Хоёр долоо хоног “таг чиг болсон” хэргээр тааралдсан хүн болгонд байцаалт өгөв. Эхний долоо хоног ч яахав, хичээл амралт зугаалга гээд өдөр хоногоо алдаж хариуцлагагүйтсэн. Хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин дараагийн удаад бол би ёстой “таг ч болоогүй, чиг ч болоогүй”, харин агаар салхинд гарч хөтөч болж байгаад ирлээ.
 
  “Жирмийн цагаан нуур” гэж дуунд гардаг, дуулах тоолонд л жижгэрч байдаг нэг нуур байдаг даа? Яг тэр нуурын хажууд очиж хэдэн хоног хөтөч хийж хоёр америк, хоёр япон нөхдүүдтэй сайхан зугаалав. Тэнэг хүнд хөзөр сайн ирдэг шиг, надад дэндүү сайхан ааштай, жинхэнэ “гилийн тамга шиг” жуулчид таарсныг яана аа.
 
  Морь унах гэж Монголд ирсэн гэнэ. Хөдөө өвөөгийндөө очихоороо морийг нь хөтөлж уулын ард гараад нууцаар давхиж өгдөг байсны хэрэг ашгүй нэг юм гарав.
 
  За тэгээд л хэдэн хоног англи хэлээр шулганаад, англиар дуулж, хуурдаж, ярилцаж, мэтгэлцэж, англиар унгахаас наагуур юм болов. Орчуулагч, хааяахан “оршуулагч”, ихэнхдээ хөтөч, завтай үедээ зөөгч, зарим орой түлээчин, хүйтэн шөнө гал манагч, жирийн өдөр амрагч, зарим үедээ жуулчин хийж, хамгийн гол нь хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжтай болоод ирлээ. Очсон өдрөөс авахуулаад хүйтэрснийг хэлэх үү, эхэндээ зутрах шинжтэй байснаа “монгол хүний шийр зааж” цаг агаартаа тун амархан дасан зохицов. Хуурай түлээ, хөөтэй пийшин хоёр байхад даараад сууна гэж юу байхав. Түлээг хэрхэн ашигтай байрлалаар өрж, ганц шүдэнзээр гал хэрхэн асаах вэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан ч чадахаар болов. Хоёр америк, хоёр японыхоо гэрийг байсхийгээд л галлана. Сүүлдээ тэдний нүдэнд Дөлгөөн өөрөө тэр чигээрээ асаж байгаа гал шиг харагдаж байх шиг санагдсан.
 
  Монголчууд хээгүй хүн сайхан гэж ярьдаг даа. Тэгвэл манай хэд бол бүр “цув цулгуй хүмүүс” гэсэн үг. Гэрээрээ дүүрэн утаа манаруулчихаад л “хэхэ монгол гэрт амьдрах хөгжилтэй юм байна, яг бүтэж үхлээ...” гээд л инээлдэнэ, бөгснөөсөө цус гартал нь шогшуулчихаад л “маргааш дахиад унана, бүр хол явбал бүр гоё” л гэнэ, мотор хага хөлдчихсөн, халуун ус байхгүй гэвэл “за яахав, тэгэж байгаад гэсэх байлгүй. Монголын уламжлалт жорлон бас сонин байж магад” гээд л хөгжилдөөд байна шүү дээ. Дөлгөөн яахав, өлгөж аваад л “Тийм шүү утаа чинь бас дажгүй шүү дээ, ямар та нар олон удаа ингэж эсгий гэр дотор угаартах биш, боломж олдож байгаа дээр нь сайн үнэртээд ав. Харин би гарлаа, би чинь монгол охин шүү дээ” гээд л бүгдээрээ нийлээд инээлдээд байдаг гэж байгаа.
 
  Хатуу сандал дээр ширүүхэн сууж чадахаа больтлоо морь унасны эцэст “монгол охин” гэсэн сайхан нэр сонсоод ирсэн. Жуулчид маань биш, тэнд байсан морьны хөтөч ах нар тэгж намайг урамшуулсан юм. Хотын цагаан охин очоод морьноос айх нь бүү хэл “Хурдан явмаар байна, ташуур байна уу” гээд асуугаад гүйж байсанд баярласан гэнэ. Тэгээд “Бууж мордож байгаа, суудал нь хүртэл овоо шүү. Эрхбиш монгол хүн байна даа...” гэж хэлэхэд нь баярлаж барьц алдаад арай л морьноосоо уначихаагүй.
 
  Хөтөчийн анхны гараа минь амжилттай л эхэллээ. Монгол орныхоо олон сайхан тал, өөрийнхөө мэдлэгийн ядуухан хүрээг зэрэгцүүлэн шүүсэн бодлууд, хоцорсон хичээлийн даалгавар хоёр гадаа шарлах навчис шиг хөглөрсөөр л байна...