Шувуудыг бид байж л байдаг, ирж, буцаж л байдаг амьтан хэмээн нэг их анзаарч, ач холбогдлыг нь ойлгож, ашиглах тухай бодсонгүй өдий хүрчээ. Тэгвэл Монголын хөх тэнгэрээр нисэлдэж байгаа энэ баялгаа танин мэдэж, хамгаалж, зохистой ашиглан үр шимийг нь хүртэх боломжийн талаар бид хөндөж байна.
 
  Монгол оронд 19 баг, 621 овог, 204 төрөл хамрах, 472 зүйл шувуу бүртгэгдсэн байна. Эдгээр шувуудыг амьдрах хэвшлийнх нь хувьд суурин, нүүдлийн гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Суурин амьдралтай шувууд гэж жилийн дөрвөн улиралд эх орондоо байдаг шувууг хэлдэг. Харин нүүдлийн шувуудыг дотор нь өндөглөн зусдаг, дайрч өнгөр­дөг, өвөл ирдэг, зусдаг, тохиолдлын гэж хуваадаг байна. Монголд өндөглөн зусдаг 260 зүйл, жил бүрийн хавар, намар хойшоо ургашаа нүүдэллэхдээ дайрч өнгөрдөг 49 зүйл, өндөг­лөхгүй зусдаг 8 зүйл, зарим жил тохиолдлоор ирж зусдаг 64 зүйл шувуу бий. Энэ бол манай орны байгалийн нэг төрлийн арвин нөөц юм.
 
Хараацай яагаад элин халин нисдэг вэ?
 
  Бороо орсны дараа, шиврээ борооноор хотын зах, гол усны хавьд явж байхад гялтганасан хар хөх нуруутай, цагаан шаргал элэгтэй, хавирган сар мэт хоёр махир далавчтай бяцхан шувуу өмнүүр хойгуур шүргэн алдан нисэж дагадаг.Тэр бол алтан хараацай юм. Нисдэг шавьжийг нисэнгүүтээ шүүрэн барих тул үүр өндгөө дарахаас бусад цагт ийнхүү элин халин нисэж, тэжээл олж, хайж байдаг ажээ. Тэд нисэж буй шавьжийг шүүрэхэд зохилдсон богинохон, өргөн хошуутай. Мөн нисэнгүүтээ ус балгаж, биеэ усанд булхан өнгөрдөг байна. Алтан хараацай цагт 100-120 км нисдэг.Нисэх зуураа баруун, зүүн, эгц өөд, уруугаа, огцом янз бүрийн хөдөлгөөнийг нүд ирмэхийн зуур хийнэ. Энэ хурдан шувууны хөл нь маш богинохон, газраар явгалан гүйж чадахгүй, харин хумсаараа эгц босоо хана, үүрнээсээ дүүж­лэн сууна. Үүрэндээ 4-6 өндөг гарган эр, эм хоёулаа үүр өндгөө асарч хамгаална. Өндөгнөөс нүцгэн, нүдээ ч нээгээгүй ангаахай гарч төдий л удалгүй 21 хоногийн дараа нисэж сурдаг байна. Намрын амьсгал орж нисдэг шавьж ховордоход алтан хараацай олноор нэгэн дор цугларч Африк, Азийн дулаан бүсийг чиглэн нүүдэг байна. Тэгээд хавар урь оронгуут ирнэ. Нэг бүл хараацай зуны турш нэг сая орчим хортон шавьжийг устгадаг байна.
 
Шар шувуу хажууханд чинь амьдарч байж магадгүй шүү
 
  Улсын их дэлгүүрийн тавдугаар давхарт өвлийн нэгэн шуургатай шөнө шар шувуу орчихсон байжээ. Түүнийг МУИС-ийн экологийн төвийн­хөн бөгжилж Богд ууланд тавьсан байна. Эгэл шар шувууны махыг зарим өвчинд сайн гэж гадуур ярьдаг, зарим нь өдийг нь малгайдаа хатгадаг зэрэг нь түүний тоо толгойг цөөрөхөд хүргэдэг байна. Хурдан морины сүүлэнд сүлжин уралдааны замд гаргах, машиныхаа шилэн дээр тогтоосон ч байх зэрэг нь цаанаа нэг утга учиртай байдаг биз. Шар шувууны өдөн дээрх зураас нь лалын шашны куран сударын бичигтэй адил харагддагаас лалын шашинтнууд энэ шувууны өдөөр гоёдог байна.
 
  Энэ шувуу орчин үеийн уульт­ны овогт багтах бөгөөд энэ овогт 23-28 төрөл багтдаг. Өмнөд туйл, зарим далайн арлуудыг эс тооцвол энэ амьтан дэлхий даяар өргөн тархжээ. Жижиг нь 50 грамм байхад том нь 4-4,5 кг хүрнэ. Эр, эм шувууд нь өнгөөрөө хоорондоо ижил төстэй боловч эм нь эрээсээ биерхэг. Шар шувуутны нийтлэг ерөнхий төрх нь тэдгээрийн хавтгай нүүр, том нүд, шөнийн харанхуйд чимээ гаргалгүй нисэхэд зохилдсон зөөлөн өд, ижил бус сонсголын сувагтайд оршино. Нүүрний өд нь харин ширүүн хатуу байдаг ажээ. Зарим зүйл нь толгой дээрээ чих шиг босдог өдтэй. Ангаахай нь өндөгнөөсөө гарахдаа дун цагаан ноолуураар хучигдсан байна. Нүд нь том ухархайдаа хөдөлгөөнгүй байрлах бөгөөд хүүхэн хараа нь том, харанхуйд ч юм сайн ялган харж чадна. Хавтгай нүүртэй учир хоёр нүдээрээ 60-70 градус өнцгийг харж чадна. Хошуу нь хүчирхэг, эрс махир, зузаан, хурц, ирмэгтэй учир барьсан амьтдынхаа арьс, махыг амархан тас татаж жижиглэнэ. Дөрвөн хуруутай хүчирхэг савар нь урт, хурц хумстай. Ороо эхлэх үедээ дуугарах нь ихэснэ. Зүйл бүр өөр өөрийн дуу гарган ханиа харилцан олох, эзэмшил нутаг, үүр буй газраа бусдад мэдэгдэж, дайснаас сэргийлнэ.
 
  Ой модтой газрын шар шувуу ихэвчилэн модны хонгилд, задгай газар амьдрагсад газар дээр, ууланд бол хадны ангалд үүрлэнэ. Нийлсэн үржлийн хос насан туршид хамт байна. Хаврын эхэн сараас үүрээ засаж өндөглөнө. Харин шавьжаар давамгайлан хоологчидын үржил зуны дэлгэр цагт явагдна. Өндөг нь цагаан, бараг дугариг хэлбэртэй. Нэг зун 1-10 ширхэг өндөг гаргана. Эм нь өндгөө сар орчмын хугацаанд дарна. Энэ хооронд эр нь түүнд хоол тэжээл авчирна. Ангаахайнууд үүрэндээ 2-6 долоо хоног тэжээлгэн бойжоод нисэх чадвартай болсноос хойш үүр орчиндоо 1-2 сарын туршид эргэлдэж байгаад амьдралаа хөөдөг байна. Уультны багаас манай улсад 12 зүйл өргөн тархсан байна. УИД-орж ирсэн шувуу эгэл шар шувууны хамгийн том зүйл бөгөөд урт нь 660-680 мм, эм нь 708-730 мм байна. Эрийнх нь далавчны дэлгэц 1670-1680 мм болдог. Енисей хэмээх салбар зүйлхэн байжээ. Өмнөт сибир болон Улаанбаатар орчмоор тойрон амьдарна.
 
