2 сарын 18. Монголын Ардчилсан Нам байгуулагдсан өдөр. Тун ч даруухан болж өнгөрлөө. Зарим хүн, зарим ч гэж дээ ихэнх хүн ийм өдөр болоод өнгөрснийг анзаарсан ч үгүй. Телевизээр ганц нэг нэвтрүүлэг яваад өнгөрсөн, сониноор ганц нэг нийтлэл ярилцлага хэвлэгдсэнийг эс тооцвол хэн ч мэдээгүй шахам. Ардчиллын 20 жилийн ойд, “ардчилагчид” өөрсдөө ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Ардчилагчид, 1990 оны цагаан морин жилийн үйл явдлыг 1911 оны хувьсгалтай (үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж нэрлэдэг байсан) эсвэл 1921 оны Ардын хувьсгалтай дүйцэхүйц томоохон үйл явдал гэж нэрлэж, ач холбогдол өгч байсан. Тэгвэл Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой гэдэг нь Ардын хувьсгалын ойгоос дутахгүй чухал тэмдэглэлт ой байх ёстой. Харин тийм их ач холбогдол өгч дүгнэж чадахгүй байх шиг санагдана.
Тиймдээ, тэдний 20 жилийн өмнө ярьж тэмцэж байснаас байдал нэг их өөрчлөгдөж дээрдээгүй, 20 жил өнгөрчихөөд байхад нэг их гайхуулах гавьтай өөрчлөлт гараагүй болоод тэр юм болов уу? Уг нь “ардчилсан” ерөнхийлөгчтэй (уг нь ерөнхийлөгчдийг ардчилсан хийгээд ардчилсан биш ерөнхийлөгч гэж ангилах нь буруу ч, энэ удаад энэ нь л тохиромжтой юм шиг) болсон, ардчилсан нам засгийн эрхийг атгалцаж байгаа боловч ардчиллын ойн өдрүүд даруухан болж өнгөрөх бололтой. Ардчиллын ойн медалийг “ардчилсан” ерөнхийлөгч болоод “ардчилсан” партизанууд баруун солгойгүй тарааж байгааг эс тооцвол тэр шүү.
2010 он ардчиллын 20 жилийн сүүдэр тохиосон он мөн. Судлаач Г.Чулуун, тухайн үеийн нөхцөл байдлыг судалж маш цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Байнгын парламенттай болсон процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж, олон намын тогтолцоонд шилжих гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлдсэнийг “Социологи” сэтгүүл цувралаар нийтэлсэн байдаг бөгөөд түүнээс эшлэн зарим нэг үйл явдлыг сануулмаар санагдлаа.
* * *
- 1998.11.17 Нийгмийн эрс өөрчлөлт (хувьсгал)-ийг зөгнөсөн, их Нацагдоржийн “…Гагцхүү наран хэвээр үлдмой” хэмээх уриатай, оюутан залуусын (тухайн үедээ) чөлөөт хэвлэл болсон “Цагийн толь” сонины анхны дугаар хэвлэгдэн гарав. Энэ сонин 3 дугаар гараад хаагджээ.
- 1989 оны 1 сарын эхээр С.Амарсанаа, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан нарын хэсэг залуус МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурлын шийдвэрийг шүүмжилсэн утга бүхий бичиг үйлдэж гудамжнаа нааж байв.
- 1989.4.10 Улс нийгмийн өнгө төрхийг өөрчлөх гэсэн сэдлийн дор хэсэг залуус “Залуу эдийн засагчдын клуб”-ыг байгуулж байв.
- 1989.11.27. Залуу уран бүтээлчдийн улсын II чуулган болов. Чуулганы үйл ажиллагааны явцад “удахгүй байгуулагдах МоАХ”-ны тухай сураг дуулдсан байна.
- 1989.12.07. Ардчиллын “дуудлага”-аар Ховд аймгийн төвд оюутан залуус, иргэд, хөдөлмөрчдийн цуглаан болжээ.
- 1989.12.10. Нийслэлийн залуучуудын соёлын төвийн дэргэдэх талбайд 200 орчим хүн оролцсон цуглаан болов. Цуглаанд оролцогчид “Эрх зүйт төрийн төлөө”, “Олон намын систем хэрэгтэй”, “Хүний эрхийг дээдэлье”, “Хэвлэлийн эрх чөлөө” зэрэг уриа лоозон барьсан байв. Тус цуглаанаас Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаныг зарлаж, МАХН-ын Төв Хорооны VII Бүгд хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганд өргөн барих бичиг илгээв. Улс төрийн шаардлага бүхий тэрхүү өргөх бичиг [утгачлан авав]-т:
- улс төрийн намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоох,
- нийгмийн улс төрийн амьдралыг олон намын тогтолцооны үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийг баталгаатай болгох,
- БНМАУ-ын АИХ-ыг “байнгын ажиллагаатай парламент”-ын хэлбэрт оруулах,
- Төрийн сонгуулийн системийг үндсээр нь өөрчлөх,
- Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах,
- Сайд, дарга нарын тусгай хангамжийг устгах,
- Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн өмнө МАХН гэм буруугаа хүлээх, улмаар хэлмэгдэгсдийн ар гэрт учруулсан хохирлыг нөхөн барагдуулах,
- Бусад, олон шаардлагууд орсон байна.
