Зөвхөн байгалийн шалгарал болон мутацаар хувьсал яваад зогсохгүй гэдгийг Чарльз Дарвин ойлгож байжээ. Хувьслын механизмын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол “хүйсийн үржилд орох сонголт” буюу “бэлгийн замын шалгарал” юм гэдгийг тэр таньж мэдсэн байна. Харин түүний шавь нар үрийн шингэний дайныг нээж олсон ажээ.
 
     Амьтны ертөнцөд түгээмэл байдаг “эм нь сонгодог” зарчмыг Дарвин “Хүний гарал” номондоо “хүйсийн үржилд орох сонголт” буюу “бэлгийн замын шалгарал” хэмээн нэрлэж байлаа. Хувьслын механизмд байгалийн шалгарлаас гадна үржилд орох ханиа сонгох гэсэн хоёр дахь том механизм байдаг ажээ. Энэ бол амьтны ертөнцөөр тогтохгүй хүнд хамаатай асуудал юм.
 
     Амьд амьтны одоо буй төрх байдал нь бурханы хүслээр бус харин тэдний өвөг дээдсийн үржилд орох ханиа хэрхэн сонгож байснаас шалтгаалдаг гэж үздэг байна.
 
     Амьдралын хэвшил асар их өөрчлөгдөж, хүн ер нь байгалиас мөн л асар их холдсон мэт боловч үнэндээ хүн бол байгалийн бүтээгдэхүүн хэвээрээ л байгаа. Байгал зөвхөн амьдралд хэрэгтэй зүйлийг л хөхүүлэн дэмждэг ба энд зардал ба үр ашиг гэсэн эдийн засгийн хууль үйлчилж байдаг. Сексийн хамтрагч болон гэр бүлийн хань хоёрын хооронд адил зүйл их байдаг боловч эсрэг зүйл ч байдаг юм.
 
     Хүн гээч амьтны биеэ авч явах байдал нь соёлын үнэлэмж болон үнэт зүйлсээс илүүтэйгээр удамшлаасаа ихээхэн шалтгаалдаг ажээ. Чухам ямар зөн мэдрэхүй болон бодол санаа эсвэл ямар учир шалтгаан болон механизм биднийг нэг бол аль нэг ор хөнжтлд оруулаад нөгөө болохоор орноос нь хөөгөөд байгааг тайлахаар судлаачид ажилласаар л. Дурлана гэдэг бол яах аргагүй хүнд л байдаг эрхэм чанар мөн. Харин дурлал маань хэр тууштай байхыг тодорхойлох боломжгүй бололтой юмаа.
 
     Ер нь Дарвины онолоор бол эрчүүд чинь хүүхнүүдийн үржил селекцийн “туршилтын туулай” л юм даа. Зардал ба үр ашиг гэсэн генетикийн тооцоо хүн төрөлхтөнд үйлчилж байдаг. Эсрэг тэсрэг хүсэл сонирхолтой эрчүүд болон эмэгтэйчүүд яалт ч үгүй хүч тэнцвэргүй боловч түншүүд байхаас өөр аргагүй. Эрчүүд болохоор аль болох олон үр удмаа үлдээх сонирхолтой үүний тулд нэгээр зогсохгүй эмэгтэй хэрэгтэй байдаг, гэтэл эмэгтэйчүүд болохоор ханиа маш нямбай сонгож, түүнийхээ тусламжтайгаар үр удмаа өсгөж авах ажлаа найдвартай болгохын тулд сонгосон эрээ өөртөө сайн уяж авах шаардлагатай байдаг.
 
     Хань ижлээ сонгож олж авахын тулд хүн мөн л амьтдын л адилаар байгалийн хуулинд захирагддаг. Хүйсийн хооронд хатуу ширүүн тэмцэл явагдаж аль аль нь нууц зэвсгээ хэрэглэж, ханиа сонгох ажил маань биологийн хуулийн нөлөөн дор явагддаг.
 
