Хүмүүс хэрэлдэхээрээ бие бие рүүгээ аль муу, хорон үг шидэлцдэг. Тэд уурлаж бухимдсанаасаа болоод хэн нэгнийхээ сул талыг дөвийлгөж өөнтөглөн, элдэв эвгүй үг амнаасаа унагахыг юман чинээ тоодоггүй. Ажаад байвал монгол хүн маргалдаж муудахаараа нэлээд урт үг хэрэглэн биесээ дайрч довтолдог бололтой юм. Уран цэцэн хэл үгтэй, ардын аман ярианы уламжлалтай улс болохоор тэгдэг юмуу голчлон ямар нэг зүйрлэсэн, дүрсэлсэн үг хэллэг ашиглана. “Ажилгүй ангайгаад байж байгааг нь” Наад арзайсан хар юмаа аваад зайлаарай, амрах минь“ “Өрвийсөн өөдгүй шаар” энэ мэт үгсийг бага байхдаа томчуудын амнаас зөндөө л сонсож байлаа.
Хараалын үгс, уулга алдалт зэрэг нь заавал холбоо, хоршоо үгнээс бүтсэн байх жишээтэй. Цусаар урс, эргүү хог, үйлс нь харламар, буруу хойшоо, тосоор гоож гэхчлэн хөгшчүүд ерөөгөөд хараагаад байгаа нь мэдэгдэхгүй шахам үглэдэгсэн. Дээр үед хувьсгалаас өмнө лам нар их хараал хэлдэг байсан юм билээ. Шашны зан үйлтэй нь холбоотой ландрам, барам, лүд, ад зэтгэр гэх мэт үгс жирийн ардын ам дамжин хэрэглэгдэж иржээ. Нутаг нутгийн аялгатай хараалын үгс ч байх. Дундговийнхон голдуу “ээ улаан тугаа” гэж хараадаг гэсэн хошин яриа 80-аад онд байсан. Баруун аймгийнхан “цус, нөж” гэсэн үгтэй хараал их хэлдэг бол Сүхбаатар аймгийнхан “хээ” гээд уянгалуулаад байдгийг сонсоод гайхаж л явсан. Настайчууд хараал хэлэхдээ айхтар муу үгийг арай зөөлрүүлж хэлэх, урвуугаар эерүүлж ярих үзэгдэл ч байсан байна.
Нэг танил маань Баянхонгорт их удаан амьдарсан. Хотын унаган иргэн тэрээр буцаж ирэхдээ “ өө, цуу ямбуу” гэж юм л бол хэлдэг болсон байж билээ. Сүүлд ярихдаа, аль болох муу үг хэлэхгүйн тулд Баацагааны хөгшчүүдээс сурсан үг гэж байсан. Хүүхэд нь гарах гээд тэсэхийн аргагүй өвдөж байхад олон төрсөн нэг эмэгтэй “нам засаг минь, найман хүүхэд минь” гэж төрөх газраар нэг орилсон инээдтэй яриа бий. Эмч нь яагаад заавал тэгж хэлснийг асуухад, би хүүхдээ гарахад хараал хэлэлтэй нь биш, эгч нь зүгээр үедээ ёстой муухай хүүрээ, хүүр гэж хараадаг золиг байгаа юм гэж байжээ. Хараалын үг хүмүүсийн нас, цаг үеийг дагаад өөрчлөгддөг юм байна. Дөчөөд насныхан хэрэлдэхдээ зүгээр л “хуц”, “тэнэг” гэчихээд дуугай болохгүй. “Юу гээд солиороод байгаа эргүү амьтан бэ”, чам шиг мангар юмыг бүр солиоруулаад өгье л дөө” “хогийн муу хулгайч чинь хуцаад байж гэнэ” гэж их урт үгээр маргалдах жишээтэй.
Харин залуус бол өөр. Цусаар урс, яадаг гичий вэ, донгос, хөсрий, муу ёрын хог, ирваа энэ тэр гэх өвөө, эмээгийн хараалын үгийг бүр мэдэхгүй. Яршиг л байна, яамайш дээ, новшроод байна уу гэж хэлдэг байсан аав, ээжийнхээ үеийн хараалын зарим үгийг сонсоо ч үгүй байх. Тэд амаа тат, чөтгөр ав, чацга гэх зэрэг үгийг англиар тэр чигт нь хэрэглэх юмуу заримдаа монголчлон хэрэглэж байгаа нь анзаарагддаг. Нэг хэсэг орос хараал их дэлгэрч юм л бол түй чёрт, чёрт возьми зэргээр чамирхан хараадаг байсан бол одоо оросоос монголчлон буулгасан п…да-г ганцааранг нь аваад үлдчихэж. Эрчүүд голдуу хэлчихдэг энэ үгнээс хүүхнүүд яагаад ч юм эвгүйрхдэг. Одоо бол цэл залуухан охид “яадаг п..да вэ” гээд үглээд байхыг нь бишгүй харлаа. Арван жилийн ахлах ангийн банди нар нэг үг хэлээд л “п..да” гэх юм. Захын гэр хорооллын хүүхдүүд, зан ааш нь эвдэрсэн гэмээр хүмүүс голчлон ингэж хараадаг гэж нэг хүү ярьж байсан. Бүр цэцэрлэгийн жаахан хүүхэд хүртэл энэ үгийг дультраатан хэлээд зогсож байсан онигоо гэмээр яриа бий. Гадаадад сурч, амьдарч байсан хүмүүс тэр орны хараалын үгнээс энд ирээд хэлээд явбал манайхан дагаад л сурдаг гэсэн. Муу үг модон улаатай гэж тэр байх.
Сүүлийн үед хошин шогийн элдэв тоглолтоос хүртэл янз бүрийн үг сураад хэрэлдэж хэлцэхдээ ашигладаг болжээ. Лайтай, лайтай юм бэ /яасан ядаргаатай вэ/, зүгээр байгаарай /аятайхан бай л даа/, домог болдог байш дээ /гайхуулаад байгаарай/ зэрэг үгийг дурдаж болох нь. Бас шорон оронгоос гаралтай жаргон маягийн хараалын үг их байдаг. Ер нь хараал хэлдэггүй монгол битгий хэл бусад улс үндэстнийг олъё гэвэл хэцүүхэн даваа болох биз. Гагцхүү уур уцааргүй тайван байж, бачимдаж давчдах зүйл гарсан ч биеэ барьж, хэлэх үгээ бодож амнаасаа унагавал хараалын муу үгс арилдаггүй юмаа гэхэд багасах болов уу хэмээн санах ч ээ дээ юу л бол доо… Тэрний оронд юунд ч гэм халгүй, монгол хүн, ахуйд зохицсон нэг тийм “муухан шиг” үгтэй баймаар юм даа. Тэгвэл бид энд тэндхийн мэддэг, мэддэггүй элдэв хараалын үгнээсээ ангижрах боловуу, яах бол?