  Эгэл шар шувуунууд царцаа, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчид, шувуу, элдэв мэрэгчид, зараа, гөрөөсний янзага, хярс, үнэгний гавар, элдэв мэрэгчид, зэрэг өөрөөсөө бага биетэй зүйл бүрийн амьтдыг шөнийн харан­хуйд отон, эсвэл харан, чимээгээр нь баримжаалан барьдаг байна. Нэг үүрэндээ тогтмол олон жил амьдарна. Үүрний орчимд нь барьж идсэн амьтдынх нь яс овоорсон байдаг ажээ. Түүнийг шинжлэхэд Енисейн эгэл шар шувуу гэхэд 42 зүйлийн шувуу, 22 зүйл хөхтөн амьтныг идсэнийг тогтоожээ. Хөнөөлт мэрэгчдийг устгадагаараа ач холбогдолтой.
 
  Бор саарал, улбар шар дээр дагуу хар судалтай эгэл шар шувууг, хот суурин газруудын орхигдсон барилга байгууламжийн дээврийн хонгилоос олж болно. Өвлийн эхэн сард цас орсны дараа тэд уулнаас бууж, тэжээл элбэг, нөмөр хонгил ихтэй газар хүнээс төдийлөн айлгүй үүрлэх нь бий. Суурин газар орж ирсэн эгэл шар шувуу гэгээтэй өдрийг байшингийн дээв­рийн хонгил зэрэг газар өнгөрөөгөөд үдшийн бүрэнхий, шөнийн цагаар ангуучилна. Хот сууринд амьдрагч шар шувуу хон хэрээ, хар хэрээ, тагтаа, улаан хошуут жунгаа, хээрийн ба оронгийн бор шувуу, идлэг ба начин шонхороор хооллоно. Шар шувуу нь элдэв өвчин тархааж болзошгүй шувуудын бөөгнөрлийг хорогдуулах ашигт тустай учраас хотод амьдрахад харшлах зүйлгүй юм. Эгэл шар шувуунаас бусад уультан нь шавьж мэрэгчдээр хооллодог. Манайд энэ шуувуу цөөрөх хандлагатай байгаа ажээ.
 
  Монголчууд ууль, шар шувуу байшингийн дээвэр, майханы нуруун дээр суухыг, шөнийн цагт дуугарахыг муу зүйл учрахын дохио хэмээн дургүйцэх нь бий. Харин казах үндэстэн түүнийг аллах бурхны элч, лалын шашинтны сургааль, мэргэн үг агуулагч хэмээн биширч өд сөд, толгой, сарвууг шүтээн болгон тахидаг байна.
 

 Хөхөө хөөрхөн “дуулдаг” ч...
 
   Хөхөө хөөрхөн донгоддог ч бусад талаараа ёс зүй муутай шувуу ажээ. Амьтан бүр үр зулзагаа бөөцийлөн өсгөдөг атал гагцхүү хөхөө өөрийн өндгийг бусад жижиг шувуудын үүрэнд хийж тэднээр даруулж, дараа нь тэжээлгэн өсгүүлдэг байна. Хөхөө өндөр модны оройд сууж, бусад жижиг шувуудын аль нисээд одсон болон аль өндгөө дарж үүрэндээ байгааг нь харж анаж байгаад өл хоолонд явсан хооронд эзгүйчилэн өндөглөх буюу өндгөө авчирч хийдэг байна. Хөхөө өндгөө дууч шувуу ба шийхнүүхэй, харагчин, ухаа омруут, зэржигэнэ, охил бялзуухай, зэрэг 150 гаруй зүлй шувууны үүрэнд хийдгийг шувуу судлаачид бүртгэсэн байна. Хөхөөний өөрийнх нь жин 100 грамм, өндөг нь бор шувууныхаас томгүй, 3 грамм орчим байна. Хөхөөний ангаахайг өсгөгчид нь түүнээс 10 дахин жижиг шувууд байдаг. Хөхөө нэг сарын хугацаанд 6-8 хоног тутамд нэг, нийт 4-5 өндөг гаргадаг. Хөхөө өндөгтэй үүрэнд өндөглөх юмуу, өндгөө авчирч хийхдээ нэг өндгийг нь унагаадаг байна. Хөхөөний ангаахай өндөгнөөсөө гармагц хэдэн цагийн дараа үүрэнд байгаа бусад зүйл, ангаахайг гадагш гарган хаядаг ажээ. Энэ муу зуршил нь түүний нуруун дээрх маш мэдрэмтгий хөхөлтэй холбоотой юм. Тэр хөхөлд нь дөнгөж хүрэх төдийд ангаахай маш догшин төрхтэй болж түүнийхээ нөлөөгөөр өөрөөсөө том зүйлийг ч үүрнээс гаргаж хаяж чаддаг байна. Гурван грамм жинтэй, нүдээ ч нээж амжаагүй байж өөрөөсөө 2 дахин хүнд зүйлийг өргөж чадна. Бусад ангаахай доогуур шурган орж нуруун дээрээ гаргаад үүр давуулан унагаадаг байна.Үүний­хээ дараа 10-15 минут амарч байгаад дараачийнхыг гэх мэтээр бусад бүх ангаахайг унагаадаг байна. Юм авч хаях тэр муухай инстинкт нь 4 хоног үргэлжилдэг тул тэрээр энэ хугацаанд үүрний ангаахайг амжиж хаях гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Хөхөөний ангаахай маш идэмхий тул түүнийг үрчилж авсан эх эцэг шувууд өдөржингөө хоол тэжээл түүнд зөөдөг байна.Тэр ангаахай 20 хоноод үүрийг орхиж явдаг боловч сайхан сэтгэлт үрчилсэн эцэг эх түүнийг эрж олоод дахин нэг сар тэжээхээс буцдаггүй ажээ. Харин энэ хооронд эх хөхөө ангаахайн талаар таг мартаж орхиод ганцаараа халуун орон руугаа нисэж оддог.
 
Цасан гэртэй шувууд
 
       Нүүдлийн шувууд уул нуруудыг даван тэнгэрийн хаяа руу нисэн одоход эх орондоо үлддэг шувууд хэрхэн өвлийг давдаг бол. Нүүдэлдэггүй шувуудын олонхид тахианы багийн шувууд болох цагаан ба цэвдэгийн ятуу, дагуурын ятуу, хөтүү, хур, сойр мэтийн шувууд орно. Тэд өдрийн ихэнхийг хоол эрж цасан дээр яван өнгөрөөх ба өвлийн урт шөнийг цасан доорх гэртээ өнгөрөөнө. Өвөл цас зузаараад эхлэхэд дээрх шувууд тэжээлээр гүеэгээ сайтар дүүргэж аваад, хунгарласан цас ухан гэр хийж түүндээ шурган шөнийн бор хоног тэсгим хүйтэн цагийн тухтай өнгөрөөнө. Бас тэнгэр муудаж цасан шуурга болмоор бол цасан гэрээсээ цухуйх ч үгүй. Эдгээрээс гадна хөх бух ч заримдаа цасан дор хоноглоно. Цасан гэртэй шувуудын гэрийн хонгил голдуу 20-30 см гүн, уртаараа 1,5 митр орчим байдаг. Хөндий дээрх цасны зузаан нь 20-30 см байна. Хэрэв агаарын хүйтэн 30 градусаас дээш гарвал сойр 3,4 хоногоор ч гэрээсээ гарахгүй. Хөтүү гэхэд хоногийн 20-22 цагийг гэртээ өнгөрөөнө. Гадаа агаарын хэм -48 байхад цасны 20 см-ийн гүнд хүйтний эрч -28 хэм, шувууны гэрт бол 10-11 хэм байдаг ажээ. Тэдгээрийн цасан гэр нь хахир хүйтнээс хамгаалаад зогсохгүй араатнаас хамгаалах найдвартай үүр юм. Шувууд цасан гэрийнхээ хонгилыг аюул тохиолдоход амархан гарч болох сэвсгэр цасаар тагладаг байна.
 