     Тиймээс л хүмүүн хоорондын харилцаанд үнэнч байх, урваж шарвах гэсэн ойлголтууд гарч ирдэг. Эр эм хоёр хэдийгээр ханиа сонгох талаар өөр өөр зорилго өмнөө тавьсан байлаа ч тэд хэн нэгэнгүйгээрээ яаж ч чадахгүй. Дэлхий маань эм хүйстний сонголт юм шүү гэж Дарвин хэлсэн нь яах аргагүй үнэн ажээ. Эмэгтэйчүүд сонгох эрхээ хайр найргүй ашигладаг, энэ нь зөвхөн болзоонд очих төдийхнөөр хязгаарлагддаггүй гэдгийг өдий төдий судалгаа харуулж байдаг ажээ.
 
     Үр удмаа үлдээх олон янзын шаардлага дотроос эрчүүдийн хувьд эрх мэдэл болон тэжээх чадвар, эмэгтэйчүүдэд бол гоо үзэмж болон хүүхэд төрүүлэх чадвар хамгийн чухлаар тавигддаг байна. Үр удмаа өсгөхөд хамгийн их хөрөнгө оруулалт хийх бололцоотой, генээ дамжуулан өгөх чадвартай эр хүнийг л эмэгтэйчүүд сонгодог. Тухайн эмэгтэйн хүүхэд төрүүлэх чадварыг зөв таамаглах нь эрчүүдийн хувьд бол чухал байдаг ажээ. Толигор арьс, намирсан үс, булчин шөрмөс болон гоо сайхны бусад үнэлэмжүүд гээд гадаад үзэмжинд голлон анхаарч төрөх чадварыг нь үнэлнэ. Гоо үзэмжийн тухай төрлөх зөн совин нь тухайн цаг үеийн элдэв зуршил, хэв маяг, өвөрмөц онцлогоос хамаардаггүй гэж биологчид үздэг болжээ. Ханиа сонгох механизм нь генд бичигдсэн хөтөлбөрийн дагуу л явж байдаг ажээ.
 
     Эмэгтэйчүүд өнө эртний цагаас л ялангуяа эдийн засгийн бололцоо муудсан үед өөртөө болон үр удамдаа аль болох амьдралын сайн боломжийг хангахын төлөөнөө зүтгэж ирсэн. Тийм болохоор өнөө ч гэсэн тэд ашиг орлого ахиу олох чадварыг сонгох ханьдаа тэргүүн ээлжинд тавьж энэ чанараараа эрчүүдийг энэ чадвараа харуулах байдал руу түлхэж байдаг. Өөрөөр хэлбэл орчин үеийн эрчүүд эр тогос өнгөт өдөөрөө гайхуулахын адилаар ганган гар утас, тохилог байр, үнэтэй машинаараа бүсгүйчүүдэд гайхуулцгаана.
 
Эрчүүдийн хувь нэмэр бага даа
 
     Биологийн талаасаа бол эрчүүд нь эмэгтэйчүүдтэй зүйрлүүлэхээргүй бага хөрөнгө оруулалт оруулдаг тул (үр тогтсоны дараахан нь сураггүй алга болоод өгч ч магадгүй, ингээд тээж төрүүлэх, хөхүүлж өсгөх бүх ажил ганц эхийн нуруун дээр үлдэж ч мэднэ) бүсгүйчүүд эрчүүдтэй ойртож дотносохоосоо өмнө урьдчилгаа хүсэж байдаг. Мөнгө, байр, бэлэг гээд ийм урьдчилгааг гаргаж чадаж буй эрчүүд л хүүхэд төрсний дараа үр удмаа хамтдаа өсгөхөд бэлэн байдаг. Тийм ч учраас бүсгүйчүүд эрчүүдийг гадаад үзэмжээс гадна нийгмийн байдлаас нь харж сонгодог. Тэгэхлээр эрчүүд сонгож авсан ханилахыг зөвшөөрч буй сайхан бүсгүйдээ өөрсдийгөө “сайн хань” гэж итгүүлэх хэрэгтэй болно өөрөөр хэлбэл эх болон хүүхдээ хангамж сайтай байлгаж чадна гэдгээ харуулах хэрэгтэй.
 
     Ингэж өөрийгөө харуулж чадаагүй эрчүүд бол биологийн хувьслын талаас нь харвал үндсэндээ “амьд үхдэл” болчихож буй хэрэг. Араар нь тавина гэдэг чинь шигшмэл үр удмаа үлдээх сонгодог аргын нэг гэж орчин үеийн судлаачид үзэх болжээ. Эрчүүд зөвхөн тэжээгч байгаад зогсохгүй тэд мөн “сайн чанарын” гентэй байх ёстой. Энэ хоёр чухал чанар цогцолсон эр хүн олно гэдэг эмэгтэйчүүдэд тийм амар ажил бишээ. Ийм учраас бүсгүйчүүд сонголт хийж буй энэ ертөнцөд эхнэрүүд нөхрөө араар нь тавих нь угаасаа програмчилагдсан байдаг зүйл ажээ.
 
