“ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА”. Орвеллийн “1984” зохиол дээр “ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА” гэсэн хэллэг гардаг. Иргэдээ нэгийг ч үлдээлгүй, мөч тутам хянаж, харж, сонсож, тагнаж байдаг нийгмийн тухай. Хяналтын камерт харагдалгүйгээр суучих булан ч олдохгүй, биеэ барилгүйгээр өөрийнхөөрөө нэг хором ч байх боломжгүй, нүднийхээ харцыг, зүрхнийхээ цохилтыг, амьсгалынхаа тоог хүртэл байнга хянаж, сэтгэлийнхээ хөдөлгөөнийг ил гаргалгүй тэвчиж, гөлийж байх учиртай тийм л нийгэм. 1984 зохиолыг уншихад биднийг ч хэлээд байгаа юм шиг, биднийг харж байгаад ч биччихсэн юм шиг, эсвэл бид ийм хувь заяатай болж болох л байсан, болохоо шахсан шүү гэх айдастай бодол зэрэг зэрэг төрдөг байлаа. Төрдөг байлаа ч юу байхав, сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, нөхцөл байдлыг хараад байхад бид нар ер нь ямар нийгэмд амьдраад байнаа гэх эргэлзээ дахин дахин төрнө. Залгуулаад бид ер нь Орвеллийн энэ зохиолоороо сэрэмжлүүлж бичсэн тийм нийгэм рүү дөтлөөд байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл төрнө.

Шинэ он гарахын өмнөхөн ТВ эргүүлж байтал МАХН-ын байрны (хуучин, шатсан цагаан байр биш, хуучин Ариранг диско бар байрлаж, садар самуун, хар тамхи, зодоон цохионы асуудал байнга гараад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад, асуудал болоод, хэл ам татлаад салдаггүй байсан, өнөөгийн МАХН-ын түр төв байр) доторх хэсгийн зураглал хальт гараад өнгөрлөө. Тэнд “МАХН ТАНЫГ СОНСОЖ БАЙНА” гэсэн уриа хадаатай байлаа. Энэ уриаг харангуут, их ах чамайг харж байна гэсэн “1984” зохиолын үг санаанд бууж байна. “МАХН ТАНЫГ СОНСОЖ БАЙНА” гэсэн уриа үнэхээр байна уу, үгүй юу гэдгийг магадлуулахаар хүүхэд явуултал намын байрны жижүүр, харуулууд их л сэжиглэж, хаанахын тагнуул вэ? ямар зорилготой явж байна? цаад эзэн чинь хэн бэ? гэхчлэн бараг байцаалт авахаа шахсан гэнэ. Нөгөө, таныг сонсож байна, таны төлөө тантай хамт энээ тэрээгийн үнэр ч байхгүй. Оронд нь нуль хардлага, сэрдлэг, мөрдлөг, хавчлага, до яамны зарчим. МАХН-ын төв байранд үнэхээр тийм уриа байна уу, үгүй юу? байвал зургийг нь аваад ирээрэй гэсэн чинь юун зураг хөрөг авахуулахтай мантай, золтой л баригдаж сэрдэгдэхээ шахлаа гээд ирж байгаа юм. МАХН гэж энэ байгууллага ер нь ямар учиртай байгууллага вэ? Олон түмэнд нээлттэй байгууллага мөн үү? Хэр зэрэг ил тод юм бэ? 

Саяхан энэ урианы учир нь олдлоо. “МАХН ТАНЫГ СОНСОЖ БАЙНА” гэсэн уриатай аян эхлүүлж байгаа юм байна. 2010 оныг тийм жил болгосон юм уу даа. Тэр аяны эхлэл болгож, ах намын Улаан гишүүд Сүхбаатар аймагт очиж “ард түмэнтэйгээ” уулзалт хийж байгаа тухай мэдээ цацагдав. Залгуулаад Архангай, Дарханд ажиллаж байгаа ч дуулдав. 1912 оны сонгуулийн кампанит ажлаа үүгээр эхлүүлж байгаа бололтой. Эртхэнээс эхэлж, унасан нэр хүндээ сэргээхгүй бол МАХН-ын рейтинг үнэндээ шалчийчихсан байгаа билээ. МАХН ч гэлтгүй ер нь намуудын нэр хүнд, рейтинг гэдэг юм уначихаад улс төрчдийг зовоогоод байгаа юм.