Монголд бойжсон дэгдээхэйнүүд Гимлайн нурууг давдаг
 
       Монгол орон өвөлдөө хүйтэн учраас шувууд намар дулаан орныг зорьдог гэж бид боддог. Тэгвэл шувууд нүүн оддогийн гол шалтгаан нь хүйтэн сэрүүн биш, харин өвөл идэш тэжээл нь ховорддогтой холбоотой ажээ. Шувуудын биеийг бүрхсэн өд ноолуур нь дэлхий дээр мэдэгдэж байгаа хамгийн хөнгөн бөгөөд дулаан алддагүй ноос учир тэд хүйтнээс нэг их айдаггүй. Харин загас, шавьж, ургамлын үр нахиагаар хооллодог шувуудад Монголын хөлдүү гол мөрөн, нуур, цасан бүрхүүл дороос идэш тэжээл олдоход бэрх билээ. Дээр дурьдсан 470 гаруй зүйлийн шувуудаас 205 зүйл нь шавьжаар, 150 гаруй зүйл нь ургамлын үр нахиагаар, 43 зүйл нь жижиг мэрэгчээр, 6 зүйл нь шувуугаар, тас, хажир мэт 5 зүйл нь сэг зэмээр, 7 зүйл нь тааралдсан юмаа иддэг элдэв идэштэн шувуу юм.
 
  Шувуудын нүүдэл, нүүд­лийн шувуудыг хэрхэн судалж байгаа талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил­тан, шувуу суд­лаач, доктор Н.Цэвээнмядаг дараах сонирхол­той зүйлийг ярилаа.
 
  - Монголд нүүдлийн шувууд хаанаас голчилон орж ирдэг вэ?
 
  - Ер нь шувуудын нүүдэл дэлхийн бөмбөрцөгийн уртрагийн дагуу хойшоо, урагшаа чиглэж байдаг. Энэ нь хавар дэлхийн бөмбөрцөг өмнөөс дулаарч шавьж хорхой бий болоход шувууд тэр нутгийг даган хойш нүүдэг, харин намар хойноосоо хүйтэн орж шавьж хорхой, өвс ургамал хагдрахад түүнийг даган ургашаа шувууд нүүж байгаа хэрэг юм. Монгол нутгийг дэлхийн шувууны нүүд­лийн дөрвөн том зам дайран өнгөрч байна. Номхон далайн баруун эргийн шувуудын нүүдлийн зам буюу Хятад, Австралийн зүүн хагас, Солонгос, Япон, улсаас ирдэг шувуудын зам манай орны зүүн хэсгээр дайран өнгөрнө. Зүүн Ази, Австралийн нүүдлийн замын шувууд манай орны бүх нутгаар дайрдаг. Харин Төв Ази, Энэтхэгийн нүүдлийн замын шувууд нь Монгол орны төв болон баруун хагасаар нүүдэллэн ирэх буюу дайран гардаг байна. Нүүдлийн дөрөв дэх зам нь Африк, Газрын дундад тэнгисээс буюу баруун урьд зүгээс дайран ирж байгаа юм.
 
  - Биологийн хүрээлэн сүүлийн үед судлагаагаа юунд чиглүүлэн ажиллаж байна вэ?
 
  - Манай хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгаа Монгол оронд нүүдэллэн ирж байгаа шувуудаар дамжин халдварт өвчин тархах боломж, түүнээс сэргийлэхэд чиглэж байна. Шувуу олон янзын өвчнийг богино хугацаанд хол газар дамжуулан тараах боломжтой амьтан юм. Сүүлийн үед гоц халдварт шувууны томуу өвчин манайд нүүдэллэн ирдэг шувуудын дайран өнгөрдөг болон, өвөлждөг нутгуудар гарч байгаа.Түүнээс гадна шүлхий боом зэрэг малаар дамждаг өвчнийг шувуу дамжуулах боломжтой байдаг. Монгол оронд Япон, Солонгос, Австралиас шувуу ирж байна. Зүүн өмнөд ази, Гонконг Тайланд, Малайз, Энэтхэгээс, Африк, Европоос ирдэг. Монголд тал талын шувууд цуглаж байгаа нь хаанаас ч, ямар ч өвчин манайд ирэх боломж байна гэдгийг харуулж байгаа юм. Шувууны томуу Булганы Хунт, Хөвсгөлийн Эрхэл нуурт 2005, 2006 онд нүүдэллэн ирж зусаж байсан гангар хун, хээрийн галуу, алаг шунгай, гэзэгт шумбуур гэдэг шувуудаас илэрч байсан.
 
  Хятадын Шанхай нууранд 2005-2006 онд 6000 гаруй хээрийн галуу, мөнгөлөг цахлай, тураг гогой зэрэг шувуу энэ өвчнөөр үхсэн юм. Гэтэл тэр нууранд амьдарч байсан ангир манай Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл аймгийн Сангийн далай нуурт ирж зуссаныг түүнд зүүсэн сансрын дамжуулагч аппарат бидэнд “хэлж өгч” байлаа. 2007 онд Америк, Хятадын эрдэмтэд тэр нуурын шувуудад долгион дамжуулагч зүүж түүгээрээ тэр нуурын шувууд хаана, очсоныг тодорхойлсон. Энэ мэтээр олон улсын хэмжээнд шувуугаар дамжин өвчин тархахаас урьдчилсан сэргийлэхэд ихэд анхаарч, хамтран ажиллаж байгаа юм.
 
  - Манай улсад дотроо шувуугаар өвчин дамжсан тохиолдол байна уу?
 
  - Хэдэн жилийн өмнө Сүхбаатар аймагт гарсан шүлхий 3-4 хоногийн дараа Хөвсгөл аймагт гарсныг нүүдлийн шувуу “зөөж аваачсан” гэж дүгнэж байсан. Тухайн үед алагтууны нүүдэл болж байсан гэдэг. Тэгэхээр нүүдлийн шувууд ихтэй газраар зугаалах, амрахдаа бодолтой болгоомжтой байх хэрэгтэй.
 
  - Манай судлаачид өөрийн орны шувууд хаагуур явж, нүүдэллэж байгааг хэрхэн судалж байна?
 
