Хятад, Орос зэрэг захиран тушаах тогтолцоотой оронд турбо-капитализм бүх дээд амжилтыг эвдэж байна. Зөвхөн ардчилсан тогтолцоонд л эдийн засаг амжилттай хөгжиж чадна гэсэн таамаглал няцаагдаж байгаа бололтой. Барууны эрх чөлөөний загвар үеэ өнгөрөөж байна уу? Константин фон Хаммерштайны германы “Spiegel”сэтгүүлд саяхан нийтлэгдсэн өгүүлэл монголын өнөөгийн нөхцөл байдлыг ойлгоход ихээхэн ач холбогдолтой гэж үзлээ
 
     Дарангуйлагчид хүчээ авч байна 2001 оны зун Хятадын нийслэл дөнгөж Олим­пын наадмын эрх аваад байсан үе байлаа. Бизнесийн зөвлөх Филипп Гөдекинг Хятадын Иргэний агаарын тээврийн сайдад Бээжингийн нисэх онгоцны буудлыг Олимпын наадамд зориулж хэрхэн өөрчилж болох талаар санал тавих ёстой байсан юм. Герман зөвлөх, нисэх онгоц­ны буудлыг өргөтгөх асуудал харамсалтай нь цаг хугацааны хувьд боломжгүй байна гэдгээ хятадын сайдад хэлэхэд сайд харин инээж, “Бид Германд биш Хятадад байна шүү дээ. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй, хэрвээ бид нисэх онгоцны шинэ буудал барина л гэсэн шийдвэр гарвал маргааш нь л бариад эхэлнэ” гэж зочноо сургамжлав.
 
  Гөдекинг Франкфуртын нисэх онгоцны буудлын клубд өөрийн ажлын байрандаа суугаад тэр үеийн явдлын талаар заримдаа эрэгцүүлэн бодохоос өөр аргагүйд хүрдэг гэнэ. Нисэх онгоцны буудлаа өрсөлдөөнд тэсэж үлдээхийн тулд буудлын баруун хойд талд буултын шинэ замыг зайлш­гүй барих шаардлагатай байгаа. Улс төрчид, оршин сууг­чид, бизнесийн байгууллагууд нисэх онгоцны буудлыг бүр 1998 оноос хойш л өргөтгөх асуудлаар маргасаар байгаа. Эхний ээлжинд гэхэд л 127000 эсэргүүцлийн өргөдлийг хянаж үзсэн байна. Нэгэн зүрхний эмч Эддэрсхаймын хүмүүс Гравенбрухийн оршин суугчдаас илүү ихээр нисэх онгоцны дуу чимээнд өртөж байгааг тэнд оршин суугчдын цусны даралтыг хэмжиж тогтоосон бол Ной-Изенбургт өвчтнүүдийг тархины цахилгаан соронзон бичлэг хийдэг төхөөрөмж­тэй унтуулж тодорхой судалгаа хийж үзсэн явдал ч гарсан. Нисэх онгоцны буудлыг өргөтгөх хувилбар олон зүйлээс болж бүтэлгүйтсэний дотор бас нилээд хэдэн төрөл зүйлийн тоншуул шувууны амьдрах орчинд муугаар нөлөөлнө гэж үзэж байв.
 
  Уг асуудал өнгөрсөн хугацаанд Кассел хот дахь Хессен мужийн Захиргааны хэргийн шүүхэд очижээ. Гэхдээ нисэх онгоцны буудлын эзэд ойрын жилүүдэд төлөвлөсөн ажлаа эхэлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа хэдий ч чухам хэдий хүртэл энэ ажил үргэлжлэхийг мэдэж чадахгүй байгаа юм.
 
  Бээжинд бол нисэх онгоцны буудлыг өргөтгөх төлөвлөгөөний талаар олон нийтийн дунд ямар ч маргаан өрнүүлээгүй, мөн ямар нэгэн албан ёсны асуулга ч тавиагүй. Харин төлөвлөлтийн нууц комисс уг төслийг цогцоор нь боловсруулж, 15 тосгоныг газартай тэгшилж, 10000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр тооцсон байна. Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлыг 50000 ажилтантай барилгын арми Британы алдарт архитектор Лорд Норман Фостерийн төслөөр дөрвөн жилийн дотор босгож, энэ оны 2 дугаар сарын сүүлчээр нээлтээ хийсэн.  
 
 Жилдээ 60 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай нисэх онгоцны энэ буудал удахгүй өөрийнхөө хүчин чадлаас илүү их ачаалалтай байхаар тооцоо гарсан тул хоёрдох буудлыг аль хэдий нь төлөвлөж эхэлжээ. Хаана барихыг нь нууцалсан бөгөөд энэхүү аварга том төслийг хэрэгжүүлэхэд гарах аливаа эсэргүүцлийг эрх баригчид хэрэгсэхгүй байх нь ойлгомжтой.
 

 
  Хятадад дэд бүтцийн иймэр­хүү төслүүд дээр барууны орнууд шиг олон зохицуулалт хэрэггүй байдаг талаар Британы “Economist” сэтгүүлд хятадын Тээврийн яамны ажилтан эмэгтэй “Ардчилал нь эдийн засгийн үр ашигт саад болдог” гэж ярьсныг иш татжээ.
 
  Хятад, Орос мэтийн эдийн засгийн дарангуйллын тогтол­цоотой орнуудад энэ бүхэн нь тэдний системтэй холбоотой гэдгийг Филипп Гөдекинг шиг бизнесийн хүмүүст ойлгомжтой юм. “Улс орондоо дангаар ноёлох бололцоотой ийм тогтолцоо нь эдийн засгийн үр ашгаар илэрхий давуу учраас л зориуд энэ замыг сонгож авсан юм” гэж тэр хэлсэн.
 
