Манай найз утсаар ярилаа. Америкаас. Лос Анжелесийн монгол­чуудын шинэ жилийн үдэшлэгэнд хэрэг болох “Замд гаръя”, “Манай гарагийн залуус” зэрэг дууны фонограмм захиж байна. Яваад хоёр сар болсон, яг хоёр сарын дараа ирнэ. Манай хүн угаасаа жилийн утаатай хагасыг эхнэртэйгээ Америкт өнгөрөөгөөд, хавар нь эх орондоо ирж зун уралдуулах морио барьж уядаг ажилтай. Тэр ашигт малтмалын орд цуглуулах хоббитой баян хүн биш. үргэлж дутуугаа гайхаж, үгүйгээ нэхэж явдаг эмзэг давхаргын нэгэн ч бас биш. Байдаг л дундаж монгол. Харин бас нэг найз маань сая “Land cruiser 200” авч уналаа. Хулгай хийсэнгүй, хадгаламж луйвардсангүй, авлига авсангүй, архи хордуулсангүй. Хэний ч өмнө нүдэнд ил, нүүр бардам байдаг ажлаа нэр төртэй хийж чадаад л авсан. /Ажлаа бол харин ч сайн хийдэг нөхөр л дөө/
 
  “Америкт аялах, жийп авч унах нь бүү хэл, хоногийн хоолны төлөө яахаас ч буцахгүй болсон олон монголчууд байхад гайхуулах юмаа ч олж дээ гэж намайг зэмлэх биз. Олонхи монголчууд ингэж амьдарч чадахгүй байгаа нь үнэн. Гэсэн ч олон залууст ийм боломж нээлттэй байгаа нь бас үнэн юм.
 
  Хунань мужаас Бээжинд ирж сургуульд элссэн залуу нутгаасаа гараад ердөө хэдхэн жилийн дараа Тянь Ань Мин талбайг тойроод “Хаммер” жийпээр давхиж явна гэвэл ямар сонсог­дож байна? Хар тамхи наймаалж, хөлсөөр хүн хороодог мафи байгуулаагүй мөртлөө шүү дээ. Өмнөд нутгийн гуандун аялга нь хальт анзаарагддаг, “Ээжийн жигнэсэн будаа” гэж дуулдаг залуу дуучин бүх Хятадын од болоод, томчуултай найзалж, өөрөө ч томчуулын эгнээнд явна гэдэг юу л бол. Энэ бол манай Монголд л мянган хүнд нэг тохиолддог жишээ. Магадлалтай, боломжтой биш ерөөсөө статистикаар 1000-д баталгаатай нэг тохиолдох жишээ. Хятадад агшин зуурын ийм амжилтын эзэн тэрбумд нэг гарвал их юм. Оросын нэг компанийн захирал компаниа нам болгон өөрчлөөд, парламентад суудалтай болонгуутаа засаг барилцаад, эсвэл засагтайгаа тэрсэлдээд унавал яах вэ? Монголд энэ нь улс төрийн карьер хийх, байдаг л нэг энгийн арга. Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар нь монголын ардчиллын үзүүлэлт, хэм хэмжээ болохоос дутагдал, гажиг, элэг доог биш.
 
  Харин Орост бол Пу ахыг “Пээ!” гэсэн бизнесмэн М.Ходорковский шууд шоронд ордогийг бид мэднэ. Ухаан нь Г.Каспаровыг Орост осолтой юм ярьсных нь төлөө “72”-т суулгаж байгаа бол манайд Баасан гуайг цагдаагийн нүүр маажсан болохоор нь л саатуулдаг. Монгол бол хүний хөгжилд таатай, шударга өрсөлдөөнд нээлттэй, боломж дүүрэн орон. Монгол бол эрх чөлөө нь баталгаатай, иргэний нийгэм нь хяналттай, эдийн засаг нь өсөлттэй, ирээдүй нь өөдрөг орон. Монгол бол Афганистан, Ангол, Армен, Бурунд, Чад, Этиоп, Бангладеш, Киргизстан, Балба, Нигер, Сьера Леон, Сомали, Тажикстан, Молдов мэтийн олон арван орноос амьдрал хавьгүй дээр төдийгүй Орос, Хятад, Энэтхэг зэрэг том гүрнүүдээс хүний хөгжил, иргэний боловсрол, эрх тэгш байдал, нээлттэй боломжоороо хол илүү улс. Зуун хонины захад мохоор ороож суугаа Баяраад зуун доллар имрэн сигар үлээж суугаа Барригаас илүү боломж бий гэсэн үг. Баяраа илүүг хүсвэл, Баяраа жаахан хөдөлвөл, Баярааг багахан хөөргөвөл...
 