Гэхдээ, Ах нам биднийг сонсож яах гээд байгаа юм бол. Биднийг сонсоод байна уу, чагнаад байна уу? Сонсохоо ч сонсож, чагнахаа ч чагнаж байгаа. Тэртээ тэргүй тэд үүнийгээ хуульчлаад үндэсний аюулгүй байдал энэ тэртэй холбоод тайлбарлаад, хуулиа батлуулчихсан билээ. Одоо МАХН, таны яриаг чагнаж байвал гайхах зүйлгүй, хэзээ нэг өдөр таны хэлсэн ярьсныг бичээд авчихсан таны эсрэг эд мөрийн баримт болгон ашиглаад, хавтаст хэрэг нээгээд архивлачихаж магад. Санамсаргүй хэлсэн нэг үг, үйлдлийнхээ төлөө л буруутаж мэдэх нь. Ер нь сэжиг намдог хэрэгтэй цаг ирэв бололтой. Нэг л өдөр “Сэтгэхүйн цагдаа” нар ирж шалгавал яах вэ? гэсэн айдас дунд амьдрах болж байна. Үр дүн нь Орвеллийн 1984 зохиолд гардагтай ижил биш байна гэж үү?

Та, нам засгийн эсрэг утгатай үг хэл гаргасан уу гээд л нэг өдөр байцаагаад унавал гайхах зүйлгүй аж. Та АХ намын төлөө хундага тулгахаас татгалзаж байсан уу? Та намын гишүүдийг шүүмжилсэн онигоо сонсоод чангаар инээсэн удаатай юу? Танай гэрт төр засгийн эсрэг агуулгатай ном сонин, хэвлэл байхгүй биз гэвэл за тэгээд дуусаа. Та гэмт хэрэгтэн боллоо гэсэн үг. Би ч очиж очиж дандаа ийм эсэргүү ном зохиолыг түүгээд шилээд цуглуулчихсан хүн, шууд л цаазын ял авч мэдэх нь. Үгүй ядаж л ийм эсэргүү утгатай зүйл бодож, бичиж байгаа, үүнийхээ төлөө л дуудагдаж байцаагдаж, хоригдож, цөлөгдөхөө ядахгүй. Бид ийм нийгэм рүү дөхөөд байна уу?

ҮНЭНИЙ ЯАМ. Орвелийн “1984” зохиолд, ҮНЭНИЙ ЯАМ –ны тухай гарна. Үнэний яам, бүх зүйлийг үнэнээр нь бичиж баримтжуулах үүрэгтэй, тэр байтугай зарим үнэн зүйлийг бүр жинхэнэ “үнэн” болгож засах, хуучин “худлыг” устгах ажлыг эрхэлдэг. Иймэрхүү худал хуурмаг зүйлс нь ҮНЭНИЙ ЯАМ -ны хараа хяналтаас гадуур өнгөрч “үнэнээр” үлдэж болохгүй. Манайд ийм үнэний яам нэрлэсэн утгаараа байхгүй ч бодит байдал дээр байгаад байх шиг.

Хэрэв тэдний үнэн гээд байгаад итгэх юм бол 7 сарын 1-нд нэг ч байлдааны сум хэрэгсэл тавьж олгоогүй бөгөөд, хэн ч буудах тушаал өгөөгүй, гэхдээ буунууд өөрсдөө буудаад, сумнууд хар машинтай давхилдаад хүмүүсийг оноод байсан байгаа юм. “Үнэн” –д итгэх юм бол ердөө 4 хүн л сайн дураар суманд оногдож нас барсан, бараг л Матросов шиг бууны ам цээжээрээ хаасан шиг билээ. Нэг ч хүн шархдаагүй, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд бүр ч шархдаагүй, цагдаа нар хүн зодоогүй, үймээнд оролцогчдыг зөөлхөн эвтэйхэн барьж, гуйж аргадаж байж дэнжийн мянгад хонуулаад, хооллож ундалж, хүний эрхийг дээд зэргээр хүндэтгэж, эелдэг боловсон харьцаж байсан байдаг юм. Хоморголон баривчилсан зүйл огтхон ч байхгүй, баригдъя гэснийг нь л барьсан гэдэг.

Хэрэв тэдний “үнэн” гээд байгаад итгэх юм бол манай эрүүл мэндийн яам жигтэйхэн сайн ажиллаж байгаа бөгөөд тооройн томуугаар гэхэд л нас барсан хүмүүсийн тоогоор дэлхийд байхгүй доогуур үзүүлэлттэй байгаа. Хүйн халдвараар гэхэд л ердөө “ДӨРӨВХӨН” нярай эндсэн. Энэ бол ёстой яс үнэн тоо шүү. Түүнээс нэг ч нярай илүү эндээгүй.