  Хятадын Засгийн газар ойрын 12 жилийн дотор 97 нисэх онгоцны буудал барихаа мэдэгд­сэн бөгөөд түүнээс арав нь 30 гаруй сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай аварга том буудал байхаар төлөвлөгөөнд оржээ. Төлөвлөлтийн зөв, бурууг хэн ч тогтоохгүй бөгөөд ямар ч арга хэрэгслээр түүнийг доод шатнаас зогсоож чадахгүй. Орос улс ойрын хэдхэн жилийн дотор дэд бүтцийн маш том хөтөлбөрт 350 тэрбум еврог төрөөс гаргах гэж байна. Харин энэ асуудлаар маргаан өрнүүлэх ямар ч сөрөг хүчин Орост нэгэнт алга болсон.
 
  Эрчимтэй хөгжиж буй Вьетнамын коммунист намын удирдлага шийдвэр гаргаж дайны үед нутгийнхаа хойд хэсгийн тэмцэгчдэд хангалт хүргэж байсан домогт Хо-Ши-Мин-Зөрөгийн нэг хэсгийг Хо-Ши-Мин-Автозам болгон өргөтгөхөөр болжээ. Тэдэнд байгаль хамгаалагчдын эсэргүү­цэл огт хамаагүй. Мөн Дубайд засгийн эрхийг барьж буй Шейх дэлхийд хамгийн том онгоцны буудал барих хэрэгтэй гэсэн шийдвэр гаргахад л экскаваторууд аль хэдий нь ажилдаа орсон байдаг.
 
  Барууны олон менежер, технократ болон улс төрчдөд шинэчлэл хийх нь зайлшгүй гэдгийг дангаар ноёрхогчдын энэхүү үр ашигтай бөгөөд шуурхай ажиллагаа улам бүр ойлгомжтой болгож байна. Барууны орнуудын засгийн газарт үнэхээрийн үгүйлэгдэж буй тэр шинэчлэлийг харин өнөөдөр эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн дарангуйллын тогтолцоотой орнууд дор нь хийдэг. Эдгээр орнууд аливаа асуудлыг ямар ч саад бэрхшээлгүйгээр эрхшээлдээ оруул­даг бөгөөд ажлын үр дүн нь эргээд арга ажиллагааг нь зөвтгөх шиг болдог юм.
 
  Хятад сүүлийн хоёрхон арван жилийн дотор хөдөө аж ахуйн буурай хөгжилтэй орноос дэлхийн эдийн засгийн анхаарлын төвд орж ирсэн. 1980 оноос хойш хятадын макро эдийн засаг 1200 хувь өссөн байна. Зөвхөн өнгөрсөн долоон жилийн дотор 1,3 тэрбум хүний амьдралын дундаж түвшин нэг дахин нэмэгджээ. Удахгүй БНХАУ дэлхийн томоохон улс орнуудын экспортын аварга амжилтыг ардаа орхих болно. Хятад улс 2030 оноос өмнө манай гаригийн хамгийн том макро эдийн засгийг бүрдүүлж чадна гэдэгт олон хүн эргэлзэхээ больсон байна.  
 
   Хятад бол шинээр хөгжиж буй дарангуйллын тогтолцоотой орны хүчээ авч буй гайхалтай жишээ бөгөөд бас ганцаараа ч тийм биш юм. Өнгөрсөн арван жилд ардчилсан биш удирдлагатай голлох томоохон орнуудын эдийн засаг хуучин ардчилсан орнуудаас дөрөв дахин илүү эрчтэй өссөн байна.
 

 
  Казакстаны дангаар ноёрхогч Нурсултан Назарбаевын эзэнт гүрний эдийн засаг жил бүр тогтмол есөн хувиас дээгүүр өсөлттэй байна. Ком­мунист Вьетнам зах зээлийн шинэтгэл хийж, аж ахуйн байгуул­лагуудынхаа нэг хэсгийг нь хувьчилж, гадаад худалдаагаа нээлттэй болгосноор гадаадын хөрөнгө оруулагчид болон үндэстэн дамна­сан концернуудын сонир­холыг ихэд татах болжээ.
 
  Өнгөрсөн хугацаанд Арабын Нэгдсэн Эмира­тад эдийн засгийн 8 хувийн өсөлт бол мөн л жишиг болсон. Тэдний бараг төсөөлөхийн аргагүй их баялаг, гял цал болсон Дубай, Абу Даби зэрэг хотууд нь дэлхий нийтийг гайхшруулж байна. Орос оронд эдийн засгийн өсөлт, иргэний эрхийг хязгаарлах хоёрын хооронд гаж хамаарал байгаа нь харагддаг. Хэвлэлийн эрх чөлөөг хэдий чинээ их хязгаарлаж, сөрөг хүчнийхнийг хэрхэн эрхэндээ оруулж байна тэр хэмжээгээр Оросын эдийн засаг улам хүчтэй өсөж байгаа мэт санагдана. Өнгөрсөн жил Оросын эдийн засаг албан ёсны мэдээгээр найман хувийн өсөлттэй гарлаа.
 
  Франц, Герман зэрэг барууны либерал ардчилсан орнуудад эдийн засгийн өсөлт дөнгөж хоёр хувь хүрлээ л бол засгийн эрхийг барьж буй хүмүүс нь оргилуун дарсны бөглөө мултлах болно. Гэхдээ эдгээр үзүүлэлтүүдийг харь­цуулахад төвөгтэй л дээ, учир нь хүчээ авч буй дарангуйллын дэглэмтэй орнууд хөгжлийн бүр доод түвшинөөс гарч ирсэн учраас асар их хэрэгцээ бий. Хятадын нэг хүнд ноогдох орлогын хэмжээ эрчимтэй өссөн сүүлийн хоёр арван жилийг германы ийм үзүүлэлттэй харьцуулахад германы эдийн засгийн өсөлтийн дөнгөж 6 хувьтай тэнцэж байна.
 
  Гэхдээ энэ байдал өөрчлөгдөх болно. Хятад болон Оростой системийн өрсөлдөөнд орж байгаа орнуудын дотор газар нутгийн хувьд ч, хүн амын хувьд ч өнөөг хүртлэх бүхий л анги давхаргын ялагч болж ирсэн АНУ ч орж байгаа явдал нь хуучин баталгаат байдлыг эргэлзээтэй болгож байна. Өнөөг хүртэл зөвхөн ардчилсан тогтолцоотой улсууд л иргэддээ урт удаан хугацааны хангалуун амьдрал, эдийн засгийн өсөлт, түүгээрээ дамжуулан нийгмийн аюулгүй байдлын наад захын баталгааг хангадаг гэсэн ойлголт байсан. Харин одоо ардчилсан орнууд иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг дэндүү их хязгаарлаад байвал цаашдаа амьдрах чадвар муутай болох нь харагдаж байна.
 
