“Сод хүмүүс” булангаараа энэ удаа Америкийн нэрт жүжигчин, загвар өмсөгч, зохиолч, продюсер, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, биеийн тамир спортын хөдөлгөөний зүтгэлтэн Жене Фондатай уншигч та бүхнийг уулзуулж байна.
      Жене Фонда Америкийн алдарт жүжигчин Генри Фондагийн охин. Тэрбээр 1937 оны 12-р сарын 21-нд Нью-Йоркт төржээ. Түүнд VIII Генрих вангийн гуравдугаар эхнэр Жене Сеймурыг хүндэтгэн Жене Фонда хэмээх нэрийг өгчээ. Тэр Нью-Йоркийн жүжигчний студид суралцаж, загвар өмсөгч болсоныхоо дараа театрт ажил­лаж байв. Найруулагчид түүний жүжиглэх авъяасыг таньж амжаагүй байсан ч, үзэсгэлэнтэй царай нь таалагдсанаар кино зураг авахуулах болжээ. Ф.Жене 1965 онд найруулагч Эллиота Сильверстайны “Кэт Бэлли”, Роже Вадимын “Барбарелле” /1968/ кинонд чадварлаг тоглосон байна.
 
  Жене Фондад амжилт аз дагуулсан кино бол найруулагч И.Логаны “Итгэмээргүй түүх”/1960/ юм. Түүний тоглосон дүр үнэхээр сэтгэл татам болсон байна. “Зэлүүд нутгаар зугаалсан нь” /1962/, мөн ондоо найруулагч Д.Кьюкорын “Чепмэний илтгэл” кинонд тоглож, дараа нь “Нью-Йоркийн ням гараг” киноны зүраг авалтад оржээ. Түүний тоглосон кинонууд олны анхаарлыг татан, нэлээд өндөр амжилтанд хүрч чаджээ.
 
  Хүмүүс залуу жүжигчний уран чадварыг шагшиж байв. Түүнээс жүжиглэх гайхамшигтай авъяас тодорч байдаг. Жене Фонда жараад оны дундуур Францыг дайран өнгөрөхдөө францын найруулагч Роже Вадимтай учир­чээ. Тун удалгүй тэрбээр түүний анхны нөхөр нь болов. /жүжигчнийг албан ёсоор гурван удаа гэрлэсэн гэж бичсэн байдаг/
 
  Тухайн үед Роже Вадим Женийг цууд гаргасан эротик зургууд болох “Барбарелла”-г авч байжээ.Тэдний гэрлэлт 1965-1973 он хүртэл үргэлжилсэн байна.
 
  Жене хоёр дахь удаагаа улс төрч, либераль намын зүтгэлтэн Том Хайдентай гэрлэжээ. Тэр түүнийг улс төрийн үйл ажил­лагаанд татан оролцуулж, Жене түүний ачаар дайны эсрэг жагсаал цуглаанд оролцох болжээ. Тэд хамтдаа 1973-1990 он хүртэл амьдарчээ.
 
  Тэр 1991 онд гуравдахь удаагаа нөхөрт гарсан бөгөөд Тед Тёрнер киномагнат, кабелийн телевизийн сүлжээг эзэмшигч байв. Гэвч 2001 онд Тёрнерийн хувиралтаас шалтгаалан, гэрлэл­тээ цуцлуулжээ.
 
  Ф.Жене найруулагч С.Пол­лакийн “Эцсэн морьдыг буудаж алдаг гэж үнэн үү?” /1969/ кинонд зургаа авахуулж, жүжигчний гоц авъяасаа гайхуулжээ. Энэ кино дэлгэцэнд гарсан дороо л АНУ, ЗХУ-д дэлгэрч, телевизийн бүх сувгаар үзүүлж байв. Тухайн үедээ Оросын үзэгчид америкийн хуучин кинонуудыг л үзэж байсан юм. 30-аад оны эдийн засгийн хямралын үеийг харуулсан жүжгийн түүх Америкийн нэрт найруулагч Сидни Поллакийн энэ зураг тэр үеийн Зөвлөлтийн хүмүүст орчин үеийн капиталист нийгмийн гунигтай, гачигдалтай амьдралыг үзүүлэх ёстой байлаа.
 
