Гэр бүлийн хэрүүл, маргаан
Энэ удаагийн хавтасны сэдвийг бичихэд тийм ч амар хялбар байсангүй. Хэний ч гэр бүлд гарч л байдаг бага сага маргаанаас эхлээд заримдаа зодоон цохиондоо хүрдэг хэрүүл уруулын талаар хөндөж бичих нь хэр оновчтой юм бол. Өөрийн толгой дээрхийг хараагүй байж өрөөлийнхийг өөлөв гэгчээр айл өрхийн элдэв маргааны нууцыг сөхсөнөөрөө бид хүмүүст чухам юу хэлэх гэсэн билээ хэмээн анхандаа эргэлзэж байсан. Харин сэдвийнхээ араас хөөцөлдөж бараг хоёр сар шахам явахдаа энэ эргэлзээ маань өөрчлөгдсөнийг хэлэх нь зөв байх. Хэдийгээр гэр бүлийн хэрүүл маргаан амьдралын энгийн нэг зүйл мэт боловч хүмүүстэй уулзаж ярилцах тусам харин ч хамгийн эмзэг, нарийн төвөгтэй асуудал болох нь мэдрэгдэж байлаа. Нөгөө талаас хүмүүс үүнийг хэрхэн давж, яаж шийдэж байна вэ гэдэг нь анхаарал татсан юм.
Хайр сэтгэл хүнийг харалган болгодог
Гэр бүлийн амьдрал бол хоёр, гуравхан сарын эсвэл хоёр, гурван жилийн настай хэврэгхэн зүйл биш билээ. Хоёр хүний насан туршдаа хамт байж, нэг нэгнийгээ сэтгэл дүүрэн аз жаргалтай байлгах харилцааны урлаг гэж хэлвэл илүү зохилтой юм шиг. Хэрвээ энэ нандин харьцаанд сэв суувал тэдний хайр сэтгэл ч мөн дундрах аюул ойрхон байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл эхнэр, нөхрүүд хэрэлдэж муудах нь олшрох тусам гэр бүл бат бөх байдлаа алддаг. Анх суухдаа амалж байсан нөгөө сайхан хайр үгүй болоход зарим нь үүнтэй эвлэрч чадахгүй манай нөхөр, эхнэр шал өөр хүн болчихлоо. Тэр танихын аргагүй өөрчлөгдсөн гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хайрлаж дурласанаасаа болоод бидний ихэнх нь харалган болчихдог билээ. Хайртай хүнийхээ хамаг л сайн сайхан зан чанарыг нь илүү мэдэрч, цаана нь нуугдсан муу талыг нь олж харалгүй төөрчихдөг. Тэгээд хэсэг хугацааны дараа үнэн нүүр царайг нь олж мэддэг.
Арваад жил ханилсан нөхөр нь хэрхэн өөрөөс нь урвасан тухай Батцэцэг ингэж ярьж байна. “Ганцхан чамайгаа хайрлана гэж хэлж байсан үгэндээ нөхөр маань хүрээгүй. Бараг долоон жилийн өмнөөс өөр бүсгүйтэй холбоотой болсон. Би түүнд ухаангүй хайртай учир ямар их зовлонд унасан гэж санана. Гэвч хүүхдүүдээ бодоод тэсээд л байсан. Сэтгэл минь маш их шаналгаатай явдаг байлаа. Сүүлдээ нөхөр маань алдаагаа засахын оронд харин ч намайг буруутгаж, сална хэмээн дарамталдаг болсон. Бид үргэлж хэрэлдэж, уур уцаартай байдаг” Эндээс үзэхэд Батцэцэгийн нөхрийн эмэгтэй хүний талаарх бодол магадгүй ихэд хямдхан байсан бололтой. Энийг нь Батцэцэг олж хараагүй байж болох юм. Хайртай хүнийхээ сайн сайхнаас бусдыг олж харахыг хүсэхгүй байх нь хачин үзэгдэл боловч нөгөө талаар хайртыгаа алдаа гаргасан ч өршөөх сэтгэлээр ханддаг өгөөмөр зангаар үүнийг тайлбарлаж болно. Батцэцэг удаан хугацаанд нөхрийгөө анх байсан шигээ эргээд өөрт нь хайртай болж магад гэсэн горьдлого тээж явжээ.
Огт хэрүүлгүй бол уйтгартай
Саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож буй хүн ярьж байна, эхнэр бид хоёр 20 гаруй жил хамт амьдрахдаа муудалцах нь бүү хэл чангахан дуугарч үзээгүй гэлээ. Хөтлөгч бүсгүй ч толгой дохиод л байх юм. Харин би сувгаа сольчихсон. Худлаа яриад байхдаа яах вэ дээ гэж бодоод. Хорин жил битгий хэл хоёрхон сар ханилсан хосууд маргалдаж, муудалцаж л байдаг. Манай судалгаа ч бас миний бодлыг давхар баталсан.
