэг болохоос хэдхэн боодол өвс өгчихөөд “тусласан” гэж ТВ-гээр ярихийг огт хэлдэггүй юм.
Төрийн тусламж хийгээд албадлага
Эхлээд малыг хашаажуулав. Энэ ажилд явж үзээгүй оюутан, цэрэг, залуу хүн тэр үед огт байгаагүй. Үүний дүнд 66,2 мянган хашаатай болж, бог мал хоёр ээлжийн, бод мал 1,7 ээлжийн хашаагаар хангагдав. Тэгээд усжуулав. Нийтдээ 41, 6 мянган худагтай болсон юм. Худаг, хашаа хоёр социализм огт биш шүү дээ. Өмч хувьчиллаа гээд малын бүх хашааг сумын төвд аваачаад өөртөө хашаа босгоод, зарж үрээд алга болгов. Худгуудыг бараг бүрэн тонож сөнөөв. Мөн сайн үүлдрийн үнээний 44 фирмийг иж бүрнээр нь устгав. Үүний 20 гаруй нь Улаанбаатарын ойролцоо байсан юм. Одоо бид ямар сүү ууж байна ?!
Энд УБ-т улсын тэжээлийн фонд, тэрийг нь зудтай үед хүргэж өгөх бүтэн автобааз байсан юм.
Нэг нэгдэл 3-5 бригадаас бүрдэж байсан. Тэр үеийн бригад, хэсэг, одооныхоор багт гэхэд л жижиг клуб, агуулах, хүний болон малын бага эмчтэй, бас цахилгаантай байсан. Ямар ч гэсэн кино гаргаж, бүжиг үдэшлэг хийчихэж болдог л байсан юм. Одоо Та нар багт очоод бүжиглэх гээд үз л дээ. Ингээд 3000 шахам багийн төвийг иж бүрнээр нь устгав.
Нэгдэлд, одооны суманд сургууль, сургуулийн дотуур байр, клуб, хүний болон мал эмнэлгийн том салбар, банк, ясли, цэцэрлэг, зочид буудал, малын тэжээлийн цех, ахуй үйлчилгээ, номын сан, уурын зуух, цахилгааны дизель мотор, малын тэжээлийн цех гээд юм юмны зах байх.
Эмнэлгийн салбарт гэхэд л сумдад эхчүүдийн амрах байр байдаг байлаа. Малчин эмэгтэйчүүдийг төрөхөөс нь 30 хоногийн өмнө, мөн төрсний дараа нь 20 хоног тэнд авчирч, тусгай хоол өгч, эмчилж сувилах үүрэгтэй. Тэр үеийн монгол малчин нөхөр нь ч тэр, эхнэр ч тэнд эрт очих тун дургүй. Тэгэхлээр захиргаадна даа. Би залуудаа судалгаагаар явж байгаад машинаараа дүүрэн жирэмсэн авгай хүүхнүүд суулгачихсан нэгдлийн даргатай олон тааралдаж л явлаа. Нөхрүүдийг нь захиргаадаад жирэмсэн эхнэрүүдийг нь “булааж” аваад эхчүүдийн амрах байранд хүргэж байгаа нь энэ. Нөгөө талд нь малчин эмэгтэйчүүдийг нь гэрт нь төрүүлж, эх хүүхэд өвдсөн буюу эндсэн бол сумын эмч “толгойгүй” л гэсэн үг. Үүнийг хариуцлага гэдэг юм.
Үүнийг одоо захиргаадсан, хүний эрх мэрх зөрчсөн гэж муулж болох боловч эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ер нь ингэхэд яадаг ч юм гэж би боддог юм. Бие нь муудсан малчныг “царцаа ногоон” онгоц, нисдэг тэргээр Улаанбаатарт авчирч эмчилдэг байсан эрүүл мэндийн салбараар би бахархахгүй яадгийм. Одоо хятад, солонгос эмнэлгээр “бахархах” ёстой болж байх шиг. Одоо ч нисдэг тэрэг баячуудын үнэг алах гэж сөнөөдөг тоглоом болж дээ.