 Энэхүү кино Жене Фондын жүжиглэх авъяасыг бүрэн хэмжээ­гээр нээж, Америкийн кино урлагийн академи түүнийг “Оскар”-аар шагнажээ. Тэгэхэд “Бяцхан алтан хүн” хөшөөг бүжгийн марафоны манлайлах рольд тоглосон жүжигчин Жин Янг авсан юм.
 
  Сидни Поллакийн кино Жене Фондын ачаар ЗХУ-д хүрч, тэр өөрийн хоёр дахь нөхөр Том Хайдены нөлөөн дор улс төрөөр оролдож эхэлжээ. Жүжигчин маань 60-аад онд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөнд идэв­хийлэн оролцсон агаад, 70-аад онд АНУ-аас Вьетнамд явуулсан дайныг эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд явж байсныхаа төлөө “ Ханойгийн Жене” нэр авч байв. Тухайн үед тэрбээр нэлээд хэдэн жил кинонд тоглохоо больсон юм. 70-аад оны сүүлээр Ф.Жене кинондоо эргэж ирэв. 1978 онд “Жулия” /1977/ кинонд америкийн жүжгийн зохиолч Лилиан Хеллманы дүрийг бүтээснийхээ төлөө шилдэг эмэгтэй жүжигчний “Алтан бөмбөрцөг” шагналыг гардаж авсан юм.
 
  Жене Фонда “Клют” /1971/ кинонд янханы дүр бүтээж, анхныхаа “Оскар” шагналыг авсан нь түүний олон талт авъяас билгийн баталгаа болсон билээ.
 
  Вьетнамын дайны үед амссан зовлон бэрхшээлийн тухай түүний сэтгэгдлийг тусган харуулсан “Гэртээ эргэж ирсэн нь” /1978/ кинонд дүр бүтээснийхээ төлөө тэр хоёр дахь удаагаа энэхүү шагналыг хүртсэн юм.
 
  Далаад оны сүүлээр Жене “ИПС фильм” хэмээх өөрийнхөө компанийг байгуулсан юм. Түүний зургууд дорхноо л шүүмжлэгчдийн анхаарлыг татах болов. Юуны өмнө атомын станцийн сүйрлийн үед хэлгүй болсон тухай өгүүлдэг детектив зохиомж бүхий “Хятадын синдром” /1979/, Фондагийн аавынхаа хамт тоглосон “Алтан цөөрмийн хөвөөнд” зэрэг киног дурьдаж болно.
 
  1990 онд “Стэнли ба Айрис” киноны газрын ажил бүтэлгүйтэж эхлэв. Фонда хэдэн жил кинонд зураг авахуулаагүйгээ “киноноос холдохоор шийдсэн юм” хэмээн тайлбарладаг. Харин зарим нь “тэр үзэгчдийн өмнө залуу хэвээрээ үлдэхийг хүссэн юм” гэцгээдэг. Гэвч тэр олон нийтийн ажил­­лагаагаа үргэлж­­лүүлэн, сонин хэв­лэлийн хуудаснаа гялалзсаар байна. Тэр маш идэвхи­тэй амьдарч, гадаад үзэмж ба эрүүл мэндийн талаар янз бүрийн зөвлөгөө өгдөг болов. Оросод айлчлах үедээ Крем­лийн эргэн тойронд болсон цуутай гүйлтийн урал­даанд оролцож байсан юм.Тэр анхны инфарктын дараа спортын дасгалууд зохиож, дэлхий нийтийг хамарсан “аэробикийн давалгаа”-г эхлүүлэв. 2005 онд кино ертөнцдөө эргэн ирж, “Ад шүглэсэн хадам ” кинонд хадам ээжийн сөрөг дүрийг гайхамшигтайгаар бүтээсэн юм.
 
  1960 оноос хойш 50-иад киноны гол дүрд тоглож, “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг 1970-1987 оны хооронд долоон удаа хүртсэн авъяаслаг жүжигчин Жене Фондагийн бүтээлч амьдрал хүн төрөлхтөнд гайхалтай түүхийг өгүүлдэг.
 
  Саяханаас Жене гоо сайхны нэгэн концерний зар сурталчилгаанд тоглох болсон бөгөөд дал гарсан хэдий ч ануухан хэвээрээ байна.
 