- 1989.12.13. МАХН-ын Төв Хорооны VII Бүгд хурал хуралдав. Тус Бүгд хурал:
- МАХН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах,
- Эдийн засаг, нийгмийг . . . хөгжүүлэх үндсэн чиглэл,
- Зохион байгуулалтын зарим асуудал, зэргийг хэлэлцжээ.
- 1989.12.17. Монголын Ардчилсан Холбооны 2 дахь цуглаан ДБУАТ-ын өмнөх талбайд болж, түүнд нийт 2000 гаруй хүн оролцов.
- 1989.12.28. Ардчилсан Социалист Хөдөлгөөн байгуулагдав. АСХ-ний Нарийн бичгийн даргаар П.Улаанхүүг сонгожээ.
- 1990.01.14. Монголын Ардчилсан Холбооны 3 дахь цуглаан В.И.Лениний музейн дэргэдэх талбайд болж, түүнд 10000 гаруй хүн оролцжээ.
- 1990.01.19. Улаанбаатар хотын АДХГЗ-ны байранд МАХН-ын Төв Хорооны Улстөрийн товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны I нарийн бичгийн дарга Л.Лантуу тэргүүтэй нам – засгийн төлөөлөгчид МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, тус байгууллагаас тавьсан улс төрийн шаардлагын талаар эрх баригчдын байр суурийг илэрхийлэв.
- 1990.01.21. Улаанбаатар хотын захиргаанаас нийслэлийн зарим гудамж, талбайд жагсаал цуглаан хийхийг хориглосон тухай шийдвэр гаргасныг үл харгалзан ардчилсан хүчин Сүхбаатарын талбайд ээлжит цуглаанаа зохион байгуулав. Уг цуглаанд 20000 гаруй хүн оролцжээ.
- 1990.02.08. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх-д Ардчилсан Социалист Хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий “Ил захидал” илгээв.
- 1990.02.11. Ардчилсан хүчний ээлжит цуглаан В.И.Лениний музейн дэргэдэх талбайд болж, түүнд ойролцоогоор 30000 хүн оролцсон байна.
- 1990.02.17 “Эвийн холбоо” ба “Шинэ дэвшилт хөдөлгөөн” нэгдэж “Шинэ дэвшилт холбоо” байгуулагдав.
- 1990.02.17. (Хуучин) монгол бичгийн сургалт, техникийн баазыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарчээ.
- 1990.02.17. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1990 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 53 дугаар тогтоол гаргаж, Нүхтийн амралтыг үндсэн хөрөнгө, эд хогшил, үйлчилгээний автомашин, туслах аж ахуйн хамт МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын (дундын) Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газраас МҮЭ-ийн Төв Зөвлөлд балансаас балансад 2 талын комисс томилж шилжүүлэхээр шийдвэрлэв.
- 1990.02.18. Монголын Ардчилсан Холбооны анхдугаар Их хурал хуралдав. Тус Их Хурлаас Монголын Ардчилсан Нам байгуулагдсан тухай албан ёсоор зарлав. МоАХ-ны анхдугаар Их Хурлаас тухайн үеийн эрх баригчдад хандаж дараахь шаардлагыг тавьжээ. Үүнд:
- Эрх баригч МАХН-ын Төв Хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадахгүйгээ нэгэнт харуулсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийг огцруулж, БНМАУ-ын Ардын Их Хурлыг тараах,
- МАХН-ын Төв Хороог огцруулж, түүний хэмжээгүй эрх мэдлийг халах,
- Засгийн бүх эрхийг гартаа төвлөрүүлж, ард түмний эрх ашигт харш бодлого баримтлан, түүнийгээ муйхарлан үргэлжлүүлж улс орны хувь заяагаар тоглон, нийгмийн өмчийг бүрэлгэн сүйтгэж … байгаа бусармаг этгээдүүдийн хэргийг Ард түмний онц зөвлөл байгуулан шалган шүүж, яллах, зэрэг бусад олон шаардлагууд орсон байв.
- Мөн, тус Их Хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн Тэргүүлэгч гишүүнээр Я.Батсүх, И.Жавхлант, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатар нарын нийт 9 хүнийг, мөн МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.
- 1990.02.22. 1951 онд Улсын төв номын сангийн өмнө босгосон, улсын II зэргийн хамгаалалтанд байсан И.В.Сталины хөшөөг ардчилсан хүчний дургүйцэл, иргэдийн шүүмжлэлийг намжаах үүднээс эрх баригчид үдшийн бүрийгээр буулгаж далд хийв.