  Чингисийн бүлэг нь тодорхой цус, Өүлэн эхийн тослог нь ойлгомжтой сүү, бас морь мал, хөсөг тэрэг, мину чину гэсхийгээд өнгөрснөөрөө санаа зовмоор бахархах, эсвэл өөрсдөөсөө ичиж үхдэг туйлшрал шинэ үеийн зарим монголчуудын дунд түгээмэл анзаарагдах болжээ. Ялангуяа хилийн чанадад удсан монголчуудад энэ комплексийн хоёр туйл илүү тод илэрдэг.
 
  Тэдний хувьд эх орноо Хятад, Оросын муж бус, хоёр хүний нэг нь гар утастай, хичээлдээ тэмээгээр бус троллейбусаар очдог, дотуур өмднийхээ цаана биен дээрээ “Вlue skү” гэсэн цэнхэр тамгатай иргэд бүхий тусгаар улсад амьдардаг гэдгээ байнга нотлох шаардлага нэг талаас, бусдын илүүг харах бүртээ Монголтой харьцуулж сэтгэлээр унах, эх орноо голох, ирээдүйд нь үл итгэх бодол нөгөө талаас шахаж байдаг. Эхнийх нь Монголоо таниулах мөн­хийн тэмцэл­дээ бууж өгөөд энд тэнд өөрс­дийгөө солонгос, япон гэсхийн ам дагуулж танилцуулна. Харин хамгийн хэцүү орноос хамгийн жаргалтай Солонгос /үнэн шүү, яг л ингэж өөрийгөө тодорхойлсон байсан/ зэрэг улсад ирсэн зарим залуусын унаган нутгийнхаа тухай зөөлнөөр хэлэхэд гутрангуй, шуудхан хэлэхэд гутамшигтай сэтгэгдлийг тэдний орох дуртай захын интернэт сайтаас харж болно. Алс хол олон жил болсон, монголын хэвлэлүүдийн интернэт хувилбар дахь мэдээллээр эх орноо төсөөлөх болсон тэдний буруу ч гэж юу байхав.
 
  Дарга болгон нь авлигач, эр болгон нь архичин, эмэгтэйчүүд нь янхан, хүүхдүүд нь гуйлгачин, мал нь өвчтэй, ус нь хортой, хот нь утаатай, юм нь үнэтэй, ертөнцийн элэг доог болсон орноос эртхэн зугтаж гарсан улс чинь хамгийн жаргалтай Солонгост /иш чааваас/ тийм бодолтой болох нь аргагүй биз. Тэнд удсан бүү хэл, энд суурин байгаа бид сонины хуудас нээж, телевизийн суваг солих бүрдээ “Помпейн сүүлчийн шөнө” зургийг хирдхийн харах шиг болдог болохоор тэр. Улаанбаатарын хаана л бол хаана Эрхүү, Эрээнд олж харахгүй өндөр сайхан барилгууд босч байгаа тухай, цалин тэтгэвэр яалт ч үгүй нэмэгдээд байгаа тухай, Бадар-Ууган английг нам цохиж, Наранбаатар оросыг навсайтал шидэж байгаа тухай, мал нь төдийгүй хүн нь өсөөд байгаа тухай, Монголдоо хооронд зогсдог даруухан А.Сайнбаяр дэлхийн зиндаатай Глинкийн уралдаанаас шагнал авсан тухай, монголчууд 20 оронд визгүй зорчдог тухай ярилцахгүй болохоор тэр. Өнөө өглөө Монголын талд нар ямар сайхан мандсан тухай Ж.Гангаагийн бичсэнийг уншихгүй болохоор тэр.
 