  Ардчиллын түүхийн тухай эртний баримт бичгүүдээс ч ардчилал, эдийн засгийн эрх чөлөө хоёр өөр хоорондоо харилцан уялдаа хамааралтай нь тодорхой харагддаг. Америк 1776 онд тусгаар тогтнолоо зарласан явдал нь хүмүүст амьд явах, эрх чөлөөтэй байх, “аз жаргалын төлөө тэмүүлэх” зэрэг юугаар ч сольшгүй чухал эрхийг баталгаажуулж өгсөн. Энэ нь сэтгэл хөдлөлийн категори биш, харин эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих тухай асуудал юм.
 
  Зах зээлийн эдийн засаггүйгээр ардчилал оршин тогтнохгүй, харин энэ томьёолол эсрэгээр хүчин төгөлдөр болох уу? Эдийн засгийн үр ашигтай тогтолцоонд ардчилал заавал хэрэгтэй юу? Үйлдвэрчний эвлэл, иргэний хөдөлгөөн эсвэл чөлөөт хэвлэл мэдээлэл үгээ хэлж болдоггүй, түргэн бөгөөд үр ашигтай шийдвэр гаргаж чад­даг захиран тушаах, хатуу чанд удирдлагатай тогтолцоо нь эцэс­тээ зах зээлийн харилцаанд таатай юу?
 
  Үдшийн цагаар үнэтэй янжуур соронгоо барууны “хэвлэлийн ардчилал”-ын дутагдалтай талыг шүүмжлэн ярих дуртай германы нэгэн алдартай бизнес эрхлэгч “Бид ардчилалгүйдээ биш, харин ардчилалтай байлаа ч амжилтанд хүрэхгүй” байна, “Манай хатагтай канцлерийг л хар!” гэж зандрангуйгээр “Тэр зөвхөн олон нийтийн үзэл бодолд л хөтлөгдөж байна” гэлээ. Хэдэн тэрбумын хөрөнгөтэй гэр бүлийн нэгэн компаний эзэн тэрээр, Бээжинд тааралдах “ухаалаг, найр­саг улс төрчид”-тэй би тун ховорхон тааралдаж байлаа гэж ярьж билээ. Тэгэхээр барууны эрх чөлөөний загвар үеэ өнгөрөөсөн хэрэг үү?
 
  Герман шиг ардчилал өндөр хөгжсөн оронд сайн зохион байгуулагдсан сонирхлын бүлгүүдийн нэгэнт тогтсон хатуу бүтэц зохион байгуулалт сайн муу аль ч гэнэтийн өөрчлөлтийг хүлээж авахдаа муу байдаг. Жишээ нь эрүүл мэндийн өргөн хүрээтэй шинэтгэл эсвэл нүүрсээр ажилладаг цахилгаан станцын барилгын асуудлыг шийдвэрлэх зэрэг нь огт боломжгүй юм. Барууны олон ардчилсан орнууд аль хэдий нь ажиллах чадваргүй хэт нүсэр институциудтэй болсон юм биш үү? гэдгийг америкийн эдийн засагч Мэнкүр Олсен 1982 онд (“Үндэстнүүдийн хөгжил ба уналт”) нэгэн алдартай судалгаандаа институцийн өөрч­лөлт хийхэд нийгэм чадваргүй болсон байна гэж тодорхойлжээ. Өнгөрсөн хугацаанд хийгд­сэн эдийн засгийн шинэтгэл нь улс төрийн эрх чөлөөг хэзээ нэгэн цагт авчирч байсан. Хэрвээ орлого нэмэгдвэл улс төрийн эрхээ эдлэх болон шийдвэр гаргахад үгээ хэлж шаардах чадвартай дундаж давхарга аяндаа бий болдог. “Шинэчлэлийн онол”-ыг баримтлагчид нэг хүнд ноогдох орлого жилд 6000-8000 долларт хүрвэл бүрэн гүйцэд төлөвшөөгүй аливаа тогтолцоо задран унаж өөрийн эрхгүй ардчилсан тогтолцооруу шилждэг гэж үздэг.
 
  Азийн барууд болох Тайвань, Өмнөд Солонгос улсууд үүнийг нотлон харуулсан. Тэд хөгжиж буй дарангуйллын дэглэмээс сонгодог цагдаагийн төрийн дарангуйллын хэрэгслээр бүхий л эсэргүүцлийг дарж гарч ирсэн. Эдгээр улсууд улс төрийн сөрөг хүчний эсэргүүцлээс ухарч няцалгүйгээр эдийн засгийн тогтолцоогоо шинэчилж, зах зээлээ нээлттэй болгож, эдийн засгийн гайхалтай өсөлтийг бий болгож чадсан байна.
 
  Сөүл болон Тайпэйд эдийн засгийн энэ амжилт нь дангаар ноёрхогчдын хууль ёсны эрх мэдлийг аажмаар булшилсан юм. Шинэ, сайн зохион байгуулагдсан дундаж давхарга удирдлагын жижиг бүлгээр дөрлүүлэн хөт­лүүлэх хүсэлгүй болсон бөгөөд тэд шинэтгэл хийхийг шаардаж эхэлсэн байна. Өнөөдөр зүүн азийн дарангуйлагчдын захиран тушаах тогтолцоо нуран унаж, энэ хоёр орон хөгжсөн эдийн засагтай гэсэн статуст хүрч, тогтвортой ардчилсан орнуудын тоонд албан ёсоор багтах болжээ.
 