  Америкийн нэрт жүжигчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, биеийн тамир-спортын хөдөлгөөний зүтгэлтэн Жене Фондатай 70 насных нь ойгоор хийсэн ярилцлагыг толилуулъя.
 
Ярилцсан: Мариам Шагагхи
 
  - Дал хүрээд байгаагаа та нэг их тоохгүй байх шиг. Үнэхээр юу ч бодогдохгүй байгаа хэрэг үү?
 
  - 40 нас хүрэхэд хэцүү байсан. 50 хүрэхэд ч гэсэн дээ. Харин 60 настайгаа золгосон өдөр шал өөр, нэг л гоё байсан шүү. Миний хувьд амьдралын маань шинэ үе эхэлсэн юм. Тэгэхэд би дурдатгалаа бичиж эхлээд байлаа. Түүнийгээ гуч гучин жилээр гурван үед хуваасан. Тэгэхээр миний амьдралын 3 дахь үе 60 насан дээрээ эхэлж байна гэсэн үг. Энэ үеийг би амьдралынхаа шинэ эхлэл гэж нэрлэсэн. Надад тэгж л мэдрэгдээд байгаа юм. Гэхдээ ийм байдалд хүрэхийн тулд би маш шаргуу хөдөлмөрлөсөн юм шүү. Чухамдаа бол, өмнөхөөсөө илүү сайн хүн болж өөрчлөгдөх сөн гэж ямагт хичээж явлаа. Тэгж байж өөрийнхөө сул талыг даван туулж сурсан. Өөрт шүглэсэн ад зэтгэртэй ч үзэж тарсан. Амьдралынхаа сүүлийн 20 жилд ямар хүн болохыг хүсээд байгаагаа их боддог байв. Ингэхлээр би одоогийнхоо энэ байдалд хүрэх гэж ихээхэн шаргуу хөдөлмөрлөжээ. Үүнээс илүү аз жаргалтай байж ер нь үзээгүй.
 
  - Та юуг өөрт шүглэсэн ад зэтгэр, өөрийн сул тал гэж үздэг хэрэг вэ?
 
  - Хүмүүсийг өөртөө ойртуулчих вий гэхээс, хүмүүстэй ойр дотно харьцаа үүсгэхээс үхтлээ айдаг явдал. Хүн хэтэрхий багадаа хүнтэй дотно харьцаа үүсгээд тэр нь яваандаа аюултай зүйл болон хувирч, сүүлдээ тэр байдлаасаа холдох гэж оролдсоноос ийм айдастай болдог. Гэхдээ би үхэн үхтлээ энэ чигээрээ байхыг хүсэхгүй байна. Найз нөхөд, үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ халуун дотно харьцаатай байж чаддаг баймаар байна.
 
  - Тэгээд тийм болж чадав уу?
 
  - Чадсан. Гэхдээ ингэхийн тулд өөрөө өөрийнхөө амьдралыг тун нухацтай цэгнэх, бас аав ээжийгээ ямаршуухан ааш аягтай хүмүүс байсан билээ, яагаад тийм болсон бэ гэдгийг ойлгох хэрэгтэй болсон. Хүнд ууч сэтгэлээр хандах чухал. Өөрөө өөртөө ч гэсэн мөн уужуу ухаанаар хандаж, өөрийгөө уучлах ёстой.
 
  - Танд өөрт чинь хүчин зүтгэж явсан эрчүүдэд ууч сэтгэл гаргаж чадав уу?
 
  - Гаргасан шүү. Яагаад гэвэл, хүмүүсийг яг байгаа чигээр нь, яагаад тийм байгааг нь ойлгоход хамаг хэргийн учир бий. Германд ч, Францад ч, Америкт ч мөн ялгаагүй. Эрэгтэй хүн сэтгэл хөдлөлөө ил гаргах учиргүй гэдэг. Гэтэл ингэснээрээ тэдний сэтгэл зүрхийг мэдээгүй болгож зүрх, оюун хоёрыг нь салгачихаж байгаа юм. Тэгээд тэд үүнийгээ мөрийтэй тоглох, архи дарс уух, хормойн явдлаар хөөцөлдөх, эсвэл хэмжээ хязгааргүй хөдөлмөрлөх гэхчилэн янз бүрээр л илэрхийлдэг. Олон нийтэд, өөрөө өөртөө, амьдралд нээлттэй болохоос зайлсхийж байгаа царай нь тэр. Үүнд тодорхой нэг эр хүн буруугүй гэдгийг ухаарсан хүн магадгүй эргээд тэдэнд энэ дарамтаасаа гарахад нь тусалж ч мэднэ.
 