Та эхнэр, нөхөртэйгээ маргаж хэрэлддэг үү? -Тийм 89% -Үгүй 11%
Огт хэрүүлгүй амьдардаг бол уйтгартай хүмүүс байна даа, манай гэрт бол хэрүүл зөндөө шүү дээ гэж хэлэх хүн ч таарсан. Энэ бол амьдралын үнэн юм. Түр зуурын маргаан зөрчлөөс илүү аймшигтай, хэрүүл нь зодоонд хүрдэг айлууд цөөнгүй олон. Яаж ийм гэр бүлд амьдрана гэж бодогдмоор. Жишээ нь, манай доод айлын хоёр байна. Хэн ч харсан боломжийн амьдралтай залуус. Гэвч нөхөр нь архи ууж ирээд авгайдаа агсан тавьдаг юмуу, байж байгаад л том хэрүүл болно. Тэр үед нь цонхоо хааж, зурагтаа чангалах хэрэг гардаг. Тэгэхгүй бол авгайнх нь орь дуу тавих, охидынх нь уйлаан, хаалга үүдээ нүдэж өшигчих чимээ сонсогдож сэтгэл тавгүйтэх нь бий. Маргааш нь орцонд тааралдахад нөгөө хоёр юу ч болоогүй аятай тас сугадалцчихсан гарч явах. Ёстой л нөгөө цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг нь байх гэсэн бодол төрөөд өнгөрнө.
Ер нь бага сага маргаанаас эхлээд цус нөждөө хүрдэг хэрүүл зөндөө. Нялх хүүхэдтэй, залуухан бүсгүй нөхрийнхөө ажил дээр очиж, даргатай нь уулзсанаас болоод бөөн хэрэг мандаж, тэд хоёр тийшээ болох шахсаныг санав. Дуу цөөтэй, бүрэг ноомой нөхрийгөө цалингийн зээл авч чадахгүй удаад байхаар нь дэм болох санаатай даргатай нь уулзан, учир байдлаа яриад гарч л дээ. Гэтэл орой нөхөр нь минчийтэл уурлачихсан орж иржээ. Би өөрөө болгочих байсан юм, чамайг хэн манай ажил дээр оч гэсэн юм бэ. Нэр төр гутаалаа хэмээн нөхөр нь уурлаж. Нөхрийнхөө нэрэлхүү занг тэвчиж чаддаггүй эхнэр өөдөөс нь үг сөргөж, түүнийг арчаагүй эр хэмээн гал дээр тос нэмэх шиг болжээ. Багтартлаа уурласан нөхөр нь жаазтай зургаа авч шидэж хагалан гараа зүсэж, эхнэр хүүхэд нь айж орилоод л... Энэ хэрүүлийн дараа авгай нь эгчийндээ очиж арваад хоносон бөгөөд нөхөр нь буруугаа хүлээн авч явсан гэсэн.
Та хоёр үргэлж хэрэлддэг үү? -Байнга 24,5% -Хааяа 69% -Бараг үгүй 6,5%
Хүүхнүүд хэрүүлч гэж үү?
Ерөөс гэр бүл болгон өөр өөрсдийн өвөрмөц амьдралтай бөгөөд маргалдаж муудалцдаггүй айл гэр маш ховор. Хэрүүл маргааны шалтгаан ч олон янз. Нөхөр нь архи уудаг бол тэднийхээс хэрүүл салахгүй нь мэдээж. Хадамтайгаа хамт амьдардаг гэр бүлд маргаан дандаа л гардаг. Дагавар хүүхэдтэй айл ч ялгаагүй, ямар нэг зөрчилтэй байдаг. За тэгээд байр, орон сууцны асуудал байна. Ихэвчлэн залуу гэр бүлүүд энэ маргаанд өртдөг. Үргэлж хөлсний байр дамжиж яваа гэр бүлд өчнөөн бэрхшээл бий. Мөнгө төгрөгний тухайд бол байнга л маргаан дагуулж байдаг. Өнөө маргаашийн талх, махны мөнгө олохоос авахуулаад өмч хөрөнгөний маргаан мэтгэлцээн ч мөнгөнөөс л болдог. Хардалт сэрдэлт, нууц амрагийн явдлаас бие биедээ хар санаж, бараг л юу хийхийг нь анаж суудаг хүн ч байдаг гэсэн. Хэрэлдэж муудалцах үедээ мэдээж элдэв янзын үгээр нэгнийгээ хэлж, дайрна. Ялангуяа ааштай, адтай хүүхнүүдээс хамаг хэрүүл гардаг гэсэн яриа их явдаг. Эмэгтэйчүүд түргэн ам, тэвчээргүй зантай учраас юу юуны туханд хүрэлгүй хэрүүлийг маш хурдан дэврээчихдэг гэж нөхрүүд дүгнэсэн байх юм. Тэднийхээр бол эмэгтэй хүн нус нулимс болж, уйлж унжин заавал аргадуулах эсвэл дийлэх гэж зүтгэх нь улам дургүйг нь хүргэдэг. Найз хүүхнийхээ нөхрийн ажилсаг, халамжтайг магтахад бүр уур нь хүрч нэрэлхүү зан нь хөдлөнө. Энэ мэтээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөлхийн гэмээр хоорондоо ялгаатай талыг сайтар тунгааж үзэлгүй хүүхнүүдэд бурууг тохдог байдал ажиглагддаг гэж сэтгэл зүйч ярьж байсан.
Эрчүүд тэгвэл заримдаа эхнэртээ эр бяраа гаргах гээд байдгийг юу гэх юм бэ, эрэгтэй хүн зангидсан нударгаар асуудлыг шийдэх санаатай бол хүүхнүүд хэл амаараа л түүнийг урна даа. Ер нь эмэгтэй хүний “давших гол зэвсэг хэрүүл ш дээ” гэвэл арай хатуудсан болохгүй л байх.