  Коммунист Орос гүрэн задран унаснаар хэдэн арван жил их гүрний статусыг хадгалсан барууны орнуудын эсрэг зогсож байсан улс төрийн сүүлчийн загвар алга болсон юм. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо дэлхий даяар эргэлт буцалтгүй болсныг зогсоох ямар ч боломжгүй. Америкийн улс төр судлаач Францис Фукуяма бүр 1989 оны зун “Түүхийн төгсгөл”-ийг урьдчилан хэлсэн байдаг. Гэхдээ тэр үүнээс хойш томоохон үйл явдал болохгүй гэж хэлээгүй. Фукуяма барууны орнуудын үзэл суртлын эцсийн ялалтаас багагүй зүйлийг шаардсан. “Хүн төрөлхтөний үзэл суртлын хөгж­лийн эцсийн цэг нь” либерал ардчилал гэжээ.
 
  Харин барууны түүхийн өөдрөг үзэлтнүүдийн дуу хоолой бага зэрэг өндөрсөх болсон. Орос, Хятад зэрэг орнууд урьдчилан өгөгдсөн сценарийг баримталдаггүй. Олон зүйлээс харахад ойрын хэдэн арван жил “захиран тушаах тогтолцоо оршин тогтносоор байх бөгөөд бүр ч хүчтэй болно” гэдэгт Фукуяма итгэлтэй байна. Глобальчлалын нөлөө болоод барууны ардчилсан тогтолцооны эсрэг захиран тушаах тогтолцоо бүхий загвартай тулгарч буй дэлхийн улс төрийн элитүүд Москвад эсвэл Бээжинд нүүр тулан уулзаж байна.
 
  Энэ нь шинээр төрж буй дундаж давхаргад тогтвортой байдал болон барууны хэрэглээг нэгэн зэрэг амлаж буй төрийн оролцоо, капитализм хоёрын хосолсон хэлбэр юм. Харин улс төрийн хувьд нээлттэй болох, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бий болгох шаардлагыг тэд гэнэн зүйл гэж эсэргүүцдэг.
 
  Иргэдийн итгэлийг алдахгүй барьж байхын тулд хүчээ авч буй захиран тушаах тогтолцоотой орнуудын эрх мэдэлтнүүд эдийн засгийн өсөлт болон үндсэрхэг үзлийн зохистой хослолыг чухалч­лан үздэг. Эдийн засгийн өсөлт, үндсэрхэг үзэл хоёр өөр хоорондоо салшгүй холбоотой. Учир нь өсөн нэмэгдэж байгаа хангалуун амьдрал хүмүүст зөвхөн тааламжтай байдал бий болгоод зогсохгүй, бас улс үндэстнээрээ бахархах, хүндэтгэх үзэл авчирдаг.
 
  Харин ардчиллын үлгэр жишээ орон болох АНУ Иракийн дайн, Гуантанаму болон Абу Гурайб дахь эрүү шүүлтээс болж дэлхий нийтэд нэр хүндээ алдсан. Одоогоор либерал ардчилсан улс орнууд дангаар дарангуйлагч улс орнуудаас дээрдээд байх зүйл ер алга. Лав л эдийн засгаараа!  
 
   Хятадын загвар зарим хөгжиж буй орны сонирхолыг ихэд татаж бүр үлгэр дууриал болж байгаа бол барууны либерал ардчилсан тогтолцооны татах хүч улам бүр суларсаар байна. Ойрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн хүрээнд ардчилсан биш капитализм илүү жин дарах хандлагатай байгаа нь бүр одооноос тодорхой харагдах боллоо. Оросын газрын хий олбор­логч Газпром компаний хөрөнгө бирж дээр 350 тэрбум долларын үнэд хүрч, европын хамгийн том компанид тооцогдох боллоо. Хятадын Төв банк 1,1 триллион долларын нөөцтэй бөгөөд дэлхийн чухал вальютад голлох нөлөө үзүүлэх хэмжээнд хүрчээ. Абу Дабигийн төрийн сан нь 875 тэрбум долларыг захиран зарцуулдаг бөгөөд энэ нь ХБНГУ-ын Засгийн газрын жилийн төсвөөс даруй хоёр дахин их байгаа юм.
 
  Ийм хурдацтай өсөж буй дарангуйллын тогтолцоотой ор­нуудын эдийн засгийн асар их хүч нь хэзээ нэгэн цагт улс төрийн эрх мэдэлд шилжих болно. Хятад, Орос хоёр аль хэдий нь өөртөө итгэлтэй их гүрэн гэдгээ харуулж эхэлсэн. Долоон жилийн өмнө төв азийн дарангуйллын тогтолцоотой орнууд хамтдаа Шанхайн-Бүлэгт нэгдсэн. Тэдний нэн тэргүүний үүрэг бол тус бүс нутаг дахь америкийн нөлөөг багасгах, үндэсний тусгаар тогтнолыг хүндэтгэхэд оршино. Эдгээр дарангуйлагчдын гол мессеж нь “Биднээс ардчилал, хүний эрхийг шаардахаа боль, бидэнд юу хэрэгтэй гэдгээ бид өөрсдөө мэдэж байна” гэсэн санаа юм.
 
  Лалын радикал үзэлтнүүд, бусад томоохон либерал ардчилсан орнуудыг бодвол захиран тушаах тогтолцоо бүхий капиталистууд эдийн засгийн хувьд ирээдүйтэй болох нь харагдаж байна. Өнөөг хүртэл АНУ давамгайлж ирснийг бид мэднэ. Израйлийн улс төр судлаач Азар Гат америкийн “Foreign Affairs” сэтгүүлд “АНУ байгаагүй бол магадгүй 20 дугаар зууны ширүүн маргаанд либерал ардчилал тэсэн үлдэхгүй байсан байх” гэж бичээд, ардчилал дэлхий нийтээр түгэн дэлгэрсэн нь барууны системийн давуу талтай холбоотой биш, харин Америк хүчтэй байсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй гэжээ.
 
  Хятад, Орос мэтийн орнууд удахгүй ардчилсан биш мөртлөө эдийн засгийн хувьд дэвшилттэй “Хоёрдох ертөнц”-ийг бүрдүүлэх хангалттай хүчтэй болсон байх магадлал бий гэж Гат үзэж байна. Энэ ертөнц нь үндсэрхэг хандлагатай байх бөгөөд улс төр, цэрэг арми, үйлдвэрийн элитүүдийн нэгдлийн дэмжлэгтэй байх биз ээ.
 