Хэрэв тэдний “үнэн” гээд байгаад итгэх юм бол 1990 оны Ардчилсан хувьсгал гээд байгаа зүйлийг дандаа л МАХН-ын томчууд далдуур ивээн тэтгэж, зохион байгуулж, алсаас удирдаж байсан болж таарч байна. МАХН-ын Улс төрийн товчооны гишүүд бүгд л ардчилсан хувьсгалчид болж одов, энэ талаараа эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, хувьсгалч түүхчид “үнэнийг” зөвхөн “үнэнийг” илчилцгээх аж. Энэ олон үнэн дундаас чухам үнэн нь юу юм бүү мэд. Үнэний яамаар дамжсан үнэнгүүд л үлдэх ажээ.

Телевизээр радиогоор, ойрын өдрүүдэд нэгдүгээр ХОРИН жилийн төлөвлөгөөний биелэлтийг тасралтгүй уншиж байгаа бөгөөд одоо дахин нэгэн удаа хорин жилийн төлөвлөгөө боловсруулаад, дахин нэгэн удаа хорин жил тэсчихвэл цэнгэлийн манлайд хүрэх тухай сургаж байгаа. 25 сая байсан мал 45 сая болсон л гэнэ. 3000 машинтай байсан бол 150 мянган машинтай болсон л гэнэ. 16 мянган оюутантай байснаа 160 000 оюутантай болсон л гэнэ. Эх орон, нам засгийн буянаар олон хүн 32 цагаан шүдтэй болж, цөөхөн хүн 32 цагаан шүдгүй болсон ч гэх шиг ухааны юм ярьж байна. Статистик дундаж Монгол хүний амьдрал лав сайжраад л байгаа юм байх.

Хүмүүс таргалаад л, энэ нь хүмүүс улам илүү сайн хооллож байгаагийнх. Сайн хувцасладаг болсон, жийнс энэ тэр нүдний гэм байсан бол одоо жийнсгүй хүн байхгүй болсон. Чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг болсон, Инээмсэглэл, Баянмонголоос өөр пянз олддоггүй байсан бол Битлзийн пянз байтугай CD, DVD-г дуртай дэлгүүрээс чөлөөтэй авч сонсож болно. Улам бага ажилладаг болсон, ажлын 6 өдөртэй байсан бол 5 өдөртэй болсон гэх мэт. Орвелийн номонд, “Хувьсгалаас өмнө амьдрал дээр байсан уу? гэсэн асуултад өгөх хариу байхгүй. Хорин жилийн дараа энэ их утга агуулгатай мөртлөө энгийн асуултад хариулж чадахгүй” гэсэн бичлэг бий. Мэдсэн юм шиг яг хорин жил гэсэн байгаа биз. Ардчилсан хувьсгалаас өмнө амьдрал ямар байсан юм бэ? Одоогийнхоос дээр байсан юм уу, доор байсан юм уу? Нүдээр үзсэн чихээр сонссон юмандаа итгэж болохгүй байна. Тэгэхээр яг аль нь үнэн юм бэ гэдгийг хэлж болохгүй болчихож.

1984 –т бүх баримтыг шинээр үйлдэж, хуучныг нь устгаад шинийг үддэг тухай гарна. Энэ нь үнэний яамны ажил. Сонин төдийгүй, бүх зохиол бүтээл, баримт бичиг, ном сэтгүүл, товхимол, зурагт самбар, хуудас, кино, дуу дүрст бичлэг, шог зураг, фото зураг хамрагдана. “Хэй Монгол ахан дүүсээ гэж хошгируулаад” гэсэн бичлэг цацангуут, нөгөөх нь үгүй “хашгируулаад гэсэн гээд л үзээд байна. Нэг нь та одон медалийг үзэн яддаг байсан, уул овоо тахихыг шүүмжилдэг байсан гэнгүүт, нөгөө нь үгүй би тэгээгүй, тахихаа ч тахина, одон медаль тараахаа ч тараана хэмээн мэдэгдэнэ. Нэг хэсэг нь Таван толгойн нүүрсийг урагш нь зам тавин зөөх нь хичнээн ашигтай болох тухай ярингуут, маргааш нь энэ нь үндэсний эрх ашигт ямар их хор холбогдолтой болох тухай нэвтрүүлгээр бөмбөгдөнө.

