Их сургуулийн гудамж хөлд дарагдаж, МУИС-ийн ойролцоох кафенууд тогооч ажилд авч, харин бусад газрууд зөөгчгүй болсноос хаалгаа барихад хүрээд байна. Оюутнуудын хичээл эхэлчихсэн болохоор тэр. Нүд тогтох бүх газраа сониучхан харж, битүүхэн бишүүрхэх нэгдүгээр курсийнхэн, тэрүүхэндээ өөрсдийгеө хуучин цэргүүд гэж харц өөдөө яваа хоёрдугаар курсийнхэн, мэргэжлийн хичээлээ үзэж эхлээд хичээлд дарагдсан гуравдугаар курсийнхэн МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны дөрөвдүгээр давхараар нэг бужигнаж байна. Энэ бол ГХСС буюу миний амьдралын гараагаа эхлэх гэж буй газар.
Төгсөх курсийнхэн дадлагад гарсан болохоор одоохондоо гуравдугаар курсийнхэн бид сургуульдаа хамгийн ахмадууд нь. Хичээл одоо л жигдэрч, зузаан зузаан толь бичгүүддээ "дээрэлхүүлсэн" нөхдүүд ийш тийшээ гүйлдэж, завсарлагаанаар коридорын сандал олдохгүй цонхны тавцан булаацалдаж, лекцийн заалны урд суудлууд үнэд орсоор. Дэвтэр үзэг нийлүүлэн хичээл хийж, даалгавар авч гэртээ суусан чинь нэг л гоё санагдаад, юу ч байсан хамаагүй хичээл хийгээд л баймаар сэтгэгдэл төрөөд, аргагүй л хичээлийн жилийн эхний долоо хоног доо.
Энэ жилээс мэргэжлийн хичээл түлхүү орж байгаа болохоор ч тэр үү, ангийхан, ер нь нийт гуравдугаар курсийнхэн цаанаа "чухал" байдалтай. Яагаад ч юм нэг л намба суучихсан юм шиг санагдаад байгаа юм даа. Гэтэл би л гэж намбагүй нөхөр гэм биш зан юм хойно энэ тэр юмыг ажиглаж, инээж, шүүмжилж харсаар л явна.
Хуваарь шахуу болохоор ихэнх өдөр хичээл өглөө 8:00 цагаас эхлэх юм байна. Над шиг их нойртой хүнд 8:00 цаг гэдэг тавин кг-ын туухай толгой дээрээ унагаснаас ч аймшигтай сонсогдов. Одоо яая гэхэв, өөр сонголт байхгүй. Яагаав, манай МУИС чинь гайхамшигтай чанга, цэргиин сургууль шиг ДЭГЛЭМТЭЙ юм чинь өөрчлөх ямар ч арга байхгүй. Эхний өдөр ч яахав, гэгэлзээд сэрэхгүй гэсэн ч нүд бараг өөрөө тормолзоод л босоод ирлээ. Гайгүй шүү, өдөржин тормолзов. Хоёр дахь өдөр бас яахав ээ, өчигдөр тормолзсондоо бантаад овоо сэрэв. Харин дараагийн өдрүүдэд ёстой хэрэг алга. Сүүлдээ хоёр гурван сэрүүлэг зэрэг тавьж байгаад л бослоо.
Манай ангийхан ч гэсэн. Ер нь сургуулиараа ч гэж хэлсэн хилсдэхгүй. 7:50 хавьцаа цуварч ирэх зунжин үүрээр унтаж, өдөр босч байсан нөхдүүд хоорондоо мөргөлдөн алдаж, ангидаа ороод хуучин том ширээтэйгээ духаараа наадаж, хүнд толь бичгээ өдөржин тэвэрсээр гар нь салж унах шахна. Налгар зуны назгай хэмнэл бие, оюунаас нь гарч амжаагүй байгаагийнх биз. За тэгээд дараагийн долоо хоногоос бол бүгд жигдэрчихнэ.
Өглөө болгон өөрөө сэрж, орчуулганд ашиглаад ирэхээр нөгөө даагдахгүй байсан зузаан толь бичгүүд өд шиг хөнгөн санагдаж, харахаар л хайр хүрээд эхэлнэ дээ. Өөдөөс ирж мөргөж унагаад байсан том ширээ жижигхэн санагдаж, олон хичээлийн ном дэвтэр дээр нь багтахгүй хөглөрч, амраад өгөөч гэсэн ч хагас сайн бүтэн сайнгүй хичээлээ нухна. Заримдаа амаргүй ч тэгж хичээл хийх сайхан шүү. Би энэ жил "хичээл хичээл, бас дахин хичээл" уриатай гэж байгаа.
Хоёрдугаар курсийн сүүлийн семестрт арван хоёр жил суралцахдаа үзүүлээгүй "доод рекорд" тогтоочихсон юм. Тогтоосон рекордыг дахин эвдүүлэхгүйн тулд "эцэг эхийн зөвлөлөөс" үүрэгдсэн энэ уриа лоозонг тангад ном шиг цээжилж, харагдсан газар бүртээ ном шагайж, хоолоо хийхдээ хүртэл шинэ үг цээжилж, сургуулийн номын санд өдөржин хадагдаж, хичээлийн ширээгээ элэгдтэл нь гэртээ суух ёстой болж байгаа. Үгүй яахав, чадахгүй кзм биш, хийгээд байхаас өөр яах билээ. Хичээл эхлээд сайхан байна даа...