     Амьтны ертөнцөд ч гэсэн эмэгчингүүд нь “шилдэг” гентэй үр удам үлдээх, тэднийгээ сайн тэжээгч эрийн туслалцаатайгаар өсгөж авахын төлөөнөө голж шилэн гүйдэг. Өрсөлдөгч нараа ялан гарч ирсэн, хамгийн гоёмсог өнгө, хэлбэр, ааш араншинтай “сайн” гентэй бөгөөд сайн тэжээгч эрэгчингийн хамгаалалтыг эмэгчингүүд хайж байдаг. Гэхдээ эмэгчингийн хувьд бол тэжээгч нь заавал үр удмынх нь эцэг байх албагүй. Дарвины онолын дагуу хүйсийн өрсөлдөөн нь бүр их нарийн явагддаг. Нэг эмэгчин хэд хэдэн эрэгчинтэй үржилд орох нь амьтны ертөнцөд элбэг тохиолдох ба энэ үеэр эр эсүүдийн хооронд тулаан болдог гэж үздэг.
 
     Янз бүрийн амьтан дээр туршилт явуулж зөвхөн эрэгчингүүд эр чадлаа үзэн өрсөлдөөд зогсохгүй гэдэг нь нотлогдсон байна. Өндгөн эсэнд анхдагч болон нэвтэрч орон үр тогтоохын төлөөнөө эр эсүүд тэмцэлд ордог гэнэ. Эр эсүүд хатуу ширүүн тулалдаанд ордог нь олон амьтад дээр нотлогдсон бөгөөд иймээс тайвуухан алхаж яваа эмэгтэй хүний саван дотор эр эсийн нүсэр тулаан явагдаж байдаг гэдэгт биологчид итгэлтэй болсон ажээ.
 
Эр эсийн дайн
 
     Үрийн шингэний хоорондын өрсөлдөөн нь эр эмийн харилцаанд шийдвэрлэх үүрэгтэй. Нэгэн бүсгүйд таашаагдахын төлөөнөө хоорондоо өрсөлдөж буй эрчүүд эцсийн шийдвэрийг үндсэндээ үрийн шингэндээ даатган орхидог болж таарахнээ. “Эмэгтэйн бие дотор өрнөж буй тэмцэл нь зүгээр нэг аз үзсэн тоглоом ч биш, зүгээр нэг уралдаад хөвөөд явж байдаг ч эд биш. Энэ бол жинхэнэ дайн, хоёр (магадгүй бүр олон) армийн хооронд болж буй тулаан” гэж биологч Робин Бэкер “Үрийн шингэний дайн” номондоо бичжээ.
 
     Хормын дотор сэтгэл эзэмдэж нилээд тохиолдолд амьдралын маань турш дагалддаг хайр сэтгэл гэж бидний ярьдаг сэтгэлийн онцгой мэдрэмжийг олон талаас нь шинжлэх ухаанчаар тайлбарлах гэхээ больё. Биологийн хувьслын онолын үүднээс үзвэл хүн үлгэр жишээ харьцаж, ханиа сонгох болон үржих стратеги нь яг л дарвинч сурах бичигт бичигдсэн шиг л явагддаг. Бид биологийн шахалтанд бүрэн ноёлогдож, бидний сэтгэлийн хөдөлгөөн бол амьтны зөн совингийн маань туслах төдий ба бид бол хувьслын тоглоом л юм гэдэгт эргэлзэж л байсан цагт дарвины онол сонирхол татсаар л байх болно.
 
     Хувьслын тухай түүний санаа нь зүгээр л нотлогдоод эсвэл няцаагдаад өнгөрөх онол төдий бус, Дарвин нь өнөөг хүртэл шинэчлэгдэн сайжирсаар байгаа маш төвөгтэй нарийн бөгөөд олон талт судалгааны цогц хөтөлбөр дэвшүүлсэн онцлогтой.