Малчныг ганц мал маллуулах гэж захиргааддаг байсан гэвэл дэндүү эндүүрэл болно. Ухаандаа “мистер” малчин хүүхдээ сургуулиас завсардуулбал ёстой дэмий л байна. Яаж шийтгэдэг байсныг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ л “айлгаж” байгаад хүүхдийг нь ном эрдэмд хүчээр сургадаг байсан юм. Одоо юу вэ “зайнаас сургана” гэх мэтийн хар мянган хөтөлбөр хэрэгжүүлж мөнгө хахатлаа идээд идээд хүүхдийн сурлагын чанар, идэвхи улам муудсаар л байна. Мөдхөн бичиг үсэггүй болно биз. Сумын клубт өдөр болгон кино гарна, мөн 2-3 удаа үдэшлэг зохионо. Залуу хүн бүрийг 10 нийтийн бүжиг сурахыг Эвлэл албадна. Энийг би л лав буруу гэхгүй. Харин улс төр, үзэл суртлын шинжтэй олон тэнэг явдал гардаг байсныг бусад хүмүүс хангалттай хэлсэн болохоор үүнийг түр орхиод зөвхөн аж ахуйн зохион байгуулалтыг хөндөж байна.
Малын тоо толгой хийгээд харьцаа
Социализмын үед 22 -27 сая малтай. 8,2-9.6 сая төл авна. Энийгээ идээд, Орост гаргаад малын тоо толгой олон жилийн турш бараг тогтмол байдаг байсан. Ноолуур гэж нэг мөнгөний уут гараад ирэхээр ямаа хэт их өсөв. 43 сая малтай болов. Ямар ч утгаар бол энэ амжилт биш юм. Ер нь аливаа тогтвортой амжилт бол мал эмнэлэг, үржил селекци зэрэг суурь нөхцөл буюу материаллаг бааз, боловсон хүчин, хамгийн гол нь зохион байгуулалттай баймаажин гардаг жамтай. Энэ суурь нөхцлийг ор мөргүй устгаснаар монголын мал аж ахуй дундад зууны байдалд бүрэн орсон. Хаанахын ямар улсын эдийн засгийн ямар салбар ганц ганцаараа ажил хийгээд хөгжиж байсан юм ?! Ийм явдал энэ дэлхий дээр хаана ч байхгүй.
Үүнийг дагаад монголын 300 гаруй томоохон үйлдвэрийг сөнөөх нь тэр. Энэ чинь уг нь социализмын биш, жинхэнэ үндэсний үйлдвэрлэл байсан юм ш дээ. Зарим технологи нь “муу” гэж байсан гэж шүүмжлэх л байх. Олон улсын шагнал авсан югославын нафа технологиор хийсэн монгол нэхий болон савхин цамц, дээлийг, чехийн технологитой гутлыг, германы хивсийг хэн ч муу гэж хэлэхгүй дэг. “Муу” байлаа ч гэсэн сайжруулах хангалттай хугацаа өнгөрлөө.
Ер нь бол юмыг нураах шиг амархан юм байдаггүй юм. “Малыг малчдад” гэсэн “жигтэйхэн гоё” хачин тэнэг уриа хашгирч байсан хүмүүсийг бүгдээрээ санаж байгаа байх. Магадгүй энэ нь зөв чиглэмжтэй байсан байх. Гэхдээ дараа нь орлуулж хийх алхмаа огт бодолгүй хоосон хийрхэхээр ийм суурь нуралт болдог юм.
За яахав, нэгдэл бол социализмын “юм” учраас нураадаг л юм байгаа биз. Эхний 10 жилд нь шилжиж милжээд, хөл толгойгоо олохоо байж гэж бодъё. Энийг яахав дүүрч гэж бодъё. Гэхдээ сүүлчийн 10 жилд нь босгож болно биз дээ. Гэтэл босох ямар найдвар алга, ийм бодлого ч алга.
1998 онд хамтын хөдөлмөр хэрэгтэй гэдгийг нэг юм ойлгож “Хоршооны тухай” хууль гаргасан юм. Тэгсэн чинь засвар хийгээд тэрийг нь Хадгаламж зээлийн хоршооны хууль шиг болгож өөрчлөөд төр нь яаж дээрэм хийдгийг бид бүгдээрээ харсан. Бас энд тэндгүй фермерийн аж ахуй хэмээн орилж төслийн баахан мөнгө идэв. Юмыг чинь босгох гэж өөрчилдөг юм уу, сөнөөх гэж өөрчилдөг юм уу ?