  Гат “Магадгүй олон оронд либерал ардчиллын илүү сонирхолтой өөр хувилбар нь амжилттай мөртлөө ардчилсан биш Хоёрдох ертөнц байж болох юм” гэж үзжээ. Орос, Хятад зэрэг улсууд хэзээ нэгэн цагт барууны улс төрийн загварыг авах байх гэсэн бодол “хуучирсан бөгөөд гэнэн” мэт санагдана хэмээн Британы “Financial Times” сэтгүүл бас дүгнэсэн байна.
 
  Ардчилал, эрх зүйт төр, хүний эрхийн ирээдүй сайнгүй байна. Харин энэ байдал үнэхээр тийм манантай байна уу? Барууны эрх чөлөөний өнөөгийн загвар нь үнэхээр шинээр хөгжиж буй дарангуйлагч гүрнүүдийн эдийн засгийн одоогийн үр ашигтай яваандаа хөл зэрэгцэж чадах уу?
 
  Найдлага байна. Дангаар ноёрхогчдын хөгжил дэвшил гадагш илэрхийлж буй шигээ тийм ч суурьтай биш гэдэг нь ойлгомжтой. Эдгээр улсуудыг холбож байсан зөвлөлтийн эзэнт гүрний үеийнх шиг нэгдсэн нэг үзэл суртал, улс төр, эдийн зас­гийн нэгдсэн тогтолцоо байхаа больсон.
 
  Сингапур шиг 4,5 сая хүн амтай жижиг орны элитүүд улсаа сайн зохион байгуулалттай компани шиг удирдаж байна. Энэ нь жигд биш цогц механизмаар ажилладаг том гүрнүүдэд мэдээж үлгэр дууриал болохгүй. Бусад үндэстнүүд зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийн ачаар биш өсөн нэмэгдэж буй түүхий эдийн үнийн ачаар хөгжил дэвшилд хүрч байна. Бодит байдал дээр тэдний эдийн засгийн огцом өсөлтийн ард геологийн тогтоцын (геологийн азын сугалаа хожсон) давуу байдал бий.
 
  Дэлхий дээр экспортынхоо дор хаяж 60 хувийг газрын тос болон газрын хийнээс олдог 23 улс байна. Эдгээрээс нэг нь ч либерал ардчилалд тэнцэхгүй. Америкийн ардчилал судлаач Лэрри Диамонд “Газрын тосны хорлол”-ын тухай ярьж байна. “New York Times” сэтгүүлийн байнгын бичигч, шилдэг зохиогч Томас Фрийдман үүнийг “Газрын тосны бодлогын нэгдүгээр хууль” гэж нэрлээд “Газрын тосны үнэ нэмэгдэхэд эрх чөлөө хязгаарлагдаж байдаг, харин түүний үнэ буурахад эрх чөлөөтэй байх боломж дээшилж байдаг” гэжээ.
 
  Нигер, Венесуэл зэрэг орнууд ардчилсан улсууд байсан гэдэг, харин тэнд газрын тос олгойдож, орлого нэмэгдэхэд ардчиллын сүнс зайлсан гэж Диамонд хэлжээ. Путиний үед Орос оронд эрх чөлөө аль хэдий нь мөхөж эхэлсэн ч дээрхтэй ойролцоо зүйл болсон юм. Тухайн орон хэдий чинээ ядуу байна, газрын тос ардчилалд төдий чинээ их хохирол учруулдаг. Казакстан, Чад, Судан зэрэг газрын тосны шинэ гүрнүүдэд энэ нь муу дохио юм.
 
  Хэдийгээр эдгээр орнуудад эдийн засгийн өсөлтийн ачаар дундаж давхраг үүсэж байгаа ч тэдгээр жижиг дунд үйлдвэрүүд засгийн газраас эдийн засгийн болон оюун санааны хувьд хараат бус байж чадахгүй байна. Шинээр үүссэн дунд давхарга төрийн төлөө ажиллаж, төрийн гар харж эсвэл ихэнхдээ төрийн мэдлийн газрын тосны үйлдвэрүүдээс хамааралтай компаниуд бол­сон байна. Газрын тосны дарангуйлагчид ардчилал руу тал бүрээс нь дайралт хийж байна. Газрын тосны орлого ихтэй жижиг орнуудад иргэдийн хүсэл зоригыг худалдаж авахад маш хялбархан байдаг. Энэ бол эрт үеэс Булангийн орнуудад Бэдүйний овгийг томоохон бэлэг дурсгалаар хэдэн зуун жилийн турш барьж байсан хамгийн шилдэг арга юм.
 
  Арабын Нэгдсэн Эмират улс өөрийн иргэн эрэгтэй хүн бүрт жилд дундажаар улсаас 55000 орчим доллар өгдөг байна. 800.000 долларыг Эмиратууд төрөөс боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртдэг, эрчүүд нь эдлэн газар үнэгүй авдаг, барилгын зээл хүүгүй авдаг. Мөн гэр бүл болоход нь хуримын зардалд 19.000 долларын дэмжлэг үзүүлдэг. Ийм орчинд эрх чөлөөний тухай яриа нэг их тод сонсогдохгүй гэдэг нь ойлгомтой бөгөөд тааламжгүй зүйл ярьдаг, хүний эрхийн төлөө идэвхитэй ажилладаг хүмүүст энэ дэглэм осолтой.
 
  Орос, Венесуэл зэрэг том орнууд булангийн орны эрх мэдэлтэй Шейхууд шиг газрын тосноос орсон их мөнгөө ард түмэндээ хамаагүй тарааж цацаж чадахгүй. Харин тэд чухал эрх мэдэл бүхий хүмүүс болон сонирхолын бүлгүүдэд зориуд авлига өгөх замаар эрхэндээ оруулж авахыг оролддог. Эрх баригчид бэрхшээлтэй тулахаараа авлигынхаа хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийн хөгжилд нөхөж баршгүй хохирол учруулдаг.
 