  - Та одоо дахиж хүнтэй суух уу?
 
  - Хүнийг хайрлах, янаг амрагийн харьцаа үүсгэх асуудал байж болох юм. Харин гэр бүл болох, хэн нэгэнтэй цуг амьдрах хүсэл сонирхол алга даа.
 
  - Танай аав Хенриг их хүйтэн хөндий, этгээд хүн гэдэг байж билээ. Та хоёрын харьцаа хүндхэн чигээрээ байсаар дууссан уу?
 
  - Тийм дээ. Аав “Алтан нуурын хөвөөнд” киног маань театруудад гарч эхэлснээс хойш таван сар болоод өнгөрсөн. Би аавынхаа өвчний түүхийг олж уншаад, удаан амьд явахгүйг нь мэдэрсэн. Энэ бол аавын минь тоглосон сүүлчийн, бид хоёрын хамтдаа тоглосон эхний кино байлаа. Тэр үед би өөрөө киноны продюсер нь байв. Эцэг, охин хоёр эвлэрч байгаа тухай гардаг болохоор энэ кино миний хувьд их чухал байлаа л даа.
 
  - Ямар асуудал та хоёрыг тэгж их холдуулчихсан юм бэ?
 
  - Надад аавынхаа дэргэд байхад, би хэн ч биш юм шиг санагдаад байдаг байсан. Манай аав чинь хүнтэй нэлээд ширүүн харьцаж, хэн нэгэнд сайн байгаагаа айхавтар нууж чаддаг хүн. Энэ кинонд би нуурын эрэг дээр суугаад, “аав аа би таныг уучилж байна, тандаа хайртай шүү” хэмээн гараас нь шүүрэн барьж авч байгаа хэсэг гардаг юм. Тэгж хэлэхдээ би түүний гарыг илсэн юм л даа. Аав төгс жүжиглэж чаддаг, миний хийсэн хөдөлгөөн, харсан харц болгонд хариу үзүүлэх бүрэн бэлтгэлтэй байсан. Харин ингэж илнэ гэж бол тохиролцоогүй байлаа. Тэгэхэд аав маань цочисхийж, сэтгэл нь үнэнээсээ хөдлөхийг би анзаарч билээ. Түүний дотоод сэтгэлийн утсыг ямар нэг юм доргиосон хэрэг байж. Энэ бол миний хувьд чухамхүү ид шидтэй, цаашдаа өсөн дэвжих замд маань тохиолдсон хамгийн гайхамшигтай учрал байсан юм.
 
  - 1992 оноос хойш та нэг хэсэгтээ кинонд тоглохоо больсон. Тэгээд бүр 2005 он хүргэж байж кинондоо эргэж ирлээ. Яагаад тийнхүү уран бүтээлээсээ холдож, яагаад дахин гарч ирэх болов, цаашдаа яах вэ?
 
  - “Стенли, Ирис хоёр” гэдэг сүүлчийнхээ киног би бүр 1989 онд хийсэн шүү дээ. Тэр үед сэтгэл санааны хувьд их тавгүй байлаа. Сэтгэл тавгүй үед бүтээлч байна, юм хийнэ гэдэг хэцүү. Гэтэл хийх эрмэлзэлтэй, бүтээлч байна гэдэг бидний гартаа барих зэмсэг, тэр нь байхгүй бол бөөн зовлон гуниг болно. Тийм учраас л би цаашдаа юм хийхгүй гэж шийдсэн хэрэг. Дараа нь Тед Тюрнертэй танилцаад бид хоёр гэрлэсэн, тэгэхэд би ажил хийх “шаардлагагүй” байлаа. Арван жилийн дараа бид гэр бүлээ цуцлуулаад би дурьдатгалаа бичиж эхэлсэн юм. Түүнийгээ гурав, дөрвөн ч жил бичсэний дараа би өөрийнхөө ямар их өөрчлөгдсөнийг мэдсэн.
 