Хамтарсан байвал юу ч яахав…
Одоо тэр хоршоогоо байгуул, фермерийн аж ахуйгаа байгуул. Нэр нь хамаагүй. Хамгийн гол нь хамтын хөдөлмөр, хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн бүтээмж хэрэгтэй. Ийм зохион байгуулалтын хэлбэрийг дэмж л дээ. Өөр гарц огт байхгүй. Одоо төрөөс албадах шаардлага бас байхгүй. Учир нь манай малчид зах зээлийг гадарладаг болчихсон байгаа. Малчдад ганц ганцаараа биш, хамтаараа яаж ажиллаж амьдрах ёстойг хэлээд өг. Харамсалтай нь манай эрх баригчдад ухаан гэж даан ч нэг алга. Тэд их л сайндаа намайг социализмаа санагалзасан гэж загнана биз. Тэгээд “барууны” онолуудад ганц ганцаараа ажилла гэж байна уу ? Намайг загнах хамаа алга, харин социализмаас “дээрдүүлсэн” юмаа үзүүл л дээ. Эсвэл ингэж “дээрдүүлэх” гэж байна гэсэн бодлогоо ч юм уу ярь. Мөн малын тоо толгойг зохистой хэмжээнд хүртэл багасга. Шууд хэлэхэд малын тоо толгойг цөөрүүлэх ёстой. Ингээд зуд болох бүрт дотоод, гадаадаас тусламж гуйгаад л хөсрий царайлаад яваад байх уу ?! Одоо бүр байчихаад 43 сая малаа гадаадынхнаар тэжээлгүүлэх нь л дээ.
Монголын мал аж ахуйг монгол, хятад, италийн зэрэг хэдхэн ченжүүд “удирдаж” шууд утгаар шулан мөлжиж байна. Энэхүү мөлжлөгөд нэр бүхий төрийн түшээд шууд оролцож байгаа нь нэг их “нууц” юм биш шүү дээ…
Би эрх баригчдыг дэндүү сайн мэдэж байна. Та нарт үзээд өгье гэсэн ч Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөө огт байхгүй. Харин өөрчлөгдсөн ганц л зүйл бий. 1990-ээд оны эхээр японы Хироно, Женифер Сакс (Дэлхийн Банкны зөвлөх байсан) гэсэн хоёрхон нэр хэлж элдэв балай юм солиордог байсан бол өнөөдөр Сато гэсэн ганцхан нэрийн араас юу дуртайгаа донгосож байна даа…
Мал аж ахуй сөнөвөл Монгол Улс сөнөх тавилантай. Үндэсний үйлдвэрлэл мал аж ахуй дээр л тулгуурлан хөгжиж болно. Юун тэр ашигт малтмал. Аливаа иргэншил болон соёлд хэзээ ч үл давтагдах суурь өгөгдөхүүн, нөхцөл гэж байдаг юм ш дээ…
Дашрамд дурдахад намайг “айрагаа санасан” хөдөөний “гар” байна гэж бүү бодоорой. Би 4 үеээрээ Хүрээний хүн. Би судалгаа хийж, онолууд уншиж, Монгол нутгийнхаа бараг бүх сумаар явж ямагт ард түмнийхээ дунд байдаг учраас л ингэж байна. Манай эрх баригчдын ихэнхи нь хөдөөний нөхдүүд. Бодвол хөдөөг надаас хавьгүй илүү мэднэ биз. Надтай онол практикаар “үзэлцэх” гэж байгаа бол нэр усаа ил тод хэлээд мэтгэлцэхийг үнэхээр урьж байна.
Малчдаа аврая гэвэл хамтын зохион байгуулалт хий. Нэгдэл бол социализм биш, хөдөлмөрийн хамтын зохион байгуулалтын нэг л хэлбэр юм. Хуучнаар нь байгуулах боломж одоо л лав байхгүйдэг. Хэрэв нэгдлээс “айгаад” байвал хоршоогоо байгуул. Харин ахиад ХЗХ шиг битгий дээрэмдчихэж үзээрэй дээ.
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 3 дугаар сарын 15.