Хагас жил чимээгүй шахам байснаа энэ өвлийн зуднаар малчдад тусламж хүргэж, бас олимпийн Ванкуверт оччихсон, монголчын цаначдыг “түрүүлээрэй” хэмээн уухайлж даапаалснаа ярьж телевизээр хэдэнтээ цухалзсан Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ням гаригийн орой МҮОНТ-ийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцлоо. Сэтгүүлч Ш.Гүрбазар, түүний сургаар үзэгчид олон асуулт ирүүлснийг дурдсан хэрнээ шууд орхиж “Би таныг дэлхийд танигдсан хүн гэж үздэг“ гэж өөрийнхөө өмнөөс асуув.

Ийм жижиг асуултанд Н.Энхбаяр  “улсаа хөгжүүлсээр яваад ийм болчихлоо” хэмээн том хариулахгүй хаачихав. Тэгснээ “Би одоо харьцангуй чөлөөтэй байдалд байгаа учраас хэлчихье” гэж байгаад асуугаагүй асуултуудад хариулж өгөх нь тэр. 

… Би сонгуулийг харамсалтай нь луйвар болсон гэж үздэг. Намайг луйвардаад хавсарч байгаа унагаачихсан… Ард түмэн намайг нэг хэсэгтээ зүгээр сууж бай гэсэн байх. Нэг хэсэг дуугүй харлаа. Сайн юм хийвэл сайн л биз, харъя гэж бодсон. Хараад байхад нөгөө нөхдүүдийн маань хийж бүтээсэн юм багахан маань байна. Өнөөдөр үүнийг хэлэхгүйгээр сайн хүн болж харагдах гээд яахав… Энэ луйврын онцлог бол манай намын, миний удирдаж байсан намын удирдлагууд намын дарга, сонгуулийн штабын даргын оролцоотойгоор, үл оролцоотойгоор хийсэн. Үүний тулд 2008 оны сонгуулиар бэлтгэлээ хангаад 2009 оны сонгуулиар хийсэн. Үүнийг би намын даргын үйлдэл гэж ойлгодог… Хулгайч хүн хулгайгаа нуухайн тулд гэдэг шиг “Үндэсний шуудан” дээр өгсөн ярилцлагадаа намайг өөрөө уначихлаа гэсэн байна лээ…. Намын удирдлагад байгаа цөөн хэдэн хүмүүсийн хийсэн ажил… Тангадын Галсан гуай “Манайхан өөр намын бөхийг засаад малгайг нь өмсүүлчихлээ” гэсэн… Манай эхнэр Цолмонгийн нэр дээр Swisse Credite 1,3 тэрбум доллар байна гэсэн төөрөгдлийг бий болгосон. Сонгуульд дуусаад зарлана гэсэн зарлагдахгүй байна. Credite Swiss гэдгийг Swiss Credite болгож ганц үгэн дээр тоглосон … Хүн муулж амьдрах муухай… Н.Энхбаярыг муулдаг бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн баг, бүхэл бүтэн улс төрчдийн баг бий болжээ…”

Цаашаагаа Оюутолгойн гэрээгээр одоогийн эрх баригчдаас огт өөр баримталж байснаа дэлгэрэнгүй ярив.

Миний мэдэхээс Н.Энхбаяр анх удаа ийнхүү С.Баярыг албан тушаалаар нь дуудаж байгаад өнгөрсөн сонгуульд ялагдсандаа шууд буруутгаад зогсохгүй үүнээс хойш дуугүай суухгүй тэмцэж эхэлснээ мэдэгдлээ. Удахгүй болох МАХН-ын бага хурлаар намын даргын асуудал яригдана…

Н.Энхбаярыг ингэж “чөлөөтэй” яриулахын тулд олон нийтийн телевиз 18.10-аас гарах байсан “Хойд хөршөөр зорчсон тэмдэглэл”-ийг хасч тэр зайнд нь дараачийн хэдэн нэвтрүүлгийг урагшуулж шахаад бараг бүтэн цагийг (хөтөлбөрт уг нь 30 минутийн ярилцлага гэж зарлагдсан) суллаж өгсөн юм.

 http://www.ajiglagch.mn/