- 1990.03.02. Монголын Социал-Демократ Нам байгуулагдав. МСДН-ын даргаар Бат-Эрдэнийн Батбаяр (Баабар) сонгогджээ.
- 1990.03.04. Ардчилсан хүчний зүгээс ээлжит удаагийн улстөрийн цуглааныг зохион байгуулав. В.И.Лениний музейн дэргэдэх талбайд болсон эл цуглаанд нийт 90000 хүн оролцжээ. Энэ цуглаанаас БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд хандаж, улс төрийн шинэ хүчнүүдийн хамтарсан мэдэгдэл гаргав. Засгийн газрын ордноос БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Б.Лувсанцэрэн гарч ирж Сүхбаатарын талбай дахь жагсагчдаас тэрхүү мэдэгдлийг гардаж авав. Уг мэдэгдэлд:
- МАХН-ын онц их хурлыг 1990 оны III сард зарлан хуралдуулж, МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс тусгаарлах,
- Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр Хурлыг 1990 оны III сард багтаан байгуулах тухай шаардсан ба эл шаардлагад 1990.3.07-ны өдрийн 12:00 цагт багтаан улс төрийн нийцтэй хариу өгөхийг эрх баригчдад анхааруулж заасан байлаа.
- 1990.3.08. Дээрх мэдэгдэлд заасан хугацаанд зохих хариуг өгөөгүй гэсэн үндэслэлээр Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Э.Бат-Үүл, Г.Бошигт, Б.Галсандорж, Д.Энхбаатар, Д.Нинж нарын нэр бүхий 10 хүн энэ өдрийн 14:00 цагаас Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлав. Өлсгөлөнд оролцогчид “… түүхийн нэн хариуцлагатай энэ үед МАХН-ын Төв Хорооны Улстөрийн товчоо улстөрийн ухаалаг шийдвэр гаргах ямар ч чадваргүй нь нэгэнт тодорхой болсон тул … энэхүү Улс төрийн товчоог нэн даруй огцрохыг шаардаж, уг асуудалтай амь насаараа дэнчин тавьж байгаа”-гаа мэдэгдсэн байна. Өлсгөлөнгийн эргэн тойронд олон түмэн байнга шаваастай байв. МоАХ-ны дэргэд улс төрийн өлсгөлөнг зохион байгуулагдаад байсан ба тэдгээрийн Ерөнхий зохицуулагчаар Ц.Элбэгдорж ажиллажээ.
- 1990.3.08. Энэ өдрийн 1600 цагт засгийн газрын ордноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Бямбасүрэн гарч очиж, улс төрийн өлсгөлөн зарлагчидтай зарим тохиролцоо (хэлэлцээ хийх зэрэг) -нд хүрэв. Өлсгөлөн үргэлжилсээр…
- 1990.3.08. Эрх баригчдыг төлөөлж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Бямбасүрэн харын хэд хэдэн хүн, нөгөө талаас улс төрийн шинэ хүчний удирдагч нарын хамтран оролцсон “дугуй ширээний уулзалт” болов.
- 1990.3.09. Улсын барилгын зургийн институтийн инженер техникийн хэсэг ажилтнууд 4 цагийн сануулах ажил хаялт зохион байгуулж, мөн түүнчлэн нийслэлийн зарим байгууллага, албан газарт ажил хаях тухай асуудал чригдаж байжээ.
- 1990.3.09. Мөн өдрийн орой 1900 цагаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Бямбасүрэн тэргүүтэй нам засгийн төлөөлөгчид болон ардчилсан хүчний удирдагч нарын яриа хэлэлцээр дахин өрнөв. Д.Бямбасүрэн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо огцорсныг мэдэгдэв. Хоёр талаас харилцан буулт хийсний үрээр дараах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрчээ. Үүнд:
- МАХН-ын Төв Хороо шууд огцрохгүйгээр, асуудлыг удахгүй болох МАХН-ын Төв Хорооны Бүгд хуралд оруулж, намын Төв Хорооны гишүүдийн саналын үндсэн дээр шийдвэрлэх;
- МАХН-ын онц их хурлыг төл хүлээн авах кампанит ажил дуусаны дараа аль болох түргэн хугацаанд хуралдуулах;
- БНМАУ-ын АИХ-ын [нэгэнт хүлээгдэж буй] чуулганаар улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэн батлах;
- БНМАУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан, хэрээс хэтэрсэн их эрх дархаасаа татгалзах саналыг МАХН өөрийн санаачлагаар АИХ-ын чуулганд оруулах;
- Ардын Түр Хурал байгуулалгүйгээр, харин, БНМАУ-ын АИХ-ын депутатуудад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах;
-аар тохиролцсон байна. Энэ тухай мэдээллийн хэрэгслээр орон даяар шууд нэвтрүүлжээ.