Гэр бүлийн аз жаргалыг хэрүүл орлохгүй
Хамт амьдарч, нэг гэрт орох л юм бол бүх зүйл сайхан байхаар төсөөлж явсан хосууд удалгүй эндүүрснээ мэдээд сандралд ордог аж. Эхнэрийнх нь үрэлгэн зан, нөхрийнх нь оймсоо ч угаахгүй залхуу байдал эхэн үедээ гэр бүлд хэрэлдэх хангалттай шалтаг болохгүй ч жижиг сажиг хэрүүл хийгээд л өнгөрдөг. Яагаад гэвэл нөхөр нь олон эмэгтэй дүүтэй, тэднээр хувцсаа угаалгачихдаг. Эхнэрээ өөрт нь мөн л тэгж хандана гэж бодож. Харин бүсгүй дураараа өссөн. Аав, ээжийнхээ өгсөн мөнгийг хүссэнээрээ л зарцуулдаг. Эрэгтэй дүү нь нэлээд бие даасан, ажилсаг. Тэр эгчээрээ хувцсаа угаалгах битгий хэл индүүдүүлэх ч дургүй. Аав нь ч ялгаагүй ээжийг нь оролцуулалгүй өөрийгөө аргалчихдаг болохоор бүсгүй нөхөртөө мөн тийм шаардлага тавина. Нөхөр нь юм угаахыг эхнэр хүний хийх ажил гэж үздэг. Ингээд тэр хоёр маргалдана...
Хоёр өөр орчин ахуйд өссөн, өөр өөр үзэл бодол, хүмүүжил, зан суртахуунтай хүмүүс нэгдэж нийлж байгаа болохоор гэр бүлд таарч тохирохгүй юм их гарч энэ мэт бэрхшээлтэй зөндөө нүүр тулдаг. Гэр бүл болоод удаагүй байхдаа л янз бүрийн төвөгтэй асуудал, амьдралын үнэнтэй бид учирдагийн жишээ энэ. Тэгээд гэр бүлийн амьдралыг сайнаар төсөөлж явтал нэг л мэдэхэд ганхан, зарим үед эхнэр, нөхрүүд маргалдан тэр нь улам бүр эрээ цээргүй болж хэрүүлийн шат руугаа орчихдог. Хэрэлдэж байхдаа хүн хяналтаа алдаж, хүүхэд, эцэг эх, хамаатан садан, бүр гаднын хүний дэргэд хүртэл өөрийн ухаангүй, санаанд орсноо хэлээд тавьчихдаг. Хэрүүлээс болж хүний сэтгэл санаа үймэрч, гэр бүлийн амьдрал аз жаргалгүй мэт бодогддог. Сэтгэлээр унах, салах тухай бодол ч хамгийн түрүүнд орж ирдэг. Хайрлаж суусан, сонгосон хань нь төсөөлж байснаас тэс ондоо хүн болохыг анзаарч эхэлдэг. Аар саархан зүйлээс маргаж байснаа хэрүүл болж хувирдаг гэр бүл доторх зөрчил маш олон зүйлээс шалтгаалж байдаг. Гагцхүү үүнийг шийдэхгүй, зөрчилтэй асуудлынхаа учир начрыг нь олохгүй яваад л байвал хэрүүл дахин гараад байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн маргаан, зөрчил бол шийдвэрлэгдээгүй асуудлын үр дагавар юм.
Хүүхдүүдийнхээ эцгийг хөөгөөд явуулж зүрхлээгүй
Ерөнхийдөө, манай нөхцөлд гэр бүлийн маргаанд нөлөөлдөг голлох таван зүйл байгаа нь судалгаанаас ажиглагдсан.