Хэн нэг нь батлагдсан хуулийг засчихангуутаа, ердөө л их хурлын даргаас огцорно, Нөгөө нь хугацаа нь дууссан хүчингүй лицензийг хэн нэгэнд зарж орхино. Огцорсныхоо маргааш гаргасан тушаал, байгуулагдахаасаа өмнө хийсэн гүйлгээ, төгсөөгүй мөртлөө дипломтой төрийн албан хаагч энэ тэр гээд түмэн зүйлийн баримтыг үнэний яамаар оруулсан жишээ түм бум. Орвелийн 1984 –т өгүүлсэнчлэн, “Энэхүү асар их луйвар ямар зорилготой юм бэ гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй. Өнөгрсөн үеийг хуурамчаар үйлдсэнээс олж буй цаг зуурын ашиг бол ойлгомжтой, харин туйлын зорилго нь оньсого юм.”

ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН ЯАМ. Хэрэв тэдний “үнэн” гээд байгаад итгэх юм бол Монгол улс 2009 онд нийт хүнсний хэрэгцээнийхээ ногоог бүрэн хангахуйц ургац хураасан. Тариа будааны 80%-ийг хангахуйц их ургац хураасан. Гэхдээ талхны үйлдвэрүүд нь болохоор Монголд ургасан буудайгаар үйлдвэрлэсэн монгол гурилаар талх хийх юм сан гээд л хүлээгээд байдаг. Иргэд нь болохоор тийм арвин ургац хураасан юм чинь гурилын үнэ буурч таараа, талх хямдарч таараа гээд хүлээгээд байтал харин ч үнэ нь нэмэгдэж таарсан.

Хэрэв тэдний “үнэн” гээд байгаад итгэх юм бол тэд жил бүр иргэн болгонд НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН төгрөг өгөх юм гэсэн. Жил бүр шүү. Тэгээд үүнийгээ бүрэн бололцоотой зүйл хэмээн өндөр дуугаар зарлаж, батламж бичиг хүртэл тараасан. Батламж гэдэг нь баталгаатай ҮНЭН зүйлийг л баталсан зүйл байгаа даа.

Хэрэв ТЭД -ний “үнэн” гээд байгаад итгэх юм бол, гэмт хэрэг жил ирэх тутам буурч байгаа. Тасралтгүй буурсаар байгаад бүр хасах руугаа орж, гэмт хэрэг байхгүй харин “буянт” хэрэгүүд дүүрэн болчихсон байгаа. Хэрэв ТЭД –ний “үнэн” гээд байгаад итгэх юм бол ядуурал ч бас буураад байгаа юм шиг билээ. Хэрэв тэдний “үнэн” гээд байгаад итгэх юм бол нэг хүнд ноогдох ДНБ өсөөд байгаа бөгөөд сүүлийн арван жилд л дөрөв дахин өсөж, би мэт нь өөрийн мэдэлгүй баяжаад бараг гулигаад байгаа юм билээ. Хэрэв тэдний үнэн гээд байгаа итгэх юм бол ажлын байр жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 4 жилд гэхэд МАХН л дангаараа 145000 ажлын байр бий болгочихсон, одоо ажлын байрыг хорогдуулах арга хэмжээ авахдаа тулж байгаа.

Телевизийн дэлгэцнээс үлгэр домгийн тоо баримтууд дуулдсаар байх бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулбал илүү их барилга байшин барьж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, илүү олон жуулчин Монголд айлчилж, гадаад худалдаа ашигтай байж, илүү их зам барьж, засаж, олон арван байшин, сургууль цэцэрлэгийн дээвэр засаж, илүү олон сум баг үүрэн телефонд холбогдсон байгаа. Орвелийн 1984 –т гардаг өгүүлбэр яг тэр чигээрээ.

Гэртээ хар цагаан телевизтэй айл цөөхөн байсан бол одоо гэртээ дор хаяж нэг өнгөт зурагтгүй, LCD дэлгэцгүй айл цөөхөн болсон, Бараг хүн бүр гар утастай болсон, интернет хэрэглэгч болсон гэх мэт. Лангуун дээр давс гоймонгоос өөр зүйл байгаагүй бол одоо хүссэн бүхэн байна.