  Эдгээр улсуудын улс төрийн тогтвортой байдал нь дэлхий нийтийн газрын тосны эрэлттэй шууд холбоотой. Түүхий эдийн үнэ огцом өссөн энэ үед газрын тосны олборлолт хийдэг дарангуйллын тогтолцоотой олон орон яг бодит байдлаасаа илүү тогтворжсон юм шиг харагддаг. Эдгээр орнуудын ихэнх нь мөнгөнийхөө нэг хэсгийг дээд зэргийн орчин үеийн, нарийн түвэгтэй дарангуйллын аппратад зарцуулж, сөрөг хүчнийг зай завсаргүй хянах, шаардлагатай үед тэднийг хүчээр дуугүй болгодог.
 
  Газрын тос олборлогч дарангуйллын тогтолцоотой ор­нууд өөрийгөө илэрхийлж бай­гаа шигээ тийм хангалуун амьдралд хүрэх яагаа ч үгүй байна. Тэдэнд маш их хэмжээний мөнгө байгаа ч түүнийгээ нийгмийн жинхэнэ баялаг болох хүнийхээ эрүүл мэнд, боловсролд зарцуулахгүй байгаа юм. Сауди-Араб, Эмират, Оман зэрэг улсууд газрын тосноос ордог хэдэн арван тэрбумын орлогынхоо ачаар нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн улс орнуудаас дээгүүр ордог боловч боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтийг оруулан тооцдог НҮБ-ын хөгжлийн индексээр илэрхий доогуур түвшинд ордог.
 
  Орос бол авилгад идэгдсэн, хамгийн том, чухалд тооцогддог газрын тос олборлогч дангаар ноёрхогч тогтолцоо бүхий орон бөгөөд түүхий эдийн асар их орлогоор макро эдийн засагт нь өөрчлөлт орж байдаг цочирдмоор жишээ юм. Өнгөрсөн онд гэхэд дөнгөж 500 компани дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлжээ. Тэдгээрийн ихэнхийг Путиний ойр дотны хүмүүс хянаж байдаг байна. 2008 оны эхний улиралд сүүлийн гурван жилд анх удаа 22,8 тэрбум доллартой тэнцэх хэмжээтэй хөрөнгө Орос орноос гадагшаа гарчээ. Оросын олон баячууд улс орныхоо улс төрийн тогтвортой байдалд эргэлзэн айж гадаад оронд хөрөнгө оруулалт хийх болсон. Түүнээс гадна өнгөрсөн онд үнийн өсөлт 12 хувьтай байсан бол энэ онд 14 хувьд хүрэх төлөвтэй байна. Мэргэжилтнүүд мөнгөний ханшны уналтын шалтгааныг гурван зүйлээр тайлбарлаж байгаа юм. Энэ нь нийгмийн халамжийн болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын зардал нэмэгдсэн, өрөөсгөл эдийн засгийг өргөтгөх зорилгоор төрийн оролцоотой том компаниудыг өндөр үнээр байгуулсан явдал байлаа.
 
  Орос орон бол улс төрийн тогтвортой байдлаа түүхий эдийнхээ орлогоор худалдан авч чадах тэрхэн үедээ л системийн өрсөлдөөнд хөл нийлүүлж чадах тийм суурь муутай их гүрэн юм.
 
  Хэрэв Орос л чадахгүй бол өөр хэн барууны либерал ардчиллын загвартай эдийн засгийн хувьд өрсөлдөх вэ? “Морган Стэнлэй” гэдэг Хөрөнгө оруулалтын банкны азийн салбарын эдийн засагч байсан хүн хот улс болох Сингапур нь “Индонезийн авилгад идэгдсэн бизнес эрхлэгчид болон засгийн газрын ажилтнуудын мөнгө угаадаг төв нь байсан” учраас эдийн засгийн амжилт олсон гэж үзсэн байна. Тэгвэл Сингапурт өрсөлдөх чадвар бий юу?
 
  Эсвэл хүчээ аван хөгжиж буй дарангуйллын тогтолцоотой Вьетнам уу? Коммунистууд олон чухал шинэтгэлийг хийж, хоцрогдсон орныг хүлээснээс гаргасан ч намын эрх мэдлийн монополд эргэлзсэн хүн бүрийг “дайсны хүч” эсвэл бүр “алан хядагч” болгож золигт гаргадаг байна.
 
  Барууны ардчилсан тогтолцоо болон зах зээлийн эдийн засгийг хослуулан хэрэглэсэн аврага том Хятад гүрэн л либерал ардчилалд арай илүү ойртож очино байх. Америкийн ардчиллын судлаач Михаел Манделбаум Хятад бол “Гайхширал төрүүлэх, сорилт болох” орон юм гэж хэлсэн байдаг. Хэдийгээр энд шийдвэр гаргах явцад ардчилсан аргаар оролцох шаардлага өндөрсөж байгаа ч удирдлага нь түүнээс аль болох зайлсхийж байна.
 
  Бээжин дэх төв засгийн газар өнгөрсөн хорин жилд эрх мэдлээ бага багаар төрийн доод шат руу шилжүүлсээр байгаа бөгөөд төвлөрлийг сааруулах энэ үйл явц өмнөхөө бодвол энэхүү аварга том бөгөөд цогц улсыг илүү их уян хатан удирдах боломж олгож байгаа юм.
 
  Улс төрийн элитүүд нь аль хэр сурах чадвартай вэ гэдгийг саяхны үйл явц харууллаа. Сичуан мужид болсон газар хөдлөлтийн дараа Ерөнхий сайд Вен Жиабао гамшиг болсон газар яаравчлан очиж хохирогчдод биечлэн анхаарал тавьж буйгаа өөрийн орондоо төдийгүй дэлхий нийтэд харуулахыг зорьсон. Харин Бирмад болсон байгалын гамшигийн үеэр Рангунд хунтын генералууд хүнийг үл тоосон байдал гаргасан явдал үүний эсрэг дүр төрх байлаа.
 