  – Шувууд хаагуур нүүдэллэж, хаана зусаж байгааг тогтооно гэдэг ганц нэг шувуу судлаачийн хүч хүрэх ажил биш. Олон улсын судлаачид хүчээ нэгтгэж, харилцан мэдээлэл солилцож, хамтын хүчээр хийх ажил юм. Нүүдлийн шувуудад тэмдэг тавих, бөгж зүүх, сансрын дамжуулагч аппарат тавих зэргээр хаагуур хэрхэн нүүдэллэж байгааг нь судалж байна. Ийм аппарат нүүдлийн шувуунд байрлуулан судлагаа хийх ажил 2002 оноос эхэлсэн. Эхлээд цэн тогоруун дээр, дараа нь 2004 онд өвөгт тогоруун дээр хийсэн. Манайд зургаан төрлийн тогоруу бий. Энэ судалгаагаар манай тогоруу Гимлайн нурууг давж Энэтхэгт очиж өвөлждөг нь харагдаж байгаа. 2002 онд зүүн монголд зусаж байсан цэн тогоруун дээр долгион дамжуулагч зүүхэд тэд Хятадын Таяан, Хөх мөрний дунд хэсэгт очиж өвөлжиж байгаа нь мэдэгдсэн. Мөн өнгөрсөн жил “Зэрлэг амьтан судлах нийгмлэг”-ийн судлаачид, манайхтай хамтран Хөвсгөлийн Сангийн далай нуур, Дархадын хотгорын Цагаан нууранд зусаж байсан хээрийн галуу, гангар хунд өнгөт хүзүүвч зүүсэн нь Хятад, Энэтхэгт очиж өвөлжсөн мэдээ байна. Өнгөт бөгжөөр бөгжилсөн тогоруу Японы Изюми аралд өвөлжсөн. 2006 онд хээрийн галуу, хошуу галуу, гангар хунд сансрын дамжуулагч тавьсан юм. Гэтэл гангар хун өмнөд Солонгосын бүр өмнөд хэсэг, Сөул хотын орчим, нэг хэсэг нь хойд Солонгос, Хятадын хилийн зааг дээр өвөлжсөн. Тэдгээрээс дараагийн зун нь аппараттай долоон хун эргэн ирж Монголдоо зуссан. Тэд буцаж Солонгост өвөлжөөд энэ зун манайхыг даван ОХУ-ын Тундрээс наахна зусаж байна. Тэд энэ жил өндөглөсөн байх учиртай. Энэ судалгаа шувууд нэг газраа тогтмол ирээд байдаггүй, нэг газартаа өвөлжөөд байдаггүйг харуулж байгаа юм.
 
  - Нүүдлийн шувууд энэ замыг хэр хугацаанд туулдаг юм бол?
 
  - Шувуу болгоны нүүдлийн зам туулах хугацаа харилцан адилгүй. Бүтэн 24 цаг нэг ч удаа буулгүй нисдэг шувууд ч байна. Хөгчүүгийн багийн шувууд Номхон далай мэтийн том далайг гатлахдаа хэдэн зуун км явж байж буудаллах арал олдог байна. Австралиас Солонгос хүртэл нүүдэл­лэдэг хурган цууцаль гэдэг шувуунд сансрын долгион дамжуулагч зүүж явуулахад Солонгос хүртэл 10 мянган км замыг туулсан байна. Тэд Номхон далайг гатлахдаа цагт дунджаар 70-90 км цагийн хурдтай нисжээ гэж Австрали, Америкийн эрдэмтэд тооцоолсон.
 
  - Та саяхан хөдөөгүүр яваад иржээ. Хаагуур ямар судлагаа хийв? Энэ жилийн ажлаасаа сонирхуулаач?
 
  - Манай хүрээлэн энэ жил АНУ, Канад, Австрали, Англи, Дани зэрэг орны 15 эрдэмтэн судлаачидтай хамтран хээрийн галуун дээр нарийвчилсан судал­гаа хийж байна. Сая бид Тэрхийн цагаан нууранд зусаж байгаа 10 гаруй хээрийн галуунд Дорнотын нэг нууранд зусаж байгаа мөн тооны хошуу галуун дээр дамжуулагч аппарат, хэмжигчийг зүүлээ. Үүгээр тэд­ний нүүдлийг тодорхойлохын зэрэгцээ, нүүх үедээ байгалийн ямар бэрхшээлийг давдаг, өндөр уул давахдаа хүчилтөрөгчийн болон цусан хангамж нь хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг судалж, зүрхний үйл ажиллагаа, ачааллыг нь хэмжих юм. Хээрийн галуу Гимлайн нурууг давж нүүдэллэдэг. Гэтэл энэ нуруу нь далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт байгаа шүү дээ. Уулыг давахад уулчид олон өдрийн бэлтгэл хийж, тусгай хувцас өмсдөг бол шувууд хэдхэн сарын өмнө төрсөн дэгдээхийгээ дагуулаад тэр нурууг давж байгаа. Тэгэхээр физиологийн маш хүнд ачааллыг дааж байна гэсэн үг юм.
 
Шонхор “хэлмэгдэж ” байна
 
       Миний өмнө саяхан хэвлэлд гарсан хоёр мэдээ байна. Нэг мэдээнд нь “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон, Сайхан, Сант, Хушаат суман дахь үлийн цагаан оготныг уламжлалт аргаар устгажээ. Тодруулбал, үлийн цагаан оготнын нүхэнд ус цутгаж, утаагаар утаж, устгал хийсэн” гэжээ. Нөгөөд нь “2009 онд Арабын орнуудад амьдаар гаргах идлэг шонхор шувуу 240 хүртэл толгой байхаар Засгийн газар тогтоов. Мөн амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 10000 ам.доллар, төлбөрийг 9000 ам.доллар, хураам­жийг 800 ам.доллар байхаар батлав” гэсэн байна.
 
  Энэ хоёр мэдээг уншаад Төв аймгийн Зуунмод хотоос ургаш гарангуут газрын хөрс буцалж байна уу даа гэмээр намхан тоос босгож үлийн цагаан огтоно бужигнаж байдаг нь санаанд орлоо. Машинаа замаас гаргавал үлийний нүхнүүдээр, сийчүүлсэн хөрс өмөрч цөмөрч явахад хэцүү болдог юм. Гурван жилийн өмнө ийм байсан, өнгөрсөн хавар явахад бүр нэмэгдсэн байна лээ. Өвс бэлчээрийн тухай бүр ч ярилтгүй. Улаан халцгай. Төмөр замын нэг ажилтан Замын-Үүдээс эхлээд Чойр хүртэл төмөр замын хоёр талаар тус бүр 50 метр доторх үлийн цагаан оготныг устгах ажилд явсан тухайгаа надад ярьж байсан юм. Төмөр зам орчимд үлий болон мэрэгчид олширвол газрын хөрсийг муутгаж, зам доош суух зэрэг сөрөг нөлөө үүсдэг юм байна. Тэд зам дагуух заасан хэмжээний талбайн нүх бүрт ус цутгаж, хор хийж, нүхийг нь чулуугаар таглах зэргээр их л хэцүү, урагшладаггүй ажилд намар орой болтол явжээ. Гэтэл тэдгээр үлийгээр хооллодог шонхорууд маань зуу зуугаараа гадаадад худалдагдаж байна. Өндөр үнэ хүрдэг болохоор нь засгийн газар түүнийг гадагш худалдах тоог жил ирэх бүр нэмсээр байна. Тэр өндөр гээд байгаа үнэ нь 10.000 ам. доллар. Гэтэл энэ нь түүний жинхэнэ үнийн дэргэд юу ч биш ажээ. Зарим шонхор үнэ хаялцах худалдаагаар 330.000 ам. доллар хүрсэн талаар олон улсын мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж байлаа.
 
  Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр далайлгасан Арабын шувууны наймаачид манай нутгаар хөндлөн гулд давхилдаж, дураараа аашилсаар арав гаруй жил боллоо. 2002 онд Засгийн газраас гаргасан нэг тогтоолоор таван жилийн хугацаанд жил бүр 300 шонхор Арабын орнууд руу гаргахыг зөвшөөрөөд энэ тоог 20 хувиар нэмэгдүүлэх болон хорогдуулах эрхийг Байгал орчны сайдад олгосон юм. Харин гаалийн байгууллагын мэдээнд зөвхөн 2000-2004 онд 1300 гаруй шонхор гадагш гаргасан тоо дурайж байна. Тэгэхээр тогтоосон тооноос олон шувуу гадагш гарч байж. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа тооцоогоор экспортлох шонхор нь нийт шонхор шувууны гурван хувиас хэтэрч болохгүй гэнэ. Энэ жишгээр бол манай улс жилдээ дээд тал нь 180 орчим идлэг шонхор шувуу экспортлох боломжтой. 50-иас хэтрүүлэхгүй байвал тухайн шувууны өсөлтөд нөлөөлөхгүй гэсэн саналыг БОЯ-д шувуу судлаачид хэлсэн ч түүнийг сайд нар чихнийхээ хажуугаар өнгөрөөж, эрдэмтдийн тооцоолсноос 6-7 дахин олныг худалдахаар зөвшөөрч иржээ. Нас, хүйсний харьцаа зэрэг нарийн ширийн юм бүр ч яршиг хэмээн хаягдаж.
 
  Манайд хэдэн шонхор байна вэ? Жил бүр хэдэн зуугаар нь гаргаад байх нөөц байна уу? 1970-аад онд тоолоход 10-20 мянга, 1995 онд тоолоход 10 мянган шонхор байна гэсэн тоо гарсан бол 2002 онд хийсэн тооллогоор түүний тоо 6000 болж буурсан байна. Харин 2006, 2007 онд шонхор барьдаг нутаг Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорнот, Хэнтий, Төв, Дундговь зэрэг аймгийг хамруулан хийсэн төлөв байдлын тооллогоор ердөө л 2000 хос байгаа тоо гаржээ.
 
  Манай орон идлэг шонхорын үржлийн чухал нутагт тооцогддог. Тэд манай тайгаас бусад газар нутагт тархсан байна. Арабын наймаачид манайд ирээд голдуу 1-2 насны эм шонхор барьдаг. Шонхор 2-3 насандаа үржиж эхэлдэг. Гэтэл наймаачид хам­гийн чадалтай, үржлийн насны шувуудыг шилэн авч байна. Жилд 300 шонхор гадагш гаргахын тулд мянган шонхор шувуу золиосонд гаргаж байж болох баримтыг судлаачид, шонхор барихад оролц­дог иргэд ярьж байсан. Тэд шилж сонгохын тулд барьсан шувуудаа олон хоног, бараг сар гар дээрээс хооллон, хүлээ баглаа­тай байл­гадгаас шилэгд­сэн ганц нэгээс бусад нь цаашид байгалд бие даан амьдрах чадвараа алдах юм уу, олон хоногын “хорионы” дараа ихэнх нь үхдэг байна. Нэг отог 30 шонхор барьлаа гэхэд түүнээс хоёрыг нь сонгон авах жишээтэй. Түүний золиосонд өгөөш болсон 200 тагтаа үрэгддэгийг бас мартаж болохгүй. Түүнээс гадна наймаачдын авдаг тусгай стандартад нь хүрэхгүй ч байгалиас заяасан хүч чадал, хурдтай шонхорууд хамгийн түрүүнд өгөөшд орж ирдэг. Гэтэл тэднийг зүгээр явуулахын оронд далавчнаас гол хүчтэй өдийг суглан авч хаядаг байна. Ингэснээр уг шувуу тэдний дараа дараагийн авд өгөөшийг нь булааж саад болж чадахгүй. Шувууны ангуучид эрх бүхий байгууллагын зааж өгсөн нутгаас биш дуртай газраасаа шувуу барьж хэдэн шувуу барьсан, хэдийг нь буцаан тавьсан зэргээ хяналтын төлөөлөгчид тайлагнаж, харуулах нь байтугай сум дамжин зугтан явдаг байна. Шонхорын наймаа олон аймаг, сум хамарч байгаа боловч түүнээс орон нутагт ямар орлого орсон тухай мэдээ олддоггүй.
 
  Зарим нэг нутгийн иргэдийн барьсан шонхорыг өндөр үнээр авах юм уу, шонхортой нутгийг заалгах, газарчлуулах, үүрэндээ байгаа өндөг ангаахайг ирэх жил болтол харуулдан хамгаалж байхаар гэрээ маягийн юм хийх, ангуучлалын өгөөш болох тагтаа бүрийг 1000-1500 төгрөгөөр үнэлэн авч байгаа зэрэг нь шувууны хар бизнес, хууль бус худалдааг бий болгох эхлэл болж байна.
 
  Энэ наймаанаас гадна шонхор шувуу хорогдох хэд хэдэн шалтгааныг бид өөрсдөө гаргажээ. Холбооны болон өндөр хүчдэлийн шон дээр шонхор шувуу үүрлэн богино холбоо үүсгэж шонг гэмтээдгээс орон нутгийн монтёрууд дарга нарынхаа тушаалаар шонхорын үүрийг авч хаядаг байна.
 
  Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 км зам явахад нийтдээ 10 үүр байсны есийг нь авч хаясан байжээ. Эдгээр үүр зарим нь ангаахайтай, зарим нь өндөгтэй байсан ч тэр чигээр нь авч хаясан байна. Шонхор шувууны өндөгний 30 хувь нь л амьдрах чадвартай, ниссэнээсээ хойш бас 20 хувийн хорогдол гардаг гээд бодохоор нөхөн төлжилт тааруухан амьтан аж. Иймээс ойр хавьд нь хад асга байдаг бол үүрийг шилжүүлэх, эсвэл тусгай хиймэл үүр засч өгөхөөр шувуу судлаачид АНУ, Биологийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлж зүүн аймгуудад 100 гаруй хиймэл үүр тавьж өгсөн байна. Тавьсан үүр болгонд шонхор үүрлэсэнд урамшсан. МУИС-ийн багш оюутнууд Дундговь, Дорноговь, Хэнтий аймгийн нутгаар 70 гаруй хиймэл үүр нэмж тавьжээ. Мөн өндөр хүчдэлийн трансформаторын орчимд шонхор шувуу цахилгаан хүчдэлд цохиулж үхсэн тохиолд­лууд байгаа гэнэ. Зөвхөн нэг трансформаторын дор гэхэд зургаан шонхор үхсэн байжээ.
 
  Идлэг шонхор нь голчлон үлийн цагаан оготноор хоолодог бөгөөд үхсэн оготно барьдаггүй, заавал амьдийг нь барьж хоол­лодог. Манай орны идлэг шонхорын үржлийн хосуудын идэш тэжээлд үлийн цагаан оготны эзлэх хувь нь 75-80, харин шилийн cap ба хээрийн бүргэдийн хувьд 60-90 хувь байдаг. Үлийн цагаан оготно элбэгтэй газар үүрлэсэн идлэг шонхорын таван ангаахайтай нэг хос, шилийн сарын дөрвөн ангаахайтай нэг хос үржлийн үедээ өдөрт 9-12 үлийн цагаан оготно үүрэндээ авчирдаг байна.
 
  Энэ жил манайх 300 ширхэг идлэг шонхор худал­дах юм байна. Шувууны най­маачид аль хэдийнэ ирчих­сэн дураараа дургиж, үлийд идүүл­сэн талаар тоос манарган үлдсэн ганц нэг шонхорыг маань урхи­даж явна. Бид шонхороо худалдахгүйгээр амьдарч болохоо байсан гэж үү?
 