ДОТУУР НАМ. Орвелийн 1984 –т гардаг нийгмийн бүтэц их энгийн. Намын гишүүд ба үгээгүйчүүд гэж хуваагдана. Тэдэнд зориулсан хууль нь хүртэл хоёр янз. Үгээгүйчүүдэд зориулсан нэг янзын хуультай, намын гишүүдэд зориулсан нэг хуультай. Өөрөөр хэлбэл хууль нь тэдэнд ялгавартай үйлчилдэг гэсэн үг. Манай өнөөгийн нийгэм шиг. Зарим хэсэг нь халдашгүй дархан байдал зэрэг хамгаалалттай, хуулиас дээгүүр амьдарна. Тэдний хамгийн том хариуцлага бол улс төрийн хариуцлага. Улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорно гэдэг бол амьдралаасаа салж байгаатай ижил. Тэднийг намын шийдвэрийг сөргөж сэтгэхүйн гэм  үйлдвэл намаас нь салгаж, дотуур намын эгнээнээс хасчихна. Дотуур намаасаа хасагдаж, бүлэглэлээсээ гарсан намын гишүүн гэдэг УУРШУУЛАГДЧИХСАН л гэсэн үг. Түүний тухай хэн ч юу ч ярихгүй, дурсахгүй, түүнийг ямар ч ойгоор шагнахгүй, одон өгөхгүй. Тэр дахин нэр дэвшиж чадахгүй. Тэр хүн хүн биш болно. Тиймээс сэтгэхүйн гэм хийхээс үхтлээ айна.

Тэднийг сэтгэхүйн цагдаа үргэлж тагнаж мөрдөж байх ажээ. Тэд бие биенээ сэтгэхүйн цагдаагаар айлгана. Их хуралд сэтгэхүйн цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг хэд хэдэн гишүүд байдаг шиг билээ. Тэд нь өөрийн намын байтугай бусад намын гишүүдийг ч айлгаж ичээж, оны ялгаа гарган дарамталж, үх хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчинө. Хэдийгээр Монгол улс хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэмтэй гэх боловч зарим гишүүд нь үг хэлэх илүү тэгш эрхтэй ажээ. Хэдийгээр Монгол Улсын Их Хурлын гишүүн нь халдашгүй дархан эрхтэй гэх боловч тэдний энэхүү халдашгүй дархан эрхэнд халдах эрхтэй, гөлөг мөлөг гэхчлэн доромжлох эрхтэй тусгай гишүүд байдаг ажээ.

Намын жирийн гишүүд нь сонгох сонгогдох эрхгүй, ердөө л сонгогдох дархан эрхтэй, бараг хувь тавилан заяа төөрөгтэй гэх, дотуур намын хэдэн гишүүдийнхээ төлөө хамаг бүхнээ зориулах учиртай. Эс тэгвээс ууршуулагдаж мэднэ. Тэгдэггүй юмаа гэхэд хоолноосоо сална. Дотуур намаасаа урваж хоолноосоо салах тийм тэнэг үкээр намын гишүүд дунд байхгүй.

Намын гишүүд хийгээд үгээгүйчүүд гэсэн нийгмийн бүтцийг намын гишүүд бүр хатуу хуульчлах санаатай. АН-аас УИХ-д Дундговь аймагт нэр дэвшсэн нэгэн хатагтай, “энэ иргэний хөдөлгөөнийхөн юугаа хийгээд УИХ-д нэрээ дэвшүүлэх гээд байгаа юм бэ, жагсдаг ажлаа л хийхгүй” гэхчлэн мэдэгдэж байх жишээтэй. Монгол улсын бүрэн эрхт иргэдийг кастын систем шиг сонгогдох эрхтэй эрхгүй гэхчлэн ангилчихаад ичих ч үгүй улс төрч гээд л явж байх жишээтэй.  

Гэх мэтээр үргэлжлүүлбэл 1984 зохиолоос ч дутахгүй том ном бичих шинжтэй. ҮЗЭН ЯДАХ ЦУГЛААН, ХОЁР СЭТГЭХ, НАМЫН ДАЙСАН, ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ БООЛЧЛОЛ гэх мэтээр тоочоод байвал дуусахааргүй. Надтай санал нийлэхгүй ч байж болно. Гэхдээ шүүмжлэл бол магтаал. Санал нийлэхгүй байна гэдэг дэмжиж байна гэсэн үг. Уурлаж байвал таалагдсан гэсэн үг. Дургүйцэж үгүйсгэж байвал ҮНЭН  гэсэн үг. Тэгэхээр та өөрөө үргэлжлүүл…

http://blod.mn/