Тухайлбал: эхнэр, нөхрийн хэн нэг нь ажилгүй байх, мөнгөний асуудал, архидалт, ах дүү, хамаатан садан, нууц амрагийн явдал. Энд архины асуудал нэлээд дээгүүрт орж байна. Уг нь архидалт гэр бүлийн асуудлаас тусдаа зүйл боловч судалгаанд оролцогсод айл өрхийн хэрүүлийн шалтгаан архинаас болдог гэж хариулжээ. Харин архи, архидалтын цаана өөр давхар шалтгаан байгаа нь ойлгомжтой. Нэг жишээ дурдъя. Манай байрны доор оросын бараа голдуу зардаг хүнсний авсаархан дэлгүүр бий. Ажлаасаа тараад гэртээ орохдоо л ойр зуурын идэж уух юмаа бид авчихна. Дэлгүүрийн эзэгтэй шуурхай, мэдрэмжтэй бүсгүй. Байрны оршин суугчдын хэрэгцээнд яг тааруулж бараагаа цуглуулна. Өглөө эрт онгойж, шөнө 24 цаг өнгөрөөж хаадаг. Дэлгүүрт өөрийнх нь охид, бас дүү нь ээлжлэн ажилладаг. Өөрөө бол бараагаа татна, кассанд хяналт тавина. Орж ирсэн хүмүүстэй эелдэг найрсаг харилцана, ер нь л сайн зохион байгуулагч. Харин нөхөр нь хааяа архи үнэртүүлчихсэн тууж явах. Үүнд эзэгтэй дургүйцэж тэр хоёр хүмүүсийн өмнө тар тур хийгээд авдаг. Тэднийх дэлгүүрийнхээ дээд давхарт амьдрана. Амьтан хүний яриагаар бол багш байсан эхнэр нь зах зээл эхлэхэд урагшаа хойшоо ганзаганд явсаар овоо мөнгө цуглуулж дэлгүүр ажиллуулах болсон, харин нөхөр нь архи уудаг, гэрийнхээ бизнест хуруу дүрдэггүй тааруухан хүн гэлцэх. Үүнээс болоод тэр хоёрын дунд амьдралаа хэн нь авч яваа вэ гэсэн маргаан хэрүүл байнга гардаг гэсэн. Тэгээд яахав, эхнэр нь хүүхдүүдийнхээ эцгийг хөөгөөд явуулж зүрхлээгүй, зүгээр л зөнд нь хаячихаж. Нөхөр нь эхнэрийн олсон мөнгөнөөс архи ууж, Төмөр замд дажгүй алба хашиж явснаа хуучлан байрныхаа тэр хавийн архичидтай найзлана. Эрүүл үедээ хааяа нэг бараа зөөж байгаа харагддаг. Эдний амьдралд нөхөр нь буруутаад байгаа биз. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл дэлгүүрээсээ гардаггүй эхнэр нь гэрт оронгуут ядраад унаад өгдөг гэсэн. Бас охиддоо ямар их санаа тавьдгаа хүмүүст хэлэх дуртай. Харин нөхөртөө санаа тавилгүй удсан байж магадгүй. Эндээс харахад эхнэр, нөхөр хоёр ямар их хөндий харилцаатай болж тэдний хоорондхи хүйтэн хана улам зузаарсаар байгаа нь анзаарагдана. Амьжиргааны гол зүйл бизнесээ унагачих вий, охидыгоо гайгүйхэн боловсролтой болгоё хэмээн зүтгэж яваа эмэгтэйг буруутгах аргагүй ч манайд иймэрхүү амьдралтай гэр бүл хичнээн олон байгааг хэлж мэдэхгүй юм.
Та эхнэр, нөхөртэйгээ юунаас болж муудалцдаг вэ?
/5 хүртэл хариулт сонгох/
-архи 12%
-хардалт, нууц амраг 8,6%
-секс 4,5%
-байрны асуудал 7,6%
-ах дүү, хамаатнууд 9,2%
-мөнгө 19,8%
-хүүхэд 3,1%
-хадам 2,4%
-ажилгүй байх 30,3%
-бусад 3,8%
“Эр эмийн хооронд илжиг бүү жороол” буюу...
Д.Гэрэлсүрэн /35 настай/
- Нөхөр бид хоёр хөдөө байхдаа сайхан амьдарч байлаа. Гурван хүүхдээ аймгийн төвд сургуульд явуулчихна. Хэдэн малын ашиг шим бас чиг гайгүй. Тэгтэл нөхрийг маань юу хатгасан юм бүү мэд. Хот орон руу нүүнэ, тэнд л жинхэнэ амьдрал байна, хүүхдүүдээ энэ хэдэн бараан уулын дунд өөрсөд шигээ байлгахгүй гээд зүтгээд байх болсон. Уржнан жил хот ороод л тийм бодол тээж ирсэн. Манай нөхөр нэг зүтгэвэл санасандаа хүрдэг хүн. Бид Улаанбаатарт ирээд хоёр жил боллоо. Энэ хооронд үргэлж хэрэлдэж муудах болсон. Нутагтаа байхдаа ам муруйх нь тун цөөн байж дээ. Ажил их байснаас тэр биз. Одоо бол нөхөр маань ажилгүй удаж байна. Би ч бухимдаад хэдэн үг чулууддаг юм. Тэр архи нэлээд ууж байгаа. Хүүхдүүд яахав, нэг сургууль бараадсан. Харин нөхөрт л таарч тохирох ажил олдохгүй байна. Нутгаас авчирсан хэдэн бор төгрөг дууссаан. Аргаа барсан би хүнээр зуучлуулан цайны газарт ажилд орсон. Миний олсон хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүй юм. Хот газрын амьдралын өртөг их. Хүүхдүүд ч идээшихгүй нь. Буцах тухай хэлэхээр нөхөр маань хөдлөх янзгүй. Архи уугаад зан нь хувирч надад гар хүрдэг болсон. Би хүүхдүүдээ аваад удахгүй нутаг буцна. Нагац ах туслана гэсэн. Энэ бүсгүй ажил олж хийж чадахгүй байгаа нөхрөө орхиод ч хамаагүй нутаг буцахаар шийджээ.