  Монгол орныг авран хамгаалж, асран хөгжүүлэх шид өөр хэнд ч бус зөвхөн өөрсдөд нь заяасан гэж манай улс төрчид болон улс төрч болохоор горилогсод үнэнээсээ итгэдэг. Харин бид авруулахаас аргагүй оронд амьдарч байгаа бодит байдлаа өглөө бүр шаналант сэтгэлээр ухамсарлан сэрснээр шинэ өдрийг угтах бөлгөө.
 
  Монголд болж бүтэж байгаа нэг ч юм байхгүй, бид хамгийн адгийн оронд амьдарч байгаа тухай аймшигтай суртлын оргил нь сонгуулийн өмнө таардаг. Крантнаас гоожиж байгаа усны өнгийг өдөрт хэд нягталмаар болно. Маргааш Зоригийн хэрэгт сэжигтнээр дуудагдаж магадгүй учраас үдээс хойш онц ажил төлөвлөхөө болино. Ядахад нар нэг л илчгүй ээх бөгөөд бас учир битүүлгээр ууц хөшнө. Иргэн болгоных нь амьдрал ийнхүү эргэлзээн дунд сүйрэн унаж байгаа энэ орны ирээдүйг надад /бидэнд/ даатгачих гэж нэр дэвшигчид шалах болно. Монголд бүх юм сайхан биш байгаа ч, бас бүгдээрээ тийм муу байгаа биш шүү. үнэ өсч байгаа ч цалин түүнээс илүү өсч байгаа. Томчууд авлигад холбогдоод л гэж үү? Томчууд авлигад өртсөн гэж нэр заан шүүмжилж байгаа нь өөрөө сайн мэдээ. Шүүмжилж болсон юм, шүүж ч чадна. Бид Оросын КВН гэж оюутны хошин шогийн нэвтрүүлэгт чукчагийн орыг залган гарч ирсэн “монголчууд” шиг мулгуу улс биш ээ.
 
  - Монголын киночид бол дэлхийн хамгийн шударга киночид. Тэд “Хоёр жилийн дараа” гэсэн бичиг гарсан бол кино зургаа хоёр жилийн дараа л үргэлжлүүлдэг.
 
  - Мэдээ. Царай зүсэндээ сэтгэл дундуур олон зуун мянган монголчууд Улаанбаатарын гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Монголын цэргийн нисэх хүчний цаасан шувуу осолдон унаснаас болж Батлан хамгаалахын сайд нь өөрийгөө буудсан тул энэ улсын сумны нөөц дуучээ. Тоо мэддэг дасгалжуулагч нь өвдсөн хойгуур Монголын хөл бөмбөгийн шигшээ баг талбайд 7-уулаа гарч тоглолоо.
 
  - Жуулчны компаний реклам. Оросын иргэд ээ! Гэр бүлээрээ Монголд аялагтун. Үр хүүхдүүд тань эх орныхоо хөгжлөөр бахархаг.
 
  Биднийг үндэстний маань хувьд ийн гутаан элэглэж суухад өөрснөө нэрмэн эх орноо муулж, ирээдүйгээ баалвал энэ онигоог хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Монгол бол амьдарч болмоор улс төдийгүй, таван тивийн түмэн хүмүүс төрье гээд ч заяахгүй, амьдаръя гээд ч олдохгүй орон. “Ямар их хувь заяагаар бид эзэн болж төрөө вэ?” гэж дуулалдъя, монголчууд аа. Хүсвэл Америкт амарч, зорьвол “Land 200” унадаг юм чинь.