Шувуудтай хамт ирэх жуулчид
 
       Орчин үед эрчимтэй хөгжиж байгаа жуулчлалын нэг төрөл нь шувуу харах аялал юм. Монголд энэ талаар туршлагажиж яваа 4-5 жуулчны компани байдаг. Энэ төрлийн жуулчлалаар ирэг­сэд нь голдуу 50-иас дээш насны, шувуу сонирхогчид байна. Шувуу сонирхогчдын аялал Монголд дэлгэрэх хэд хэдэн таатай нөхцөл бий. Монгол бол Төв Азийн байгалийн унаган шинжүүдийг хадгалж буй, хойд талаасаа Сибирийн ой түрж ирсэн. Өмнөөсөө тал цөлийн бүс залгах зааг дээр байгаа нутаг юм. Түүгээр нүүдлийн шувуудын гол зам дайрдаг учраас маш олон зүйл шувууг үзэх боломжтой. Түүн дээр монгол ногтруу, хулан жороо, жороо тоодог, чигчиргэнэ, хадны тагтаа зэрэг төв азийн унаган шувууг хээрийн буйдад нь үзэж болно. Мөн ёл, шилийн сар зэрэг махчин, начин шонхор, зээрд шонхор гээд жижиг шонхорууд үзэх гэж хүмүүс зорин ирдэг. Зөвхөн загийн шугуйд байдаг загийн бор шувуу, дагавар ятуу, сойр, хур зэрэг шувуудыг ч сонирхдог байна.
 
       Ийм аялалыг хөгжүүлэхэд хамгийн чухал нь шувуу сайн мэддэг хөтөч юм. Манай хэдэн шувуу судлаач эрдэмтдээс өөр сайн хөтөч одоохондоо ховор байгаа учраас энэ аялал тодорхой хэмжээнд зогсонги байна. Хөтөч бэлтгэх сургалтууд явагддаг ч тэр бүр олон хүн хамрагдахгүй байгаа ажээ. Шувууг хавар тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 25, намар наймдугаар сарын 25-аас ес дүгээр сарын 10 хүртэл үзүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг. Жуулчин ногтруу, хулан жороо, эсвэл реликт цахлай үзнэ, тэгээд замдаа зуун шувуу үзнэ гэсэн бол авч яваа хөтөч тэр зуун шувууны ядаж 80 хувийг, үзэх гэж зорьсон шувууны хоёрыг үзүүлэх хэрэгтэй. Хэрэв тэгж чадаагүй бол жуулчид сэтгэл дундуур буцахад хүрдэг. Маш хариуцлагатай, адармаатай, хээрийн аялал учраас туршлагагүй хүн нэг яваад шантар­даг. Шувуу мэддэг хөтөчгүй бол энэ төрлийн аялалыг зохион байгуулсаны ч хэрэггүй. Хэрэв ийм аялал зохион байгуулах гэж байгаа бол Биологийн хүрээлэн, Махчин шувуудын сан, Шувуу судлалын нийгэмлэг зэрэгт хандаж мэргэжлийн туслалцаа авах хэрэгтэй гэж туршлагатай хөтөчид хэлж байлаа.
 
 Шувуу харах аялалыг 2000 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Selena travel” компанийн борлуулалт хариуцсан дэд захирал О.Золзаяа шувуу харахаар ирэгсэдийн талаар ингэж ярилаа.
 
  - Шувуу сонир­хогчид хаанаас голчлон ирж байна?
 
  - Бид Япон, Солонгос, Англи, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орноос энэ чиглэлээр жуулчин хүлээн авч байна. Тэдний сонирхлоос хамааран 3-4 аймаг дамжсан дунджаар 7-10 хоногийн аяллыг зохион байгуулдаг. Манайх хар, цагаан тогоруу, хотон зэрэг нуур намгийн шувууд голчилон үзүүлж байна. Нуурын шувуудыг Гүн галуутай орчим, ойн шувуудыг Тэрэлж орчмоор үзүүлэх боломж­той. Түүнээс гадна өөр шувуу үзэх сонирхолтой бол тусгай маршрут гарган явуулдаг.
 
  - Энэ төрлийн жуулчлалыг хөгжүүлэхэд учирч байгаа бэрхшээл юу байна?
 
  - Хөтөч сайн байх хэрэгтэй. Шувуу таньдаг, хамгийн гол нь латин нэрийг сайн мэддэг байх хэрэгтэй. Манай нисэх компаниудын хариуцлагагүй бай­дал бидний ажилд бэрхшээл учруулж байна. Аяллаа өдөр, цагаар төлөвлөчихөөд байхад нислэг нь хэдэн цаг, өдрөөр хойшлох, цөөн хүнтэй гэдгээр нислэгээ цуцлах тохиолдол гардаг. Энэ тухайгаа цагийг нь тулгаж байж мэдэгддэг нь бүр ч бэрхшээлтэй. Дээр нь нийслэгийн тийзний үнэ нэмэгдсээр байна. Увс яваад ирэх тийз 500 ам.доллар болсон. Гэтэл ирж байгаа хүмүүс аль болох бага зардлаар олон юм үзэхийг хүсдэг. Энэ мэт шалтгаанаас болоод энэ жил бид баруун аймаг руу жуулчин илгээж чадахгүйд хүрч байна.
 
  Сүүлийн үед гол нуур ширгэж шувууд ховордож байна. Өнгөрсөн жил, эсвэл сарын өмнө байсан жижигхэг гол, цөөрөм дахин ирэхэд ширгэж алга болсон байх нь бий. Гэхдээ нутгийн иргэд санаа тавьж хамгаалаад байвал ямар ч шувуу тухайн нутагт олширч, нүүдлийн шувууд ч эргэн ирдэг юм байна. Гүнгалуутайн нөөц газар эхлээд хос тогоруутай байснаа нутгийнхан мал, амьтан ойртуулахгүй, үргээхгүй байлга­саар одоо зургаан тогоруутай болсон байна лээ. Мөн шувууны томуу энд, тэнд гарч байгаа нь шувуу сонирхогчдын аяллалыг нэлээд багасгах шиг боллоо.
 
  - Шувуу харах аялал ямар онцлогтой вэ?
 
  - Тогтсон нэг маршрутаар явахгүй. Жуулчны хүссэн марш­рутыг зохионо. Хаана ч хоноглож, ямар ч газраар явж магадгүй. Ус намаг, уул хад, говь хээр гээд. Аяллын баг наймаас цөөн хүнтэй. Хэрэв хүн олширвол шуугиан ихдэж шувууд үргэчихдэг. Шувуудыг айлгаж цочоохгүй л бол бараг “номхон зогсож” байгаад л зурагаа авахуулчихдаг. Ирж байгаа хүмүүс өөр өөрийн вебсайттай, түүндээ үзсэн харснаа бичдэг, зургаа тавьдаг. Түүнээсээ харилцан мэдээлэл солилцож байдаг юм билээ. Шувуу сонирхогчдын клубуудээс олон хүн ирдэг. Нэг ирсэн хүнд сайхан үйлчлээд, хүссэн зүйлийг нь үзүүлээд явуулчихад дараа нь хэд хэдэн ч удаа ирэх нь бий. Шувуугаар ан гөрөө хийх уламжлал, соёл манай казах түмний амьдралд л үлджээ. Түүнийг үзэх хүсэлт сүүлийн үед нэмэгдэж байгаа. Цармын бүргэл харах, шувууг хэрхэн барьж анд сургадагийг үзэх сонирхол байна. Шувуудын ирэх буцах бөөгнөрөл, хунгийн чуулган зэргийг ихэд сонирхон үздэг. Зөвхөн шувуу үзэхээр зорьж ирсэн хүмүүс хотод хоноглодог ч үгүй, онгоцноос буугаад шууд хөдөө явдаг. Зарим хүн шувуу харж стрессээ тайлах гэж л ирдэг Хонконгоос нисэн ирж дөрөв хоног шувуу харчихаад шууд нисээд явдаг хүн байна.
 