Хотын амьдрал амаргүй тул бэрхшээлээс эмээсэн бүсгүй дасаж сурсан газартаа очиж амьдрах нь дээр гэж бодсон. Харин түүнд нагац ах нь туслахаар болжээ. Ядарч яваа дүүдээ туслахад юу нь муу байх вэ. Харин дараа нь бүсгүйн нөхөр нагац ахад сайн байхгүй нь мэдээж. Нэг ёсондоо нагац ах нь эхнэр, нөхрийг салгасан хэл үгэнд орж магадгүй болж байх шиг. Ер нь гэр бүлийн хоёрын шийдэх асуудалд хөндлөнгөөс ах дүү, хамаатан садан оролцдог явдал монголчуудад их байдаг. Судалгаанд оролцсон хүмүүс ч үүнийг зөвшөөрч байсан. Нэг танилынхаа яриаг одоо хүргэе. Би хоёр эрэгтэй дүүтэй. Том нь ч яахав санаа зовоох нь бага. Харин бага дүү байнга хэл ам татлана. Эхнэр нь утасдаж, Мөнхөө ингээд байна, тэгээд байна, найз нарыгаа дагаж хөзөр тоглоод шөнө гэртээ ирэхээ болилоо, дүүдээ хэлээч гэх болгонд яс хавталзаж, хүний бүсгүй үрийг авч суучихаад яагаад байгаа золиг вэ гэж дүүгээ загнана. Ер нь бэрийнхээ талд ордог байсан. Тэгсэн нэг удаа дүүг маань бэрийн ах дүү нар нийлээд нэвширтэл зодчихсон байсан. Муусайн юмнууд яаж байнаа гэж бодохоос цөс хөөрч нэг мэдсэн эхнэрийнх нь ээжийнд оччихсон байв. Мөнхөөгийн эхнэр гэж сэгсийсэн үстэй юм ээжтэйгээ сууж байна. Хүн зодсон ах дүү нь ч алга. Амьдарч чадахгүй бол больцгоо та нар. Дүүг минь яаснаа хар, нийлж байгаад алах гээ юу. Чи өөрөө тийм ариухан амьтан биш л байх гэхчлэн би ч баахан бууж гарсан. Үүний дараа юу болсон гээч. Дүүгийнхээ авгайг янхан гэж хэлсэн /тэд хэлсэн үгийг мушгисан/ буруутнаар тодорсон. Дүү авгайтайгаа эвлэрч, намайг юугаа хийж хадмынд очсон юм гэж уурласан. Одоо манай бэр надтай мэндэлдэг ч үгүй. Ийм учраас л “эр эм хоёрын дунд илжиг бүү жороол” гэсэн үг гарч дээ.
Бас нэг болсон явдал. С.Болд ганц охин дүүтэй. Эрх танхи дүү нь эцэг эхийгээ хорьсоор байтал жаахан бүтэлгүй залуутай сууж, нэг хүү гаргасан. Хүргэн хүү охин дүүг нь элдвээр дээрэлхэж, зодож нүдэх энүүхэнд. Хүүхэдтэй нь гэртээ олон хоног цоожлох, шөнө дотуур хувцастай нь гадаа хонгилд хөөж гаргах, сандалд хүлчихээд алгадаж унагах гэхчлэн хачин жигтэй аашилсан сонсогдоно. Очоод нэгийгээ үзэх гэхээр дүү нь эргээд намайг дарамтлаад байдаг юмаа, битгий оролц гэх. Гэхдээ л дүүгээ харсаар байгаад хүнд доромжлуулаад байх хэцүү. Танил цагдаад хэлж байгаад айлгаж ичээсэн ч хүргэн хүүгийн ааш зан засраагүй. Эцэст нь бөөн юм болж байж тэр хоёрын амьдрал нэг тийш болжээ. Хэдэн жил өнгөрч дүү нь өөр хүнтэй сууж дахин хоёр ч хүүхэд гаргасан. Харин өмнөх нөхрийнх нь хүүг Болд харах бүртээ л түүний өмнө гэм хийчихсэн юм шиг санагддаг гэсэн. Хэдий ээж нь хүүгийн хажууд байгаа ч дагавар хүүхдийн асуудал гэр бүлд хамгийн эмзэг зүйл болохоор тэр.
Гэр бүлийн хэрүүл маргаан юугаар төгсдөг вэ?
-Салалт 10,4%
-Зодоон 3%
-ойлголцол 34,3%
-үзэн ядалт 2,1%
-гомдол, цөхрөл 4,1%
-үл итгэлцэл 11,5%
Хүүхэд ба хэрүүл
Эхнэр, нөхөр хоёр тийшээ болж салж сарнихдаа тулахад хүүхдэд л хамгийн хүнд байдаг. Өсөж өндийж байгаа хүүхдэд эх эцгийн нөлөө заавал тусдаг. Тэд маань биднийг өөрсдөө ч мэдэлгүй даган дуурайж, нэг ёсондоо томчуудыг хуулбарлаж байдаг. Эх нь шийр алаг бол хүү нь хээр алаг гэсэн үгийг сана л даа. Хүүхдийг анхаарч сонсолгүй, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцдаггүй байж жаахан буруу зүйл хийчих юм бол “хүүхэд бага байхдаа амар байж дээ, одооны хүүхэд хэцүү, манай хүү, охин улам л хэцүү болоод байх юм” гэхчлэн гайхаж шагшрахаа л урдаа барьдаг. Тэрнээс биш тэднийхээ санаатай, санаагүй ямар нэгэн үйлдэлд эцэг эхчүүд өөрсдөө буруутай гэдгээ огт санадаггүй. Эцэг эхчүүд өөрсдийн халуун дотно харилцаагаа аль болох эвдэхгүйгээр чухам яаж гэр бүлийнхээ зөрчил, маргааныг шийдвэрлэж байгаагаас үр хүүхэд маань үлгэр дууриал авдаг. Гэр бүл салалтаас болж хичнээн хүүхэд хойд эцгийн зодуур амсаж, асрамжийн газарт хүргэгдэн аль эсвэл хар нялхаараа гудамжинд гарчихсан тэнэмэл гэгдэн ад шоо үзэгдэж явааг мэдэх аргагүй.