  Хятадын коммунистуудын удирдах дээд байгууллага болох улс төрийн товчооны байнгын хороо нэг эдийн засагч, нэг хуульч, хоёр геологич, зургаан инженерийн бүрэлдэхүүнтэй байгаа нь нэгийг өгүүлж байна. Энэ нь улс орон болон намд юу сайн, юу зөв байна, түүнийг заавал ардчилсан замаар шийдэх албагүй гэж үздэг сонгодог технократ үзлийн илрэл юм. БНХАУ-ын шинэчлэлийн зүйрлэшгүй үр дүн нь мэргэжилтнүүдийн гавъяа гэж үзэхээс өөр аргагүй.
 
  Өнгөрсөн хугацаанд дангаар ноёлох тогтолцоо бүхий турбо-капитализмын боломж улам тодорхой болсоор байна.
 
  Ардчилсан үйл явц төвөгтэй, удаан, зардал ихтэй ч эцэстээ ялгаатай сонирхлуудыг тайван замаар зохицуулахад чиглэдэг. Ихэнх захиран тушаах дэглэм иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөө болон шийдвэр гаргах үйл явцад оролцох хүсэл эрмэлзлийг тэвчдэггүй учраас бүтэлгүйтдэг.
 

 
  Хятадын хэт үйлдвэржилт нь баян, ядуугийн хооронд, хот, хөдөөгийн хооронд, өндөр хөгжсөн далайн эрэг орчмын бүс нутаг болон буурай хөгжилтэй баруун хэсгийн хооронд том зөрчил бий болгодог байна. 2005 он гэхэд л төрийн байгууллагуудын зүгээс дор хаяж 15 хүн оролцсон “нийгмийн эмх замбараагүй байдал” нийтдээ 87000 тохиолдсон гэж мэдээлжээ. Энэ нь хоёр жилийн дотор бараг 50 хувь өссөн дүн юм.
 
  Зарим улсын үйлдвэрийн газрын ажилчид нийгмийн наад захын халамж хүртдэггүй, хийсэн ажлаасаа доогуур цалинтай, бараг л авилгад идэгдсэн төрийн албан хаагчдын төлөө ажилладаг. Зарим тариачид дээр өгүүлсэн шинэ онгоцны буудал эсвэл үйлдвэр фабрик зэргийг барихад зориулж сууршиж байсан газраа нөхөн олговоргүйгээр алдаж өмч хөрөнгөнөөсөө хагацдаг. Мөн байгал хамгаалагчид урьдчилан тооцоогүй яаран хэрэгжүүлсэн шинэчлэлийн бодлогын гамшиг дагуулсан үр дагаварыг хур­цаар шүүмжилсээр байгаа. Ийм зүйлүүдээс болж жагссан жагсагчид цагдаа нарын хооронд цус урсгасан тэмцэл, тэр ч байтугай хүний амь эрсдэх явдал гардаг.
 
  Орчин үеийн эдийн засгийн хөгжлийн урьдчилсан нөхцөл нь дэд бүтэц гэдэг нь харагдаж байгаа бөгөөд түүнийг бас хууль бусаар дайрч орон ашиглах тохиолдол ч байсаар байна. Хятадыг сайн мэддэг, Greenpeace-ийн дарга Гэрд Лайполд “Эдийн засгийн үр дүнд хүрье гэвэл мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй” гээд “үүний үр шимийг иргэний нийгмийн байгууллагуудын бидэн шиг хүмүүс ч бас хүртэнэ” гэж хэлсэн байдаг.
 
  Хятадын удирдлагын загвар ялангуяа байгал орчны бодлого дээр бэрхшээлтэй тулгарч байгаа нь тодорхой харагддаг. Хятад улс сүүлийн хэдэн арван жил байгаль орчинд анхаарал тавилгүйгээр шинэчлэл хийсэн. Хятадын тасралт­гүй өсөлт нь байгал орчинд жилд 200 гаруй тэрбум долларын хохирол учруулж байна гэж Байгал орчны газрын орлогч дарга урьдчилан тооцоолсноо хэлж байна. Энэ нь нийгмийн үйлдвэрлэлийн бараг арван хувьд хүч байгаа ноцтой үзүүлэлт бөгөөд ойролцоогоор эдийн засгийн жилийн өсөлтийн дүнтэй дүйж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын байгаль орчинд учруулж буй хор хохирол нь эдийн засгийн өсөлтөө бүхэлд нь залгиж байна гэсэн үг юм.
 
  Бээжингийн эрх баригчид уг асуудлыг олж хараад, энэ нь төвлөрлийг сааруулсны сүүдэртэй тал илэрч байна гэж үзжээ. Эрх мэдэлтнүүд төвөөс гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болж байна гэж үзэж байна. Орон нутгийн чадваргүй бөгөөд авилгад идэгдсэн албан хаагчид төр засгийн газраас байгаль орчны талаар гаргасан дүрэм журмыг тэнд ажиллаж буй зарим аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил үл тоодог дутагдал гарсаар байна. Байгаль орчныг санхүүжүүлж байгаа улсын төсвийн мөнгийг шамшигдуулж, түүнийг шүүмжилсэн бүхнийг дуугүй болгодог.
 
  Байгаль орчныг хамгаалах ажлыг зөв залахын тулд ялангуяа улс төрийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй. Хятад улс ил тод байдал, хараат бус шүүхийн тогтолцоо, төрийн байгууллагуудын тайланг заавал авдаг тогтолцоо зэргийг бий болгохгүйгээр байгал орчныхоо асуудлыг шийдэж чадахгүй. Одоогоор Бээжингийн эрх баригчдын зүгээс намынхаа захиран тушаах эрх мэдлийг ийм шинэтгэлээр золиослох байдал ажиглагдахгүй байна.
 
  Хятадын энэ жишээнээс харахад дангаар ноёлох тогтолцоо нь удаан хугацааны турш эдийн засгийн гайхалтай өсөлтийг бий болгож чаддаг ч гэсэн ер нь алс хэтдээ либрал ардчилсан тогтолцоонд хүрэхээс өөр гарцгүй байх нь харагдаж байна. Америкийн эдийн засагч Мэнкур Олсен үүнийг дөрвөн үндэслэлээр тайлбарлаж байна.
 