Хотын шувууд
 
       Манай нийслэлд ямар шувуу байдаг. Ер нь хотод ямар шувууд байвал оршин суугчдад тааламжтай тухай шувуу судлаач, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Ш.Болдбаатартай ярилцсан юм. Тэрээр “Монгол орны хот суурин газрын шувууд” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ
 
  - Улаанбаатарт өнөөдөр ямар шувуу хамгийн олон байна вэ?
 
  - Улаанбаатарт сүүлийн хэдэн жил элээ, хэрээ хэт олширлоо. Туулын бургас, Богд уул, гурилын комбинат, махкомбинат зэрэг газар очоод тоолоход нийтдээ 800-900 элээ байна. Хэрээг бид өнгөрсөн хавар хоёр ч удаа тоолсон. Нэг шөнө Улаанбаатарт 4000 орчим хэрээ хонож байна лээ. Эдгээр шувууд хог хаягдлаар хооллодог. Тэгэхээр манай хот хог хаягдал ихтэй, экологийн их эвдрэлтэй байна шүү гэдгийг хэлээд байгаа юм.
 
  - Хотод өөр шувуу байхгүй гэж үү?  
 
 - Улаанбаатар хотод 220 гаруй төрлийн шувуу байна гэсэн судлагаа байдаг. Гэхдээ тэдгээрийн зүйл сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн. Сайн мэддэг хүн л хот орчимд олон зүйл шувуу олж харж чадна. Далайн эргээс олж хараагүй шувууг ч үзэж чадна. Дагуурын ятуу, уран шувуу, хөх бух зэрэг шувуу бий. Гэхдээ тийм олон биш байгаа. 1981-1990 оны дунд үе хүртэл Улаанбаатарт залуу байгальчдын станц, хүүхдийн парк, Туулын шугуй, Зайсан толгойн цэцэрлэг, Оросын цэргийн ангиудын ногоон байгууламж гээд харуул хамгаалалт­тай, цэцэрлэг, төглүүд байлаа. Ийм ногоон бүс нь шувууг ихээр татаж, гоё, үзэсгэлэнтэй, дууч, хүний сэтгэл сэргээсэн шувуудыг цуглуулдаг юм. Ногоон байгууламж нь багасахын хэрээр тэр шувуудын тоо цөөржээ. Бас модод нь хөгшрөөд, хөгшин модон дээр амьдардаг шувуудын тоо ихсэж байна.
 
  - Хотын цэцэрлэг ямар байвал гоё шувуудтай болох бол?
 
  - Хотоо гоё шувуутай болгохын тулд хотын цэцэрлэгийн ургамалыг өөрчлөх хэрэгтэй. Манай хотод улиас их байна. Түүн дээр цөөхөн шувуу үүрлэдэг. Хавартаа их үр хаядаг, намар хог ихтэй, хотод тохиромжгүй мод юм. Түүний оронд Монгол орны унаган ургамал хайлаас тарих хэрэгтэй тэгвэл түүний үрийг иддэг гоё, гоё шувуутай болж болно. Жимсний бутууд, өрөл, мойл, долооогоно, нохойн хошуу их бол жимсээр нь хооллодог гоё шувууд татагдах учиртай. Манай цэцэрлэгүүдийн жимсний мод хөгширч, цэцэглэхгүй болсон, жимсийг нь түүгээд, эсвэл хугачаад сүйтгэчихдэг. Жимст ургамалуудаар хооллодог шувууд хавартаа хотыг хортон шавьжнаас цэвэрлэж бидэнд тус болдог.
 
  Хөшөө дурсгал, байшингийн дээвэр, самбар чимэглэлийг сангасаараа будаад байдаг шувууд хотод хэрэггүй. Хот төлөв­лөхдөө л ямар шувуутай байх вэ гэдгийг ногоон байгууламжид тарих ургамлаараа дамжуулан шийддэг шүү дээ. Хотын шувууд гоё байхаас гадна элдэв өвчин зөөдөггүй байх ёстой. Манай хотын хувьд ямар шувуутай байхаа төлөвлөх нь бүү хэл Засгийн газрын ордон дээр хэдэн төрлийн, ямар шувуу үүрлээд байна. Хэдэн улаан хошуут ажил хийлгэхгүй хашгирч байна. Хэрэггүй шувуудыг хэрхэн зайлуулах вэ гэдгийг ч бодож, судлахгүй, судлуулахгүй байна.
 
  - Хэрээ хог ихтэй байгааг харуулж байна гэлээ. Өөр хор холбогдол байна уу?
 
  - Хот хэрээтэй, дандаа алагтуутай байх нь үнэхээр муухай. Дээврийн хонгилд үүрлэвэл сангас нь хуримтлагдсаар барилгын даацад нөлөөлөн тааз цуурах, эвдэрэхэд хүргэдэг. Хэрэв бороо гоож­дог дээвэртэй бол усанд норсон сангасын хүчиллэг орчин барилгын материал болон турбаг гэмтээх аюултай.
 
  Сонгины тохойгоор байгаа олон хэрээ, турлиах намаршаад ирэхээр наашаагаа онгоцны буудал руу олноороо орж ирэх болжээ. Онгоцны буудал шувуутай байна гэдэг маш аюултай. Энэ хавар манай нисэх буудал дээр буусан том онгоцны мотор руу шувуу орсноос нисэж чадахгүй буусан тохиолдол гарсан шүү дээ. Монголын нисэх онгоцны буудал энэ жил шувуунаас болж онгоц сүйрч болзошгүй бууд­лын сүлжээнд орлоо. Шувуу байлгахгүй тулд тэр орчныг ямар байлгах нь хотын дарга нарын хийх ажил.
 
  - Хүүхдүүд шувуудад үүр хийж тавьдаг байсан. Энэ нь хотод шувуудыг татах арга болж чадах уу?  
 
 - Дээхнэ үед хүүхдүүд шувууны баяр тэмдэглэж, үүр олноор нь хийж тавьдаг байлаа. Энэ бол манай хотын хувьд шувуудыг татах хэрэгсэл болж чадахгүй юм. Яагаад гэхээр ийм үүрэнд үүрлэдэг шувууд манайд байхгүй. Хаяа нэг хөх бух үүрлэсэн байж болно. Харин Улаабаатар орчимд байдаг шар өрөвтас зэрэг махчин шувуудад зориулан том үүр хийх хэрэгтэй. Тэгвэл аялагчид, шувуу сонирхогчдод үзүүлэх шувуутай болж болно. Харамсалтай нь ийм хөдөлгөөн өрнүүлэхгүй байна. Шувууны баяр хийх, дугуйлан ажиллуулах, шувуу үзэх аялал зохиох зэрэг нь танин мэдэхүйд хэрэгтэй. Байгалаа хамгаалах гэж байгаа бол шувуудыг хамгаалах, амьдрах орчныг бий болгох хэрэгтэй.
 
  - Улаанбаатарт маш олон тагтаатай байсан. Одоо цөөхөн болжээ.
 