Эхнэрээ зоддог эрчүүдийн ихэнх нь бага насандаа эцгийнхээ түрэмгий авирыг харж байсан болохоор хожим мөн л эхнэртээ хүч хэрэглэдэг байна. Бас эцэг эх нь салсан айлын хүүхдүүд хожим гэр бүлээсээ салах нь амархан байдгийг судлаачид тогтоожээ. Зөвхөн ээжтэйгээ эсвэл аавтайгаа өссөн хүүхэд ямар нэг асуудлыг шийдэхдээ дэндүү сулхан аливаад хүчин мөхөс, шантрамтгай байдаг.
Үүний нэг жишээ нь 21 настай, Д.Батгэрэл юм. Би айлын ганц хүү. Аав намайг багад нас барснаас хойш ээжтэйгээ л хамт байсан. Миний ээж их халамжтай эмэгтэй. Өглөө босоход сүүтэй будаа, хайлмаг хийгээд тавьчихсан байна. Хичээлд явахад цүнх рүү бэлэн зууш, хиам талх хийж өгнө. Тараад ирэхэд хоол бэлдээд орхисон байдаг. Ээж бас өдөртөө хэрэглэх мөнгө өгдөг. Би гэрээс нэг их гарах дургүй өссөн. Надад телевиз, компьютер байхад л хангалттай. Найз нөхөд ч ховор. Харин өнгөрсөн жилээс найз охинтой болсон. Тэр сургуульд сурдаггүй, бизнес хийдэг болохоор дажгүй мөнгө олчихно. Ер нь л өөрийн эцэг эхийн гарыг хараад байдаггүй. Нэг удаа гэрийнхэн нь хол явах болж би тэднийд нэлээн хэд хоносон. Найз охин маань хоол хийх дургүй, дандаа гадуур хооллоно. Хувцас угаах, гэр цэвэрлэх гэсэн ойлголт бараг байхгүй. Харин би угаалгын газар руу явж, утас эргэдэн гэр цэвэрлэдэг хүн дуудаж өгч байсан гээд боддоо.
Үүнээс болж бид хоёр маргалдаж, бүр хэрэлдсэн. Гэхдээ дараа нь эвлэрсэн л дээ. Мөнгөгүй гэж намайг голдог ч надаас салах дургүй энэ охиныг удахгүй миний эхнэр болно гэхээс би болгоомжлох болсон. Харин миний ээж бол өөрөө бүх ажлаа амжуулдаг юм. Дээр нь намайг арчлана. Албан ажлаа ч орхихгүй. Гэтэл найз охин болохоор гэрийн ажил хийнэ гэхээс толгойтой үс нь босдог гэсэн. Би уг нь хайртай охинтойгоо амьдармаар байдаг. Тэгтэл тэр гэрийн ажилтай зууралдахгүй гэдгээ хатуу хэлсэн. Эхнэр нь гэрийн ажлаа хийхгүй бол нөхөр нь ганцаараа бүгдийг амжуулж болохгүй биз дээ. Эндээс бидний дунд маш том маргаан гарч эхлэх байх даа. Ингэж бодсоор би одоо хүртэл ээжтэйгээ байж л байгаа. Харин найз охин бид хоёр их цөөхөн уулзах болсон. Энэ залуу хүүгийн амьдрал яагаа ч үгүй, дөнгөж эхэлж байгаа. Гэтэл ээжийнхээ гарыг үргэлж хардаг, бэлэн зэлэн байдал нь түүнийг бэрхшээлээс шантрамтгай болгосон нь харагдаж байна. Хоёулахнаа нам гүмхэн амьдарч байсан хүү найз охинтой болж, шал өөр ертөнцөд яваад оржээ. Дураараа, хангалуун өссөн охины амьдралын дадал, зуршилтай хүүгийнх зөрчилдөөд ирэхээр маргаан үүсчээ. Залуу хүү энэнээс болоод эхнэр авч, гэр бүл зохиохоос айж байна. Магадгүй тэр нөгөө охиноос ээж шигээ халамж анхаарал өөртөө шаардана. Ээжийнх шигээ халамж олж харахгүй, асуудлыг яаж шийдэх ухаанаа олохгүй болохоор л найз охинтойгоо муудалцсан болов уу. Эцэг эхчүүд хүүхдээ ирээдүйн амьдралд бэлтгэж өгөх хичээлийг насан туршдаа зааж яваагаа тэр бүр анзаардаггүй. Эцэг нь нүдэн дээр нь бүгдийг дарамталж, бүхнийг захирагч байсан хүний үр хүүхэд хожим түүнийг яг дууриаж, эхнэрээ ердөө л гэрийн сахиул болгосныг сонсоод сэтгэл өвдсөн. Тэр эмэгтэйн нэрийг нь өөрчиллөө.