Үүнд:
 
  Дангаар ноёлох тогтолцоонд иргэд хооронд л эрх зүйн баталгаа байхаас иргэд, төрийн хооронд ийм баталгаа байхгүй. Тийм учраас иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санаж явах зүйл бол төр дуртай цагтаа тоглоомынхоо дүрмийг өөрчлөнө гэдгийг байнга тооцож байх хэрэгтэй болдог. Ийм эргэлзээтэй байдал нь аж ахуйн нэгжүүдийг богино хугацааны хөрөнгө оруулалт хийхээс аргагүйд хүргэж, судалгааны ажил зэрэгт урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд саад болж байна.
 
  Өөрчлөлтийн дараа ямар асуудал бий болох вэ гэдэг нь дарангуйллын дэглэмтэй орнуудад сайн зохицуулагдаагүй байдаг. Тухайн хэн нэгэн дарангуйлагч өөрчлөгдсөний дараа хуучин тоглоомын дүрэм хэвээр үргэлжлэх үү? Ийм нөхцөлд эргэлзээ байнга гарна. Харин либерал, ардчилсан үндсэн хуулиар бол удирдлагын монополыг байнгын өрсөлдөөнт сонгуулиар шинэчилж байдаг.
 
  Ардчилсан нийгэмд улсын төсвийн мөнгийг засгийн эрх барьж буй хүмүүс тодорхой нийгмийн сонирхлын бүлгүүдэд ямар ч саадгүйгээр давуу эрх олгох боломжийг хязгаарласан хяналтын механизмууд байдаг учраас хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл бүрддэг. Дангаар ноёлогчид засаглах эрхээ баталгаажуулахын тулд төрийн болоод нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлдэг этгээдүүддээ эдийн засгийн хувьд хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Ардчилалаас ялгаатай нь гэвэл тэд засаглах эрхээ нэг л алдвал эрх мэдлээс бүрэн ангижирч болох талтай учраас эрх мэдлийн төлөө юуг ч хайрлахгүй зүтгэдэг.
 
  1998 онд нас барсан Олсен өөрийнхөө сүүлчийн бүтээлд хөгжил ба муу институцийн хоорондын хамаарлыг шинжилж үзээд хайр найргүй шүүмжилсэн байдаг. Хаана сонирхолын бүлгүүд эрх мэдлийг гартаа авна, тэнд нийгмийн нөөцийн хуваарилалтаас хүн амын дийлэнх олонх нь хүртэх боломж олгохгүй байхын төлөө л тэд ажилладаг.
 
  Олсен зах зээлийг эзэмдэх гэсэн бүхий л хэлбэр хор хөнөөлтэй гэж үзсэн. Зах зээлд оролцох оролцогчдын боломж аль болох өргөн хүрээтэй нээлттэй байх ёстой. Үүнийг улс төр дээр шилжүүлэн ойлговол олон намын тогтолцоотой ардчилал л эдийн засгийн үр дүнг баталгаатай хангаж чадна гэсэн үг.
 
  Тэгвэл ардчилал эцсийн эцэст ялах уу? Барууны улс төрийн загвар хэзээ нэгэн цагт бүрэн нэвтэрнэ гэдэг нь олон зүйлээс харагдаж байна. Ер нь бол энэ загвар илүү үр дүнд хүргэж байна. Гэхдээ энэ үйл явцад гаднаас нь бараг нөлөөлж болохгүй, албадаж бол бүр ч болохгүй гэдэг нь тодорхой. Ардчиллыг нэг дайралтаар дэлхийд түгээнэ гэсэн америкийн ерөнхийлөгчийн мөрөөдөл Багдадын гудамжинд булшлагдсан. Хэрвээ амжилтанд хүргэе гэвэл үг хэлэх эрх чөлөө болон иргэдийн оролцоог аажмаар хөгжүүлэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болсон.
 
  Хятад орон туршилтын жишээ байж болох юм. Манай гаригийн хамгийн том бөгөөд хамгийн олон хүн амтай дангаар ноёлох тогтолцоо бүхий энэ орон иргэддээ улс төрийн шийдвэрт оролцох боломж олгож эхэлбэл системийн өрсөлдөөнд ялалт байгуулах болно. Хятадын удирдагчдыг сургаж бэлддэг боловсон хүчний чухал сургууль болох Намын дээд сургуулиас эрхлэн гаргадаг сонины 2006 оны 12 дугаар сарын нэгэн дугаарт анхаарал татахуйц нэг өгүүлэл нийтлэгдсэн байлаа. Нөлөө бүхий улс төр судлаач, засгийн газрын зөвлөх Юү Кепинг “Ардчилал бол сайн зүйл” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлүүлж олон нийтийн дунд ширүүн маргаан дэгдээсэн байна.
 
  Бээжин дэх Засгийн газрын инновацийн төвийн захирал Юү Хятад улс өөрийн гэсэн шинэчлэлийн замыг сонгох хэрэгтэй гэж уриалжээ. Улс орныг улс төрийн хувьд огцом нээлттэй болгох нь эдийн засгийн цочир эмчилгээний нэгэн адил хохиролтой байж мэднэ. Тэгэхээр алхам алхмаар ардчилсан өөрчлөлт хийгдэх ёстой.
 
  Харин үүний араас анхаарал татмаар өгүүлбэрүүд хөвөрсөөр байна. “Ардчилал бол өөрөө хүн төрөлхтөний үндсэн үнэлэмжинд хамаарна” гэж бичээд “Хэрэв хүнд ардчилсан эрх дарх дутагдвал сайн чанарын хувцас өмсөж, чанартай сайхан хоол хүнс хэрэглэж, тохилог сайхан орон сууцанд амьдарч, хурдан унаа унаж амьдралын материаллаг хэрэгцээ нь өндөр түвшинд хүрсэн ч хүний сэтгэл бүрэн дүүрэн хангалуун байж чадахгүй” гэсэн байна.
 
Герман хэлнээс орчуулсан Доктор, проф. Ш.Батсүх