  - Яаж өөрчлөгдсөн гэж?
 
  - Дуртгалаа бичиж байх явцдаа би өөрөө өөртэйгөө маш нухацтай тэмцлээ. Тэгтэл номоо бичээд дуусч байх үеэр надад Женнифер Лопецийн “Ад шүглэсэн хадам” кинонд тоглох санал ирэв. Тэр ёрын ааштай хадам ээжийн дүрийг хүлээж авахдаа би, “пөөх, ийм дүрд ёстой тоглож байгаагүй юм байна, энэ ч лав зугаатай байна байх даа” гэж л бодсон. Тэр зугаатай байна гэдэг нь яг л миний хүсэн хүлээж байсан зүйл мөн байв. Тэрнээс биш ердийн нэг томоотой дүрийг бол би сонирхохгүй байсан. Ингээд нэг л мэдэхэд нөгөө хийх бүтээхийн баяр баясгалан гэдэг юм чинь эргээд ирсэн дээ.
 
  - Тэгэхээр та одоо цаашдаа киногоо хийнэ гэсэн үг үү?
 
  - Хүмүүсээс санал ирж л байгаа цагт хийнэ. Энэ чинь дан ганц надаас хамаарахгүй. Цаана нь надтай нийлж ямар нэгэн кино санхүүжүүлэх хүсэлтэй пүүс компаниуд байна.
 
  - Та нийгмийн идэвхитэй хүн. Олон нийтийнажил тань юу болж байна вэ?
 
  - Өнөөдөр би өөрөөр тэмцэж байгаа. Одоогоос бараг 13 жилийн өмнө өөрийнхөө амьдардаг Атланта муж улсад хоёр ч олон нийтийн байгууллага байгуулсан юм. Бид 9-19 насныхны дунд төрөл бүрийн ажил зохиохдоо эр эмийн харьцаа, эрүүл нөхөн үржихүй, хүйсийн үүрэг ролийн талд голчлон анхаарч ирэв. Тэрчилэн хууль тогтоох байгууллага өсвөрийн насныхан болон тэдний гэр бүлийнхнийг бүү орхигдуулаасай гэсэндээ улс төрчдөд зөвлөгөө өгч байна. Дээр нь хүүхэд залуучуудтай ажилладаг насанд хүрэгчдэд зориулсан сургалт явуулна. Би өөрөө энэ хоёр байгууллагынхаа гүйцэтгэх захирлаар нь ажилладаг бөгөөд тэнд миний зөвшөөрөлгүйгээр ямар ч ажил явагддаггүй. Гэхдээ миний гол ажил бол мөнгө босгох.Олон нийтийн байгуулагын удирдагчийн гол үүрэг нь энэ байдаг. Олон улсын хэмжээнд охид, бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
 
  - Таны хувьд гоо сайхны концернийн зар суртал­чилгаанд ажиллах, хажуугаар нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэх хоёр чинь хоорондоо зөрчилдөж байгаа юм биш үү?
 
  - Үгүй ээ. Огт үгүй шүү! Наадах чинь феминизм (эмэгтэй­чүүдийн эрхийн төлөө тэмцэл)-ийн талаарх жараад оны хуучинсаг ойлголт. Одоо бид чинь түүнээс хойш гуч, дөчин жилээр урагшилчихаад байна. Гэрээ сахиж, хүүхдээ өсгөдөг ч бай, карьер хөөж байгаа ч бай, эмэгтэй хүн өөрийнхөө бодсон санасныг өөрөө хэрэгжүүлэх язгуур эрхтэй гэдгээ л ухамсарлаж байх ёстой гэсэн үг. Тэд эрэгтэй хүний нэгэн адил аливаад оролцох адил тэгш боломжоор хангагдах ёстой. Феминизм гэж үүнийг л хэлнэ. Үүний төлөө тэмцэхэд нүүрэндээ энгэсэг түрхсэн байна уу, үгүй юү гэдэг үнэндээ чухал биш шүү дээ. Өөрөө өөрийгөө мэдэрч үнэлэхэд л хэргийн учир байгаа юм!