Н.Наранцэцэг /46 настай/
Нөхөртэйгээ анх оюутан байхдаа танилцаж, гэрлээд гурван хүү төрүүлсэн. Дархан бэр болсон би хадам аавын гэрт хүндтэй хүн нь байлаа. Одоо бол бүх зүйл өөрөөр эргэсэн. Хэдийгээр нөхөр бид хоёр нэг гэрт байгаа ч гэргийгээ хүндлэх, үнэлэх гэсэн ойлголт манайд үгүй болсоон. Анхандаа ийм байгаагүй. Хадам аав амьд сэрүүндээ бүхнийг захирагч байлаа. Хадам ээж өөдөөс нь барагтай бол үг дуугарахгүй, хүүхдүүд нь ч ялгаагүй. Эцгийн эрхт ёс тогтсон айл юм уу, хаашаа юм гэж хэлээд дүү охин маань нөхөрт минь алгадуулах шахсан удаатай. Намайг гурван хүү төрүүлж өгсөн гээд хадам аав арай зөөлөн ханддаг байлаа. Харин нөгөө хоёр бэрийг бол нэг их сайлаад байхгүй. Өөрсдөө гурван хүүтэй, ер нь хүү давамгайлсан улс л даа манай хадмууд. Хоёр бэр сургууль соёл энэ тэр гэсээр нэг нэг охин гаргасан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөнгүй, ганц хүүхэд гал болдоггүй гэхчлэн хадмууд тэднийг их өөлдөг байсан. Харин манайх хадмын зүгээс ял зэмгүй чимээгүйхэн өдий хүрсэн ч хадам эцгийг нас барснаас хойш нөхрийн маань ааш аяг эрс өөрчлөгдсөн. Тэр яг л өөрийнхөө эцэг шиг хатуу чанга хүн болж хувирсан. Хүүхдүүд өсч том болохын хэрээр эхнэр нөхрүүд жаргадаг ч, зовдог ч гэж ярьдаг. Гэтэл бид зүдрэх гэдэг нь болж байна. Том хүү Америкт сургуульд байгаа. Удаах нь Туркт сургуульд явсан. Бага энд байгаа ч өөрсдийнхөө хэрүүл уруулаас хол байлгах санаатай хадам ээж дээр байлгадаг. Хүмүүс гайхдаг л даа, Нямка та хоёр яахаараа хоёулхнаа байж үр хүүхдээ хол байлгадаг юм бэ гэж. Учир их байгаа, тэр болгоноо хүнд хэлэлтэй нь биш. Гэвч зах зухаас нь ярьж сэтгэлээ онгойлгомоор байна. Намайг гаднаас нь харсан хэн ч жаргах насандаа яваа, юугаар ч дутаагүй эмэгтэй гэж хэлнэ. Гэтэл би өдөр бүр нөхөртэйгээ муухай хэрүүл хийж, уйлдаг гэвэл итгэх үү. Манай нөхөр ажлынхаа нэг хүүхэнтэй нөхцөөд удаж байгаа. Тэр эмэгтэй надаас насаар олон дүү. Тэр хоёр бараг тав, зургаан жил болж байна. Би салгах бүх аргаа хэрэглээд дийлээгүй. Эцэст нь бага хүүгээ энэ бузар хэрүүлээс хол байлгая гэж шийдсэн. Хадам ээж болон хадмын талынхан энэ байдалд маш тайван ханддаг. Эцэг хүн, эр хүн үр хүүхдээ тэжээгээд, гэр орноо аваад явж чадаж байгаа бол яах нь ер хамаагүй гэнэлээ. Энэ нь тэдний үе дамжиж ирсэн заншил юм байх. Эрчүүдийнхээ өмнөөс тэдний хэн ч үг сөрөөд байдаггүй. Нөхөр маань намайг ажил хийлгэх дургүй. Би бага хүүгээ гарснаас хойш ажил хийхээ больсон. 14 –тэй хүүхэд ихийг мэднэ. Хүү минь ээжийгээ өмөөрдөг ч аавынхаа үгнээс ёстой гардаггүй. Гадагшаа явсан хоёр том нь ч ялгаагүй. Эцгийнхээ үгийг ягштал дагадаг. Би гэртээ нөхрийнхөө дуртай телевизийн нэвтрүүлгийг үзэж, дуртай киног нь үзэж, дуртай мэдээг нь хамт сонсдог, өөр юм үзэх эрх над байхгүй. Зөвхөн дуртай хоолыг нь хийдэг. Сайн дураараа түүнд бэлэг авч өгөх, дэлгүүрээс худалдаа хийх, хувцас захиалах энэ тэр хориотой. Зөвхөн тэрний санаснаар бүх зүйл болдог. Энэ тухай ойр дотныхон маань мэддэг ч тэгсгээд өнгөрдөг. Дүү охин минь л хэлдэг гүйдэг нь байсан ч Солонгос яваад намайг өмөөрөх хүн алга болсон. Одоо би хэдхэн жилийн дараа тавь хүрнэ. Ийм амьдралаар явж ирсэндээ заримдаа өөрийгөө их гайхаж, бас гутардаг. Би хэтэрхий сул дорой нэгэн бололтой. Нөхөртэйгээ хэрэлдэж, муудалцсаар залхаж байгаа ч салж чадаагүй л явна. Энэ хачин амьдрал намайг туйлдуулж мэрсээр дотроо бол би хүний сүг болж үлдсэн...