  - Улаанбаатарт 10 мянга орчим тагтаа байсан үе бий. Тэдгээрийн 95-97 хувь нь хадны тагтаа байсан. Гэтэл сүүлийн үед энд тэндээс ирсэн болон хөхөвтөр тагтаатай эрлийзжээд тэр зүйл маш ховордсон байна. Өнгөрсөн жил хадны тагтааны зураг авах гэж Гандан орчмоор хайхад хоёрхон харагд­сан бусад нь эрлийз тагтаа болжээ.
 
  - Хэрээ мэтийн шувууг хотоос яаж зайлуулах вэ?
 
  - Зарим шувуудыг хотоос гаргах шаардлага байгаа. Энэ нь тэднийг хотоос хүчээр хөөж гаргах гэсэн үг биш, тэдний байх орчныг байхгүй болгох хэрэгтэй гэсэн үг юм. Цэвэрхэн болгох, байшингийн дээврүүдийг шувуу үүрлэхгүй болгох хэрэгтэй.
 
  - Улаанбаатарын шувуудын зүйлийн бүрдэлд Туулын ус татарсан явдал нөлөөлж л байгаа даа?
 
  - Дэлхийн хөгжилтэй хотод гоё шувууд байх юм. Шувуудыг харж баясаж, дууг нь сонсож байх сайхан. Үүний тулд хотод задгай усан цөөрөм, зэгс, ургамалтай газар байгуулдаг байна. Туул гол ширгэж, загасгүйдэж, ус гүехэн болж байгаагаас загасаар хооллодог, ус намгийн шувууд эрс ховордсон. Одоо ангираас өөр усны шувуу харагдахгүй байна. Богд хан ууланд үүрлэсэн шувууд тохиромжтой нөхцөлд Улаанбаатарт орж ирдэг. Мөн Сибирээс гоёмсог шувуу олноороо орж ирдэг байсан. Гэтэл өвлийн улиралд орж ирдэг байсан тэр шувууд багасах хандлага гарч байгаа. Туулын бургасыг их хэмжээгээр авснаас болоод бургасанд үүрлэдэг шувууд алга болсон. Ганц паркаа эвдээд тэнд байсан шувуудыг үргээлээ. Гэсэн атлаа хотын зах, малтай айлууд нь хотод хэрэггүй шувууд өсөх боломж бий болгож байна. Тэнд малын баасанд байгаа илүүдэл тэжээл буудай, ургамалын үр, өт шавьжаар хооллодог шувууд цуглаж байна. Өвчин тараах магадлалтайг тооцох хэрэгтэй.
 
  - Манай бусад суурин, хотод шувуудын талаар ямар бодлого хэрэгтэй вэ?
 
  - Монгол орон байгалийн маш олон бүс бүслүүрийг хамарч байдаг. Тэр хэрээр хот суурингууд өөр өөр байгалийн бүслүүрт хамаарагдаж байна. Түүнийгээ дагаад төрөл бүрийн шувуутай. Чойбалсан гэхэд хээрийн шувууд элбэгтэй. Даланзадгад говийн шувуутай. Гурван сайхны нуруунаас хааяа ёл орж ирсэн байдаг. Увс гэхэд Их нууруудын хотгорын өвөрмөц шувуутай. Ингэхээр тэр хавийн хот тухайн бүсийхээ онцлогт тохирсон ногоон байгууламжийг барьж өгөх хэрэгтэй. Манай хотууд нүүдлийн шувууд, түүн дотроо нүүдлийн жижиг бор шувуутнуудын байх нөхцлийг бүрдүүлдэг, түүнд тохир­сон ургамал, ус намгийн систем­тэй байх хэрэгтэй. Хот суурингийн шувуудын судалгааг маш нарийвчлалтай хийх хэрэгтэй байгаа. Гэтэл Монгол орны хамгийн том нөөц болоод байгаа шувууны талаар Засгийн газрын үндсэн чиглэл дотор өгүүлбэр ч алга. Монгол орон шувууны нөөц ихтэй. Монголчууд дандаа малын махаар амьдрах уу. Агнуурын шувуудын асар их нөөц байсаар байтал ашиглахаа болиод 15 жил болж байна. Шувууны нөөцийг ашиглахгүй байхад нэмэгддэггүй. Харин хэт өсөөд дараа нь хэт ховор болох жамтай байдаг. Иймд агнуурын шувуудын тоо толгойг зохицуулах, уургийн нөөцийг нэмэх, хүнсэнд ашиглах хэрэгтэй. Агнуурын шувуудаа тоолох, нөөцийг нь тогтоох талаар аль ч аймгаас санаачлага гарахгүй байна.
 
Музейн шувуунууд
 
       Монгол орны шувуудыг нэгэн дор үзье гэвэл Байгалийн түүхийн музейд очоорой. Энд шувуудыг амьдралын орчин, ангаахай дэгдээхэй, үүртэй нь хамт үзэж болно. Энэ музей 1924 онд Судар бичгийн хүрээлэнд байсан Монгол орны байгалийн баялгийн цуглуулга дээр үндэслэн байгуулагдсан юм. Энд одоо Монгол орны 400 гаруй шувуу бий. Тус музейн хамгийн эртний үзмэр нь 1600-1820 оны үеийнх бөгөөд шувуудын тухайд бол 1800 онд бэлтгэсэн хэд хэдэн зүйлийн үзмэр музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. 1923 оноос эхлэн Монгол нутгаар дөрвөн жил дараалан явсан Козловийн экспедиц зөвхөн шувуудын тухай материал цуглуулсан байдаг ажээ. Тэдний цуглуулсан шувуудын үзмэр нэлээд сайн хадгалагдан үлджээ. Тэдгээрийг дандаа хэвтээ аргаар хийсэн байдаг.
 
  Тус музей Монголын байгалийг 1920-иод он түүнээс өмнө судалж байсан эрдэмтдийн цуглуулгаар “Х1Х-ХХ зууны эрдэмтэдийн цуглуулга” гэсэн үзэсгэлэнг саяхан дэлгэн үзүүлсэн байна. Энэ үзэсгэлэнд Е.В.Козлова, П.К.Козлов, Н.М.Пржевальский, В.А.Симуков, Шитников нарын зэрэг монголч эрдэмтдийн цуглуулсан үзмэрүүдээс дэлгэн үзүүлжээ. Энэ тухай тус музейн эрдэм шинжилгээ арга зүй, сан хөмрөг хариуцсан тасгийн дарга Н.Жавзмаа хэлэхдээ: Бид энэ удаагийн үзэсгэлэнд цөөн үзмэр гарган тавьсан боловч тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдол асар их юм. Энэ үзмэрүүдийн үнэ цэнийг жуулчид, эрдэмтэд “хаанаас ч олж үзэхгүй ховор үзмэр үзлээ” хэмээн онцлон үнэлж байсан. Би олон газрын музей үзсэн. Манайх шиг оргиналаар нь, амьтныг арьс шир, эвэр туурайтай нь тавьдаг газар байдаггүй юм байна. Хиймэл арьс, дуураймал даавуугаар орлуулдаг болсон байна гэлээ.
 
  Музейгээс жил бүр ийм үзэсгэлэн зохион байгуулж сан хөмрөгтөө байгаа эртний үзмэр, цуглуулгуудыг үзүүлэх ажээ. Мөн эдний сан хөмрөгт шувуу судлаач, эрдэмтэн Батдэлгэрийн арваад жилийн өмнө дэлгэн үзүүлж байсан цуглуулга хадгалагдаж байгаа ажээ. Энэ цуглуулага нь Монгол орны шувуудын зүйл, зүйлээс бүрдсэн 100 гаруй үзмэртэй. Энэ үзэсгэлэнг ирэх жил гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.