Нөхрийнх нь эцгээсээ сурсан феодал зан, эхнэрийг ямар нэг эд хөрөнгө мэт үздэг энэ санаанд оромгүй хачин амьдралыг Наранцэцэг маш удаан тэвчиж явсаар эцэст нь бараг дэлбэрэх дөхөөд байхдаа надтай таарсан юм. Тэрэнд юу гэж хэлэхээ мэдэхгүй хэцүү байсан. Хэд хоног бодогдож, яанаа амиа хорлох вий дээ гэж айсан шүү. Нэгийгээ дарамтлан бахаа хангаж амьдардаг ийм хувалз шиг хүн байдаг л юм байна. Энэ бол бусдад сэтгэл санааны хүчирхийлэл амсуулж амьдарч байгаа хамгийн аймшигтай дүр зураг юм. Ийм нөхцөлд юун хайр сэтгэл, хүндэтгэл... Аз жаргалын тухай санахын ч хэрэггүй биз.
Ямар гэр бүлд хэрүүл маргаан бага гардаг вэ?
-Аз жаргалтай 25%
-Олон хүүхэдтэй 3%
-Итгэж чаддаг 21%
-Сексийн таарамжтай харьцаа 17%
-Хүмүүжил, ёс суртахуунтай 27%
-Хангалуун амьдралтай 2%
-Асуудлыг шийдэж чаддаг 5%
Амьдрал хайраар эхэлж, хайраар дуусдаг
Хүн гэр бүлтэй болохоосоо өмнө өөрийнхөөрөө л амьдарч ирдэг. Харин эхнэр, нөхөртэй болж нэгэн гэр бүлд дэр нийлүүлсэн цагаасаа л мөнөөх өөрийн гэсэн ертөнц нь хоёр хүний хамтынх болж тэдний өөр өөр замыг нэгтгэж өгдөг. Тэгэхээр зөвхөн хувьдаа, миний гэсэн ертөнцдөө аз жаргалтай байхын тулд биш харин ч бие биедээ хайраа харамгүй өгч, бусдын хайрыг хүлээж бас жаргаахын төлөө хүмүүс гэрлэдэг гэж хэлбэл нэг их буруудахгүй байх. Яг үүн дээр нэг жишээ авмаар санагдлаа. “Европын хөнгөхөөн, сайхан хувцасласан хөгшчүүдийг санаж байна уу, гар гараасаа хөтлөлцсөн тэд ямар их жаргалтай харагддаг билээ. Бүр цаанаа л нэг дотно. Хэдийгээр нас өндөр болсон ч бие биедээ хичнээн их ойр, халамжтай байгаа нь мэдрэгддэг.
Тэнд гэр бүлийн хүмүүс нэг нэгнээ хайрласаар байгаад амьдралаа дуусгадаг, нэг ёсондоо жаргасаар байгаад л үхдэг. Гэтэл манайд яаж байна, хүмүүс хоорондоо үнэндээ хэтэрхий хөндий байдаг. Үүнийгээ бид ч бас тийм сайн мэддэггүй.” Нэг танилын маань энэ яриаг зарим хүн монгол хөрсөнд сайн сууж өгөхгүй байна хэмээн хэлж магадгүй ч үнэн хэрэгтээ тэр хамгийн бодитой юмыг л хэлсэн.
Ц.Хажидсүрэн /53 настай/
Нөхөр бид хоёр олон жил хамт амьдарч байна. Хоорондоо хэрэлдэж ам муруйж байгаагүй гэвэл тэрэн шиг худлаа юм хаа байх вэ. Хүний амьдрал эрээн бараан дунд байдаг. Нөхөр маань залуудаа нэлээд хөдөлгөөнтэй эр байсан. Хэдийд л хүүхнүүдтэй нэр холбогдчихсон явах. Тэглээ гээд бид гэр бүлээ сүйтгээгүй. Хөнгөмсөг зангаас нь болж нөхөртэйгээ мөн ч олон сайдаж, муудсан. Одоо нас намба сууж, өтөлсөн ч жижиг хэрүүл маргаан манайд тасрахгүй. Үр хүүхдээсээ илүү бид хоёр л ам зөрөөд байдаг. Манайх нэг муу машинтай. Нөхөр тэрийгээ унаад хааяа хүн зөөнө. Ойрноос Сэлэнгэ явна, зам гайгүй тул яваад ирнэ гээд байгаа. Би яах вэ, холын замд тэрийг өмс, энийг авч яв гэж хэлээд зөрүүд золигт бас л амаа таглуулсан. Яршиг цаашаа, өөрөө юмаа төхөөрнө биз. Тэрэнтэй хэрэлдээд байхаар даралт хүртэл өгсөөд байдаг болсон. Ханиа аз жаргалтай байлгаж, тэрэндээ сэтгэл хангалуун байхын утга учрыг энэ хоёр хөгшин өдий хүртэл ойлгоогүй байж болох юм. Магадгүй хайрлаж, бас хайрлуулж сураагүй явж ирсэн ч юм билүү. Бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, сэтгэл доторхоо уудлаж чаддаггүйгээсээ болж тэдний дунд халуун бүлээн харилцаа, нэгийгээ үгүйлсэн сэтгэл дутсаар ирсэн байх гэж санагдана. Хүний хамгийн эрхэм чухал хүн хань ижил нь байдаг. Өөр хэнээс ч авч чадамгүй тэр гайхамшигт хайрын мэдрэмжийг бид зөвхөн насан туршид дэргэд минь байх ханиасаа мэдэрч, хайрандаа жаргаж амьдардаг билээ.